Өөрийн гайхамшигт хоолойны цар хүрээгээрээ ард түмний хайр хүндлэлийг хүлээж чадсан Зууны манлай поп хатагтай, МУГЖ Б.Сарантуяагийн “Сэхүүн салхи” цомгийн баярын тоглолтыг үзэхээр VLVT шөнийн клубыг зорьлоо. Баасан гариг байсан болоод ч тэр үү, 20 цаг 40 минутийн үед Метро Молл руу ордог замын хөдөлгөөн ихтэй байсан юм. Шөнийн клубын үүдээр ороход бүдэг улаан гэрэл бүхий жижиг зааланд тейкны ард хар өмд, цагаан цамцаар ижилссэн хоёр бүсгүй биднийг угтав. Тэдэнд урилгаа үзүүлээд, улаан хивс дэвссэн нарийн хонгилоор дээш өгсөн хоёр давхарт гарахад, “Та улаан цагаан вино, оргилуун дарс, амтат коктейль, мөстэй вискинээс сонголтоо хийж, гурван давхарт байрлах VIP заал руу орно уу” хэмээн бармен залуу заавар өглөө. Уг тус тоглолтын тасалбар 80 мянган төгрөг. Харин нөхөр бид хоёр гэр бүлийн урилгатай байсан юм.
Гуравдугаар давхарт гарав. VIP зааланд орчин үеийн электро хөгжим эгшиглэж, өнгө өнгийн хурц гэрэл нүд гялбана. Захиалагт ширээнүүд үзэгчдээр дүүрч, дуучин бүсгүй “галзуу” фенүүд заалыг бүрхэнэ. Үзэгчдийн дийлэнх нь урлаг соёл, улс төр, нийгэм, бизнесийн салбарын олны танил хүмүүс. Анзаарч ажвал, тоглолтыг 25 аас дээш насныхан үзэж байгаа нь илт.
Тоглолтын өмнө дуучин Б.Сарантуяа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөн, зургаа татуулж, зарим фенүүдтэйгээ дурсгалын зураг татуулав.
Тэр урлагт зүтгэсэн 30 жилийн ойдоо зориулсан эхний ажил болох “Сэхүүн салхи” нэртэй шинэ цомгоо гаргасан байна. Цомогт нь мөнхийн хит гэж болох Л.Энх-Амгалангийн үг, Л.Балхжавын ая “Хэн мөнхөд хайрлаж чадах вэ”, С.Цогтсайханы үг, н.Цогдэлгэрийн ая “Хавар”, Р.Эмүжингийн үг, Б.Шаравын ая “Хатан хаан”, Болд-Эрдэнийн үг, Г.Жаргалсайханы ая “Бог өвсний дуу”, гитарчин Өөжгий үг, аяыг нь зохиосон “Зүүдний учрал”, Ү.Хүрэлбаатарын үг, Л.Балхжавын ая “Зоргоороо амраг”, “Содура” киног “амьдруулсан” тус киноны дуу болох “Содура” дуу оржээ. “Содура” киноны дууны үгийг П.Одгэрэл бичиж, аяыг Л.Балхжав бичсэн. Тэрчлэн рок попын алдартай хоёр ах дүү Б.Ангирмаа, Б.Долгион хоёр үг, аяыг нь бүтээсэн “Сэхүүн салхи” дуу, мөн Тангадын Галсан гуайн үг, Б.Шарав гуайн аяыг нь бичсэн “Аав ээж хоёр минь” дуу багтсан гэдгээ хэвлэлийнхэнд онцолж байлаа. Мөн цомгийн баярт 11 дуу дуулахаа ч тодотгосон юм.
Хүүгийнхээ төрсөн өдрийг хойш тавьж, тоглолтоо хийлээ

10-аад минутын дараа тоглолт танхим дүүрэн шүтэн бишрэгчдийн халуун алга ташилтан доор эхэллээ. Б.Сарантуяа шигтгээ бүхий, бариун хар өмд цамц, өндөр өсгийт өмсчээ. Энэ нь түүнийг нуруулаг, гоолиг харагдуулж байсан юм. Тэр цомгийнхоо баярын тоглолтыг нээж, “Өнөөдөр хүүгийн маань төрсөн өдөр. Би одоогоос 18-н жилийн өмнө энэ өдөр ээж хэмээх эрхэм цолыг хүртэж байлаа. Уран бүтээлийнхээ ойн арга хэмжээ гээд хүүхдийнхээ төрсөн өдрийг ч анзаарч амжсангүй. Гэхдээ маргааш амралтын өдөр. Хүүгээ маргааш /есдүгээр сарын 19-ний өдөр/ баярлуулахаар тохиролцсон” гэж түүнийг хэлэхэд үзэгчид мишээж, баяр хүргэн алга ташилтаа улам нэмэв. Тэр үргэлжлүүлэн “Та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр миний цомгийн баярт ирсэнд дахин баярлалаа. 30 жил гэдэг хүний амьдралд тийм богино хугацаа биш. Энэ хугацаанд та бүхнийхээ урмаар сайхан уран бүтээлүүд хийсэн. Энэ бүхнийгээ та бүхэнтэйгээ хуваалцмаар байна” гэж хэлээд, Random хамтлагтайгаа “Зүүдний учрал” дуугаар тоглолтоо эхлүүлсэн юм.
Тоглолтын дөнгөж эхний дуу гэхэд бүр бие нь халчихсан аятай, өндөр ритмтэй. Эхний хэсгийн бүх дуундууд нь шинэчилсэн найруулгаар сонсогчдод шууд хүрэв. Сонсогчдын сэтгэл зүрхэнд шинэ ритмээр хүрч амжаагүй бүтээлүүдээ тоглолтын эхэнд шуудхан эгнүүлээд, эгнүүлээд өрнө гэдэг нээрээ л түүнээс гарах эр зориг. Дууны ритмийг дагаад ч, тэрүү гурав дахь дууг дуулахад л үзэгчдийг цус, цөс нь хөөрч, дуунуудыг нь чадах чинээгээрээ даган дуулж байлаа. Тоглолтын эхний хэсэгт дуучдын хоолойн царааг шалгадаг “Аав ээж хоёр минь” дууг дуучин Сараа өөрийнхөөрөө дуулав. Дууны өнгө өгсөхөд үзэгчид бүгд чимээгүй болж, дуучныг хэрхэн өнгө ардахгүйгээр дуулахыг хичээнгүйлэн сонссон гэхэд болно. Б.Сарантуяа ч үзэгчдийн итгэлийг алдсангүй, харин ч хялбархан гэгч нь хоолойны цар хүрээгээ гайхуулж, амжив.
“Хайрын бурхан”-ны хоёрдугаар анги гарна

Дуучин бүсгүй өд сөд мэт харагдах саарал унжуургыг сайхан хар хослол дээр ижилсүүлсэн өмсгөл зүүсгэлтэй дахин гарч ирэв. Тэр "Содура" уран сайхны киноны дууг дууллаа. Ингэхдээ бөөгийн болон цаатан хувцас бүхий бүжигчидтэй хамт бүжив. Дэлгэцэнд гарсан цагаасаа хойш олны талархлыг хүлээгээд байгаа тус киноны дууг хүнхэр тайгад нулимсаа мэлтэгнүүлэн дуулах Содура буюу Ч.Очгэрэл гавьяатаас ч дутуугүй сонсголонтой сайхан дуулсан сэтгэгдэл надад төрснийг энд нуумааргүй байна.
Дараа нь тэрбээр тэнгэрийн өнгөт цэнхэр хувцсаар ижилссэн "Олонх" хамтлагийнхантайгаа Болд-Эрдэнийн үг, Г.Жаргалсайханы ая “Бог өвсний дуу”-г дуулж, үзэгчдэд үндэсний хөгжмийн гайхамшийг харуулан амилуулав. Үзэгчид ч тоглолтын халуун дулаан уур амьсгалд “халамцаж”, дуудсан дуу бүрийн хэмнэлд тааруулан өөрсдөө заал тойрон бүжиж байлаа. Эл сайхан дууны араас дуучин бүсгүй маань “Сэхүүн салхи” цомогт орсон дуунуудын “эзэд” болох ая зохиогч, хөгжмийн зохиолч, хамтран ажилладаг байгууллага нартаа баярласан илэрхийлэн, цомгийнхоо дээжээс бэлэглэв. Энэ үеэр Монголын №1 гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших “Ирэх 2016 онд “Хайрын бурхан”-ны 20 жилийн ой болно. Үүнийг угтаж, “Хайрын бурхан”-ны хоёрдугаар ангийг гаргахаар төлөвлөж байгаа. Та бүхэнд амлаж байна” хэмээн амлалт өгөв. Энэ үг үзэгчдийн хүлээлтийг үүсгэж, талархалыг хүлээсэн юм.
... Сараагийн дуунууд эхэндээ үзэгчдийг байлдан дагуулсан, догдлуулсан бол дунд хэсэгтээ аав ээж, анд найз, оюутан нас, Эх орон нутаг усаа дуулж үзэгч олны сэтгэлийн учгийг хөндөж байсан бол төгсгөлдөө дурсамж сэргээсэн, ухаарал хайрласан хайрын дуунуудаар сэтгэлийн учгийн хөндлөө. Б.Сарантуяа өөрийн брэнд дуунуудаараа ёстой нэг үзэгчдийнхээ цөсийг хөөргөж, 30 жилийн ойн “халуухан” анхны тоглолтоо ийнхүү өндөрлөсөн юм. Тоглолтын дараа тэд үзэгчиддээ гарын үсэгээ зурж өгөх боломжыг олгосон. 30 жил сонссон, дагаж дуулсан дуучныхаа гарын үсэгийг авах гэсэн фенүүд нь VLVT-ээс гарч чадахгүй тэвчээртэй оочирлосоор байлаа.




Эх сурвалж www.grandnews.mn
Б.Дэжид
Фото Б.Сайхан
Сэтгэгдэл (2)