Мах цусанд шингэсэн хайр

Хүмүүсийг хоёр хувааж болох юм шиг санагддаг. Нэг хэсэг нь угаас өгөгдөлтэй, дотоод эрчим ихтэй, түүнээс үүдэлтэй хурдан хөдөлгөөнтэй, авьяастай, ухаантай, юуг ч тултал нь хийдэг хүчтэй хүмүүс зан аашийн хувьд их өөрийнхөөрөө, шууд, шулуухан, зоригтой, бусдад таалагдах оролдлого хийдэггүй. Нөгөө хэсэг нь үүний эсрэг. Гэвч сул талаа давуу тал болгоод хөгжүүлчихсэн. Бусдад таалагдах гэж, бусдын ая талыг олох гэсээр хөндлөнгийн нүдээр бол даруухан, аятайхан болж харагддаг. Жүжигчин У.Уранчимэг нэгдүгээр бүлгийн хүн.

Маш тод араншинтай бие хүн. Тиймдээ ч олонхи нь түүнийг ааширхуу, их зантай гэж дүгнэдэг. Үнэндээ тэр хачин зөөлөн, үнэн сэтгэлтэй эмэгтэй. “Би хэн нэгэнд таалагдах гэж амьдардаггүй. Энэнд ингээд хэлчихвэл уурлах болов уу гэж эмээдэггүй. Хэн нэгэн даргаас би айж ажилладаггүй. Хамгийн гол нь би өөрийнхөө юу хийх ёстойг сайн мэддэг, асар их хувийн зохион байгуулалттай эмэгтэй” хэмээн эрсхэн өгүүлэх. Өөрөө чадвартай, өөрөө мундаг хүмүүс л ааштай мэт хөндлөнгийн хүнд санагддаг шүү дээ. Түүний ааш хэт их потенциал, энерги, эрчимтэй нь холбоотой мэт санагдана. Маш шулуун зантай, шударга нь дэндсэн, ямарваа ажлыг хийвэл тултал нь хийдэг учраас бусдын удаан хөдөлгөөн, ажилдаа сэтгэлгүй хандаж байгаа байдал бухимдлыг нь төрүүлдэг гэнэ лээ. Тэр бас уншлагын танхимд хар нүдний шилтэй суух, бохь зажлахад дургүй. Залхуу хойрго, сэтгэлгүй хүмүүст бүр дургүй хэмээн нүдээ эргэлдүүлэх нь гэнэхэн ч юм шиг. Ихэнхи нь дургүй ч дуртай юм шиг царайлж амьдардаг хуурмагхан хорвоод үнэн сэтгэлээ гээгээгүй, нуудаггүй ил шулуухан ийм оршихуй байдаг нь сайхан. Иймдээ ч бидний амьдрал хөг эгшигтэй, хайр булаам байдаг ч юм билүү.

Дөчин нэгэн настай, драмын тайзнаа гарахаараа дүрийнхээ мөн чанарт уусч, хүнээс яаж ийм үнэн, хурц, галзуу жүжиглэлт гардаг байна гэж сүүрс алдтал үүргээ биелүүлчихдэг, цаг үргэлж л дэгжин хээнцэр алхахдаа манай урлагийнхны хэнд нь ч байдаггүй гэж болохоор брэнд, загварын гоёмсогийг гайхуулдаг, гоо үзэсгэлэн, гоолиг биеийн тухайд үеийнхэндээ үлгэр дуурайлаар барахгүй икон болдог жүжигчин бүсгүй хар нялхын дуучин, бүжигчин болохыг мөрөөддөг байж. Дунд сургуульд байхдаа 73 кг жинтэй, улаахан хацартай охин “нүүрэнд” биш ард бүжиглэдэг байв. Хоёр дүүтэйгээ хамтран “Гурван Урнаа” хамтлаг байгуулж, цээл энхрий хоолойгоор цуурай хадуулж явсан нь түүний хонгорхон бага нас. Өглөө бүр үндэсний радиогоор “сэрээдэг” тэдний дуу одоо ч зүрхэнд эгшиглэж байна. Өдгөө тэд тус тусын зам мөрийг хөөж, хувь тавилангаа дагасан ч урлаг хэмээх ариун ертөнцөө бараадсаар, түүгээрээ хөглөгдсөөр яваа. У.Уранцэцэг нь Италид гургалдай сопран хоолойгоор өрнийн элитүүдийг бишрүүлж явна. Бага Урнаа нь “Номин талст”-ын Хаянаагийн гэрийг гийгүүлж, галыг манаж буй.

Тэр харин өөрөө Монголын мэргэжлийн драмын тайзнаа хэн ч халдамгүй, хэзээ ч үл нурах орон зайгаа дархалсан жүжигчин болжээ. Энэ замнал нь тийм ч дардан биш. Дунд сургуулиа дүүргэчихээд СУИС-д шалгалт өгөөд тэнцсэнгүй. Ингээд Драмын театрын дэргэд агуу их И.Доржсамбуугийн санаачлан байгуулсан Театр-студид дадлагажигч-оюутнаар элсэн оров. Өдөр нь сураад орой нь театрт үйлчлэгч, өлгүүрчин зэрэг туслах ажил хийнэ. Ингэж явсаар 4 жилийн дараа төгсөхөд ердөө хоёр хүүхэд тэсч үлдсэний нэг нь У.Уранчимэг гавьяат. Ийн үл шантран, эс эргэлзэн тэмүүлж ургасаар мэргэжлийн жүжигчин болж, мэргэжлийн театрын тайзнаа хорь дахь хавраа тэр үдэж байна. Өнөө улаан хацартай, мяраалаг охин өдгөө урлагийн охин тэнгэр гэмээр гоо үзэсгэлэнтэй, гоолиг тансаг хатагтай болжээ. Он цагийн тоос хүнийг элээдэг атал тэр харин эсрэгээр сөрж ургаж. Ухаантай эмэгтэй цаг явах тусам улам гоё болдог гэдэг нь үнэн аж.

Тэр урлагт, тэр дундаа театрт тийм их хайртай. Цалин бага ч гэлээ цөхрөлтгүй, цаг завсарлагагүй ажилласаар яваа. “Би тайзан дээр гараад амьдралаа мартдаг. Маш их хайр хүсэл, маш их сэтгэл хөдлөлийг тэндээс мэдэрдэг. Би тайзан дээр өдөр болгон шинээр амьдардаг” хэмээн нэгэн ярилцлагандаа онцолсон байх юм. Нэгэнтээ “Би эр хүнд хайртай” жүжгийг үзэхдээ би түүний гал цогтой авьяас, гал дүрэлзүүлсэн их энергийг тэгтлээ тод мэдэрч билээ. Хар бараан, уйтгар гуниг шингэсэн нэг л  сцен буюу шоронгийн дотор өрнөх 4 бүсгүйн амьдрал над мэтийн оптимист хүмүүст дуустал нь тэсвэрлэж үзэхэд үнэндээ бэрх л дээ. Нэг ч гол дүр байхгүй, бас туслах дүр ч гэж байхгүй. Бүгд ижил тэнцүү үүрэгтэй. Ийм нөхцөлд л хувь жүжигчний авьяас илүүтэй тодорч харагддагийг тэгэхэд ухаарч билээ. У.Уранчимэг үнэхээр алж байнаа. Хүнээс яаж ийм хурц, тод жүжиглэлт гардаг байна, яасан их энерги вэ гэж бодон бодсоор, түүний жүжиглэлт, авьяаст татагдсаар тэрхүү жүжгийг дуустал СТӨ-ний сандалд чилэхээ мэдэхгүй суусан байдаг. Түүний энэ их авьяас ээжийнх нь генээс улбаатай нь мэдээж байх л даа. Ээжийнх нь төрсөн ах нар нь хорьдугаар зууны Монголын тайз, дэлгэцийн урлагийг авьяасаараа дэглэж, бишрүүлж явсан хоёр эрхэм байдаг. Муухай З.Пүрэвээ буюу Сэмбээ, З.Галсанданзан буюу “Өглөө” киноны Сүхбаатар хоёр бол У.Уранчимэг хатагтайн нагац нар. Гэвч зөвхөн авьяас дан ганцаараа хангалттай биш ээ. Үүн дээр нэмээд сэтгэл, бүр чин сэтгэл, урлагт зориулсан халуун хайр хэрэгтэй юм байна. Тэгж байж сая жинхэнэ ясны жүжигчин төрдөг аж. Түүнд энэ бүхэн бий. Тэр чадна гэсэн юмаа л хийдэг. Хийвэл ёстой хийнэ, үзүүлнэ. Халтуурдах, оромдох гэсэн ойлголт түүний хувьд хориотой. Хариуцлага алдах, цагаас хоцрох, элдэв шалтаг тоочих манай урлагийнхан дунд тун ч түгээмэл байдаг хачин зан түүнд байхгүй. Өөртөө, ажилдаа ийм үнэнч ханддаг шигээ бусдад ч мөн адил чин үнэн сэтгэлээр ханддаг. Гэхдээ бүгдэд биш, цөөн хэдэд. Энэ угаас чин сэтгэлтэй special хүмүүст байдаг араншин л даа. Нэг жишээ татъя л даа. Энэ жил жүжигчин Ганцэцэгийг моно драм дээр хүсэлтийнх нь дагуу бэлджээ. Учир нь Монголын анхны “..........” моно драмыг хийсэн туршлага түүнд бий. Өөрөө тоглож байгаа юм шиг л дайрч орсон гэдэг. Үр дүнд нь Ганцэцэг энэ жил моно драмын төрөлд Муза гардаж, нулимс гилтигнүүлэн байж гавьяатад талархал илэрхийлнэ лээ. Мөн “Гамлет” жүжигт Ганцэцэг, Ганчимэг хоёрыг Офелиягийн дүрд бэлдсэн нь арван хэдэн Офелиягаас шалгарч тунан, нэг, хоёрдугаар Офелиягаар сонгогдсон гээд бусдад өгсөн түүний буянлаг сэтгэл чансаа илтгэнэ. Энэ нь үнэн сэтгэл, чин зүрхний үр шим юм. Авьяас бол мах цусанд шингэсэн хайр юм хэмээн Ц.Хулан хатагтай тунхагласан нь үнэн ажээ.

Дуу сонсож уйлаад, дахин уйлаад л. Уйтгартай байна уу..Дотооддоо ийм л уян, дэндүү зөөлөн тэр хачин их ганцаардаж, сэтгэл хоосорсон үедээ гавьяат жүжигчин цол авснаа Японд сонссон  гэдэг. Шоу ертөнцийн архаг хууч ядаргаа түүний эмзэгхэн, өөртөө хэт үнэнч сэтгэлийг хөндөж, тэр жил Японд 6 сар амьдарч, зөвхөн дотор хүнтэйгээ ярьж, жүжиг үзэхээс өөрийг хийсэнгүй. Эцэст нь гүн сэтгэл гутралд орсон нь би ер нь юу хийж байсан юм, урлаг гэж юу юм, бид ёстой гурилддаг юм бишүү гэх бодол төрүүлсэн гэдэг. Гэхдээ энэ мэдрэмж түүний дотоод дахь авьяасын галыг бадруулж өгсөн дамжиггүй л дээ. Гавьяат авснаа дуулж, хэдий одон медальд дургүй ч төрийн дээд шагналд хүндэтгэлтэй хандах үүднээс яаман дээр ирж хэзээ хойно одонгоо авав. Зэрэгцээд Эсмеральдад тоглох даалгавар авлаа. Ийн дөч шахсан насандаа гал цогтой, гэнэн хонгор цыган бүсгүйн хонгорхон 17 насыг гайхалтай сайн бүтээж, хэн болохоо дахин нэг харуулав.

Би амьдралынхаа хамгийн том бэлгийг аль хэдийнэ авчихсан хэмээн тэр ярих. Том бэлэг нь ноён Г.Цоггэрэл. Чухам сайн ханийн нөмөрт өөрт заяасан авьяас, чин халуун сэтгэлээр урлагийн тайзнаа тэр орон зайгаа тодорхойлж яваа нь үнэн. Цалин бага ч тэр жинхэнэ оддын зиндаанд хээнцэрхэн амьдарч чаддаг. Эдийн сайныг эдлэх нь нэг буян юм бол тэр үнэхээр азтай эмэгтэй. Тиймдээ ч эмэгтэй хүнд эр нөхөр боловсролоос илүү чухал гэж тэр үздэгээ нуудаггүй. Хайрын ургамал хөөрхөн охинтой тэд хамтын амьдралд хорь шахам жилийг элээсэн ч өнөөг хүртэл нөхөр нь өглөө бүр эхнэрийнхээ гарын кофе ууж байж ажилдаа гардаг, орой бол эхнэрээ унтахаас нааш орондоо ордоггүй зуршилтай. Энэ л амьдрал сайхан. Ийм хайр, тийм халуун сэтгэл жүжигчин эмэгтэйг ийм л гал цогтойгоор дүрэлзэж яваагийн хамгийн том шалтгаан болов уу. Гялалзсан нүд. Тэгсэн хэрнээ нэвт ширтсэн бодлогошоронгуй харц бас хүүхдэрхүү гэнэхэн нэг туяа сүүмэлзэх түүний нүд, түүний эрх чөлөө, түүний үнэн халуун сэтгэл, түүний ажлаа хобби болгосон аз жаргал, түүний амталдаг бас өөрөөсөө асгаруулдаг хайр..  

Ертөнцийн түм буман гэрэл дундаас тод, гялалзсан нэгэн байж, бас бие биенээ олно гэдэг том хувь зол юм гэнэ лээ.

М.Уранчимэг 

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • Зочин
    jinhene jujigchin, saihan emegtei ... iim saihan jujigchnii togloltiig uzdeg bid aztai shuu!
    2016 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин
    saihan busgui,sain jujigchin.
    2016 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин
    uuruu teruugeer neleen yavdag uu? sain medej bh chin vee
    2015 оны 09 сарын 17
  • ЗОЧИН
    ХҮНИЙГ МАГТАЖ БОЛНО ГЭХДЭЭ ДАРУУХАН ДУУГАЙ ХҮНИЙГ БАС ХАЙРЛАДАГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ГОМДООХООР ЮМ БИЧСЭН БАЙНА, дАРУУХАН БАЙНА ГЭДЭГ ТЭГЭЭД ХҮМҮҮСД ТААЛАГДАХ ГЭСЭН ҮГ ЮМ УУ, БИ Л ГЭСЭН АМАНДАА ОРСОНГОО ХЭН ХҮН РҮҮ ХАШИГЧИЖ БАЙХ НЬ ЭНЭ СЭТГҮҮЛЧИЙН ҮГЭЭР БОЛ ЗӨВ ЮМ БАЙНА Л ДАА,
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Мундаг дайчин эмэгтэй шуу амжилт хусье
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • Сувд
    Мундаг мундаг
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • zochin
    har gejuu
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин
    нарантуулын мангасын амны архичин авгай нар шиг царайтай юм аа
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
    • Зочин
      uuruu teruugeer neleen yavdag uu? sain medej bh chin vee
      2015 оны 09 сарын 17
  • Зочин
    Estoi gal dol shig gyalalzsan mundag emegtei shu
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025