Салхи салхилсан намрын гэгээн өглөө байлаа. Би гэрээсээ яаран гарав. Яг л хэдэн жилийн өмнө сурагч болоод сургууль руугаа яаран дэгдэж байсан шиг. Ингэж догдлохын учир нь бид өнөөдөр СХД-ийн 65-р сургууль дээр хүүхдүүдтэй болзсон учраас тэр. Сэтгүүлийн 5 жилийн ой, санал асуулга, ёслолын ажиллагааны бэлтгэл ... Овоорсон их ажлаа хойш нь тавин энэ өдрийг хүүхдүүдэд бүтэн зориулах ёстой. Нэг бодлын ажил гэхээсээ сэтгэл татам, дулаан энергитэй орчинд амрах гээд ч байгаа юм шиг.
Сургуулийн цэмцгэр хашаа биднийг угтав. Хотын захын сургуулиуд гадаа талбай томтой, тохижилтоо л эвлэгхэн гэгч нь хийчихвэл хэн нэгэн эрх мэдэлтэн хажууд нь байшин барьж шахахын зовлонгүй нь сайхан. Гэр хороолол дунд болохоор сургуулийн өндөр байшин их л сүрлэг харагдана. Сургуулийн шатаар алхаж ороод л төөрчихлөө.
-Арга хэмжээ болж байгаа заал хаана байна.
-Тийшээ, тэр жигүүрт, за би заагаад өгье. Дунд ангийн бололтой охин өмнө гаран дэгдэв. Хаалга нээлттэй хүүхдүүд бужигнан, микрофонд "Язгуур" нэгдлийнхний дуу хадна. Өдөрлөг эхэлжээ. “Найрамдал”-ын туршлагатай Бүлгийн удирдагч нар үүсгэн байгуулсан “Язгуур” нэгдлийн залуу туслагчид бүжиглэнэ, удирдана ч гэж ёстой “алаад” өгөх юм. Хүүхдүүд хөөрөөд нүүрэнд нь инээмсэглэл тодорчихсон тэдний зааврын дагуу баг болон хуваагдаж бужигнаж байна.
Яг л хүүхдийн зуслангийн нэг өдөр шиг. Биднийг арван жилд байхад ийм өдөрлөг цөөхөн болдог байж. Урлагийн үзлэг, шинэ жилийг л үндэсний хэмжээний баяр гэж үзэж догдолж өслөө шүү дээ. Цаг үе сайхан болжээ.
Хүүхдүүд сургууль дээрээ арга хэмжээнд оролцсоны дараа автобусанд суун “Хар хорин хүрээ” хорооллын үйл явцтай танилцахаар явав. Хар харин захыг ялангуяа Сонгинохайрхан дүүргийнхэн андахгүй дээ. Хэдэн жилийн турш гадаа наймаа эрхэлсэн иргэд саяхнаас өндөр, саруулхан, шил толь шиг байшинд худалдаа эрхлэх болсон. Дотроо урсдаг шаттай бүх юм нь цоо шинэ, юун “Сандэй” гэлцэн хүмүүс сэтгэл дүүрэн байх болсон юм. Яг дэргэд нь хороолол баригдаж буй. Хотын захын хүүхдүүд гэр, сургуулийн хооронд явсаар ээж аавыгаа даган зах орохоос хэтрэхгүй. Томчууд бид ч гэсэн аливаа хорооллын үйл ажиллагаа хэрхэн явагддагтай танилцаад явах зав байхгүй. Тийм болохоор хэн хэнд нь сонирхолтой байлаа.
Бидний дараагийн аялал ТВ5 телевиз рүү чиглэв. Мөн л телевиз үзэхээс хэтрэхгүй, яг дотор нь ажил яаж явагддаг талаар мэдэгдэхүүнгүй тул бараг хүүхдүүдтэйгээ өрсөж сонирхсоор таарав. Бас л нүсэр бүтэц зохион байгуулалт байхыг үзээд хүүхдүүд алмайран байв.
Өдрийн хоолны цаг. Дэлхийн сүлжээ KFC ёстой SO GOOD юм. Бидний үйл ажиллагааг ивээн тэтгэж хүүхдүүдэд тун сайхан үйлчлэв. Бидний үед сургуульд цайны газар байлуу яалаа, ангиараа хотын төвөөр хоолонд орж явж үзээгүй санагдана. Тэр тусмаа ийм хөөрхөн газар нээгдсэн ч байсан биш.
Хоол идэх болвол үсрээд л нэгнийдээ очиж хоол хийж иднэ шүү дээ. Гэр сургуулийн хажууд болохоор өлсөх ч завдал гарахгүй тул тэр нь ч ховор. Хоолыг олуулаа идвэл амттай. Энэ өдрийн хоолны амт үнэхээр сайхан байлаа. Харин автобусанд явах зуураа "АПУ"-гийн хөөрхөн брэнд "Маамуу" сүүг амталж явлаа. Хүүхдүүдийг хөөрхөн амттанаар дайлсан АПУ-гийн хамт олонд дашрамд баярлалаа.
Нэг өдөр чухам яаж өнгөрснийг анзаарах сөхөөгүй тэдний ритмд автан байтал бид “Рояал” академи дээр ирцгээв. МУГЖ Н.Ариунболд манай хүүхдүүдэд мэргэжлээ хэрхэн сонгох талаар лекц уншив. Хошин урлагийн нэрт төлөөлөл, авьяаслаг эрхмийг хүүхдүүд элгэмсүү хүлээж авав. Хүүхэд байхад зурагтаар гардаг хүнийг “амьд”-аар нь харах бас л сонин шүү. Тэр үеэ бодож инээд хүрэв.
Ийнхүү бидний хөгжилтэй аялал өндөрлөлөө. “Хэвлэл олон нийттэй харилцах чөлөөт индэр” гэж хэлдэг ч бид хэр энэ тодотголоо биелүүлдэг билээ?
“Гранд” гэдэг нэр хэвлэл мэдээллийн салбарт тодоор бичигдэн 5 жил болсны ойгоо бид олон нийттэй хуваалцахыг зорьсон юм. Эдгээр 80 хүүхэд дунд ирээдүйн шилдэг боловсон хүчин, удирдагчид бий. Тэд өнөөдөр мэргэжлийн талаар нэмэлт ойлголт авч нэг дор олон зүйлийн талаар мэдэж авлаа. Насан туршдаа энэ өдрийг дурсаж явах болно. Бид мөн өөр нэг сюрприз бэлдсэн нь эдгээр хүүхдүүд дундаас хоёр хүүхдийн сургалтын төлбөрийг даан ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн.
“Арван жилийн дараах БИ” зохион бичлэгийн уралдааны даалгавараа хүүхдүүд дор дороо бодон байгаа. Эдгээр хүүхдүүдийн сэтгэлийн өчил цаасан дээр буун бидэнд ирэх тэр мөчийг сэтгэл догдлон хүлээж байна. Тэр үед та бүхэнтэй хуваалцах болно.
“Өгье гэвэл ганцаасаа” гэдэг. Бид ч гэсэн тэр ГАНЦ-аа хуваалцах аяны нэг өдөр ийнхүү өндөрлөлөө. Харин төсөл маань үргэлжилсээр байх болно.
Эх сурвалж: www.grandnews.mn
У.Цахирмаа, фотог Д.Цэгц
Сэтгэгдэл (1)