Тэр, шинэ түүхийн эзэн

Манай гаригийн долоон тэрбум хүний хүсэн хүлээдэг хамгийн аугаа их баяр наадмын нэг болох “Лондон-2012” зуны XXX олимп энэ жил тохиож, бид таван медалийн эзнээр тодорсон. Энэ бол нэг олимпийн наадмаас хүртсэн медалийн тоогоороо Монголчуудын үзүүлсэн хамгийн том амжилт. Лондонгийн олимп үүгээрээ ялгаатай. Тооны хувьд ийм дэвшилттэй байсан. Энэ олимпоос Н.Түвшинбаяр, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ, С.Ням-Очир, С.Батцэцэг нар хүрэл медаль хүртсэн нь энэ оны спортын онцлохуудын тэргүүнд бичигдэх үйл явдал мөнөөс мөн билээ. Аваргуудтай болсон өмнөх олимпийн амжилтаа давтаж чадаагүй ч медальд хүрэх шат бүхэн нь эр зоригийн тэмүүлэлтэй бахдам сайхан амжилттай байснаараа өнгөрөгч олимп сэтгэл дүүргэж, зүрх догдлуулж чадсан юм. Төрийн дуулал эгшиглэхэд, түүнийг ялалт байгуулсан МОНГОЛ ХҮН зүрхэн тушаа гараа тавьж зогсоод дуулахад бид бүгдээрээ уярч, омогшдог. Тэднээр бахархдаг. Харин тэдгээр бахархалт монгол хүмүүний нэг бол МУГТ, Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг.


 

Архангай аймгийн Хашаат сумын харьяат энэ бүсгүй хорьхон насандаа чөлөөт бөхийн дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн анхны монгол эмэгтэй болж алдраа дуурсгасан ард түмний бахархал. Сурагч байхдаа бөхийн дугуйланд явдаг найз охидтойгоо барилдаж, барилдаан бүртээ даваа авдаг байсан тэр урам зоригтоо хөтлөгдөн бөхийн спортод эргэлж буцалтгүй хөл тавьсан гэдэг. Бяцхан охин энэ алдрыг зүүдлээ ч үгүй явсан биз ээ. Дунд сургуулиа дүүргэчихээд Багшийн дээдийн оюутан болж хотод хөл гишгэсэн хөдөөний охин нэг л өдөр алдар хүндийн эзэн болж Ази, тив, дэлхийд нэрээ дуурсгасан нь бас л С.Батцэцэг байлаа. Тэрээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудсыг нээж,  32 жилийн дараа олимпийн татамигаас  хүрэл медалийн эзнээр тодорсон хүчтэн. Түүгээр ч үл барам энэхүү хүрэл медалийг хүртсэнээр олимпоос медаль авсан гурав дахь эмэгтэй тамирчин болсон юм. Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч, “Гачуурт”-ын Л.Чинбат, Их аварга Д.Дагвадорж, З.Дүвчин заан, ер Монголын ард түмнийг 32 жилийн турш үргэлжилсэн хар цувралыг зогсоосноороо тэр уйлуулж, баярлуулж, омогшуулсан билээ.

Ер нь түүний спортын карьер, алдар хүнд, амжилт ар араасаа ундарч байв. 2007 оны Азийн өсвөрийн аваргын мөнгө, 2009 оны Азийн өсвөрийн аваргын алт, 2009 оны Дэлхийн аваргын  тавдугаар байр, 2010 оны Азийн аваргын мөнгө, Дэлхийн аваргын алт, 2011 оны Дэлхийн цомын хүрэл, 2012 оны Монголын нээлттэй тэмцээний алт, Олимпийн хүрэл медаль, дээрээс нь “Grand lady” цом гээд дурьдаад байвал олныг жагсааж болно. Үүгээрээ тэр тив дэлхийд өөрийн нэр алдраа дуурсгаж, орон зайгаа бататгаж чадсан юм. Гэхдээ ийм бахдам амжилтын эзэн болсон ч С.Батцэцэг бусдын адил онгирч, хөөрч, бардамнаагүй. Тэр даруу байсан, байсаар ч байгаа. Энэ л спортын хүний зан чанар юм.

Тамирчин болно гэдэг угаас эгэл сонголт биш билээ. Эрч хүчээ тасралтгүй өгч байдаг бэлтгэл сургуулилт, ар гэр, амьдралаа үргэлж хоёрдугаарт тавих хатуу нэхэл, мөнхийн тэмцэл, тулаан, тэр бүхэнд бэлэн байх сэтгэлзүй. Чухам ийм олон шалгуурын ард гарч, өөрийгөө ялж, өрөөлийг дийлж, дээр нь эх орныхоо нэр төрийг өндөрт өргөдөг.

Гавьяатыг Лондонгийн олимпийг зориход арын хаалганы тамирчин хэмээх хар цагаан хэл амны бай болгон байж мордуулсан нь өдгөө ч өр эмтлэх шиг санагддаг юм. “О.Насанбурмаа сарын тэмдэг ирэх төдийхнөөр олимпийн эрхээ хасуулжээ”, “С.Батцэцэг арын хаалгаар олимид зодоглох гэж байна” гэхчилэн. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаагийн оронд гавьяат тамирчин С.Батцэцэгийг олимпид явуулахаар гэнэт шийдвэрлэсэн нь спортынхон тэр тусмаа чөлөөтийнхний дунд дээрх эвгүй яриа дэгдэхэд хүргэсэн юм. Өөрөөр хэлбэл олимпийн үеэр О.Насанбурмаагийн сарын тэмдэг ирнэ гэх шалтгаанаар эрхийг нь түдгэлзүүлсэн нь С.Батцэцэг арын хаалганы тамирчин гэдэг ойлголтыг төрүүлж, өвсөнд тавьсан түймэр мэт газар авахад хүргэсэн болов уу. Гэхдээ тэр арын хаалганы тамирчин биш гэдгээ ааг омгоороо, амжилтаараа батлан харуулсан. Эрч хүч цалгисан, бяр тэнхээтэй энэ эгэл бүсгүй цаашид ч Дэлхийн аварга, Олимпийн медальт, Монголын тамирчин гэдгээ баталж, амжилтаараа тамгална гэдэгт хүн бүр итгэж байгаа. Харин тэр итгэлийг гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алдахгүй гэдэгт би найдаж байна.

Эх сурвалж: www.grandnews.mn 

Р.Эрдэнэболд

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Mundag
    Mundag busgue. Mongoliin baharhal.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025