Мэргэжил амьдралаас авах сайхан бэлгүүдийн нэг

Фото мэдээллийн “Гранд” сэтгүүлийн таван жилийн ойн хүрээнд өнөөдөр нийслэлийн СХД-ийн 65-р бүрэн дунд сургуулийн ахлах ангийн 80 сурагчдын дунд “Мэргэжлээ зөв сонгоцгооё” зорилтот төслийг эхлүүллээ. Уг өдөрлөгийн хүрээнд сурагчдад ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь туслаж, хэрэгцээт мэдээллээр хангах, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, цаашлаад эдгээр сурагчдын дунд эссе бичлэгийн уралдаан зарласан. Тэндээс шалгарсан хоёр хүүхдэд их дээд сургуульд суралцах 2-4 жилийн тэтгэлэг олгох юм. 

Өдөрлөг өглөөний 09 цагт СХД-ийн 65-р сургууль дээр эхэлж, төгсөх ангийн 5 бүлгийн 80 сурагч, таван багш хамрагдаж, тэмцээн уралдаанд оролцож, тоглоом тоглох  зэрэг хөгжөөнт байдлаар өөрт хэрэгцээтэй мэдээллээ олж авсан.

Өдөрлөгийг “Гранд  хүмүүс” сангийн тэргүүн М.Уранчимэг нээж үг хэллээ. Тэрбээр, “Гранд” сэтгүүл 2010 оны 10-р сарын 12-нд анх уншигчдын хүртээл болсон. Тэр цагаас хойш 5 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хүн төвтэй сэтгүүлзүйг мэргэжлийн ёс зүй, нийгмийн хариуцлагатайгаар хөгжүүлэхийг гол зорилго, үнэт зүйлээ болгон ажилласаар өнөөдрийг хүрсэн.

Ирэх аравдугаар сард тохиох “Гранд” сэтгүүл, “Гранд авардс” ёслол хүндэтгэлийн ажиллагааны 5 жилийн ойтой хамтатган, олон нийтэд чиглэсэн хүмүүнлэгийн ажил хийх зорилготой “Гранд” хүмүүс санг байгуулж, анхны ажлаа ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөг зохион байгуулснаар эхэлж байна. Амьдралд авах олон сайхан бэлгүүдийн нэг нь мэргэжил сонголтоо зөв хийх явдал байдаг. Тийм учраас ирэх хавар дунд сургуулиа дүүргэж, мэргэжлээ сонгож, оюутан болох гэж байгаа ангийг сонгон авч, өртөөчилсөн аялал бүхий өдөрлөг зохион байгуулж байна” гэсэн юм.

Өдөрлөгийн явцад сурагчдын дунд “Мөрөөдлийн мод чимэх”, “Би хэн бэ”, “Мэргэжилтэй холбоотой тоглоомын өртөө” авхаалж самбаа сорьсон тэмцээн уралдааныг зохион байгууллаа.

Сонгосон мэргэжлээ баталгаажууллаа

Энэ үеэр тус сургуулийн 12А ангийн сурагч Б.Дэмбэрэлнямтай цөөн хором хөөрөлдлөө

-“Мэргэжлээ зөв сонгоцгооё” өдөрлөгөөс ямар чухал зүйлийг ойлгож авч байна.

-Сайн байна уу. Намайг Б.Дэмбэрэлням гэдэг. Би энэ өдөрлөгт оролцож байгаадаа маш их баяртай байна. Миний хувьд өнөөдөр мэргэжил, мэргэжлийн онцлогийг ойлгож байна. Би мэргэжлээ сонгосон байгаа. Мэргэжлээ сонгохдоо багш нар, найз нөхдийн зөвлөгөөг сонсож, сонгосон. Өнөөдрийн үйл ажиллагаа миний сонгосон мэргэжлийг бүр бататгаж өгч байна.

-Ямар мэргэжилтэй болно гэж бодож байна?

-Эдийн засагч, нягтлан болно. Яагаад гэвэл, би өөрөө сонирхолтой. Бас нийгэмд ийм мэргэжил зайлшгүй шаардлагатай гэж бодсон. Долдугаар ангиасаа мэргэжлээ сонгосон гэж болно. Тооны хичээлдээ илүү сонирхолтой.

-Эдийн засгийн мэргэжлийн давуу талыг өнөөдрийн өдөрлөг гаргаж чадав уу?

-Чадсан гэж ойлгож байна. Эдийн засагч хүн хаана ч ажлын байртай гэв.

 

Мэргэжлээ буруу сонговол, амжилт гаргаж чадахгүй

Хүүхдүүдийн хувьд ЭЕШ, конкурс гэх мэт маш олон даваа, шалгуур байгаа. Гэвч түүнээс өмнө мэргэжлээ зөв сонгох, түүнийгээ баталгаажуулах, өөрийн хүсэл сонирхлоо тодорхойлж чадвал ирээдүйд зөв хүн болж чаддаг талаар багш, сурган хүмүүжүүлэгч нар нь хэлж байгаа юм. Энэ талаар 65-р сургуулийн сургалтын менежер О.Долгорсүрэнтэй ярилцлаа.

-Танай сургуулийн сургалтын онцлог юу вэ. Төгсөж байгаа хүүхдүүдийн хичнээн нь их дээд сургууль элсэн ордог вэ?

-Юуны өмнө манай сургууль дээр ийм сайхан өдөрлөг зохион байгуулж байгаа “Гранд  хүмүүс” сан, “Гранд” сэтгүүлийн хамт олондоо баярлалаа. Манай сургуулийн хувьд 1975 онд үүсгэн байгуулагдсан. Энэ хичээлийн жилд сургууль байгуулагдсаны 40 жилийн ой болох гэж байна. Мөн суурь боловсролын цөм хөтөлбөр манай сургууль дээр хэрэгжиж байна. Бид сурагчдаа сонгосон мэргэжлээрээ суралцаад, цаашид нийгэмд хэрэгтэй, боловсолтой хүн болоосой гэж хүсдэг. Тиймээс хүүхдүүдийнхээ хичээл сонголт дээр их анхаарч, хүсэл сонирхолыг нь сонсдог.

-Энэ хичээлийн жил хэдэн хүүхэд төгсөх вэ?

-Таван бүлгийн 150 гаруй хүүхэд төгсөнө. Бүгд мэргэжлээ сонгож, зорилгоо тодорхойлох гэж өнөөдрийн өдөрлөгт оролцож байна.

-Хүүхдүүд мэргэжлээ зөв сонгоогүйгээс болж амьдралд нь ямар алдаа гардаг вэ?

-Мэргэжлээ зөв сонгоогүйн улмаас суралцаж чаддаггүй, бүрэн суралцах сонирхолгүй болдог. Мөн төгслөө гэхэд тухайн ажилдаа амжилт гаргаж чаддаггүй, тухайн ажилдаа дур сонирхолгүй боловсон хүчин бэлтгэгдэж байдаг.

-Их дээд сургуулиудын хувьд чанартай боловсон хүчин бэлтгэх, төгсөөд гарч ирж байгаа залуу багш нарын ур чадвар хэр байна вэ?

-Нэг хэсэг багшлах сонирхолгүй, мэргэжлийн чадвараар сул дорой багш нар зөндөө төгсөж ирж байсан. Харин сүүлийн хоёр жил залуу багш нар харьцангуй сайжирч байна. Хүүхдүүдтэй ойр дотно байж, тэдэнд хэрэгтэй зүйлийг заадаг болсон. Ер нь боловсролын систем сайжирч байгаа гэж бодож байна гэв.

Өдөрлөгийн үеэр хүүхдүүд “Хар хорин хүрээ” хорооллын явц, барилгын инженертэй уулзаж, мөн ТВ5, KFC зэрэг байгууллагуудтай танилцах юм. Харин хамгийн сүүлд Рояал академи дээр “Шинэ үе” продакшны захирал, МУГЖ Б.Ариунболдтой уулзаж, мэргэжлээ зөв сонгохын ач холбогдол, амжилтанд хүрсэн түүхээс нь хуваалцахаар боллоо.

Дээрх өдөрлөгийг “Гранд сан”, “Гранд сэтгүүл” санаачлан уран бүтээлийн “Язгуур нэгдэл” зохион байгуулж, Рояал академи, ТВ5 телевиз, “Эх ачуут” ХХК тус тус ажиллаж байна.

Оюуны үгийг тарьж буй энэхүү өдөрлөг цаашид уламжлал болгон зохион байгуулагдана.

Бэлтгэсэн: Б.Дэжид

www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    хөөрхөн юмаа хөөрхөн хүхдүүд байна
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин
    хүүхэд гэдэг гэрэл юм
    2015 оны 09 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025