Сонгодог Улаанбаатарчууд

Долдугаарсан сарын 4-ний тунгалаг үдэш Улаанбаатарчууд сонгодог урлагаар амьсгалж өнгөрүүллээ. Дуурийн ягаан театрын үүдэнд тайз засч, Сүхбаатарын талбай дүүрэн үзэгч цуглуулсан задгай шоуг санаачлагч, зохион байгуулагч нь “Sound of Mongolia”. Монголын шоу бизнесийн хаан Х.Дамдинсүрэн ноёнтон ДБЭТ, НЗДТГ-т санал тавьснаар “Best of Classic” сонгодог урлагийн үдэш өнгөрсөн жилээс хойш 2 дахь жилдээ төв талбайд болж байгаа.

Урлагийг, тэр дундаа сонгодог урлагийг ард түмэнд ойртуулна гэж ярьдаг ч арга, хэлбэрээ төдийлөн олж чаддаггүй байсан. Харин энэхүү Open Air сонгодог урлагийн үдэш бараг хамгийн сонгодог, шилдэг хувилбар болж таарах шиг. Үзэгч ч олон байсан. Үүдээр ороход эгээтэй гадаадад яваа юм шиг тансаг, дүүрэн сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Тайз засал, гэрэл шуум, шоу үзүүлбэрийн гайхамшиг, ид шид гэж энэ гэлтэй.

Театрын тайзнаа бол зунаас бусад бүх улиралд долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хөтөлбөртэй байдаг ч тэгтлээ ханасан олон үзэгч цуглуулж чаддаггүй Дуурийн театрынхан энэ үдэш гоцлол дуучид, гоцлол бүжигчид, найрал дуу, яруу тунгалаг симфони найрал хөгжим гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ задгай тэнгэр дор чуулж, уран бүтээлийнхээ дээжээс тэр олон хүнд толилуулахдаа сэтгэл дүүрэн, хөөр баяртай байсан болов уу.

Тэд чинь Чайковскийн конкурсээс алтан медальтан төрүүлсэн Монголын сонгодог урлагийнхан шүү дээ. Омогшил дүүрэн ч байсан байх. Чухам тийм авьяастнуудыг дэмжиж, хүн төрөлхтний түүхээр шигшигдэж ирсэн сонгодогуудыг Улаанбаатарчууд бидэнд сонордуулсан Sound of Mongolia, ДБЭТ-ын уран бүтээлчид, НЗДТГ-ынханд талархал илэрхийлье. Болдогсон бол ийм сонгодог үдшийг Цонжин болдогт ч юм уу, хаа нэг special газар тасалбар, такстайгаар зохион байгуулбал ч гэсэн бодол төрж байсныг  нуух юун. Бидэнд чухам ийм соёл, ийм орчин хэрэгтэй байгаа билээ.  

 

 

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    mundag bnaa soundiinh
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025