МАХН нэрээ сэргээсэн 4 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Энэ үеэр тус намын нарийн бичгийн дарга Г. Дугаржавтай цөөн хором ярилцаж улс орны өнөөгийн байдал, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар тодрууллаа.

-Юуны өмнө энэ баярын мэндийг хүргэе. Баярын сэтгэгдэл ямар байна?
-МАХН үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой, МАХН нэрээ сэргээсний 4 жилийн ойгоо бид тэмдэглэж байна. 2011 оны 6-р сарын 24-ний энэ өдөр Монгол Улсын Дээд шүүхээс МАХН-ыг дахин байгуулах тухай тогтоол гаргасан. Хэрвээ энэхүү шийдвэрийг гаргаагүй бол МАХН түүхэндээ байхгүй болж ч мэдэх байв. 2010 оны 11 сарын 4-8-нд хуралдсан 26-р их хурлаар МАХН нь нэрээ МАН болгон сольж Монгол Ардын Намыг байгуулсан шийдвэр гарган МАН болсон.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын санаачлагаар Монголын улс төрийн тавцангаас МАХН арчигдах ёсгүй учир жанцантай учраас 2011 оны 6-р сарын 24-ний өдөр МАХН нэрээ авч, улмаар үйл ажиллагаагаа дахин сэргээж явуулж чадсан юм. Ер нь нэрний түүхийг нь авч үзэх юм бол Д. Сүхбаатар, С.Данзан тэргүүтэй хүмүүс 1920-иод оны сүүлчээр Консулын дэнжид МАН-ыг нууцаар байгуулж байсан. Харин 1924 онд МНРП болгож Революционная гэдэг үгийг оруулснаар МАХН болсон юм.
-Намын цаашдын үйл ажиллагаа ямар байх вэ? Танай нам улс орныхоо өнөөгийн байдлыг яаж харж байна?
-МАХН нэрээ сэргээж үйл ажиллагаагаа дахин явуулж эхэлснээс хойш УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. 2012 оны УИХ-ын сонгуулиар Н.Энхбаяр тэргүүтэй манай намынхан ард түмний дэмжлэгийг хүлээж 11 суудал, нийт сонгогчдын 22,31 хувийн саналыг авсан. Энэ нь 250 000 гаруй хүний санал. Сонгуульд ойролцоогоор 1 сая гаруй хүн оролцдог л доо.
Үүнээс харахад манай МАХН идэвхтэй үйл ажиллагаа явуулбал улс төрийн тавцанд тэргүүлэх боломжтой нам. Өнөөгийн манай улс төрийн зах дээр МАНАН бол төр барих үедээ юу ч бүтээж амжсангүй, өөрөөр хэлбэл ажиллаж чадсангүй. АН 1996-2000 онд, 2012 онд засаг аваад яаж ажилласныг ард түмэн мэдэж байгаа. Сая 2012 онд бол манай намтай эвссэн боловч Н.Алтанхуяг тэргүүтэй Шинэчлэлийн засгийн газар гадаад эдийн засгийн нөлөөнөөс болоод манай эдийн засаг үлэмж хямарчихсан үе таарлаа. Санхүүгийн доройтолд орсон.
Дараа нь Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн хэмээх нэртэй, тодотголтой Засгийн газар бас их өндөр сорилттой тулж байна. Дээр нь Ардын намыг татаж оруулаад дахиад МАНАН үүсгэчихсэн. Манайх МАНАН-ийн гол дунд нь шаантаг болох гэж дангаараа Засгийн газарт 2 гишүүнтэй, эвсэлээрээ 3 сайдтай орсон. МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл УИХ-д хангалттай ажиллаж байна. Гагцхүү улс эх орны эдийн засаг энэ намар маш хүндэрнэ.
Оны эхний 2 сарын байдлаар гадаад валютын нөөц хасах 380 сая ам.доллар буюу "0"-ээс доошоо орсон байгаа. Гадаад валютын нөөц гэдэг бол улс орны эдийн засгийн чадамжийг тодорхойлдог. Валютыг алттай дүйцүүлэн үнэлж болно. Дээр үед бол алтан баталгаа гэж байсан юм. Тухайн улс хэчнээн их алттай байна тэрэнтэй нь тэнцэх мөнгө зах зээл дээр гаргах дүрэмтэй байхгүй юу. Өөрөөр хэлбэл тэр хэмжээний эмисс буюу мөнгө үйлдвэрлэхийг олон улсад зөвшөөрдөг.
Олон улсын практикт “алтан баталгаа” гэдэг. Өнөөдөр Чингис бондын 1,5 Самуурай бондын 0,6, Хятадын своп хэлэлцээрийн 2,5 тэрбум ам.доллар, нийлээд 4,6 тэрбум ам.долларын бодит өртэй. Энэ мэт илэрхий өрүүд, дээрээс нь хувийн хэвшлийн өрүүд гээд ерөөсөө хямрал туйлдаа хүрэх нь л дээ. Дээрээс нь экспортын орлого үлэмж хумигдсан.
Хятадад манай уул уурхайн үндсэн түүхий эд авдаг үйлдвэрүүд нь зогсчихсон. Яагаад гэхээр Европ бас АНУ хямархаар Хятадын зах зээл хямарч байгаа юм. Гол худалдан авагч нь хямарчихаар Хятадын үйлдвэрүүд гал манах хэлбэрт орчихсон юм. Нэмж бүтээгдэхүүн хийхгүй байх, байгаагаа борлуулах өөрөөр хэлбэл зогсонги байдалд орчихож байгаа юм. Манайхаас авч байсан гангийн үйлдвэрт хэрэглэдэг коксжих нүүрс, төмрийн хүдэр гээд олон түүхий эд гадагш гарахаа больсон. Ингээд л овоо сэргэж байсан уул уурхайн салбар уналтад орсон.
Манай уул уурхайн салбарт гадаадныхан маш их хөрөнгө оруулсан. Манайх ч их хөхүүлэн дэмжсэн. Анх П.Очирбат гуай “Алт” хөтөлбөр эхлүүлснээс хойш уул уурхайд бүгд хошуурсан. Гэтэл өнөөдөр амьдрал дээр юу болов?
Монгол оронд уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуй нь чухал. Уул уурхай бол саяханых. Уул уурхай бол шавхагддаг баялаг. Авлаа, ухлаа, дундарлаа, дууслаа. Дахиж ургахгүй, төрж төлжихгүй. ХАА, МАА бол нөхөгддөг баялаг. Аялал жуулчлал бол бүр ямар ч халгүй.
Уул уурхайн салбар бол мөнгө их шингээнэ, мөнгө их ч олдог салбар, ХАА, МАА ахуй бол хөдөлмөр их шингээж байж ашиг олдог салбар. Тасралтгүй өгч байдаг газар тариалан, тариа будаа, хүнсний ногоо байна. Энэ салбаруудаа түлхүү анхаарч ажиллах буюу хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх хэрэгтэй байсан. Оюутолгой дээр манайхан маш том алдаа хийсэн. 56 тэрбум ам.доллар баялаг байгаа.
Өөрөөр хэлбэл Гачууртын орд 70 тоннын нөөцтэй. Харин Оюутолгойн алт нь 1000 тонн. 14 Гачууртын ордтой тэнцэж байгаа биз. Зэс нь 6 Эрдэнэттэй тэнцэж байна. 14 Гачууртын орд, 6 Эрдэнэт шиг ордоо алдчихаад байна. Зөвхөн тухайн үеийн төр баригч эрхэмүүдийн буруутай үйл ажиллагаанаас болоод ийм явдал боллоо.


-Биднийг 1978 оноос хойш ХАА-гаас гадна ганцхан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр тэжээж байсан. Бид 14-н Гачууртын орд, 6-н Эрдэнэт шиг ийм их баялгаа алдчихаж. Хамгийн эмгэнэлтэй нь дээр нь бас өрөнд ордог нь хэцүү байна. Одоо тэгвэл Таван толгойг энэ аргаар гадныханд авч өгөх гээд байна уу? Танай нам, мөн Н.Энхбаяр даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоо Таван толгойг мөн луйварын аргаар өмчлөхийн тулд МАХН-ын даргыг нутагт нь ирүүлэхгүй байна. Тэд Н.Энхбаярыг хол байлгаж Таван толгойгоо хийе гэсэн мессеж хүртэл өгч байгаа. 2009 онд Н.Энхбаяр дарга Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж байна, Сонгуулийн ерөнхий хорооны дүн бол өөр гарлаа гэдгийг хэлсэн. Гэтэл сонгуулийн дараа тухайн үеийн төрийн удирдлагууд Н.Энхбаяр даргатай уулзсан юм. Та одоо Оюутолгойн асуудлаар байр сууриа битгий илэрхийл, Таван толгойн асуудалд битгий оролцоорой, эсвэл бүгдээрээ хамтарч ажиллая, та дэмж гэдэг асуудлыг ярьж, олон өдөр, хэдэн цагаар уулзацгааж байсан.
Үгүй ээ та бүхэнтэй ингэж ажиллахгүй ээ. Би ард түмнийхээ талд ажиллана гэдгийг хатуу хэлсэн юм билээ. "Оюутолгойн баялгаа үндсэндээ луйвардуулаад дууслаа. Тэр үед 51 хувь эзэмшье гэдэг дээр тогтоод байсан. 2008 оны төгсгөлд Засгийн газар 51 хувийг бид эзэмшиж ерөөсөө болохгүй байна. Тийм их мөнгө алга, харин 34 хувь эзэмшиж болох юм байна гэж. Тухайн үед Засгийн газар, УИХ-ын гишүүдийг хуурлаа гэж ярьж байсан.
2009 оны 6-р сард УИХ-аас 57 дугаар тогтоол гарч 34 хувийг эзэмшнэ, эзэмшихдээ үнэ төлбөргүй эзэмшинэ гэж заасан байсан. Тэрийг зөрчөөд 2009 оны 10 сард том баяр хийгээд гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр даргыг ажлаа өгсөний дараа Оюутолгойн гэрээ батлагдаж байгаа юм.
УИХ-д танилцуулалгүй, Эдийн засгийн байнгын хороогоор ч оруулчихгүй, шууд баяр ёслол хийгээд л зурсан. Төрийн 3 өндөрлөг нь Монгол улс хөгжлөө гээд гүйж орж ирээд л сайд нар нь гарын үсэг зураад Оюутолгойн гэрээг байгуулсан ш дээ. Хэн ч ойлгох луйврын гэрээ ингэж хийгдсэн.
Гачуурт шиг 14, Эрдэнэт шиг 6 ордтой тэнцэх энэ их баялгаа Монголын ард түмэн хүртсэн бол бүгд хангалуун амьдрах байсан. Энэ их баялгаа алдахгүйн төлөө Н.Энхбаяр дарга дуугарахаар та боль, бид нарын талд ор гэдэг. Луйвард чинь оролцохгүй, ард түмнийхээ талд хатуу байна, ард түмэн бол та нарын албан тушаалаас хүчтэй гэдэг байсан.
Тэгэхэд юу гэсэн гээч "тэгвэл таныг нийгмээс тусгаарлана" гэж улайм цайм хэлсэн. Н.Энхбаяр даргын хувьд ингээд би явдаг замаараа явна гээд зам салж байгаа юм.
Тухайн үеийн МАН-ын олигархуудаас салж байна гэсэн үг л дээ. Ингэж МАХН дахин байгуулагдаж, нэрээ ч гэсэн буцаан авсан. Оюутолгойг явуулахын тулд гадны захиалгаар Н.Энхбаяр даргыг барьж хорьсон.
Дараа нь Оюутолгойг бүрмөсөн өгөх операци явагдсан. Ингээд л Монголын ард түмэн насаараа өртэй хоцорсон. Хүүнд нь хүү боддог, нэг улирал төлөхгүй бол хүү нь эргээд үндсэн зээл болдог. Хөрөнгө оруулалт хийх санхүүгийн схемийг сонгохдоо дэлхийн хамгийн муу хувилбарыг сонгосон. Дээрмийн схем гэдгийг сонгосон.
Хамгийн наад захын жишээ гэхэд банкнаас хүн зээл авахад хүүгээ бодно, хүүгээ төлнө. Зээл, хүү хасагдаж явсаар зээл дуусдаг. Харин Оюутолгой хувьд нэг улирал өнгөрөөд л хүү нь үндсэн төлбөр болж хувирна. Өөрөөр хэлбэл, 100 төгрөгийн зээл авахад хүү нь 10 төгрөг. Дараагийн улиралд зээл 110 төгрөг болно гэсэн үг. Энэ нь хүүгээс хүү боддог арга.
Нийлмэл хүүгийн арга гэж санхүүгийн механизм байдаг. Үүнийг дэлхийн эдийн засагт дээрмийн схем гэж нэрлэдэг. Хүүгээс хүү бодож явахаар тэр зээл хэзээ төлөгдөж дуусах вэ. Хэзээ ч дуусахгүй үргэлжийн мөнхөд өсөн нэмэгдэнэ. Үүнийг дагаад үндсэн зээл нь байнга нэмэгдээд явах, ийм л хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан.
Маш аюултай, ийм өртэй болчихсон. Ийм нөхцөлтэй өрөөр бид 34 хувийнхаа мөнгийг Рио Тинтогоос гаргуулаад түүндээ хүү төлж байгаа. Тавантолгой бол төвөгтэй төсөл. Сая дээдсүүд хувиа тохирч чадахгүй булаацалдаад таарлаа ш дээ.
Одоо бол бид Тавантолгойгоо хийх гэж байна Н.Энхбаяр та битгий ирээ л гэж байгаа. Хэрэг хийсэн хүнийг бол ороод ирэхээр нь бариад авдаг биз дээ. Буцааж гаргахгүй гээд хаалт хийдэг биз дээ. Гэтэл та Монголоос явчих, Таван толгойг бид хийнэ, бүр улс төрд битгий оролц гэж дарамтлах юм.
Дээр дурдсан луйвруудын талаар Н.Энхбаяр дарга хамгийн их мэдээлэлтэй байгаа учраас ард түмэнд тэр мэдээллийг өгүүлэхгүй байх арга хэмжээ аваад байгаа нь энэ. Биеийн байдал нь гайгүй байгаа.
-Ирүүлэхгүй байна гэсэн юу гэсэн үг вэ? Тэр хүн чинь Монгол улсын иргэн шүү дээ. Яг хэн ирүүлэхгүй байгаа юм?
-Хууль хүчний байгууллага, та Монголоос явчих гэдэг. Дээрээс үүрэг өгч байна, таныг явуул гээд дарамтлаад байна. Таныг одоо бушуухан явуул гэж байнаа л гэдэг.

-Өнөөдрийн байдлаар хаана байна?
-Солонгост байна.
-Солонгосын этгээд сонин шашинд орсон тухай нэг хэсэг шуугиулсан...?
-Адилхан буддын шашин шүү дээ. Би Солонгост 3 жил Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажилласан хүн. Солонгос орныг сайн мэднэ. Тэнд олон шашин бий. Энхбаяр даргын хувьд Солонгосын буддын шашныг судалсан, тэдэнтэй хамтарч ном орчуулсан, хүмүүстэй хамтарч ажилласан. Хувь хүний сонирхлоороо л сонирхсон зүйлээ судалсан. Очироор огтлогч буюу төвдөөр Доржзовд номыг орчуулсан байна лээ.
-Өөрийгөө товч танилцуулаач?
Аав, ээж хоёулаа Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул. Би Улаанбаатар хотод төрсөн, ГХДС, Г.В.Плехановын нэрэмжит Москвагийн Эдийн засгийн их сургууль, Австри Улсын Вена хотын Дипломатын академид суралцаж төгссөн. Эдийн засгаар эрдмийн ажил хийж байна. 1995-2000 онд Япон Улсын Засгийн газрын санхүүгийн байгууллагад ажиллаж байсан. Н.Энхбаяр даргыг МАХН-ын даргаар ажиллаж байх үед 2000-2004 он хүртэл МАХН-ын Улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан.
2004-2007 онд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд Нэгдүгээр нарийн бичгийн дарга, дараа нь Гадаадын хөрөнгө оруулалтын газрын орлогч даргаар ажилласан. 2010-2013 онд БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Зөвлөхөөр ажилласан. Тэгээд томилолтоо дуусгаж ирээд МАХН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

У.Амартүвшин
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (7)