Энэхүү ярилцлага “Гранд” сэтгүүлийн №49 дугаарт нийтлэгдсэн юм. “Найрамдал”-ын захирал саяхан солигдоод буй энэ өдрүүдэд экс захирал нь тухайн үед юу төлөвлөж байсан албан тушаалын залгамж халааны талаар болон чухал сэдвүүд хөндөн дэлгэрэнгүй яриа өгснийг эргэн сануулж байна.
Найрамдал олон улсын хүүхдийн зуслангийн 36 насны төрсөн өдөр 7-р сарын 19-ний өдөр тохиож, бороотой, тунгалагхан амралтын өглөө манай сурвалжлах баг Найрамдал тийш жолоо заллаа. Цаанаа л ер бусын эрчим оргилох энэ газарт таних, танихгүй хүүхэд бүхэн зөрөх бүрдээ мэндэлж хүндлэх.Өглөөний цайнд өгсөн хиам, хар цай нь хүртэл амттай байх.Чухам ийм учраас л хаа холын 4-р сард путевк нь интернетээр зарагдаад дуусчихдаг, Найрамдалд амарна гэдэг Хятадын Дисней лэндэд очиж тоглохоос хэцүү болчихсон гэж эцэг, эхчүүд үглэдэг байх нь л дээ. Энэ бүхнээс илүү энд жинхэнэ дектатур, дэг журам үйлчилдэг. Дектатур, дэг журам хуучинсаг байдаг юм бас биш аж. Энд жинхэнэ орчин үелэг, шинэ залуу тодотголтой юм бүхэн халгиж цалгиж байдаг. Эд бүгдийн цаана гайхалтай чадварлаг, чанга хатуу удирдагч бий.
Т.Түвшинг төмөр хатагтай гэхэд тэгтлээ таатай байдаггүй, учир нь төмөр зэвэрдэг шүү дээ хэмээн ярих. Тийм ч биз, үгүй ч биз. Перфекционимз буюу амьдралын бүх хүрээнд төгс төгөлдөр байна гэдэг тэр бүр хүний байж чадах нөхцөл байдал биш. Тийм ч учраас төмөр хатагтай гэх тодотгол зөвхөн хүүхнүүдэд хамаатай байж, зөвхөн чанга, хатуу удирдагчдийн хүрээнд яригдаж иржээ. Тэр бүхий л талаараа iron lady! Гэвч зэврэх тухай ойлголт түүнд ёстой хамаагүй. Яагаад гэвэл түүний сэтгэлгээ дэндүү залуу, эрчимлэг.
Задгай сэтгэ, хайрцганд битгий ор! Энэ бол түүний өдөр тутамдаа баримталдаг зарчим гэнэ лээ. 36 жилийн түүхтэй, хагас сая гаруй хүүхдийг амруулсан Найрамдалд амьдралынхаа 35 жилийг зарцуулсан түүнтэй ярилцах хүртэл амттай байсныг хэлэх юун. Ямар ч баггүй, үнэн, өөрийнхөөрөө. Энэ бол хэн нэгэнд бус чухам өөртөө таалагдах гэж амьдардаг, хүчирхэг субьектив зан чанартай хүмүүст л байдаг характерууд билээ.
НАЙРАМДАЛЫН ДЭРГЭД МИНИ ПАРК БАЙГУУЛНА
-Юуны өмнө төрсөн өдрийн мэнд хүргэе! Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Хүний төрсөн өдөр гэдэг шиг байгууллагын төрсөн өдөр жилийн турш хүлээдэг сайхан өдөр. Энэ өдөр маань 7-р сарын 19 буюу зун цагийн хамгийн гоё цаг мөчид тохиодогт бид хэрэндээ л баяртай байдаг. Энэ баярыг олон хүүхэд хүлээдэг гэж би ойлгодог. Яагаад гэвэл энэ ээлжинд амрах гэсэн хүүхдийн эрэлт бусад ээлжийг бодвол маш их байдаг. Энэ ээлжинд гадаадад амьдардаг монгол хүүхдүүд эх орондоо уулзах болзоо тавьж, зүг зүгээс ирж амардаг гээд ярих юм бол төрсөн өдрийг тойрсон олон үйл явдлууд болдог л доо. Хамт олон маань ч гэсэн дор бүрнээ чиглэл чиглэлдээ ямар нэгэн шинэ юм хийхийг эрмэлзэж хичээдэг. Энэ жилийн тухайд 10 гаруй орны туг мандлаа. Туг мандуулсан хүүхдүүд нь хэн билээ гээд харахад тухайн улсад амьдардаг монгол хүүхдүүд байна. Зөвхөн эндээс л Найрамдал бол хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлийн гол төв юм гэдгийг харж болохоор.
Хүүхэд бүхэн энд шинэ найзтай болох гэж, шинэ юм сурах гэж ирдэг. Чухам энэ эрэлт 36 жилийн түүхэнд хүүхдээ дагаад өөрчлөгдөж ирсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүх юмс өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтийг ялангуяа хүүхэдтэй тулж ажилладаг манайх шиг байгууллага соргог мэдрэхгүй бол гологдоно.10 жилийн өмнөх Найрамдалыг өнөөдөртэй харьцуулах аргагүй байгаа. Бидний өөрсөддөө тавьдаг хамгийн анхны, хамгийн чухал шаардлага бол хүүхэд юу хүсч байна, түүнд бид хариулт өгч, хангалттай түвшинд ажиллах. Энэ шаардлагын дагуу багш нар маань ихэд мэрийж ажилласаар ирсэн дээ.
-Найрамдал “Хараацай” театраар хүрээгээ өргөжүүлжээ. Удахгүй спорт цогцолбор ашиглалтанд орно гэж байна. Энэ бүхэнд улсаас төсөв гаргаж өгдөг үү?
-Манайх чинь нийт зардлынхаа 60 гаруй хувийг аж ахуйн орлогоороо, үлдсэн хувийг улсын санхүүжилтээс авдаг. Бидэнд бас нэг баярлах шалтгаан байна. Сүүлийн жилүүдэд улсаас хүүхдийн байгууллага, тэр тусмаа Найрамдалд хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. 650 хүний суудалтай “Хараацай” театр маань маш уян хатан үйл ажиллагаатай. Хурал цуглаан хийх, кино үзэж болно, сандлыг нь хураагаад диско бүжиг хийж болно.
Аливаа театр захиалгааар хүн ирэхээр хүлээн авч бужигнаад өнгөрдөг төдий биш бодлогоор өөрийн нэрэмжит зохион байгуулдаг арга хэмжээтэй байх ёстой. Одоогоор Монгол үндэсний язгуур соёл, урлагийн өвийг уламжлах зорилготой “Мөнгөн хараацай” наадмыг зохион байгуулсаар 3 жилийн нүүр үзэж байна. Цаашид хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэх зорилготой уран уншлагын уралдаан зохион байгуулах гэх мэтээр бодож төлөвлөсөн юмс бий.
Спорт цогцолборын тухайд яах аргагүй Найрамдал анх байгуулагдахад спортын хэсэг нь баригдаж амжаагүй үлдсэн байсан юм. Спортын цогцолбор маань 1000 хүний суудалтай сагсан бөмбөгийн талбай бүхий хамгийн сүүлийн үеийн олон улсын шаардлага хангасан заал, 350 хүний суудалтай, 25 метр урттай, зургаан замтай усан бассейнтай байх юм. Энэ маань ашиглалтанд орчихвол олон жилийн туршид хүүхдүүдийн маань хүсэн хүлээсэн мөрөөдөл биелэгдэнэ.
-Та бүхэн бол үргэлж шинийг санаачлагчдын тэргүүн эгнээнд явсаар ирсэн. Цаашид төлөвлөсөн ажил мэдээж бий байх?
Ер нь цаашдаа бид гэр бүлийн амралтыг нэлээн сонирхож байгаа. Хүүхдийг эцэг эхээс нь салгаж биш хамтад нь амрааж, тэгэхдээ эцэг эхийг нь зүгээр нэг орхичихгүй, тусгай сургалт явуулах жишээтэй. Үүнийг бид нар нэг удаа туршсан. Үнэхээр гайхалтай үр дүн харагдсан. Тэгээд ч Монгол улсын Засгийн газар, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам энэ жилийг гэр бүлийн жил болгон зарласантай холбогдуулаад бид нар энэ ажлыг өргөн хүрээтэй төсөл болгоно. Сая таван сард зуслангуудад зөвлөгөө өгөхдөө зуслангийн нэг ээлжийг гэр бүлийн жил болгоход зориулаарай гэсэн зөвлөмж өгсөн. Бидний хувьд зун ачаалал ихтэй, хүүхдүүдийг түлхүү амраах үүднээс гэр бүлийн ээлжийг 10 сард зохион байгуулна. Энэ чиглэлээр зориулсан байр байшинг бас төлөвлөж байна. Жижиг, жижиг байрууд гэр бүлээрээ ирээд амарчихдаг, хүсвэл өөрсдөө дотроо хоолоо хийх бүрэн боломжтой байхаар төлөвлөж байгаа.
Мэдээж Монгол орны аялал жуулчлалын хөгжилд Найрамдал өөрийн унаган байгаль орчноороо хувь нэмрээ оруулж оролцох ёстой гэдэг утгаараа бид жимсгэний модтой том цэцэрлэг байгуулья гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Цэцэрлэгээ тойруулаад жуулчдад зориулсан завиар аялах хөтөлбөр, бассейн гэх мэтийг төлөвлөх боломжтой. Хуучин манайд байсан ил усан сан, хиймэл нуурыг засуулаад ашиглалтанд оруулчих юм бол боломж нь бүрдчихнэ.
Бас нэг ойрын хугацаанд төлөвлөж байгаа ажил бол мини парк. Найрамдалыг анх байгуулахдаа хүүхдийн тоглоомыг орхигдуулсан байдаг. Үүнийг нөхөж мини парк байгуулна, мини диснейлэнд гэж нэрлэнэ. Цөөхөн тоглоом нь гадаа, дийлэнх нь дотроо байхаар төлөвлөж байгаа. Энэ мэт хийх ажил их байна. Тэгээд л улс орны маань эдийн засаг сайн байгаасай гээд өглөө болгон сүүгээ өргөөд сууж байна даа.
БИ ДАРААГИЙН ХҮНЭЭ БЭЛДЧИХСЭН
-Эдийн засаг хямарлаа, болохоо байлаа гэсэн энэ цаг үед чихэнд чимэгтэй сайхан мэдээ байна. Та бүхэнд амжилт хүсье. Энэ бүхний зэрэгцээ нэг удаадаа 600 хүүхэд хүлээж авах хүчин чадлаа нэмэгдүүлэх талаар бодолцож байна уу? Танайд амрахыг хүсэгчдийн эрэлт үнэхээр их байдаг юм билээ.
-Уг нь миний бодлоор нэг газар бүх юмыг өмчилчихсөн юм шиг биш харин ч эсэргээрээ Монголын бүх хүүхдийн зуслан Найрамдал шиг болох ёстой юм. Төвлөрөх биш тархах ёстой гэсэн санаа. Яг Найрамдал шиг ажилладаг зуслан яагаад Завханд байж болохгүй гэж. Яагаад Дорноговь, Өмнөговьд байж болохгүй гэж. Энэ зорилгоор өнгөрсөн хугацаанд тасралтгүй авч явсан нэг үйл ажиллагаа бол хүүхдийн зуслангийн ажилтнуудыг арга зүйгээр хангах ажил.
-Сургалт, арга зүй гэхээсээ илүү дектатур гэж чухал юм байдаг юм биш үү. Ний нуугүй, шулуухан хэлэхэд нийслэлийг тойрсон хүүхдийн зуслангууд зугаа цэнгээний газар аятай болчихсон гэж эцэг эхчүүд ярих юм билээ. Эдэн дунд Найрамдал л яг социолизмын үеийн хатуу дектатур, хагас цэрэгжилтийн байдлаараа дэг журамтай яваа гэх. Магад энэ Филатовоагаас эхтэй, таньд байдаг хатуу, зарчимч удирдлагын үр дүн байх гэж бодож байна. Би таасан уу?
- Магадгүй л дээ. Алив байгууллага бүхэн соёлтой. Найрамдалд юм бүхэн цэгцтэй, журамтай, өөрсдөө үлгэр жишээч байх нь ерөөс байгууллагын соёл болоод хэвшчихсэн юм. Түвшин байсан ч, байгаагүй ч, тодорхой хугацаанд үргэлжлэх магадлалтай л гэж би боддог юм. Ингэх ёстой, тэгэх ёстой гэж яншиж үглээгүй, аяндаа бий болж тогтсон соёл л доо.
-Нөгөө талаар хүүхдийн зуслангийн бизнес гэдэг өөрөө айхтар ярвигтай. Тиймээс зусланг ажиллуулах гэж байгаа хүн чанга, хатуу байж байж л ажиллуулна. Сулхан, зуслан ажиллуулаад зуны цагийг зугаатай өнгөрөөчихье, мөнгө хийчихье гэсэн хүн хэзээ ч зусланг ажиллуулж чадахгүй. Зуслангийн ажилтнууд нэгдүгээрт, маш чанга, няхуур байх, хүүхдийг өөрийнхөө хүүхэд шиг хайрлах, үлгэр дуурайл болох ёстой.
Зах зээл өргөжиж, худалдааны байгууллагууд, амралтын газар ихээр байгуулагдаж байна, гэтэл хүүхдийн зусланг яагаад эрхлэхгүй байгаа юм. Яагаад гэвэл ийм нарийн, ярвигтайг ойлгосонтой холбоотой, нөгөө талаас өнөөдөр хүүхдийн байгууллагууд ашгийн төлөө бус ажиллаж байгаатай холбоотой.
Нуух юм байхгүй, одоогоос бараг 7-8 жилийн өмнө манай нэг төрийн хүн ирчихээд, яагаад Найрамдал их ачаалалтай, Найрамдал руу л шаваад байдаг юм, та нар үнээ өсгөх хэрэгтэй, бусад зуслангуудаа баллаад байна ш дээ гэж зөвлөж байсан. Нэг талаараа үнэн. Нөгөө талаар Монголын ард түмний амьдрал өнөөхөндөө жигд түвшинд очиж чадаагүй байна. Масс нь ядуу байна ш дээ. Найрамдалд амарч байгаа хүүхдүүдийг нарийн судлахад нэг хэсэг нь хувийн бизнес эрхэлдэг хүмүүсийн хүүхдүүд, нөгөө хэсэг төрийн албаныхан байдаг. Жижиг бизнес эрхэлдэг хүмүүсийн хүүхдүүд ирж чадахгүй байна. Зах зээлийн өөрчлөлттэй нийцүүлээд үнээ өөрчлөх бүрдээ бидний сэтгэл өвдөж байдаг нь ийм учиртай. Энэ жил бараа бүтээгдэхүүний үнэ 28 хувиар өсчихсөн байхад бид ердөө 10 хувиар үнээ нэмсэн.
-Сая Отгонбат захирал өдөрт зуун удаа мэндэлдэг, нэг үгээ хэдэн зуу дахин давтах хэрэг гардаг гэж ярьж байна л даа. Нээрээ л хүүхдүүд тань уулзах тоолондоо мэндэлдэг заншилтай бололтой. Орчин цагт бол ховордсон чанар шүү дээ. Энэ бас Найрамдалын соёл уу?
-Тэгэлгүй яахав. Найрамдалд харилцааны соёл хамгаас чухал гэсэн зарчим бид баримталдаг. Нийгэмд харилцааны соёл үгүйлэгдэж байна. Тэгвэл ядахдаа Найрамдалд үүнийг хэвшүүлье. Яагаад гэвэл энд ирээдүй үе хүмүүжиж байна. Энэ хашаагаар орж ирлээ, хараалын нэг ч үг хэлэхгүй, үргэлж мэндэлнэ, талархана. Хараал хэлсэн хүүхдийг орой нь шүүмжилж ярьцгаана. Унтахын өмнө бие биедээ талархал илэрхийлнэ. Надтай маш гоё ярилцлага хийсэн, чамд баярлалаа гэх мэтээр. Хүүхдүүдээс их хөөрхөн, хөгжилтэй юмс гарна. Би шүдний сойзоо мартчихсан байхгүй юу, тэгсэн чинь Дулмаа бариад ирсэн, баярлалаа гэнэ. Тэгж байтал оймсны тухай яриа гарч ирнэ. Миний оймсыг угааж өгсөн гэдэг ч юм уу. Үүний цаана маш халуун, нандин харилцаа явж байдаг. Жижиг гэхгүй энэ бүгдэд талархаж сурна гэдэг тэр хүүхэд бүх зүйлд, амьдралд талархаж сурна гэсэн үг. Талархал бол их чухал зүйл юм. Найрамдалыг яагаад гоё энергитэй гэдэг нь үүнтэй холбоотой байж ч болох.
-Ингэхэд та Найрамдалд 35 жил ажилласан гэлүү. Амьдрал чинь тэр чигээрээ Найрамдалд зориулагджээ. Найрамдалыг байгуулсан Филатова хатагтайн школыг нь авч үлдсэн ганц удирдагч нь Түвшин хатагтай гэдэг юм билээ. Нэг л өдөр та тэтгэвэрт сууна. Залгамжлагчаа та бэлдсэн үү? Ирэх замдаа энэ талаар бодож сэтгэл зовниж явлаа.
-Байлгүй яахав. Би дараагийнхаа үеэ бэлдчихсэн гэж баталгаатай хэлнэ. Заавал нэрийг нь хэлэх албагүй байх. Өөрийн гараар оруулаад, бэлдчихсэн хүн бий. Өнөөдөр ч гэсэн ямар ч санаа зовох зүйлгүйгээр явж чадна. Явахад ч бэлэн байгаа.
Филатова хатагтай гэснээс би Филатова гуайтай шууд нүүр тулж ажиллаж байгаагүй. Тэр хүн ямар шаардлага тавьж, энэ зусланд ямар үйл явдал өрнөж байсныг харж, мэдэрч байсан гэрчийн хувьд тэр бол жинхэнэ утгаараа ямар нэгэн реклам чимэггүй, хуурамч нүүр царайгүйгээр хүүхдийн төлөө байсан хүн. Төрийн тэргүүн хатагтай байх боломжийг бүрэн утгаар нь, бүрэн хамрах хүрээгээр нь ашиглаж чадсан хүн.
ФИЛАТОВА ГУАЙН ЯДУУ ЗҮДҮҮ АМЬДРАЛЫГ ХАРААД ЦОЧИРДСОН
- Филатова гуайг амьдралынх нь сүүлийн өдрүүдэд эргэж очсон хүмүүсийн нэг нь та. Тэр хатагтайн амьдралын сүүлийн өдрүүд ямархуу байсан бол?
-Тэгэхэд тэр хүний амьдралыг хараад шоконд орж байсан. Цочирдсон.
-Хэдэн онд вэ?
-2002 он. Түүнээс 2 жилийн дараа нас барсан даа. Ямар ядуу амьдралд дунд байсан гээ. Эдэлж хэрэглэж байсныг нь ярихаа байя л даа. Найрамдалд ёслолын үеэр өмсдөг байсан хувцастайгаа угтсан. Нэхмэл цагаан захтай цэнхэр платье, зах нь сэмрээд элэгдчихсэн. Тэр олон жилийн хойно тэр хувцсаа солиогүй байсан. Маш ядрангуй нүүр царайтай, тэр ёслолын хувцастайгаа сэтгэлд бүр хоногшчихож. Умгар, жижигхэн гурван өрөөтэй, Цэдэнбал даргын өрөө бол бүр инээдтэй. Номноос өөр юмгүй. Тийм ахуйд оччихоод өөрийн эрхгүй хоолой зангирч байсан.
Тэр гэрт бид бүтэн 5 цаг суусан, баярлаад л, яриад л, сэтгэл нь хөдөлчихсөн. Тэгэхэд юу идэж, уудгийг нь ойлгоогүй. Хөргөгчийг нь онгойлгоод “оюутны” хамгийн хямдхан хиам, нэг жаахан талхтай. Тэр хүнийг ингэж орхих гэж дээ л гэж бодогдож байлаа. Гэтэл тэр хүн Монголын хүүхдийн төлөө 158 барилга байгууламж барьж, босгосон байдаг. Филатовагийн үед түүний удирдлагаар баригдсан обьектууд дандаа хүүхэдтэй, залуустай холбоотой байдаг юм шүү дээ. Усан бассейнаас авахуулаад нэрлэе л дээ, маш урт жагсаалт гарна. Өөрөө дурсаж байсан, нэг хүнтэй уулзсан чинь, үзүүлэх эмнэлэг олдохгүй байна гэж байна, тэгэнгүүт нь хүүхдэд зориулсан Яармагийн эмнэлэг байгуулсан гэж. Дандаа хүний ярианаас өлгөж аваад л бүтээн байгуулалт хийдэг байсан гэдэг.
-Сонин л хувь тавилан юм даа. Бодвол их л нарийн нандин дурсамж хуваалцсан байх?
- Өөрийнхөө түүхийг, Цэдэнбал даргатай анх яаж танилцсан, хэрхэн гомдож туниж байснаа, өөрийг нь уурласны дараа Цэдэнбал даргын бичсэн захиа гээд нандин дурсамжуудаа ярьсаан. Хуримын ордны дарга Оюунчимэг бид хоёр тухайн үеийн Хүүхдийн төлөө газрын дарга Тогтохнямын томилолтоор очиж уулзсан юм шүү дээ. Хүүхдийн байгууллагууд чадах ядахаараа тусалж, 3000 доллар аваачиж өгсөн. Юм ч нарийн байж, ачийнхаа сургалтын төлбөрийг төлнө гэж байсан.
Бидний мэдэхгүй, олон сайхан дурсамж хуваалцаж, дараа нь ямар нэг байдлаар Монголд очно гээд үлдсэн. Миний цаг арай болоогүй байна гээд байсан л даа. Маш олон хүнд, өөрийнхөө хүрээний улсуудад утасдаж, Монголын хүүхдийн байгууллагынхан намайг эргэж ирлээ гэж их баяртайгаар хэлсэн байсан.
-Нэгэн цагт улсын хатан хаан шиг эрх мэдэлтэй явсан хүн амьдралынхаа сүүлийн өдрүүдийг ядуу зүдүү үднэ гэдэг үнэхээр сонин хувь тавилан юм. Эх орон нь биш юм гэхэд Монголын талаас харж анхаарч болоогүй юм байх даа?
- Арай ч дээ, тийм их юм хийснийх нь төлөө яагаад энэ хүнийг уучилж, харж, анхаараагүй юм бол гэх бодол эргэж очих үед төрж байсаан. Улс төрийн нарийн юмыг бид яаж мэдэх вэ дээ. Гэхдээ түүх хэзээ нэгэн цагт нууцаа нээх байх л даа.
Олон нийтэд ярьж болох, эс болох зүйлс байдаг л юм шиг билээ. Захын жишээ ярихад Найрамдал зуслан энд баригдах болсон түүх байна. Нарийн түүх сөхвөл нэг удаа Цэдэнбал гуай дээр Оросын элчингийнхэн ирж уулзахдаа эндэх зуслангаа өргөжүүлж, шинэ байшин барина гэж ярьж. Яг тэр үед Сэлбийн зусланд гадны хүүхдүүд авахад орчин нөхцлөөс авахуулаад зай багтаамж муу байсан учир Филатова гуай шинэ зуслангийн газар сонгуулахаар ийш, тийш хүмүүсээ явуулж байсан үе. Анхных нь газар хаана гээч, одоо “Нарлаг” зуслан байгаа Мэлхий хадны чанх урд талд Найрамдалыг барихаар шинжилгээ, судалгаа хийгээд явж байсан гэдэг. Ингээд л дээрх яриаг сонссон Филатова гуай Цэдэнбал дарга дээр орж, олон улсын зуслан байгуулахаа хэлж Тэрэлжийн аманд гарчихсан байсан судалгааны багаа яаралтай дуудаж, наашаа явуулсан гэдэг. Тэгээд л бужигнуулчихсан байдаг. Их сонин түүх л дээ. Энэ мэт үйлдлүүд нь элэг нэгтнүүдэд нь таалагдаагүй ч юм билүү, түүхийн нарийн зүйлийг бид мэдэхгүй шүү дээ.
-Нэлээн л ширүүн дориун хүн байсан гэдэг. Та хувь хүнийг нь хэр мэдэх вэ?
-Би догшин, ширүүндээ биш, төдийд тийм юм хийгээрэй л гэсэн бол тэрийгээ өөрийн биеэр шалгах дуртай. Үүрэг даалгаварыг минь биелүүлж чадаагүй хүнийг би үнэхээр үзэж чаддаггүй байсан. Монголчууд дандаа маргааш, маргааш гэдэг, түүнийг нь л эсэргүүцдэг байсан. Энэ бүхнийг би монголчуудын төлөө хийсэн болохоос монголчуудыг гутаах эсвэл дарамтлах үүднээс хийж байгаагүй гэж өөрөө ярьж байсан. Миний хувьд тэр үнэхээр гайхалтай хүн. Хүний төлөө, Монголын төлөө гэсэн сэтгэлтэй, өөрийнхөө бүх нөөцийг түүнийхээ төлөө шавхсан хүн.
Ер нь хүн төрөлхтний зан юм биш үү, хүнийг амьдад нь муулж зовоож зовоож өнгөрсний дараа нь алдаршуулж магтдаг. Харин бидэнд аз таарч Сумогийн их аварга Д.Давгадорж маань хөшөө хийлгэж түүнийг нь бид Найрамдалд сүндэрлүүлсэн. Тийм гайхалтай эмэгтэйтэй уулзсандаа би азтай хүний нэг гэж өөрийгөө боддог.
ОХИД ДЭНДҮҮ УЛБАГАР, НААЛИНХАЙ..ОЙЛГОЛЦОХОД ТӨВӨГТЭЙ ЮМ БИЛЭЭ
-Та ч гэсэн Филатова шиг ялгаагүй л хамаг амьдралаа Найрамдалд зориулж байна. Хувийн амьдрал, үр хүүхдүүддээ хэр их цаг зарцуулж чадсан бол?
-Үнэндээ хүүхдүүддээ бага балчирт нь цаг зав ихээр зарцуулж чадаагүй ээ. Аль алийг нь 6 сартай байхад ажилдаа дуудагдаж байсан. Багыгаа төрүүлчихээд за энэн дээр л жаргана шүү гэсэн чинь бас байдаггүй, дуудагдсан. Гэхдээ миний хүүхдүүд ээжийгээ юу хийгээд байдаг хүн бэ гэдгийг хар багаасаа л мэдэрсэн. Тэд Найрамдалын гал тогоонд хүмүүжиж ахлах ангиасаа эхлээд тусалж эхэлсэн . Хоёулаа л бүлгийн багшаар ажиллаж байлаа.
-Одоо хүүхдүүд тань юу хийцгээж байна?
-Нэг нь бизнес эрхэлж байна, нөгөөдөх нь олон улсын байгууллагад хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байна. Хоёр хүүтэй, нэг нь гэр бүл зохиочихсон, хоёр ачтай болсон. Охинтой болох юмсан гэж мөрөөддөг байсан маань биелж хөөрхөн ач охинтой болсон.
-Охинтой болох тэгээд гоё байна уу?
-Охид хөвгүүдээс арай яршигтай юм шиг санагдсан. Дэндүү улбагар, наалинхай, амархан уйлна. Эрчүүдтэй хүү хаа гэж байсан хүнд чинь охидтой хэл амаа ололцоход ярвигтай л юм байна.
-Та өөрөө их хатуу, чанга зан чанартай хүн болохоор тийм санагдаж байгаа байх?
-Манайхан намайг далайлт нь чанга ч буулт нь зөөлөн гэцгээдэг.
-Шулуухан асуучихад Найрамдалын цаг наргүй ажил чинь таныг хань нөхрөөсөө салахад хүргэсэн үү?
-Мэдээж ш дээ. Чи ажлаа сонгох уу, амьдралаа сонгох уу гэсэн асуултанд алийг нь сонгосон байх нь вэ?
-Чухам ийм учраас л эмэгтэй хувь тавилан хэцүү еэ?
-Яахав, хатуу. Гэхдээ амьдралыг заавал сул талаа дөвийлгэн төсөөлж амьдарч бас болохгүй байх. Миний хажууд заавал эр хүн байх ёстой юм бол миний хоёр хүү тэр орон зайг нөхөж л явсан. Миний амьдралдаа, ажил дээр ч, гэртээ ч баримталж ирсэн зарчим бол би юу бодож санаж байгаагаа хэнд хэлэх ёстойгоо мэддэг. Шийдвэр гаргахдаа заавал нөгөө талын саналыг сонсдог. Эцэст нь өөрийнхөө саналыг хэлээд тэр хүмүүсээр хийлгэх гэж оролддог.
Амьдрал минь үргэлж завгүй байсаар өдий хүрлээ. Өөрөөр хэлбэл нэг тийм сул орон зай байна даа гээд гиеүрээд суух цаг хугацааг надад өгсөнгүй л дээ. Одоо бодох нь ээ, яанаа, би нөхрөөсөө салчихсан гэж айхтар бодоод, гуниглаад уйлж байснаа санадаггүй юм. Магад пөөх, одоо юу билээ гэж бодох үе ирэх байх л даа. Тийм үе ирдэг гэж хүмүүс ярих юм. Миний хувьд одоохондоо мэдрээгүй л байна.
Хүн ер нь амьдралдаа тодорхой зорилго, тэмүүлэлтэй түүнийхээ төлөө зорьж явбал зөвхөн ажлаар зогсохгүй хобби, сонирхлоосоо ч таашаал авч болно ш дээ. Жишээ нь би сүүлийн үед чөлөөт цагаа гольфт зориулах гэж байгаа. Тоглож сурна.
-Гольф бол дээдсийн спорт. Таны найз нөхдийн хүрээлэл ч чухамдаа элит хүрээнийх байх шүү?
-Байна, байна. Эртээд, зургаан сар гарангуут бид хэд цуглаад ярьж суусан чинь надаас бусад нь бүгд гольфчид болчихсон байх юм. Сайндаа ч заавал гольф гэж байгаа юм биш, цаг үе, нас бие сэтгэхүйн онцлогтоо тохируулж байгаа байхгүй юу /инээв/.
-Та одоо хэдэн настай юм бэ?
-Хэлмээргүй байна. Нас бол тоо.
БИ ДУРЛАНА, ОДОО Ч ДУРЛАНА
-Хамгийн сүүлд хэзээ дурласан бэ гэж асуумаар санагдчихлаа?
-Дурлал бол ёстой байнга л явна ш дээ. Дурлалгүй яаж амьдрах юм, уйтгартай ш дээ. Хариу нэхээгүй ч, хариулахгүй ч гэсэн дурлаад явж байвал гоё.
-Ер нь та хайрын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хүнийг таньж мэдэх арга зам юм. Гоо сайхан, гадаад үзэмжинд татагдах нь шохоорхол. Хүн бүрт байдаг мэдрэмж. Тийм ч учраас төдөн насанд дурлаж болохгүй гэсэн дүрэм байдаггүй. Ихэнх хэвлэл, ном зохиолоос харахад эрчүүд л хүүхнүүдийг гоё, сайхан гэж магтаж, шимтсэн байдаг. Гэтэл эмэгтэй хүнд бас тийм мэдрэмж байх ёстой биш үү. Яагаад гоё залуу гэж бид ярьж болохгүй гэж. Эмэгтэй хүн яагаад хайраа илчилж болохгүй гэж? Тийм биз дээ. Ялангуяа миний үеийнхэн дурлах нь эрэгтэй хүний хэрэг, эмэгтэй хүн дасч амьдарна ч гэх шиг. Өөртөө дурлуулчихаад, дасаж байгаад амьдрал нь гоё болдог ч гэх шиг. Бид ч бас дурлах эрхтэй. Би дурлана, одоо ч дурлана. Дурлал хэзээ ч дуусашгүй.
-Наадах чинь бол ёстой хүчирхэг субьектив зан чанартай хүнээс л гарах үг байна. Симон дө Бовуарын “Дайвар хүйстэн”-ийг уншаад ойлгосон зүйл бол эрэгтэй нь хайраа илчилж, эрэгтэй нь бэр гуйдаг нь хүн төрөлхтний зохиосон үлгэр, цагаан морьт ханхүүгээ хүлээж суудаг нь үнэндээ эмэгтэй хүний сул дорой, субьектив биш зан чанарын илрэл гэнэ л дээ. Тэгвэл яагаад ийм үлгэр зохиосон юм бэ гэвэл эмэгтэй хүн байгалиасаа тэвчээртэй, тэвчээр гэдэг нь хүч, товчхондоо харьцангуй хүчирхэг хүйс учраас хүчийг нь сааруулах гэж зохиосон үлгэр гэж Бовуар хатагтай үзсэн байна лээ. Таныг ингээд ярьсан чинь бүр нэг нотлогдоод явчих шиг ээ?
-Хайр хэзээ гоё вэ гэвэл бие биеэ таашааж байх, бие биеэ таних тэр үе. Түвшин гэж хэн юм гээд надад дурласан нэгэн бодож эхэлнээ дээ. Энэ хүний сайн тал нь юу вэ, муу тал нь юу вэ? Бодож эхэлнэ. Муу талгүй хүн гэж байхгүй. Сул талыг нь давуу тал болгож харах нь, хөгжүүлэх нь хайр юм. Сэтгэлээрээ, үгээрээ, хандлагаараа хайрлах гэж бий. Ялангуяа бидний үед хайртай гэж хэлэх нууц, хориотой шахуу байлаа ш дээ. Хайртай гэдэг үгийг зөвхөн захианд бичихээс биш амаараа хэлж болохгүй. Хэлвэл нүд ам нь хачин болоод, энэ эмэгтэй мөртлөө даруухан биш гэж дүгнэнэ.
-Танд дуулж, бүжиглэх авьяас байдаг уу?
-Дуулахгүй яадаг юм. Монголд дуулахгүй хүн олдохгүй. Солгой хоолойтой ч гэсэн би дуулдаг л гэнэ дээ. Сүүлийн үед караоке их болж. Яг монголчуудын характерт таарсан зүйл. Бараг л нэг халаад, нийлж аваад л дуулах гээд явчихдаг. Дуулахаараа enjoy болдог. Энэ учрыг Солонгосын сериалууд нээж өгсөн биз дээ. Сэтгэл санаагаар хямрахаараа уулан дээр юм уу, голын эрэг дээр орилж харагддаг. Тэрэнд нэг учир байгаад байна. Дуулахаар стресс тайлагддаг гэдэг юм билээ. Ер нь монголчуудыг элгээр их өвддөг болсон гээд байгаа нь даруу зантай болох гээд дуугүй явсны нөлөө байгаа гэж би хараад байгаа. Энэ чинь зүрх сэтгэлтэй холбоотой хайрын эрхтэн шүү дээ. Элэг зүрх гэж ярьдаг даа. Дотроо нэг юм нуучихаад явахын оронд эсэргээрээ, хашгираад, доторхоо гадагшлуулдаг улсууд, ядахдаа нэг найран дээр солгой буруу ч болтугай дуулдаг хүн элгээр өвдөх нь гайгүй байх аа.
Хүүхдүүд дээр нэг сонин юм ажиглагддаг юм ш дээ. Энэ ч ёстой яах л бол доо гэсэн зүггүй хүүхдүүд хожмоо их мундаг амьдардаг. Дархлаатай болчихдог юм шиг байгаа юм. Гэтэл нөгөө онц сурлагатан, ноомой байснууд чинь эсрэгээрээ байх жишээтэй. Хамгийн анхны даваанд очиж бүдрэнгүүтээ өөрөө өөртөө гутраад явчихдаг юм болов уу. Нөгөөдүүл нь гэтэл хэд хэдэн охид сэлгэчихсэн, бүтсэн, бүтээгүй компани байгуулаад үзчихсэн амьдралдаа сэтгэл хангалуун гүйж яваа харагддаг.
-Стрессгүй хүн гэж байхгүй болж. Стрессээ яаж тайлдаг вэ?
-Сүүлийн үед иог сонирхож заваараа хичээллэхийг хичээж байна. Дасгал хөдөлгөөн хүний хамгийн үнэнч нөхөр болж. Стрессийг заавал хэн нэгэнд хашгирч эсвэл уйлснаараа тайлахгүй. Эмэгтэйчүүд нийтлэг зангаараа нэгэндээ хэлж тайтгарна. Эмэгтэйчүүдийн урт насалдаг нь үүнтэй холбоотой ч гэдэг. Одоо харин хэн нэгэн найздаа ярина гэхээс илүүтэй өөрөө өөртэйгөө ярьж бусдыг уучилж сурахыг хичээдэг болсон байна шүү.
ТӨМӨР ХАТАГТАЙ ГЭЖ БИТГИЙ ЯРЬ, ТЭР ЧИНЬ ЗЭВЭРДЭГ
-Ингэхэд ер нь нууц гэж юу юм бэ?
-Бусадтай нэг их хуваалцахгүй нэг зүйл байж болох.
-Би гайхдаг юм л даа, киноноос харж байхад барууныхан бол эхнэртэйгээ ингэж муудалцаад, найз залуу маань тэгж хуураад гээд гудамжинд ч хамаагүй, хэнд ч хамаагүй яриад явж байдаг. Түүгээр нь тэр хүнийг дүгнээд, элдэв бус болгоод байдаггүй. Гэтэл манайхан болохоор тэр хувийн амьдрал, хайр дурлалаа ёстой тас нуугаад л, түүнтэй нь холбоотой яриа гарахаар тэгтлээ эмзэглээд л, тэгээд ихэнхдээ бид ёстой сайхан амьдардаг гэж худлаа яриад л. Үнэндээ нууц гэдэг ойлголт, энэ үг зөвхөн сул дорой хүмүүст хамаатай зүйл гэнэ л дээ..
-Энэ ёстой зөвхөн монголчуудад байдаг араншин л даа.
-Энэ ер нь ямар психологи юм бэ? Эсвэл жижиг ард түмний зовлон юм уу?
-Бид дэндүү цөөхөн байна. Та нарт ч гэсэн ийм зовлон байгаа байх. Өөрийгөө дандаа хөндлөнгийн, нийгмийн үнэлгээгээр дүгнэх гээд байдаг. Бусдын санаа бодол над дээр ямар байна, юу гэж бодож байна гэхээс маш их хамааралтай амьдардаг. Бараг хүнтэй суухдаа хүртэл цаадах чинь юу гэж байна гээд эхэлнэ. Эхлээд найз нөхөд нь орно. Атаархсан нэг нь муулна, үнэн сэтгэлтэй нэг нь үнэнг хэлнэ. Ингэж ирээдүйн нөхрөө эсвэл эхнэрээ сонгох ажил эхэлж байгаа юм. Найз нөхдөөсөө нааштай үнэлгээ авбал дараагийн шатанд албан газраараа дүгнүүлнэ. Ингээд эцэст нь л ээж, ааваараа үнэлүүлнэ дээ. Энэ уг нь чиний л, миний л амьдрал юм шүү дээ.
-Хүний субьектив чанар байхгүй болчихсон гэсэн үг л дээ?
-Тийм дээ. Би бол их л цус ойртоцгоож дээ л гэж хараад байгаа.
-Та хэр нууцлаг хүн бэ?
-Нууцлаг биш ээ. Надыг хүн шууд хараад л мэднэ. Энэ ёстой бүтэхгүй нөхөр байна гэж нэг хэсэг нь үнэлнэ. Ер нь надыг эмэгтэй хүн гэхээсээ илүү эршүүд гэж дүгнэцгээдэг. Эршүүд гэхээр яадаг юм, эрэгтэй хүний характертай байдаг юм уу даа. Тэгэхдээ үзэлцэх дуртай, эрчүүдтэй. Онгирч байгаа юм биш, дөнгөж 90 он гарч байхад билльярд тоглодог цөөхөн эмэгтэйчүүдийн нэг нь байлаа. Билльярд тоглоод үзэж тарна. Тэр ширээний чинь ард өчнөөн “найраа” явдаг юм ш дээ. Улс төрийнхөн наймаалцдаг байсан бол бидний хувьд нэг ажил бүтээчих гээд гуйна. Нэг хожигдож өгнө, дараа нь хожиж өгнө. Сэтгэлийг нь хөдөлгөж байгаад алив нэг таван ширхэг юм, төдөн ширхэг оймс ч гэх шиг. Талх, чихэр, боов гурил, гуйдаггүй юм байхгүй байсан үе.
-Ер нь их эршүүд сонирхолтой, эршүүд зан чанартай хүн юм байна л даа. Магадгүй энэ таны төрмөл мөн чанар байх, тийм үү?
-Магадгүй. Хүүхэд байхдаа дандаа хөвгүүдтэй тоглодог байсан. Тэвэг тоглочихсон, хэзээний авирчихсан, гар хөл сорвитой, бэртэл авчихсан явж байдаг байсан гэдэг. Долоон нас хүртлээ нэлээдгүй бэртэж байсан.
- Магадгүй энэ зан чанар чинь өнөөдрийн Түвшинг бий болгож, Найрамдалыг өдий зэрэгтэй авч явахад хүргэсэн байх нь. Тиймдээ л төмөр хатагтай нэр авсан..
-Төмөр гэж битгий ярь л даа.
-Яагаад?
-Төмөр хатагтай гэж хэнийг хэлэх вэ? Тетчер анх энэ нэрийг авч байсан. Тэрнээс биш бүгдийг төмөр хатагтай болгох хэрэггүй ш дээ.
-Бүгдийг нь биш гарын таван хуруунд батгах цөөхөн хүүхнүүд байдаг.
- Жаахан гайгүй бүх хүнийг төмөр хатагтай болгочихсон юм биш үү. Төмөр уян хатан гэж хэн ч бодохгүй биз дээ. Төмөр өөрөө зэвэрдэг.
-Хүн болгон өөрийн гэсэн давтагдашгүй дотоод ертөнцтэй байдаг. Түвшин гэдэг оршихуйн мөн чанар нь юу юм бол Та комплексгүйгээр өөрийгөө нэг магтаач?
-Хүний нэрэнд их учир байдаг гэсэн. Би хувьдаа үнэн гэж боддог. Түвшин гэдэг үг өөрөө аливаа юмны байх ёстой хэм хэмжээг илэрхийлдэг. Түвшин дөлгөөн гэхээсээ илүү, түвшин, стандарт хэмжээсийг бий болгох талаас нь би хардаг. Аливаа зүйлийг зохистой хэмжээнд байлгах, зохист стандарт хэмжээг бий болгохыг хичээх, түүний төлөө мэрийх нь миний амьдралдаа, насан туршдаа баримталсан, магадгүй өөрөө ингэх юмсан гэж бодоогүй мөртлөө амьдралын явцад аяндаа бий болчихсон зан чанар юм болов уу. Би бага алдаж, илүү онох гэдгийн нэг учир энэ байх. Тэгээд ч удирдах ажил хийж байгаа хүнд зарчим, стандарт их хэрэг болдог.
Манайх анх олон улсын стандартыг мэдэрчихээд тэнд л байх ёстой гэж мэрийсээр өнөөдөр Олон улсын чанарын удирдлагын стандартыг хэрэгжүүлсэн төрийн цөөн байгууллагын нэг нь болж чадсан. Мэдээж энэ хэмжээсийг яг энд нь удаан байлгахгүйгээр дахиад л шат ахих тухай ярих ёстой.
БИ ХҮНТЭЙ СУУНА Ш ДЭЭ...
-Эмэгтэй хүн хэт хүчирхэг араншинтай байх, эрчүүдийн түвшинд амьдрах нь өөрт их халгаатай чанар юм шиг ээ?
-Үүнийг хүн өөрөө сонгохгүй ш дээ. Тухайн хүний амьдрал, хувь заяанд зориулагдсан байдаг байх. Би хувьдаа өөрийнхөө араншинг хэзээ ч надад дарамттай гэж бодож байсангүй. Хүн ямар зан характер өөрөөсөө гарч байна, түүгээр л амьдралаа хардаг байхгүй юу. Хүн өөрийнхөө характераар орчноо үүсгэж, амьдралаа бүтээдэг гэвэл илүү ойлгомжтой юм уу. Нэг чухал зүйл бол өөрөө өөртөө үнэнч амьдрах явдал. Тэртэй тэргүй би хэн нэгэнд гайхагдах гэж, үзүүлэх гэж үзүүлбэрээр амьдрахгүй. Энэ бол амьдрал биш, аз жаргал бүр ч биш.
Өнөөдөр миний амьдрал, миний бүх зүйл надад маш сайхан байна. Энэ л хангалттай. Хүмүүс жаргалыг юу гэж ойлгодогийг мэдэхгүй л дээ. Зарим нь аймаар тансаг байдал, гэрийн зарц, үйлчлэгч гэх. Надад бол сайхан амьдрал тэгж төсөөлөгддөггүй. Өөрийнхөөрөө, дураараа амьдрах нь надад жаргал. Өлсөж байна уу, хоол идмээр байна уу, идье, идмээргүй бол хоол хиймээргүй байна ш дээ.
Гэхдээ мөнгөнд дурлалгүй яахав. Би ч гэсэн Бали арал явж үзмээр байна. Гэхдээ надад боломж байхгүй бол би заавал Бали явмаар байна гэж зүтгэх шаардлагагүй. Альбомыг нь харчихаад л явсан юм шиг сууж байя. /инээв /. Шунахгүй байх нь л аз жаргалтай байх гол түлхүүр гэж бурханы шашинд үздэг. Бусадтай өөрийгөө жиших албагүй гэсэн санаа. Ер нь бидний насан дээр ирэхээрээ та нар мэдэрнэ дээ. Хэр баргийн юмыг тоохоо больчихдог юм байна. Нэг их сэтгэл шаналаад, тэнд байсан зовлонг өөр дээрээ авчрахгүй. Найрамдал бол миний вакум орчин. Би энд аз жаргалтай байгаа учраас хот руу гүйж очоод байх сонин биш.
-Та дахиад хүнтэй суувал сууж болох л байсан байх. Зөндөө л учрал байсан байлгүй. Асуудлын гол нь та хүсээгүйд байсан байх?
-Сууна ш дээ багш нь. Сонин юм ярьдаг юм бэ? Single-үүд ингэдэг юм уу аягүй сонин, бүх амьдрал дуусчихсан юм шиг ярих юм/инээв /. Ер нь бодит амьдрал дээр хүүхэдтэй эмэгтэй хүн хамгийн түрүүнд хүүхдээ л боддог юм ш дээ. Нөхөрт гартлаа өөрийгөө л бодно, жаргана. Хамгийн гоё сайхан нь байх гэж өмсөж зүүнэ. Хүүхэд гарлаа, маргааш нь өөрийгөө таг хаяна. Энэ бол эм амьтан болгоны инстинкт юмдаа.
-Нээрээ орчин үеийн хүүхдүүд ёстой хэцүү болж байна гээд эцэг эхчүүд ёстой үгээ барах юм билээ. Хүүхдүүд өөрчлөгдөөд байна уу, эцэг эхчүүд өөрчлөгдөөд байна уу?
-Эцэг эх л нөлөөлнө. Хүүхэд бол ерөөсөө анхнаасаа нийтлэг нүдтэй, хөлтэй гартай амтай хамартай 3 кг 500 гр жинтэй гарч байгаа. Генээ дагасан онцлог байж болно. Гэтэл тэр нөхрийг хүлээж аваад ямар хүн болгох нь зөвхөн эцэг эхээс шалтгаална. Үүн дээр 3 нас хүртэл нь эцэг эх хоёулаа анхаарал тавих ёстой. Өнөөдөр филиппин, вьетнам авгайгаар харуулсан хүүхэд ээжийгээ хайрлахын оронд вьетнам авгайг миний ээж гэнэ дээ. Би хувьдаа амьдралыг хэтэрхий бодит утгаас нь халиулахыг дэмий гэж боддог.
-Одоо бас төрсөн ч төрөөгүй юм шиг харагдах гэж их хичээдэг болж. Төрөөд сарын дараа бүр 7 хоногийн дараа ажилдаа орж байгаа хүмүүс байна. Энэ үзэгдлийг та юу гэж бодож байна?
-Сайхан хүүхэн байх утгаа алдахгүйг л хичээж байгаа хэлбэр юм.Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг гэл үү. Тэр хүмүүс ертөнцийг аварахаар зүтгэж байхад нь саад болох хэрэггүй ш дээ. Сайн хань, сайн ээж байхаа л харин орхигдуулж хэзээ ч болохгүй. Мөнгөтэй эрчүүд хүүхнүүдийн дунд ил далд уралдаан зохиогоод байгаа юм биш үү. Уг нь зарчим бол өөртөө таалагдах болохоос бусдад таалагдах биш шүү дээ. Өөрийнхөө тааваар амьдарч, өөртөө таалагдъя гэвэл өөрөө амьдралыг бий болгоно. Гэтэл энэ талаа орхигдуулчихаад хэн нэгний хараат, хэн нэгний гоёл чимэг болох гэж хичээх. Гэтэл энэ чинь их богино настай эд шүү дээ. Гэхдээ Монголын сая хүнд 1 ч хүрэхгүй хувь нь ийм амьдралын хэв маягтай учраас тэгтлээ санаа зовоод байх асуудал биш. Хүн бүхэн өөр өөрийн арга замаар амьдардаг хойно.
-Амжилттай явахын хажуугаар сөрөг дайралт, хандлага ирдэг нь жам ёсных гэмээр хэвшмэл болчихож. Хийж, бүтээж байгаа хүнийг л шүүмжлэл дагана гэдэг шүү дээ. Ийм тохиолдолд та яаж хариу барьдаг вэ?
-Сайн шүүмжлэгч хүнд маш их хэрэгтэй эд. Хэдийгээр энэ үеийнхэн шүүмжлэл хүлээж авахдаа муу болсон ч гэлээ би хувьдаа шүүмжлэгчийг дэргэдээ байлгах дуртай. Тэрэнтэй заримдаа хэрэлдэнэ, заримдаа хэлэлцэнэ. Гашуун ч үнэнийг сонсч байх нь чухал. Үе үе хатгана, уурлуулна, хүнээр өдөөнө, хүнээр яриулчихаад эргэж сонсоно. Энэ бүхэн ажил хэрэгт их чухал байдаг юм. Зуун хүнтэй ажиллаж байхад 60 нь чамайг дэмжээд 40 нь эсэргүүцэж байвал удирдагч хүн болж байна гэж үзэх хэрэгтэй. Удирдах хүнд олон арга ухаан, авьяас хэрэгтэй болдог л доо. Эрүүл биш шүүмжлэл эсвэл бүр нэг няцлах гээд байвал үзэлцэнэ. Өөдөөс нь бөмбөг шиднэ. Юу гэж бөмбөгийг нь авч өөрөө дэлбэрчихээд сууж байх юм. Бөмбөг ирж байна гэж мэдэх юм бол өөдөөс нь пуужин нисгэнэ ш дээ Энэ бол амьдралын жам. Амьдралд тэртэй тэргүй мянга түмээрээ тохиолддог.
-Танд байдаг хамгийн үнэтэй зүйл юу вэ?
-Үнэнч чанар минь. Хийсэн ажилдаа үнэнч, нөхөрлөвөл юу ч болсон алдааг нь уучлах чадвар, хов жив ярьдаггүй чанар. Энэ бүхэн минь надад байдаг наддаа л үнэт зүйлс. Дугуй дугуйгаа олно гэгчээр найз нөхөд маань ч ил шулуухан ярьчихдаг, надтай адилхан хүмүүс байдаг даа.
-Хэрвээ танд өөрчлөгдөх боломж олдвол та юугаа өөрчлөх вэ?
-Хамгийн түрүүнд 18 настай болоод дахиад амьдралыг шинээр эхлүүлмээр.
-Тэгвэл амьдралаа ямраар зурах вэ?
-Нэгдүгээрт, багшлахгүй. Арай өөр ажил хийнэ. Нэг их гоё хуулийн хүн болж шударга ажиллаж хүмүүст туслах юмсан /инээв/. Маш олон хүүхэдтэй болно. Ерөөс чухам эмэгчин амьтны амьдралаар амьдарч, үхтлээ олон хүүхэд гаргах юмсан гэж боддог. Хүүхдүүдээ маш сайхан хүмүүжүүлнэ. Хөгжлийн хөтөлбөр зохионо ч гэх шиг /инээв/.
Ярилцсан М.Уранчимэг, У.Цахирмаа
“Гранд” сэтгүүл №49
Сэтгэгдэл (16)