Монголчуудын язгуур шүтээн Мөнх хөх тэнгэрээр нэрлэгдсэн “Хөх Тэнгэр” хамтлаг үүсэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойг тохиолдуулан хамтлагийн анхны бүрэлдэхүүн тайзнаа нэгдэн хуучны сэтгэлд шингэсэн аялгуут дуунуудаа 2015 оны 6 дугаар сарын 19-ны үдэш Crocus event hall-д ганцхан удаа эгшиглүүлж хамтаараа лаг байлаа.

Үзэгч, фенүүд цуварсаар тоглолт цагааасаа 30 минутын дараа эхлэв. Тоглолтыг Ханбройн Г.Ганхүү хөтөлж хамтлагийнн үүсэл хөгжлийн товч түүхийг өгүүлэв. Хэн санаачилсан, ямар үе байв, Хөгжим аккустик, ивээн тэтгэгч, Буян Жагаа, Герман улс, хөгтэй хөгжилтэй явдлууд, хар гэр, архи дарс, хамтлагийн анхны гишүүд гээд л...
Тоглолтын ерөнхий зохиомж энгийн тун давгүй. Сэтгэлд шингэсэн 25 дуу дуулагдсан. Дууныхаа утга санааг ангилан хүний амьдралын үе шатаар зохиомжилжээ. Хүн анх төрөөд, өсч торниод, хайрлаж дурлаад, аз жаргалд умбаад, алдаж эндээд, хагацаж салаад, амьдралын эрээн барааныг үзэж туулаад, ухаарч гэмшээд, насны ханиа олоод, эх орон үүх түүх, эх орончид, эрдэмтэн мэргэд, аав ээжээ бишрэн дээдлээд гэх жишээний. Энэ зохиомжоо тэд тайзнаас чөлөөтэй илэрхийлэн тайлбарлаж байсан. Ер нь дуу болгоны өмнө дуу төрсөн түүх, тухайн дуутай холбоотой хөгтэй явдал зэргийг өгүүлэн үзэгчидтэйгээ чөлөөтэй харилцаж дулаан уур амьсгал дүүрэн байсан.
Үзэгчдийн ихэнх хувь нь дундаас дээш насныхан байсан бол зохих хувийг дундаас доош насныхан эзэлж байлаа. Панкын панк ч залуу харагдсан. Никель хэмээх Ганбаа. Охид хүүхнүүд цуг зургаа их татуулах юм билээ.
Буян Жагаа Тайзнаас хөөгдөв
“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Хөх тэнгэр” хамтлагийн жинхэнэ буянтан болохыг бид сайн мэднэ. Тиймдээ ч уригдалгүй яахав. Тоглолт эхлээд удаагүй байтал Хөтлөгч Ганхүү Буянгийн Жагааг тайзнаа урин залав.
Олны өмнө үзэгдэлгүй удсан ноён Б. Жаргалсайханыг үзэгчид уулга алдан, алга ташин хүлээн авсаан. Өөрийн гэсэн этгээд ёжтой яриа, стилээрээ үзэгчдийг байлдан дагуулж, муухан хошин шогоос дээр хөгжөөн баясгав. Гэвч мань хүний яриа сунжирсаар Би Би гэсээр, бүр сүүлдээ улс төр, сонгуулийн сэдэв рүү ороод явчихав. Одоо болсоон Жагаа ах аа. Тоглолтоо үзье ээ гэх зэргээр үзэгчид хашгирцгаав. Мань хүн ч гүрийсээр, ярьсаар. Хөтлөгч Ганхүү эвтэйхэн үеийг тааруулж зогсоогоогүй бол үзэгчдийг жинхэнэ залхааж орхих байсан байх. Тайзнаас тун дурамжхан хоргодон барин бууж байгаа харагдсан. Байлдан дагуулсан хэдэн сайхан ёж үгээ хэлчихээд, ерөөл талбиад буцаад орчихсон бол мөн ч давс хужир нь таарах байсан санагдсан. Аливаа юм ихдэхээрээ яадаг билээ дээ. Давс ихэдвэл гашуун болно. Чихэр ихэдвэл нялуун болдог шиг. Жагаа ах маань дахин нэр дэвших гэж байгаа бол сайн имижмейкер хажуудаа авч ажилллуулах цаг болчихсон байна шүү.
“Хөх тэнгэр”-ийн нэрийг хэн өгсөн бэ
“Хөх тэнгэр” хамтлагийн нэрийг хэн анх өгсөн талаар Хөтлөгч Г.Ганхүү тоглолтын эхэнд өгүүлсэн. Талийгаач болсон Сансар маань энэ нэрийг өгсөн тухай ярьсан бол Дуучин Ганхуяг тоглолтын дундуур нэгэн завшааныг ашиглан хамтлагийнхаа нэрийг миний бие өгсөн юм шүү гээд Ганхүүгийн хэлснийг залруулан мэдэгдээд авсан. “Талийгч Сансар маань тэнгэрээс харж, сонсож байгаа бол шууд л хүлээн зөвшөөрнө” гэж дээшээ харж байгаад хэлсэн.

Ганхуягт жижигрүүлсэн хувилбар нь цэцэг барив
Тоглолт эхлэх үед дуучин Н.Ганхуягийн эхнэр, хүү хоёртой нь нэг ширээнд сууж байснаа мэдсэнгүй. Сэтгүүлчийн өлөн нүдээр ажиглалт хийлээ. Уяхан туяхан үзэсгэлэнтэй бүсгүй. Хоёрын хоёр боодол цэцгийг хүүтэйгээ хамт барьжээ.

-Сайн байна уу та, та хоёр хэнд цэцэг өгөх нь вэ?
-Сайн. Харин хэнд цэцэг өгөх нь шиг байна?” /найрсагаар инээмсэглэн/ Асуултын өөдөөс асуулт тавигдав. Цаанаа суусан хүүгээ миний нүдэнд ил болгон биеээрээ арагш болов. Яг л дуучин Н.Ганхуягийн жижигрүүлсэн хувилбар байнаа.
–Хуягаа ахад уу? Мөн үү. Толгой дохин инээмсэглэв. Энгийн даруу, монголжин бүсгүй юм. Нэгэнт нүүр хагарч, ам нээсэн хойно. Ч.Батгэрэл балетийн бүжигчин. Одоо тэрээр шавь нараа бэлтгэх ажил эрхэлж балетмейстрээр ажиллаж байна. Концертын дундуур хүү нь аавдаа цэцэг барьж үзэгчдийн эгдүүг хүргэсэн. Ямар адилхан юм бэ дээ, ямар эгдүүтэй юм бэ гэх үг сонсогдсоор. Энэ хүү бол Хөдөлмөрийн баатар, АЖ Л.Цогзолмаа гуайн ганц хүү дуучин Н. Ганхуягийн хүү юм. Монголын урлаг соёлын сор болсон энэ гэр бүлийн Угсаа залгамжилсан ноён бол энэ хүүг гэж хэлж болох ажээ. Ээж нь ч гэсэн айлын ганц хүүгийн ганц хүүг төрүүлснээрээ бахархдаг нь ярианаас нь илт мэдрэгдсэн. Тэдний том охин нь 10-р ангийн сурагч.

Никитоны Баачка тоглолтод ирсэнгүй
Тоглолтод оролцох ёстой, “Хөх тэнгэр” хамтлагт байсан зарлагдсан дуучдаас Никитоны Б.Батчулуун л ирсэнгүй. Элкондорын Цогоо “Агшин” киноны дууг өргөн барьсан. 1990-ээд оны залуус, шилжилтийн насныхан буюу одоогийн дунд эргэм насныхан үг үсэг гээлгүй, ая дан алдалгүй даган дууллаа. Поп хатагтай Сараа, Ганхуяг хоёр 20 жилийн дараа хамтран дуулж буйгаараа бас нэгэн онцлог байлаа. Тайзны хоёр талд том дэлгэцэн дээр дуу болгоны клип, шүлэг гарч байсан нь дурсамжийг улам сэрээж байсан гэж хэлж болно.
"Хөх тэнгэр"-ийн дуунуудын ихэнх шүлэг нь М.Цэрэндорж, Р. Чойном нарынх юм билээ. Р. Чойномын “Хундагаа өргөе” хэмээх тухайн соц нийгмийн үедээ этгээд эсэргүү, одоо бол үнэн гашуун үгтэй шүлгээр хийсэн нэлээд хүнд аятай, бараг рок хэлбэрийн дууг ёстой л 20 жилийн дараа дахин сонслоо. Энэ дууг Сараа, Ганхуяг, Дашдондог, Өөжгий нар дуулсан. Өөжгий боломжийн дуулдаг гэдгээ өөрийн зохиосон өөр бас нэг дуун дээр харуулсан.
МУСТА-г 20 жилийн дараа хүртэв
Тоглолтын төгсгөлд БСШУЯ-ны дэд сайд Б.Тулга нар тайзнаа залагдлаа. Зорилго нь "Хөх тэнгэр" хамтлагийг анх санаачлан зохион байгуулсан Р.Бадралд МУСТА цол тэмдгийг гардуулахаар гарч ирсэн байлаа. Урлаг соёлын салбарт, ялангуяа салбарынхаа зохион байгуулалт, хөгжилд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн энэ хүнийг ийм баярт мөчид нь салбарынх нь Тэргүүнээр өргөмжилсөн нь нүдээ олсон шагнал байсан. Энэ хүн хэн нэгэн хөрөнгө мөнгөтэй хүн ч юм уу, ямар нэг намын хурган дарга, ямар нэг олигархийн хүсэл сонирхлоор энэ шагналыг хүртсэнгүй. Хийсэн бүтээснээ даруй 20 гаруй жилийн дараа Салбарынхаа дэд Сайдаас авч энгэртээ зүүлгэлээ шүү дээ.
“Хөх тэнгэр”-ийн ид давалгаалан амьдарч байсан 1990 оны эхэн энэ үед Ард түмний амьдрал, улс орон, нийгмийн байдал ямар байв? Тоотой хэдхэн улсын дэлгүүрийн лангуунд бор давснаас өөр хүнсний бүтээгдэхүүн үгүй, өрх бүр картаар талх, архи гэх мэт тоотой хэдхэн бараа авна. Орос оронд Пересройка /өөрчлөн байгуулалт/, Монгол оронд Ардчиллын салхи. Ийм л үед “Хөх тэнгэр”-ийн дуунууд Ард олны зүрх сэтгэлийг хооллож байсаан.Хүмүүний зүрх сэтгэл тэжээж тэтгэгдэх зүйлтэй байна гэдэг хамгийн чухал. Хамгийн сайхан.
У.Амартүвшин, Фотог Б.Сайхан
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)