Тэр бол Ноён Өндөг. Ямар ч өөгүй, цэгцтэй, хэлье гэснээ шулуухан хэлчихдэг, товч бөгөөд тодорхой хүн аж. Магадгүй өндөг тэрний хажууд нарийн яривал өөтэй юм биш биз гэсэн бодол төрөв.
-За, зургаа даруулчих.
-Миний зургаар яах гэж байгаа билээ?
-Ярилцлага авна аа.
-Би шоуныхаа мэдээллийг л өгөх гэж ирсэн ...
-Аанхаа, нэгэнт ирснийх хамаг юмыг чинь яриулна даа. Тэр бяцхан гайхав бололтой, гэхдээ ямар ч байсан буцаад гараад явчихсангүй. Модель Б.Галбадрах манай редакц дээр зочлоход 10 минутанд зургийг нь папарацидаж, 5 минутын дараа ярилцлаганы ширээний ард суулгасан нь энэ. Өөрөөр хэлбэл, ямар ч бэлтгэлгүй гэнэ сэнэгүй баригдсан даа, баригдсан.
Б.Галбадрах бол “Монгол модель”-ийн нүүр царай болсон шилдэг эрэгтэй моделиудын нэг гэдгийг хүмүүс андахгүй мэдэх болсон. Харин би түүнийг хамгийн анх дуучин Анугийн нэг клип байдаг даа, голын эрэг дээр гүйгээд нэг залуугийн цээжинд наалдаж бариад байдаг, тэр клипэн дээр 2010-аад оны үед харж байж. “Монгол модель”-ийн топ модеь, “UB Fashion week”-ын топ модель, “Mister World” дэлхийн эрэгтэйчүүдийн хамгийн том тэмцээнд тооцогддог сайхан залуу шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн анх удаа оролцсон ... Түүний загварын ертөнцөд үзүүлсэн амжилт мундаг юм. Харин хувь хүнийхээ хувьд тэр хэн бэ?
Загварыг бусад хүмүүс л мэргэжил болгож амьдардаг байх!
-Ингэхэд танай VR хамтлаг нэг дуу гаргаад л алга болчихлоо. Магадгүй “Ibiza Out” дээр дараагийн дебютээ хийх гэж байгаа юм биш биз?

-Хамтлагийн хувьд хүмүүс яачив ийчив гээд их хүлээж байгаа байх. Нэг хэсэг зарим гишүүд маань гадагшаа дотогшоо хичээл, ажил гээд их явлаа. Уран бүтээлээ орхигдуулаагүй. Гол нь бид төлөвлөгөөтэй хийж байгаа. Төлөвлөгөөний дагуу ирэх долдугаар сар гэхэд 2 клип зэрэг хүргэнэ. Маш гоё хоёр дуун дээр бид ажиллаж байгаа. Шоунд хамтлагаараа бол оролцохгүй.
-Өөрөө хамтлагийнхаа цорын ганц single нь болчихоод байх шиг. Нэг мэдсэн ганцаараа үлдчихсэн байдаг, ямар шалтгаан байна?
-Яахав тэгж хэлж болно л доо. Би хүнтэй гэрлээгүй байгаа. Одоогоор шаргуу хөдөлмөрлөх ёстой гэж боддог. Шалтгаансаад байх юм бол байхгүй. Хань ижил гэдэг зүгээр тааралдаад суучихдаг тийм зүйл биш. Энэ асуудал маш чухал. Хань ижлээ маш нямбай сонгох хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Би нэлээн завгүй байгаа. Тийм боломж нь олдохгүй гэдэг ч юмуу тэрийгээ өөрөө ч анзаарахгүй мэдэхгүй явж байж магадгүй.

Ямар ч байсан залуу хүн хөдөлмөрлөх ёстой, 30 гараад гэр бүлтэй болох ёстой. Европчууд 30 гарсны дараа гэрлэдэг. Буурьтай, суурьтай амьдралыг авч явах боломжтой, чадалтай, ухамсартай болсныхоо дараа гэр бүл зохиох нь чухал гэж боддог. Ази стиль Европ стиль гэдэг утгаар авч үзвэл би магадгүй Европ стилийн хүн байх. Надтай адилхан бодолтой залуус, охид байж л байгаа. Зарим хүмүүс оройтлоо гэдэг юм. Гэхдээ ерөөсөө тийм юманд санаа зовдоггүй.
-Гэрлэх болоогүй байна гээд болздоггүй бол биш байх?
-Найз охины хувьд мэдээж хэрэг найз охидтой байсан. Одоо ганц хоёр болзож байгаа хүмүүс бий. Албан ёсоор үерхээгүй гэдэг утгаараа нээх тодорхой зарлах шаардлагагүй байх.

-Ер нь бол загварынхныг ивээн тэтгэгчтэй эсвэл бийлэгжүү хүмүүстэй суудаг гэдэг. Яг одоогийн байдлаар өөрт чинь ивээн тэтгэгч байгаа юу?
-Тийм юм ерөөсөө байхгүй. Би өөрөө өөрийгөө л ивээн тэтгэдэг. /инээв/ Боломжтой айлын хүүхэд гэх нь хаашаа юм, би энгийн хүн. Өөрийн хөдөлмөрөөрөө өөрийгөө хөгжүүлж өөрөө өөрийгөө болгоод явж байгаа. Ерөнхий боловсролыг би Нэгдүгээр арван жилд эзэмшсэн. Их сургуулийн хувьд ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн ангийг Эрчим хүчний инженер эдийн засагч мэргэжлээр төгссөн. СЭЗДС-ийн Санхүү удирдлагын магистрант. Энэ хугацаанд оюутан солилцоогоор Германд Сэргээгдэх эрчим хүчээр сурч байгаад ирсэн. Одоо бол би маркетингаар түлхүү ажиллаж байгаа.
Ирээдүйд үндсэн мэргэжил болох эрчим хүчээрээ явна гэж боддог. Эрчим хүч бол дэлхийн номер нэг, хамгийн чухал салбар. Манай аав, өвөө эрчим хүчний хүмүүс. Аав эрчим хүчээрээ ажилладаг эрчим хүчний инженер, өвөө маань салбартаа Монголд нэлээн алдартай хүн.

Би МCS группт 4 жил, “Шунхлай” группт нэг жил ажилласан. Одоо бол “Глобал маркетинг” медиа групп компани үүсгэн байгуулаад энтертайнмент арга хэмжээ, эвентүүд, томоохон чуулган семинар, форум зохион байгуулахад гар, бие оролцож байна. Хажуугаар нь бид видео клип янз янзын арга хэмжээнүүд дээр бас зохион байгуулалт хийдэг. Энэ хугацаанд хөдөлмөрлөсөөр ирсэн болохоор надад ивээн тэтгэгчийн шаардлага байсангүй. /инээв/
-Ингэхэд загвар өмсөгч яг мэргэжил мөн үү?
-Загвар өмсөх бол ажлынхаа хажуугаар хобби маягаар хийдэг зүйл шүү дээ. Монгол жижиг зах зээл гэдэг утгаараа яг энэ талын мэргэжил цэвэр байхгүй гэж хэлж болно. Миний хувьд шүү дээ. Бусад хүмүүс мэргэжил болгоод амьдраад байж магадгүй. Миний хувьд зүгээр л олон хүнд танигдсан нь загварын салбар юм.
Залуу хүмүүс цагийг уйдахгүй өнгөрүүлэх ёстой
-Шоуны сонин хачнаас дуулгаач. Хоёр дахь жилдээ гэдэг утгаараа залуус хүлээлт өндөр байгаа шүү.
-Зургадугаар сарын 19-нд Ibiza Out фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Түрүү жил бол 3000-аад хүн оролцож байсан. Тухайн үед Ibiza Out анх удаагаа хийгдсэн ч гэсэн хүмүүст хүрсэн. Энэ жилийн хувьд маш олон гоё гоё юмнуудыг зохион байгуулах гэж байгаа. Тухйлбал, монголд анх удаа “хүн чавх” танилцуулах гэж байна. Хоёр том шонгийн хооронд резинээр холбоод, зориулалтын бэхэлгээтэй, хүнээ татаж байгаад тавина. Энэ хүн чавх залууст их сонирхолтой байх болно.

Амьд хөгжмийн хамтлагаар фестиваль маань эхэлнэ. Түүний дараа нээлтийн арга хэмжээ DJ парти үргэлжлэх болно. Манай үндсэн DJ Henza, DJ Маралаа, DJ Анхаа, DJ Дашка, DJ Өлзий нарын чадварлаг уран бүтээлчид оролцож байгаа. Мөн дуучин Энхзол өөрийнхөө шинэ уран бүтээлээр оролцох юм. Цаг агаар энэ 7 хоногтоо сэрүүхэн байна. Ирэх долоо хоногоос цаг агаар маш сайхан болж байгаа тул залуус санаа зоволтгүй. Долоо хоногийн эхлэлээс +29, +31, +32 болоод явчихаж байгаа. Цаг агаар халах үеэр манай шоу тохиож байгаа болохоор та бүхэн нарныхаа хаалттай ирээрэй гэж зөвлөмөөр байна.
-Зохион байгуулалтын багт ямар ямар хүмүүс ажиллаж байна.
-Манай “Глобал эвент” компанийнхэн тэр чигээрээ байгаа. Мөн нийгмийн идэвхитэй залуус манай багт орж ажиллаж байгаа. Хамтарч зохион байгуулж буй артистууд болон спонсор байгууллагуудтай нийлээд 40-50 хүн шоуны ажилд гар бие оролцож байна.
-Өөрөө зохион байгуулагчаас гадна оролцогчоор гадаад, дотоодын шоунд нэлээн орж байсан байх. Харьцуулахад танай шоуны давуу тал юу вэ. Ер нь шоу ертөнцийн соёл ямар байх нь чухал вэ?
-Бид яагаад ийм шоу зохион байгуулах болсон гэхлээр олон улсад маш олон гоё фестиваль шоунууд болдог. Тэр хэмжээнд бид хүрэх зорилготой. Залуу хүмүүс цагийг уйдахааргүй өнгөрүүлэх ёстой гэж би хувьдаа боддог. Очоод найз нөхдөөрөө хөгжилтэй байх орчныг бүрдүүлэхэд бид гол анхаарлаа тавьж байгаа. Шоу гэхээр алкохоль хэтрүүлж хэрэглээд хөгжим сонсох биш. Өөрсдөө гоё баясаж, ямар нэгэн зүйл хэрэглэж байгаа бол зохистой хэрэглэх ёстой. Тэрийг бид түлхүү сануулж залуучууддаа уриална. Би “Эх дэлхийн соёлтой залуусын төлөө” гэсэн уриатай. Бид хэрэв эх дэлхийтэй хөл нийлүүлэн алхах бол эхний ээлжинд томоохон фестивальд оролцохдоо хогоо зориулалтын газар нь хаях, зохистой хэрэглээтэй байх гэсэн зарчмыг баримталж байгаа. Ибиза арал дээр томоохон шоу болоход дэлхийн 100 гаруй орноос ирж оролцдог. Тэрэнтэй адилхан тэр гайхалтай арлын нэрээр нэрийдсэн фестивалийг монголд амжилттай зохион байгуулаад олон улсад сурталчлах, орон орны залуучууд энэ шоу фестивальд оролцож, Монгол оронтой танилцаж яагаад болохгүй гэж. Ирээдүйд бид аялал жуулчлалын салбарт томоохон ажил хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Би залуучуудад үлгэр дуурайл болох гэж хичээж байна
-Загварын ертөнцөд хөл тавьсан энэ он жилүүд өөрт чинь сайн талаасаа юу өгсөн бэ. Муу талаасаа бас юу өгөв?
-Муугаасаа илүү сайн нь давуу байж магадгүй. Загвар гэдэг хүнийг хүмүүжилдэг гоё салбар. Зөв, өв тэгш бие яаж авч явах, яаж хувцаслах, олон нийттэй хэрхэн харилцах вэ. Хувцас гэдэг гайхамшигтай зүйлийг олонд таниулж хүмүүст хүргэнэ гэдэг загвар өмсөгчийн бас нэг том үүрэг байдаг. Урлагийн салбарын бас нэг бүтээгдэхүүн гэж хэлж болно л доо. Тэр утгаараа олон хүмүүстэй харилцах чадвар маань сайжирсан байж магадгүй. Би багадаа бүрэг ичимхий зантай хүүхэд байсан.

Тэгэхлээр загварын салбар намайг задалж өгсөн байж магадгүй гэж боддог. Мэдээж хэрэг танил талтай, найз нөхөдтэй болно. Сул тал нь гэх юм бол нийгэмд загвар өмсөгчдийн талаар сөрөг ойлголт их байдаг. Тэр утгаараа магадгүй намайг сургууль соёл, ямар мэргэжилтэй юу хийдэг байсныг мэдэхгүй өнгөн талаас нь дүгнэдэг байх. Зарим хүмүүс намайг хөнгөмсөг гэж хараад байж магад. Гэхдээ уулзаад учраад ярилцаад үзэхээр хувь хүн гэдэг чинь өөр шүү дээ.
-Залуу хүний хувьд ирээдүйд хүрэхийг хүсэж байгаа оргил. Өөрийн чинь имиж улс төрч болоход тохирохоор юм шиг санагдлаа. Танай үеийнхэн аль хэдийнэ улс төрийн үзэл баримтлалаа тодорхойлж эхэлж шүү. Ингэхэд намд элссэн үү?
-/инээв/ Гэхдээ улс төр гээд би нам ч юмуу тийм юм сонирхдог хүн биш. Намд элсээгүй. Одоо бол JCI олон улсын байгууллагад Удирдах зөвлөлийн гишүүн, салбарын гишүүн гэж явж байгаа. Би нийгмийн идэвхээ сайжруулах хэрэгтэй. Нийгмийн идэвхээ сайжрууллаа гээд улс төр рүү орно гэсэн үг биш. Залуучуудаа манлайлах, ямар нэгэн зорилготой, түүнийгээ эхлүүлдэг байх хэрэгтэй. Эхлүүлээд хийгээд дуусгадаг байх хэрэгтэй. Тэр утгаараа би залуучуудад аль болох үлгэр жишээ болохыг хичээж байна. Хичээх ч болно. Би бас Хөгжилд хүрэх алхам гээд ТББ байгуулсан.
Энэ нь боловсролыг дэмжих байгууллага юм л даа. Үүний хүрээнд сая 4, 5 сарын хугацаанд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 1500 гаруй хүүхдэд лекц орсон. Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ, гадаадад суралцах ямар боломжууд байдаг, тийшээ очихын тулд ямар шалгалтуудыг бэлдэх хэрэгтэй вэ. Тэтгэлэг гэж яг юу вэ, яаж олдог юм. Шийдвэрээ яаж зөв гаргах вэ гэхчлэн маш чухал сэдвээр 1500 хүүхдэд найзуудтайгаа лекц орсон байгаа. Энэ ТББ-аа цаашид авч явна. Энэ бол ашгийн бус олон нийтэд зориулж хийж байгаа миний нэг ажил. Би ямар нэг зүйлийг буруу хийхгүй зөв байхыг хичээдэг. Нийгэмд ялангуяа зөв хандлагатай байхыг уриалдаг.
Ч.Сүбээдэй амиа хорлоогүй!
-Саяхан нэг харамсалтай, эмгэнэлтэй хэрэг гарсан. Загвар өмсөгч Сүбээдэй цаг бусаар өөд болсон. Өөрөө бас хамт авахуулсан зургаа тавьсан байсан. Ер нь тэр хүнтэй хэр ойр байв. Яг тэр хэрэг явдлын учир шалтгаан тайлагдсан уу?

-Талийгаач Сүбээдэй миний хуурай дүү байсан. Үнэхээр сайн хүүхэд байсан. Намайг ахаа гэж хүндэлдэг. Анх загварт орж байхад нь би зөвлөгөө өгдөг, Галаа ах шиг болно гэж их ярьдаг байсан. Өөрөө надаас ч илүү мундаг модель болсон. Гадаад руу явж олон рекламанд тоглосон. Үнэхээр чамлахааргүй мундаг амжилт гаргасан хүүхэд байсан.
Харамсалтай явдал тохиолдсонд бид их гашуудаж байгаа. Эмгэнэж байгаа. Монголын бас нэг олон улсад гарах дүр, монгол улсыг авч явсан нүүр царай маань яваад одсонд үнэндээ харамсаж байна. Гадаадаас хамтарч ажилладаг байгууллагууд нь над руу захиа бичээд энэ явдалд үнэхээр харамсаж байгаагаа илэрхийлсэн. Зөвхөн монголчууд биш гадаадууд ч энэ явдалд харамсаж байгаа. Болсон явдлыг хэн ч тодорхойлж мэдэхгүй. Яг юу болсныг гэр бүл нь ч мэдэхгүй, бид ч бас мэдэхгүй. Унтаад л өглөө сэрээгүй.

-Амиа хорлосон байдалтай олдсон гэж байсан?
-Тэр бол худлаа л даа. Тэрийг үгүйсгэх хэрэгтэй. Тийм амжилттай яваа залуу ямар шалтгаанаар тийм зүйл хийх юм.
Би тамхи татдаг эмэгтэйд дургүй!
-Өөрөө охидын хэлдгээр төгс эр хүн, ажил хэрэгч хүн ямар байх ёстой тэр бүх тодотгол өөрт чинь тохирно гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй байх. Залуу хүний хувьд мэдээж хэрэг эмэгтэйчүүдийн байр байдлыг харж байгаа. Орчин үеийн эмэгтэйчүүдийн давуу болон сул тал нь юу байх юм.
-Надад үнэхээр энэ тал дээр хэлмээр үг байна. Одооны охид, монгол охид бүгдээрээ гоё, үзэсгэлэнтэй, сайхан. Ялангуяа монгол бүсгүйчүүд цаанаа л гоё, сэтгэлд ойр. Би охидыг хэдхээн зүйлийг анхаараасай гэж хувьдаа боддог. Бүгдээрээ ээж болно, монгол улсыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна. Бүгдээрээ нөхрийнхөө хайртай, сайн хань ижил нь байна.
Эрэгтэй хүний түшиг тулгуур нь эхнэр хүн байдаг. Бүсгүйчүүд маань эхнэр хүн болно гэдгээ эртнээс ухамсарлах хэрэгтэй. Нэг зүйлийг онцлон хэлмээр байна, тамхи гэдэг зүйлийг битгий хэрэглээсэй гэж боддог. Тамхи татдаг эмэгтэй хүнд би дургүй. Хүнд нь дургүй биш, хийж байгаа үйлдэл нь надад муухай санагддаг л даа. Би тамхи татдаггүй. Миний ойр тойрны эрэгтэй найзууд тамхи татдаг нь тамхинаасаа гарч байгаа. Энэ хэрэггүй, зүгээр л нэг хий хоосон зүйл. Би гарч чадна гээд. Тэр бол сайн үлгэр жишээ. Гэтэл эмэгтэйчүүд нь тамхинд орж байгаад миний хувьд сэтгэл эмзэглэдэг.
-Гэрлэлт бүр хил язгаарыг алгасаж байна. Ингэхэд магадгүй гадаад бүсгүйтэй гэрлэх болвол яах вэ?
-Гадаад бүсгүйтэй гэрлэх бол би хувьдаа байж болно гэж боддог. Би гадаад бүсгүйтэй гэрлэж болно. Зөв шийдэлд хүрэхийн тулд олон салаа замыг эр хүн бодож байдаг. Нэг зөв замыг нь эхнэр хүн олж өгдөг гэж ярьдаг юм байна лээ. Би санал нэг байна. Нэг баг гэдэг шиг нэг хүн болж чадах тийм бүсгүй, гадаад ч бай монгол ч бай зөв хүнтэйгээ гэр бүл болох л сайхан гэж боддог.
-Ирээдүйн гэргийнхээ талаар төсөөлж байгаа төсөөллөөсөө хуваалцаач. Таны төсөөллийн төгс эмэгтэй?
-Төгс эмэгтэй гэж байхгүй. Би өөрийгөө ч төгс гэж бодохгүй байна. Түрүүн хэлсэнчлэн гэргий гэдэг утгаараа гэрийг гийгүүлдэг байх хэрэгтэй. Үр хүүхдээ маш сайн хүмүүжүүлдэг, хатан ухаантай байх хэрэгтэй. Эр нөхрийнхөө ноён нурууг нь тулж явдаг, зөвлөгөө өгдөг, зааварчилгаа өгдөг тийм бүсгүй байгаасай.
-Тэгвэл таны гоо сайхны идеаль болсон бүсгүй хэн бэ?
-Анжелина Жоли.
-Монголоос?
-Санаанд орохгүй байна.
Хүн дээрэлхэж зодож байгаагүй юм байна
-Өнөөгийн монгол эрчүүдийн талаар та юу хэлэх вэ. Сул талыг нь мэдээж харж л байгаа байх?
-Монгол эрчүүд сэтгэлийн тэнхээ муутай юм шиг санагддаг л даа. Сэтгэл хөдлөлийн чадвар, тэвчээр муутай. Энэ юун дээрээс харагддаг вэ гэхлээр алкохоль хэрэглээд залуучууд ихэвчлэн буруу үйлдэл хийдэг. Зодоон цохион хийдэг, омогшдог гэдэг ч юмуу. Монгол залуучууд омогтой харагддаг. Би өөрөө тэд нартай нийлээд омогшоод байсан юм байхгүй л дээ. Гол нь энэ сэтгэл хөдлөлийн чадварыг л харуулж байгаа. Монгол залуус тэвчээртэй, зөв бодолтой омогшоод байхгүй аливаад ухамсартай хандах юм бол мундаг болж чадна.
-Өөрөө нударга хэр зөрүүлж байна?
-Мэдээж хэрэг нударга зөрүүлэх үе байлгүй л яахав. Бид нарын үед мундаг мундаг атаманууд байдаг байсан. Атамануудад зодуулах үе байна, пойлдуулах үе байна. Өөрөө ч зодолдох үе байна. Биеэ хамгаална, бие хамгаалах урлагаар хичээллэдэг байсан. Аль болох биеэ хамгаалахаас биш хүн дээрэлхэж зоддог байсан үе байхгүй.
-Жинхэнэ эр хүн гэж яг хэнийг хэлэх вэ?
-Сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээ гэдэг нь юу гэдгийг монголчууд ойлгодоггүй юм шиг байгаа юм. Зовлонг давах чадвар гэж ойлгоод байх шиг. Тийм биш. Сэтгэлийн тэнхээ гэдэг бол сэтгэл хөдөлж байгаа зүйлийг барьж чадах, буйр суурьтай, уур бухимдлаа бариад зөв тал руу нь оновчтой шийдвэр гаргах юм. Яагаад би үүнийг хэлээд байгаа гэхлээр салалт маш их байна.
Саяхан нэг судалгаа харахад жил ирэх тусам 5-10 хувиар нэмэгдэж байгаа юм билээ. Салалтын эцсийн хохирогч хүүхэд. Хүүхэд эцэг эхтэйгээ хүмүүжиж хайр халамжинд өсөх ёстой. Одоогийн залуучууд энэ сэтгэл хөдлөл гэдэг юмыг зөв ойлгооч. Хоорондоо зөв ойлголцож зөв хүнээ олж ханилж суугаач ээ. Эрт суухдаа гол нь биш. Магадгүй 30 гарч суугаад ирээдүйтэй амьдралыг буйртай суурьтай бий болгох хэрэгтэй.
-Эр хүйс алдагдлаа. Эрчүүд нь эмэгтэй хүн шиг болчихож гэж ярьдаг. Нэг болохоор тэгж ярьчихаад бодигоор хичээллээд бие бялдартаа анхаараад ирэхээр төмөр өргөдөг тархи нь хоосон гэх юм. Үнэхээр эр хүйс байхгүй болчихсон юмуу. Үсээ гоё будаад нүүрээ арчлаад бариу өмд өмсөөд эхэлбэл монгол эрчүүд ийм байгаагүй гээд байдаг. Таны бодлоор монгол эрчүүд ямар байх ёстой юм?
-Монголчуудын бас нэг муухай ойлголт л доо, ямар нэг юмыг заавал шүүмжилдэг. Монгол эрчүүд бөхчүүд хээгүй гэдэг шиг гүндүүгүй сайхан зарим талаараа тийм байх хэрэгтэй гэж боддог. Барууны соёл, зүүний соёл, Ази соёл орж ирээд эрх чөлөөтэй орон юм чинь есөн шидийн хүмүүс, ижил хүйстнүүд ч байна. Ер нь тэгээд хүмүүсийн хандлага л юм. Тэгж хувцаслаад явах хүмүүс олширч байгаа нь надад харамсалтай санагддаг. Ер нь эр хүн бол эр хүн л байх ёстой, жентельмэн л байх ёстой гэж боддог.

Төмөр өргөдөг хүмүүсийн талаарх тэр бол өрөөсгөл ойлголт байна. Өөрсдөө хичээллээд үзэх юм бол маш гоё зүйл байдаг. Амтанд нь ордог. Би 10-аад жил фитнессээр явж байгаа. Фитнесс хүн бүрийн амьдралын хэв маяг. Ялангуяа гадаадад бүх залуучууд фитнессээр хичээллэдэг. Бүх залуучууд өглөө нь гүйдэг, чөлөөт цагаараа дугуй унадаг, спортоор хичээллэдэг.
Энэ шүүмжлээд байгаа залуучуудыг би харин эргүүлээд шүүмжилмээр санагддаг. Та нар өөрсдөө ийм зүйлээр оролдож үзээгүй байж хоосон толгойтойгоор нь дуудаж болохгүй ээ. Ихэнх фитнессээр хичээллэж байгаа залуучууд бүгдээрээ оюуны потенциалтай мундаг залуучууд байдаг юм шүү. Өөрийнхөө амжилт, амьдралын хэв маягийг тодорхойлчихсон time management гэдэг зүйлийг өөрсдөө сайн хэрэгжүүлдэг хүмүүс фитнессээр хичээллэдэг юм шүү.
Тэр шүүмжилж байгаа хүмүүс харин оролдож үзэх хэрэгтэй. Амт шимтийг нь мэдрэх хэрэгтэй. Булчин гэдэг зүйл байнга хөдөлж байх ёстой. Бид амьсгалдаг шиг булчин ч гэсэн агшиж сунаж хөдөлмөрлөх ёстой байдаг. Магадгүй фитнесст явж чадахгүй бол гэртээ өглөө ажилдаа явахаасаа өмнө суниагаад орой унтахаасаа өмнө суниагаад байж болно. Иймэрхүү зүйлүүд дасгалууд youtube-д хар мянга байгаа. Энэ бол маш энгийн, өөрсдөө л хөдөлмөрлөж хичээх хэрэгтэй.

Бидний яриа цомхон мөртлөө үр дүнтэй, залуус авууштай олон санаатай өндөрлөв. Түүний хэлснээр “Ibiza Out” магадгүй хэдэн жилийн дараа дэлхийн залуусын шоу болох байх. Монгол залуус өдрөөс өдөрт хөгжиж, үзэл санаа нь төлөвшин дэлхийн хэмжээнд сэтгэж урагшлан байгаа юм байна гэсэн бодол түүнтэй ярилцахад төрж байв. Залуусыг удирдах түүчээ нь хүссэн ч эс хүссэн ч загвар өмсөгчид, урлагийнхан билээ. Модель Б.Галбадрахтаа цаашдын ажил, амьдрал, уран бүтээл, төлөвлөсөн ажилд нь амжилт хүсэе. “Ibiza Out” дээр өнгөрсөн жил очиж байлаа. Энэ жил хэрхэн шат ахисныг тун удахгүй бид харах нь.
Ярилцсан У.Цахирмаа, фотог М.Сайхан
Сэтгэгдэл (32)