Аз жаргалын гормон маш жижигхээн зүйлээс ялгардаг. Тэр мэдрэмжид дуртай болохоор хааяа өөртөө “restart” хийх таалагддаг учраас би кино үзэх дуртай. Шинэ киноны нээлтэнд очих ч тун таатай байдаг юм. Цэцэг, жүжигчдийн догдлол, үзэгчдийн алга ташилт ... “Хуримын сюрприз” киног гарцаагүй үзэх болсон шалтгаан нь дуунаас нь болоод хэ хэ.
Дуучин Наагий тун донжлог гэгч нь дуулсан тэр дууг та ч бас сонсоод үзээрэй. Нээлт эхлэхийн өмнө “Хүннү молл”-ын танхимд өнөөх дуу эгшиглэн байхад гадаад эмээ өвөө хоёр хөгжилтэй гэгч нь бүжиглэв. Монголчууд тойроод зогсчихсон хамт яваа хөгшчүүд нь инээмсэглэн дор дороо бүжээд тун дулаахан хөгжүүн уур амьсгал. Тэднийг явсны дараа хүүхдүүд хоёр хоёроороо гар гараасаа барилцан дууны аянд бүжиглэж байлаа. Бид хэзээний бүрэг ичимхий улс. Ер нь хүүхэдтэйгээ хамт явахдаа ээж аавууд энэ мэт байдлаар аз жаргалын гормон ялгаруулж харуулдаг болов уу? Гэнэт бүжиглээд эхэлбэл шоолох болов уу, алга таших болов уу? Эсвэл нийлээд бүжиглэх зориг гарах болов уу? Бас л сонин мэдрэмж байв. Ямартай ч өвөө эмээ хоёроос болоод догдолж, аз жаргалын гормон ялгарч орхив.
Сюрприз-1
Яг үзэхдээ бол “Тэнгис” дээр киногоо үзэв. Нээлтийн өмнө жүжигчид, уран бүтээлчид дуун дээрээ бүгдээрээ бүжиглэж байв. Ууганаа ер нь уур амьсгалыг аваад л явчих юм. Бүсгүйчүүдээ бүжгэнд урина, өөрөө ч догь бүжиглэнэ. Танхим пиг дүүрсэн нь киноны уран бүтээлчдийн хамгийн ойр дотны хүмүүс олноор ирснээс болсон хэрэг. Дүүрэн үзэгчтэй танхимд кино үзэх бас л тухтай мэдрэмж. Ийнхүү кино эхэллээ.
Ууганаа хогийн компанийн захирлын охинд сэтгэлтэй, удаан үерхсэний эцэст аав нь гэрлэхийг зөвшөөрч. Хог хаягдал боловсруулах гайгүй том компанийг зарим нь “Хогийн компани” гэж захирлын эгдүүг хүргэнэ. Хосууд гэрлэлтээ батлуулах даалгавартай үлдэнэ. Харин аав нь “Приус”-ны цуваа хөлөглөн онгоцны буудал руу одлоо. Нээрээ дарга нар яагаад Приус унаж, Приусны цуваанд явж болдоггүй юм бол. Налайхын нүүрс шиг гялтагнасан хар Приусны цуваа харагдах байдал нь сүртэй сүртэй. Энэ кинон дээр Приус голлох үүрэгтэй тоглож, дүрүүд унаж буй нь ахуйд ойр санагдав. Кино л гэхээр тансаг машин хөлөглөөд брэнд өмсөж зүүсэн хийрхүү имижээс үнэнийг хэлэхэд залхжээ. Эхний сюрприз Приус байлаа.
Сюрприз-2
Арай та нөгөө 500 мянган төгрөгнөөс болж гэрлэлтээ батлуулчихаад одоо болтол салгаагүй яваа юм биш биз? Ууганаа бүсгүйгээ хөтлөн ороод ийм асуудалтай нүүр тулгарч орох байх газраа олж ядав. Тэгээд “эхнэр”-ийнхээ эрэлд гарна. Ер нь бол Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ гэдэг шиг Ууганаа буруутай юм билээ. Нарийн учрыг үзэхдээ мэднэ биз.
Түүний сүйт бүсгүйн дүрийг жүжигчин Г.Золзаяа бүтээсэн бол албан ёсны эхнэрийн дүрийг жүжигчин Б.Баярмаа бүтээв. Бүсгүй хүний төрх байдлын цаана ер нь юу ч нуугдаж байж болно. Золоогийн ялдам ахайтан шиг араншин, барагтай бол ойртуулахгүй цэмцэгнэх бүрэг ичимхий байдлын цаана аль хэдийнэ өөр эрд өврөө нээсэн араар тавигчын дүр нуугдаж байв. Харин хээгүй, эршүүд хажуу өрөө хөлсөлж амьдардаг амьдрахын төлөө бүх чадлаараа тэмцэж яваа Б.Баярмаагийн дотор ариун цагаан, үнэнч сайхан сэтгэл агуулагдах жишээний. Эрчүүд ер нь бодох л хэрэгтэй байх нь, ямар бүсгүйг ханиараа сонгох гээд хөлөө хугалах шахам гүйгээд байгаагаа. Энэ таамаглагүй хоёр дахь сюрприз байв.
Сюрприз-3
Яг нэг жилийн өмнө халуун усаар шалзлуулан уйлж суусан бүсгүй жүжигчин Д.Оюунтуул эргэн ирснээ энэ бүтээлээр зарлав. Түүний дүр хөөрхөн чимэг нэмнэ. Туслах дүрүүд ер нь мундаг. Тэр Мянганбуу, Р.Адьяа, МУГЖ Д.Туяа, МУГЖ Ж.Оюундарь нар киног хөтөлж байв. “Оюунлаг” продакшны өмнөх бүтээлүүд “Үхлийн симфони”, “Хүүгүй ломбард”-ыг би үзээгүй л дээ. Ямартай ч энэ кинон дээрээ чамгүй цаг хугацаа, хүч хөдөлмөр, бодол сэтгэл зарцуулж гэсэн бодол төрөв. Ууганаа баян бүсгүйтэй хуримлачихмаар байдаг, албан ёсны эхнэр нь түүнийг хамтран зээлдэгчээр орохгүй бол салахгүй гээд байдаг ... Заримдаа хүссэн юмаа авахгүй байх нь эрсдлийг хаадаг юм шиг. Дайсан өврөөс босдог гэж үнэн шүү.
Сюрприз-4
Мэдээж эршүүд бүсгүй, Ууганаа хоёр дурлалцах болно. Иймэрхүү байдлаар гэнэт өөр бүсгүй гарч ирэн сонголт орвонгоороо өөрчлөгддөг инээдмийн кино солонгос, барууны ер нь аль ч кинонд байдаг санаа. Хөнгөхөн, хөөрхөн кино болжээ. Айхтар гүн гүнзгий философи, солонгос кино шиг элэг хөштөл инээлгэж инээлгэж сүүлдээ уйлуулдаг төгсгөлтэй диалог байгаагүй. Гэхдээ гэрлэх гэж байгаа хүмүүс нэг үзэхэд гэмгүй кино. Та ер нь сүйт бүсгүй, сүйт залуугаа хэр сайн мэдэх вэ? Яг тэр хүнийхээ өмнө өөрөөрөө байж чаддаг уу? Тэр хүнийг сайхан харагдуулдаг зүйлсийг авчихвал яг нарийндаа сэтгэл зүрх нь хаашаа цохилдог хүн бол? Мөнгөний гэрлэлт, баян айлын охин, хүүтэй суух гарцаагүй шаардлага танд тулгараад буй бол тэр таныг араар чинь тавьдаг байсан ч та тэвчээд амьдарчих болов уу? Яг нарийндаа жинхэнэ гүнж хаана байдаг вэ, тэр төрхийг бид хэнээс олж харж чадах бол? Хариултын хагасыг нь ч болов “Хуримын сюрприз” танд өгөх болно.
Магтах л байсан юм бол яах гэж “Хуудуутай” гэсэн үг оролцуулав гэж надаас асуух байх л даа. Хадам аав нь хүргэндээ сюрприз бэлдсэн байсан юм, Ууганаад гэсэн үг. Тэрнээс л хамаг хуудуу эхэлснийг та очоод үзээрэй.
Эх сурвалж: www.grandnews.mn
У.Цахирмаа, Д.Цэгц
Сэтгэгдэл (2)