За тэгэхлээр ийм байна, ном маань шууд биеэ үнэлэгчийн амьдралаар эхэлдэг юм байна. Хавтсан дээрээ залуу бүсгүй, залуугийн зурагтай, “Үйлийн үр эргэж ирдэг” гэсэн рекламтай болохоор би дотроо данжаадад биеэ худалдаж сэтгэлгүй хоосон амьдардаг бүсгүйн түүх юм байх гэж бодов.
…“Үүлэн хээтэй орчлон” бид хоёр ингэж учирсан юм. Өнгөрөгч хагассайн өдөр эрхлэгч зохиолч Б.Шүүдэрцэцэгийн номын нээлтэнд явах гэж байв. Харин би “Гэгээн муза” руу. Ер нь надад ном бэлэглэдэг ганц л хүн байдаг нь манай эрхлэгч хэ хэ. Цагаан сараар хүртэл албатай юм шиг өрөөнд нь ороод “Дуртай номоо шилээд ав” гэж хэлэхэд додигор гэгч нь сонгодог гэж байгаа, бид бүгдээрээ даргын өрөөнд давуу эрх эдлэн эрх жаалууд шиг тарвалзана. Явах өдөр нь даргад хулган байж захив.
-Та нээлтэнд очихдоо ном авчирж өгөөрэй за? Эрхлэгч өөдөөс нухацтай харснаа
-Би худалдаж авдаг юм ш дээ, хүний оюун бүтээлийг ямар зүгээр авалтай нь биш гэв.
-Тэгсэн ч гэсэн аваад ирээрэй. Та бас соёлтой хүн байна шүү ...
Даваа гаригийн өглөө даргын өрөөнд оров. Гар хоосон орж ирэхийг нь харчихаад номоо л авах гэж яваа нь тэр.
-Та нөгөө номоо авсан уу?
-Авсан, та нарт бүгдэд нь авсан.
-Надад аль болох хурдан өгөөч. Би уншаад жилийн өмнөөс бодсон нөгөө номны нийтлэлээ эхлүүлэх гэсэн юм ... Ингээд маргааш нь буюу өчигдөр өглөө шив шинэхэн ном надад ирлээ. Нээтэл зохиолчийн гарын үсэг зураастай, аая. Дарга ийм л нямбай хүн дээ.
Би хүүхэд байхын номонд хорхойсдог байлаа. Ер нь ихэнх сэтгүүлч болсон хүмүүсийн замнал номноос эхэлдэг. Нэг бариад авбал заавал дуусгаж байж сална. Өглөөгүүр ажлаа маналзуулчихаад өдрөөс эхлэн барьж суув. Роман гэвэл би хамгийн түрүүн “Тунгалаг тамир”-ыг нэрлэнэ. Улаан фанат нь хэд ч уншсан уйдаж байсангүй. Харин дараа нь “Манан будан” тэгээд “Их хувь заяа”, тэгээд “Морь унасан толгойгүй хүн” ... За тэгээд тэгээд гээд яваад байвал яваад л байх нь. Тоон үзүүлэлт гэхээсээ таалагдсан номоо хэд дахин давтаж уншдаг загварын хүн л дээ.
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн бүтээлүүдээс “Хулан”, “Шүрэн бугуйвч” хоёрыг би бас хэд хэд уншиж. “Хулан” нь кино болоогүй ч гэсэн маш их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд та бүхэнтэй “Үүлэн хээтэй орчлон” номны талаар ярилцья. Өчигдөр суурин дээр нь “машиндаад” л үнэхээр таалагдсан болохоор уншаад барчихлаа.
Бүсгүйчүүдийн амьдралын үнэн түүх
1910-аад оны Хүрээний амьдрал бололтой. Эхэнд өгүүлсэн хэмжээлшгүй гоо үзэсгэлэнтэй Бадамлянхуа хэмээх бүсгүй баян хөгшин данжаадын Монгол дахь гэргий. Гайгүй нь лам болж гайтай нь хар хэвээр үлдсэн ч өвчин эмгэгт баригдан цөөн хэдэн олигарх нь эхнэр, хүүхэн сэлгэн хатирдаг цаг гэж тэр үеийг тодотгож болно. Данжаадтай амьдралаа холбоод эмгэнэлтэйгээр амиа алдсан бүсгүйчүүдийн түүхийг бид тэр үеийн ном зохиолоос олонтаа хардаг.
Ядуу тарчиг айлд өссөн ч лянхуа цэцэг шавраас ургадаг гэгчээр Бадамлянхуа харсан бүхэн шагшихаар гоо сайхан төржээ. Айлд зарцлагдахын зэрэгцээ нөхрийнх нь зугааг гарган байсан танхи охиныг данжаад гэртээ авчран тосонд умбуулж торгонд хөлбөрүүлсэн байх нь. Гэвч тэр хар тамхинд донтов.
Үнэрлэх үргүй, амьтан хүнд хужаатай нөхцсөн гэж адлагдан эдийн дээдийг эдлэх авч сэтгэл нь хоосон. Бүсгүйд данжаад нэгэн гайхамшигтай гоёмсог хөх сувдтай алтан түгжээтэй уран нарийн хийцтэй үсний даруулга бэлэглэв. Бүсгүй түүнийг чамирхан зүүх гэж байгаад газар үхэдхийн унаснаар зохиол эхэлж байгаа юм. Данжаад түүнийг алахыг санаархаагүй нь өмнөх өрнөлөөс харагдана. Эсвэл тэр даруулганд чөтгөр шүгэлсэн юм болов уу? Би айдаст автав.
Хулангоо: Зохиолын гол дүр энэ бүсгүй бол баян айлын танхи охин. Эрдэм номд төгс гэгээрсэн, гоо үзэсгэлэн бүрдсэн түүнд сүй, хадаг тавихаар олон хүн ирэх авч аав нь амин хайрт ганц охиноо явуулж төвдөхгүй. Эднийд хатан тогтдоггүй гэж үе удмаараа хэлэгдэн яваа улс. Яагаад ч юм энэ айлд хатан болж ирсэн бүсгүйчүүд цэл залуугаараа хорвоог орхидог. Чоймчиг гүн наран мэт гэрэлтэх Хулангоо охиноос гадна нүдэнд орсон хог шүдэнд орсон мах мэт үргэлж хэрэг төв тарьж явдаг Дамдин гэдэг хүүтэй.
Гэснээс зохиолч Б.Шүүдэрцэцэг яагаад ч юм Хулан гэдэг нэрэнд дуртай юм шиг. “Хулан” өгүүллэгийн Хулан, энэ романы Хулангоо гэсэн бодол орж ирэв.
Эдийн шуналгүй, ариухан сэтгэлтэй, ном эрдэмд гэгээрсэн охины амьдралд нэг л өдөр хайр дурлал цахилан орж ирнэ. Тэр нь үгээгүй хоосон, бичгийн түшмэд, тухайн үеийн нэршсэнээр “хүрдний хүүхэд” болох Бадрах гэдэг залуу байлаа. Мэдээж гүн угсаатны танхи ганц охинд санаархах хүмүүс олон. Товчхондоо Хулан одооны хэллэгээр бэл нүнжигтэй айлын ухаалаг охин тул “брэнд бэр”.
Янжмаа: Үзэсгэлэн төгс, бас ч үгүй Хүрээний бэлтэй айлын охин Янжмаа Чоймчиг гүнгийн бүтэлгүй хүү Дамдинтай суусан. Үрийн заяа бурханаас хайрлаагүй залуу хосууд ээдрээт амьдралыг туулж яваа. “Эмэгтэй хүн төрхөмдөө байхдаа л жаргадаг ...” гэсэн санааг энэ бүсгүйн амьдралаар гаргахын зорьсон мэт.
Нөхөр нь хэдий арилгасан сонгино шиг цэвэрхэн төрсөн залуу ч амьдралд унхиагүй даалуунд хамаг байдгаа тавиад туучихсан басхүү хүүхэн шуухан зугаа цэнгээнд дуртай нэгэн. Анхандаа мэдээж удам судар сайтай, гүнгийн бэр болох нь таатай л байсан байж таарна.
Угсаа гарал, хөрөнгө чинээ ойролцоо хүмүүс хоорондоо хүүхдээ суулгадаг ч тэд яг жаргадаг болов уу? гэсэн бодол энэ хоёр хосыг харахад төрж байв. Бүсгүй чадлаараа хичээсээр ...
Даримаа: Ядуу айлд төрсөн ч гүнгийн охин Хулангоогоос эрх танхи өсөж усанд гараа дүрэлгүй шахуу амьдарсан энэ бүсгүй бол Даримаа. Сайхан төрх, харсан бүхэн шүүрс алдмаар бие цогцос түүнд бий. Гэвч тэр ядуу тарчиг эцэг эх нь өөд болоход биеэ худалдах хөнгөн амьдралыг илүүд үзсэн. Эцэг эх нь түүнд хүссэн бүхнийг өгч хэт дураар нь тавьсны эз ч юмуу.
Нөгөөтэйгүүр бүсгүй хүн зөвхөн гоо зүсээр амьдардаг юм биш тархиндаа бас юм хийх хэрэгтэй. Гэвч бүсгүйн туйлын мөрөөдөл өөрийг нь аваад явчих чадалтай эртэй суун энэ бузар замаас холдох билээ. Янханыг засвал төгс эхнэр болдог гэдэг ч амьдрал дээр хэд нь ийм бүсгүйг аваад явдаг бол?
Даримаа гүнгийн хүү Дамдинд үнэн сэтгэлээсээ дурлан сохор зоос авалгүй өврөө нээсээр авч тэр нэгэнт авч суухгүй, эхнэртэй хүн билээ. Сүүлд нь Даримаа нөгөө гайхамшигтай гоёмсог атлаа үхэл дагуулсан даруулгыг зүүн амиа алдана.
Тийм ээ энэ бүсгүйчүүдийн амьдрал бол өнөөгийн бидний амьдралд байсаар буй бодит зүйл юм. Бүсгүйчүүд яг л ийм замналаар амьдарч байгаа. Гэвч эцсийн эцэст нэг цэг дээр тэдний амьдралын зовлон, жаргал огтлолцох ба тэр нь ямар эр хүнийг амьдралын ханиар сонгосноос шалтгаалах билээ.
Яагаад даруулга үхэл дагуулав?
Эрхэм гүн Чоймчигийн ээж Сугар ахайтан тэрхүү хорт даруулгыг олон жилийн өмнө маш их үнээр захиалж хийлгэжээ. Чухам яагаад гэдгийг та бүхэн зохиолоос унших болно. Хачирхалтай нь Сугар хатны сүнс хүүгийнхээ гэрээр эргэлдэн хүмүүсийг айлгаж цочоох болно.
Амин хайрт охиныхоо төлөө юугаа ч хайрлахгүй аав нь “Охиндоо сувдан даруулга авчирч өгнөө” хэмээн Хүрээ рүү явахдаа шийдсэнээс зохиолын гол зангилаа эхэлнэ. Мэдээж даруулга авсан. Гэвч хорт санаатан тэрхүү даруулгыг өнөөх гайхал, үхэл дагуулсан эдээр сольчих нь тэр.
“Охин минь хүмүүний амьдрал гэж ахархан байдаг юм шүү. Алт мөнгөтэй хүн жаргадаггүй. Амар тайван амьдарна гэдэг тэр л аз жаргал. Зовлонгийнхоо шалтгааныг хүн өөрийн гараар л тарьдаг юм байна. Жаргалын үрээ л тарьж яваарай”
Зохиолд гарсан дүр бүр өөр өөрийн амьдралын үрээ тарьж байв. Тэрнийх нь үр нөлөө амьдралд нь хэрхэн тусаж буйг харахад дээрх ишлэл үнэн гэдгийг нотлох мэт. Заримдаа инээж, үе үе бодолд автан, нэг үе гуниглаж бодон бодон уншлаа. Эдийн шунал, эрийн шунал, хүсэл тачаал, хүний юмыг өөрийн юм шиг тэврэх тэр мөч ... Тэрнийхээ төлөөсийг хэн ч байсан эргүүлж төлөх нь тодорхой. Тэгээд эмэгтэй хүн Хулангоо, Янжмаа, Даримаа гурвын алиных нь замаар явах юм бэ?
Хүн хүссэндээ замаа сонгодоггүй байх нь. Урдын хийсэн үйлийн үр, удам судрын буян заяа, төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг, хамгийн гол нь хүмүүжил чухал аж. Эр хүний чухам юуг нь олж харах вэ гэдэг ч чухал. Хулангоо өөрт нь сэтгэл алдран хорвоогийн үнэт зүйлсийг барьж гүйх эрийг сонгоогүй. Баян айлд өссөн элбэг хангалуун охин гэдэгтээ ч биш түүний сэтгэл тийм юманд гуйвахгүй байлаа.
Алмаазан шигтгээтэй цагаан алтан бөгж хэд хэдээрээ таны гоо сайхан насанд хөл доор чинь хэвтэх болно. Харин жинхэнэ эр хүн, амьдралын түшиг болох хань чинь тэр бөгжний цаанаас харагдаж танигдах болов уу? Энэ бол зохиолч Б.Шүүдэрцэцэгийн бүсгүйчүүдэд тавьж буй асуулт. Урд нь ч бүтээлээрээ хэлсээр ирсэн санаа.
Түүний зохиол бүрт нэгийн зэрэг хөнгөн явдалтай хүүхэн гардаг нь тохиолдол биш. Таны амьдрал руу тийм нэгэн үргэлж өнгийж байдаг нь хэлэхээс эмээх зүйл биш. Бас зохиолч нэг юм хэлэх гээд байна, охин үрээ багаас нь битгий эвдээч, амьдралыг амар хялбар мэтээр бүү ойлгуулаач гэж ...
Үүлэн хээтэй орчлон ... Жаргалтай үед үүл хүртэл хээ мэт харагдана. Харин гунигтай үед юун хээ, тэр зүгээр л нүүгэлтсэн бараан дүрс билээ. Зохиолын дүр бүрд үүл өөр өөрөөр харагдана. Надад ч бас. Амьдралын эрээн бараан, гуниг зовлон, ирэх үйлийн үрээс бид зугтахын аргагүй. Нарт тэнгэрийн доор “Үүлэн хээтэй орчлон ч гэж дээ” хэмээн толгойгоо шаан явахгүй юмсан ... Тэр үүлийг үнэхээр гоёор харах юмсан.
Хамгийн хөдөлмөрч бүсгүй
Би хувьдаа зохиолч Б.Шүүдэрцэцэгийг ийн тодотгомоор байна. “Улаан пальто” киноноос нь хойш фэйсбүүк хуудсыг нь лайклаж юу хийж байгааг нь анзаарах болсоор бараг нэг жил өнгөрч. Сэтгүүлч биднээс дутахгүй арга хэмжээ бүрт тэр оролцдог. Нийгмийн тун өндөр идэвхитэй энэ бүсгүй хэдийдээ роман бичиж амжив аа гэж эрхгүй бодогдсон.
Дээр нь гурван хүүхдийн ээж, айл гэрийн эзэгтэй хүн гэхэд цагийн төлөвлөлт сайтай юм гэхээс өөр хэлэх үг алга. Бичээд л байгаарай, дараагийн уран бүтээлийг тань тэсэн ядан хүлээе. Аль хэдийнэ бичээд эхэлчихсэн ч байж мэдэх юм. Өнөөгийн нийгэмд яг хэрэгтэй бүтээл болжээ, “Үүлэн хээтэй орчлон”. Одоо ч уншсан зүйлийнхээ талаар бодсоор сууна. Дахин дахин унших тусам өөр өнцөг олж харах бололтой. Амьдралын урсгалд хөл тавих гэж буй бүсгүйчүүд минь заавал унших ном ийн нэгээр нэмэгдлээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
У.Цахирмаа
Сэтгэгдэл (11)