Тоглолт ер нь ингэж эхэлдэг юм, ингэж ч хийгддэг. Үзэгчид тайзны өөдөөс харж сууна, тайз төө тэнд, зааланд ороход дуучин байхгүй, нуугдчихсан. Тэгснээ гэнэт гарч ирнэ, тэр хувцас мувцас бол тас. Тэгээд ганцаараа дуулаад л дуулаад л байна. Ер нь очоод яг ямар дуунууд сонсох, юу болохыг үзэгчид таашгүй. Дуучил хөтөлбөрөө үзэгчдэд тараадаггүй л дээ. Магадгүй ядраад ганц нэг дуу хийдүүлж дутуу тарааж байсан ч юм билүү ... Нөгөөх чинь аягүй их юм бодсон, гайхсан. Яагаад гэвэл миний очсон тоглолт их өөр байлаа л даа.

Өчигдөр ажлаа эрт дуусган МУСТА дуучин Б.Цогтдэлгэрийн тоглолтонд очсон юм. Түүнийг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн отгон дуучин гэдгээр 30-аас дээш насныхан бол андахгүй. “Гоё дуулды шд” гээд л найзуудын ээж нар ярихыг үзвэл тухайн үеийн од залуу байсан байх нь. Харин миний хувьд бол хүү Ц.Зэндмэнэ-Эрдэнэ нь илүү ойр юм. Залуу чадварлаг хөтлөгч, бас эвлэгхэн дуулчихдаг нь урлагийн гэр бүлээс гаралтай учраас тэр байж л дээ. Найзуудын маань ээжүүд болохоор хүүг нь зүс мэдэх ч яг хүү нь гэдгийг дуулаад ихэд гайхсан. Тэдний үе биш юм чинь танихгүй байх нь ч аргагүй л дээ.

За тэгээд дэлхийн алдартай сүлжээ зочид буудал болох “Grand Hill” модны хоёрт нээгдсэнийг энэ орой мэдэв. Нийт 26 давхар шил толь болсон энэ зочид буудалд анх удаагаа хөл тавив. Арван долоон давхарт нь тоглолт болох юм. Лифт нь хүртэл мэдрэгчтэй, ухаалаг юм билээ, сүртэй сүртэй. Дээшээ гарлаа. Тоглолт эхлэх болоогүй ч дуучин маань жийнс өмсчихсөн бэлтгэлээ хийж байв. Гэргий нь болох улаан даашинзтай, дунд насны бидний тодорхойлдгоор царайлаг эгч зааланд нааш цааш гүйнэ. “Ямар байна, бид шөнийн 2 цаг хүртэл заалаа янзлаад” гэж нүдээрээ инээв. Орчин үнэхээр гоё. Хүмүүс ширээн дээр суугаад амтат дарс, ганц нэг 100 гр татсан шиг тоглолтоо үзэх нь. Б.Цогтдэлгэр тайзны ард нуугдаж сууж байгаад гэнэт гарч ирэхийг хүсээгүй бололтой. Орж ирсэн хүн бүртэй гар барьж хөтөлж очих шахам суудалд нь суулгаж байв. За тэгээд тоглолт эхэллээ.

Хөгжимчид дэрхийн босож байраа эзлэв. Дуучин маань нөгөө жийнстэйгээ гарч ирлээ. Хамгийн сүүлд амьд тоглолт гэвэл “Камертон”-ыг үзсэн би нээрээ ойрын нэг жил тоглолт үзээгүй юм байна шүү. Дээр нь Б.Цогтдэлгэр миний хувьд шинэ хүн, шинэ дуучин таамаглах аргагүй, за нэг тийм тоглолт болох байх гэж шууд хэлж чадахааргүй байлаа. Хүү Ц.Зэндмэнэ-Эрдэнэ нь өөртэйгээ тун төстэй, сүүлийн үед хамт хөтлөлцөн арга хэмжээн дээр харагдах болсон Б.Ган-Эрдэнэтэй хөтлөлт хийж байв. Хүү нь хөтлөөд аав нь дуулаад, ээж нь зохион байгуулаад, удалгүй хүү нь ч бас тайзнаа гарна гэж бодохоор сайхан дүр зураг. “Тайзан дээр ер нь Майкл Жексон шиг л байх ёстой, хамгийн арын суудлын хүн огол хараймаар тийм эрч хүчтэй” гэж реппэр “Хар тас”-ын Марка хэлж байсан удаатай. Б.Цогтдэлгэр яг л тийм байлаа. Түүний үеийнхэн нэг тийм пивоны гүзээтэй байдаг даа. Цэргийн алба хаасан гэдгийг нь ярианаас нь сонсов. Тэр утгаараа хөнгөн шингэн хөдөлж, эвсэлтэй бүжиглэн итгэл төгс жийнс өмсөөд тайзан дээр зогсож байгаад гайхах юм алга. Тэр алсаан, алсан.

Үзэгчид байгууллагаараа явж байгаа тул хундага тулган хөгжилтэй яриа өрнүүлж дагаж дуулан алга нижигнүүлэн ташиж дуу бүрийн төгсгөлд шүгэлдээд ... Удалгүй тэд босож бүжиглэх нь тодорхой.
Түүнд би хайртай байсаан ... гээд л аялж эхлэхэд сая тэр хит дууг би саналаа сонсож байсан, үг нь цээжинд байв. Өөр нэг сайхан нь бидний сайн мэдэх “Багш та” найраглалыг тэр дуу болгон амьдруулж. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай дуучинд талархал илэрхийлэн хадаг, ном өргөн барив. Сэтгэл нь ихэд догдолсон бололтой, бид ч хөөрч орхив.

Сайхан үдэш, сайхан уур амьсгал ... Гучаас дээш насныхан бол тасархай үзэгчид юм байна аа. Тэр үеийнхний урлагийн идеал ч өөр юм. Б.Цогтдэлгэр тийм дүр төрх юм. Бардам байхаас аргагүй, тэр чадлаа. Магадгүй үзэгчид дараагийн тоглолтыг тэсэн ядан хүлээж буй байх.
Эх сурвалж: www.grandnews.mn
Д.Сэргэлэн, Фотог М.Цэгц































Сэтгэгдэл (2)