Гэгээн хайрын “Хонгорзул” сонины Ерөнхий эрхлэгч асан, МЗЭ-ийн шагналт, Яруу найрагч Ядамдоржийн Бадамсүрэнг хайрын сонины үүсгэн байгуулагчаас эхлээд “Хайрын гэгээн бороо, Ангир нүдэн Мөндөөхэй, Хангилцагийн гол, Гэгээн хүсэл, Гүнж тогоруу, Ямархан сэтгэл мартах юм бэ” зэрэг 300 гаруй дууны үгийг бичиж, түмний сонсох дуртай дуунууд олон төрүүлсэнтэй хэн ч маргахгүй ээ. Түүнийг бид “Тунгалаг аялгуу” хэмээх хайрын шүлгийн түүвэр, “Ангир нүдэн”, “Уруулын туяа”, “Чимээгүй бороо”, “Сарны эрвээхэй” зэрэг олон арван номоор нь андахгүй мэднэ. “Хайрын дууч” хэмээн хүндлэгдэх тэрээр “Мянган сарнай”, “Амьдралын урсгал”, “Амин хайр” уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгож, шүлэг шигээ сэтгэлээр гэрэлтэж явдаг нэгэн.

“Нутгийн минь жижигхэн цагаан нуураас миний сэтгэлийн гэгээ цэцэглэсэн” хэмээн нэгэнт хэлсэн тэрээр “Ээжийнхээ сургаалаас уншигчтайгаа хуваалцаач?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Ээж минь надад энэ ертөнц богинохон. Миний хүү энэ цаг хугацаанд урт наслаасай гэж бодоод залбирч явах хэрэгтэй. Хүнд битгий муу сана, сэтгэлийг дандаа зөвөөр ойлго. Өглөө бүр амьд бай хэмээн залбирч байгаарай” гэж захидаг. Миний ээж насаараа төмрийн дархан хийсэн Монгол Улсын анхны төмрийн дархан Ч.Цэндээ гэдэг хүн бий. Цэцгийн шүүдэр үүрээр цэлмэдэг. Шүүдрийн дусалд сайн сайхан зүйл шингэдэг. Ээж минь цэцгээ хараад дандаа инээмсэглэж явдаг юм, “Ямар гоё ургаж вэ, миний цэцэг” гээд л. Ээжийнхээ энэ сайхан агшинг би ямагт бодож , залбирч явдаг даа. Ээжийгээ гомдоох эрх надад байхгүй” хэмээн хариулжээ. Мөн тэрээр удахгүй болох "Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан хоёр дүүгийн хамт “Ээжийгээ баярлуулж яваарай” Утга уянга, уран бүтээлийн нэгдсэн тоглолтоо олонд хүргэх гэж байна. Ах дүү гурван найрагчийн нэгдсэн тоглолт энэ сарын 30-ны өдрийн 18.00 цагт “UB Palace”-ийн концертын их танхимд болох юм. Тоглолтын үеэр “Ээжийгээ баярлуулж яваарай” номын баяр, “Ээжтэйгээ байх жаргалтай” цомгийн баяр, “Увсын цэнхэр хязгаар-90” гэрэл зургийн үзэсгэлэн мөн нээлтээ хийх ажээ. Уншигч та ч энэ мөчид хамтдаа саатаж “Ээжийгээ баярлуулаарай”.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна