Зүв зүгээр сууж байгаад гэнэт кино үзэхээр явчихдаг зуршил 18 настайгаас хойш үргэлжилсээр. Тэнгис анх нээгдэхэд л “тавилга” нь байсан, одоо “Өргөө”, “Тэнгис” сэлгээд л явж өгч байна. Хичнээн завгүй байсан ч кино л гэх юм бол гүйгээд явчихдаг энэ тооцоогүй гэмээр зангаа яалтай билээ. “Тооцоогүй тоглоом” үзэхээр гарахад ч энэ дуршил нөлөөлсөн. Гэгээн цагаан өдөр 14 цагт “Тэнгис”-д явж байгаа юм чинь. Хэдэн хүн үзэх, хэн үзэх сонин биш, би кино үзэж байгаа нь л миний хувьд мартагдахааргүй агшин. Энэ мэдрэмжийг надтай ижил сонирхолтой хүмүүс гадарлах байх хэ хэ. Ингээд “Тооцоогүй тоглоом” эхэллээ.
Тооцоогүй араншин
Гэснээс, кино эхэлсэн эхний 20-иод минутанд би ганцаараа сууж байж ёстой "үхтлээ" ичив. Нүүр улайх ч шиг, сандалдаа шигдэх ч шиг. Нинжин /Г.Бямбасүрэн/ гэдэг охин Оргил /О.Мөнхдалай/ хэмээх залууд ухаангүй сайн. Ямарсайндаа хүмүүс намайг зодох гээд байна гэж хуурч авчраад тайзнаас өөрийн бэлдсэн тоглолтоо үзүүлэх вэ дээ. Тэр тоглолтноос нь ичиж үхэхээ шахав. Эв хавгүй наасан сормуус, гаж гэмээр будалт, үс засалттай навсагнасан нөхөр өөрийг нь олон нийтийн өмнө шившиг болгосонд Оргил ч ихэд унтууцав. Тэр агшинд үзэгчид, Оргил аль алийг нь нүүр хийх газаргүй болгож байлаа. Нинжингийн эрээ цээргүй, эв хавгүй галзууг яанаа. За тэр бүжиг энэ тэр бол ёстой “больчихээч” гэмээр. Чанга чанга хашгираад за за тэгээд өөрсдөө үзээрэй.
Оргил түүнд сэтгэлгүй ажээ. Нэг тийм юм байдаг даа, өөртөө авах гэхээр авч болдоггүй хаях гэхээр бас хаяж болдоггүй хүн. Нинжин Оргилын хувьд тийм хүн. Тэр жижигхэн биетэй охины хаанаас нь гарч байна аа гэмээр их эрч хүч, цоглог араншин, үргэлж инээд хүргэх үйлдэл. Товчхондоо тэр бараг хувирал нь секундэд гараад байх шиг мэдрэмж төрүүлэв. Яагаад ч юм МУГЖ У.Уранчимэгтэй төстэй, дотортой, эмоцитой үзэгчид рүү зүгээр л энергээ атга атга, хувин хувингаар цацаж байлаа, Браво!
Тооцоогүй хийрхэл
О.Мөнхдалай угийн төв царайтай, өмнөх кинон дээр жинхэнэ жентельмэний дүрээр гарснаар сэтгэлд үлдэж. Харин энэ кинон дээр бидний эргэн тойронд заавал нэг байдаг баян айлын хийрхүү, дээрэлхүү, омгорхуу сагсуу бацааны дүрийг бүтээж. Охидыг оймс шигээ солино, хүнтэй эелдэг дулаан харьцах гэж юу байдгыг мэдэхгүй. Таван үг хэлбэл тэрний 4 нь гутаан доромжилсон өнгө аястай, харин нэг нь холбох нөхцөл байх жишээний.
Арван жилд яг ийм хүүхэд байж билээ. Арай О.Мөнхдалай тэрнээс туршлага судалсан юм биш байгаа гэж ч бодох шиг. Хачирхалтай нь иймэрхүү эрх бацаанууд үргэлж охидын хайрыг татдаг билээ. Яагаад? Яахав дээ эмэгтэйчүүд эр хүнийг хэзээ нэгэн цагт өөрчлөгдөнө хайраараа уяраана гэж боддог. Харин эрчүүд бүсгүйгээ хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж боддог. Гэвч амьдрал дээр эсэргээрээ байдаг билээ. Нинжин Оргилыг дотроо сайхан сэтгэлтэй, хүн чанартай нэг л хайрлавал насаараа үнэнч хайрлах хүн гэж итгэдэг. Нөгөөх нь нүдэн дээр нь өөр бүсгүйтэй дотно харьцаанд орж байхыг харсан ч хайрласан хэвээр л байна.
Тооцоогүй эротизм
Ямар ч дэлгэцийн уран бүтээлд заавал нэг үзэсгэлэн гоо байх ёстой. Үзэгчдийн харцыг булааж эро мэдрэмж төрүүлэх тийм нэг үзэсгэлэн. Энэ хэсгийг жүжигчин Н.Цэнгэлжаргал амилуулав. Даруухан төрхтэй, ихэвчлэн төлөв дүрд тоглодог энэ бүсгүй хэр урин тачаангуй ялдам эмэгтэй болохыг “Тооцоогүй тоглоом”-оос үзээрэй.
Түүний тайчих үзүүлбэр, сексдэж буй эротик сцен, эрчүүдийг урхиддаг бүсгүйчүүдийн нийтлэг дүр төрх оч асааж байсан шүү, Браво! Тэхх, тэр хиамыг арилгаж биш ашиглаж л мэддэг бүсгүй шиг харагдаж чадсан. Бие галбир нь ч хараа булаахуйц. “Хувьсал”-д бас ийм нэг тачаангуй жүжигчин байсан байна шүү. Гүнж хэмээх түүний дүр киноны гоо үзэсгэлэн байлаа.
Тооцоогүй өшөө авагч
Арван жилд нэг атаман байдаг бол түүнийг сүүдэр шиг дагаж явдаг нэжгээд жижиг гарууд байдаг. Сүргийн манлай аятай араасаа баахан хүн дагуулж алхахаа эрчүүд ер нь хүчтэй харагддаг гэж боддог байх. Бараг ч тэр бодол нь зөв дөө. Оргилын сүүдрийн дүрийг Ц.Мөнхболд бүтээв. Тэр киноны гол зангилаа нь.
Олон жилийн өмнө баян айлын хүү Оргилоос болж амссан гашуун зовлонгоо өөрт нь мэдрүүлэх дотуур санаа агуулан гарч ирснийг хэн ч үл гадарлана. Ц.Мөнхболд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Чээгийгийн дүрээр танигдсан нэгэн билээ. Өшөө хорсол буцлан, супер төлөвлөгөө санаачлан ирсэн гэж түүнийг хэн ч үл гадарлана. Бид ч гадарлаагүй. Угаасаа гадарлаад байвал уйтгартай шд.
Эсрэг талын дүрээр сэтгэлд хоногшсон байдаг л нэг жүжигчин гараад ирвэл аан одоо муу юм хийх нь, муу юм болох нь гэж мэдээд л. Аль болох кино учир битүүлэг, жүжигчид нь шинэ байвал догь. Ц.Мөнхболд чадсан.
Тооцоотой “Хувьсал”-чууд
Кино зохиолыг А.Ганчимэг бичсэн. Харин найруулагч продюссерээр У.Уранчимэг, зургийн даргаар Д.Ганцэцэг ажиллажээ. Үйл явдал хөдөө голдуу өрнөв. Бага орон зайд олон санаа, агуулга илэрхийлэв. “Хүний зүрх тархиа дагадаггүй” гэж ишилсэн нь магадгүй гол философи нь бололтой. Эцсийн эцэст хайр гайхамшиг бүтээж Нинжин үхлийн аюулд орсон мөчид чин хайраа батлан харуулж, Оргил ч үхэл амьдралын зааг дээр зүрх нь хэний төлөө цохилохыг мэдрэв.
Киноны эхэнд Нинжин салбаганаж үзэгчдийг ичээсэн бол төгсгөлд Оргил тэр үзүүлбэрийг хийв. Би аз жаргалтай төгсгөлд дуртай. Тэр утгаараа сайхан л байлаа.
Харин Монгол охид хайрынхаа төлөө үнэхээр ингэж хүчтэй тэмцдэг билүү? Бүрэг ичимхий, эрэгтэй нь түрүүлж сэтгэлээ илчлэх ёстой мэт хүлээцтэй хандах нь бидний зан. Бас баян залуу яагаад хүүхэд байхдаа ийм хүүхдүүдийг сонгож найзалсан юм бол? Яагаад хоёр охин, хоёр банди биш хоёр банди, нэг охин хоорондоо нийлсэн юм бол? Үнэхээр баян залуу бол Ц.Мөнхболдын эмээгийн байшин шиг жирийн газар очихоор явах болов уу? Ер нь баян залуу яг монголдоо ингээд амьдрах уу? Гадаад л явдаг биз дээ? Олон асуулт байлаа.
Хамгийн сүүлийн асуулт, баян залууд маань ээж аав нь төлөвлөсөн өөр гэрлэлт байгаагүй юу? Нинжин өрсөлдөгчгүйгээр шууд гэрлэхийг ээж аав нь үнэхээр зөвшөөрөх үү? Яг ийм зохиол байж болохгүй гээгүй л дээ. Кино үзүүштэй, сонирхолтой л юм. Логик бас дахин логик, ямар ч хийгүй байх нь уран бүтээл үнэмшилтэй болохын бас нэг үндэс байх. Товчхондоо хөөрхөн кино. “Хувьсал”-ын бүтээлүүдийг үзэхэд таатай, заавал ямар нэг санаа тархинд үлддэг билээ. Тэд үзэгчдэд нэг л юм хэлэх гээд ойлгуулах гээд байдаг. Тэр нь чухам юу болохыг хүн бүр өөрсдийн өнцгөөрөө мэдэрдэг байх. Солиотой, бүр солиормоор гэнэтийн гэмээр үзэгдлүүд дүүрэн байлаа. Баярлалаа, тооцоогүй тоглоомчдоо!
Эх сурвалж: www.grandnews.mn
У.Цахирмаа
Сэтгэгдэл (8)