Авьяаслаг бас загварлаг эгч дүүс

Эгч нарынхаа араас дөрөө нийлүүлэн олны өмнө урилгагүй зочид болон гарч ирсэн хүмүүс бол олны танил эрхмүүдийн ах дүү нар. Тэд хүссэн хүсээгүй олны танил болдог бичигдээгүй хуультай. Тэдний адил олны танил эгч дүүсийг танилцуулж байна.

Секси эгч дүүс: Дуучин гэх томдсон нэр тодотголтой дуучид манайдаа элбэг. Тэдний нэг дуучин Нара. Дуучин гэж гарч ирэхдээ тэр олны анхаарлыг нэг л зүйлээрээ татсан. Энэ нь түүний хагас нүцгэн төрх, секси имиж байлаа. Тэгвэл эгчтэйгээ эн зэрэгцэн гарч ирсэн Нарагийн дүү Болороо мөн адил эгчийнхээ араас заминалдсан. Тэр эгчээсээ нэг л зүйлээрээ өөр учраас бусдын сонирхолыг татаж анхаарлын төвд орж ирсэн болов уу. Эрлийз төрх, гоолиг биеэрээ тэр эгчээсээ илүүрхдэг байсан учраас. Бас болоогүй дуучин гэх тодотголтой.

Ийнхүү секси эгч дүүс гэж нэрийдэх болсон Нара, Болороо нарыг хувцаслалт тал дээр нь яривал тэд энгэр задгай буюу захтай цамц, урт өмд өмсөж олны өмнө үзэгдэж харагдаж байгаагүй. Өдгөө гэр бүлийн амьдрал зохиож сураг алдарсан эгч дүүс маань цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгчид хэмээн фэнүүд нь ярилцдаг. Ямартай ч дуучин Нара ганц бие ээж болсон бол дүү Болороо нь гадаад нөхрөөсөө ихэр хүүхэдтэй болсон гэхээс өөр мэдээлэл одоохондоо байхгүй байгаа.   

Ихэр гурван эгч дүүс: Хэн нь эгч хэн нь дүү нь үл мэдэгдэх гурван эгч дүүс манайд бий. Тэд бол эгч дүү гурван Ану гэж болно. Анхны олны танил болж гарч ирэхдээ эгч нар минь хэмээн танилцуулж байсан дуучин Ану сүүлийн үед манай дүү нар гэж хэлсэн үгээ гуйвуулах болж. Эгч нь юмуу, дүү нь юмуу гэхэд үнэхээр л эндүүрэм адилхан эгч дүү гурвыг хаанаас нь гарсан нэг хэвээр цутгасан барби шиг харагдах юм хэмээн олон нийт тодорхойлсон.

Хаана ч хэзээ ч олны анхааралын төвд байж ирсэн эгч дүү гурвын нууц бол мэдээж хэрэг үргэлж мэс засалд орж дүр төрхөө өөрчилж байдаг уламжлалтай. Харин хамгийн том нь Ану гэж үзэгч фэнүүд нь нэлээд сүүлд мэдсэн бөгөөд том эгч тун удахгүй хоёр дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэх гэж буй. Дүү нар нь ч мөн адил гэр бүл зохиосон. Ингээд ихэр гэж эндүүрмээр  эгч дүүсийн зургийг  хүргэе.

Хувцасаа сольж өмсдөг хөөрхөн эгч дүү

Эгч дүү Халиун, Хулан гэхээр мөн л адил хэн нь эгч хэн нь дүү вэ хэмээн хүмүүс асуудаг гэнэ лээ. Царай төрхөөрөө адилхан хэдий ч биеийн галбираараа тэс өөр, өндөр нам. Арай том биетэй болохоор дүү Б.Хуланг нь эгч гэж эндүүрдэг хүмүүс олон. Гэвч Б.Халиун нь эгч бөгөөд жүжигчин дүүгийнхээ арын албыг бүрэн хариуцаж явдаг “мундаг” эгч. Мэргэжил нь дизайнер болоод ч тэрүү дүүгийнхээ хувцаслалт, нүүр будалтыг нь хүртэл зааж зөвлөдөг гэнэ лээ. Ямар сайндаа өмсөж явсан даашинзаа тайлж өгөөд өөрөө хоосон үлдэж байсан гэхээр дүүдээ бүхнээ зориулдаг гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Үүнээс хойш тэднийг хувцасаа сольж өмсдөг эгч дүүс хэмээн нэрлэдэг болсон. Хувцаслалт тал дээр биендээ тохирсон аятайхан хувцас өмсөөд явчихдаг тэд мэдээж хэрэг эдгээр эгч дүүсийн хажууд хувцаслалтаараа илүүрхдэг. Үнэтэй брэндийн хувцас гэхээс илүүтэй гар хийцийн хувцас, эдлэл чимэглэлээр биеэ чимчихдэг.

Хувийн амьдралын тухайд эгч Халиун нь хожуу гэр бүл зохиож хоёр хүүхдийн ээж болж ажин түжин амьдарч байгаа бол дүү Хулангийн хувьд нэлээд ээдрээтэй яваа. Анхны амьдралаасаа том болсон охинтой Хулан дахин гэр бүл зохиосон ч хөөрхөн хүүтэй болж өдгөө хоёр хүүхдийнхээ хамт амьдарч буй. Хар багаасаа бие биенийхээ хувцсыг ээлжлэн өмсөж өссөн эгч дүүс маань том болтолоо даашинзаа сольж өмсөөд хэр бие биендээ хайр халамж тавьдаг нь харагдаж байгаа юм. Ямартай ч адармаатай хэдий ч тэд нийгмийн үүрэг хариуцлагаа бүрэн гүйцэд биелүүлж яваа эгч дүүс гэж тодорхойлж болно.

Топ эгч дүүс: Топ модель Д.Болормаа өөрөөсөө дутахааргүй мисс дүүтэй. Тийм ч учраас  топ эгч дүүс гэж тодорхойллоо. Хувийн амьдрал, хувцаслалт тал дээрээ топ эгч дүүс маань том үнэлгээ авдаггүй ч мэргэжлийн хувьд хэнээс ч дутахааргүй эгч дүү нар. Эгч нь насаараа Монголын загварын ертөнцөд амь амьдралаа зориулсан бол дүү нь эсрэгээрээ гадаадад карьер хөөсөн. Сингапурт нэртэй брэндийн нүүр царай болж томоохон тайз, дэлгэцийн шоунд оролцдог Сүүгий нэлээд өндөр цалин хөлс авдаг. Тэндээ гэр бүл зохиож өөрөөсөө үе мултарсан залуухан амрагтай болсон гэх Сүүгий хааяахан эх орондоо ирээд буцдаг.

Түүнээс биш Монголын загварын шоунд үзэгдэж харагдах нь ховор. Хувийн амьдрал болоод карьерын хувьд эгчээсээ дутахааргүй амжилттай яваа Д.Энхсүрэнг салбарынхан нь Сүүгий хэмээн дууддаг. Дээрхи эгч дүү нараас топ эгч дүү нар мэргэжилдээ үнэнч эцсээ хүртэл загварын ертөнцөд оршин тогтонохоо тунхагласан гэмээр.

Төгс эгч дүүс: Дуучин Укагийн дүү Д.Уранзаяа эгчээсээ дутахгүй алдарын замналд хүрч байна. Сүүлд л гэхэд бидибилдингийн тэмцээнд орж дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Тэрээр МУГТ С.Төгсцогтын эхнэр гэж явдаг ч албан ёсоор батлагдаагүй. Албан уу, албан бус уу гэдэг нь тодорхой бус энэ гэр бүл зэрэг спортын салбарт цахиур хагалж мэдэх нь. Эгч Ука нь хожуу гэр бүл зохиож усанд хаясан чулуу аятай болсон бол дүү нь эгчийнхээ орыг залгаж хэвлэл мэдээллийн нүүрийг чимж эхэлээд байна. Эгч нь ээж болж хэсэгтээ гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэж байх хооронд дүү нь ёстой л гялалзаж дуучин эгчээсээ илүү од болох нь.

Хувцаслалт тал дээр этгээд хүний сонирхол татахуйц хувцасладаг эгч Укагаасаа Уранзаяа тэс өөр. Галбирлаг төгс биеэ бүрэн харуулсан бариу даашинз, хувцасыг илүүд эрхэмлэдэг. Ука дүүгийнхээ биеийг гүйцэхгүй ч үс засалтаараа дүүгээсээ илүүрхдэг. Хувийн амьдралын тухайд тийм ч тогтвортой бус эгч дүүс маань хувцаслалт, имижийн хувьд эгч дүүс нарын тэргүүн эгнээнд явна шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025