Бидний өгүүлэх гэж байгаа түүхийн эзэн яг одоогоор АНУ-д амьдарч буй. Пунцагбалжир агсан зуурдаар хорвоог орхиход түүний хүү хөрөнгийг нь өвлөж үлдсэн нь П.Энхмөнх юм. П.Энхмөнх толгой баячуудын эгнээнд багтахгүй ч “Витафит” ундааны үйлдвэртэй Баянбүрд худалдааны төвийг эзэмшдэг, “Монгол шонхор” хамгаалалтын алба, “Мон-Эрдэнэ” барилгын компани, “Мөнгөөлэй” цэцэрлэг түүнийх. Аав нь картын талхнаас Монголчууд салж ядан байх тарчиг цагт гэргийдээ алтан товчтой, булган дотортой дээл бэлэглэж явсан гээд бодоход эднийх хур хөрөнгөтэй айл билээ. Сайн эцгийн буяныг эдэлж хүртэж яваа П.Энхмөнх нэг л өдөр таагүй сенсааци дэгдээсэн нь түүнийг скандалын эзэн болоход хүргэв. Тэр нь хүчингийн хэрэг байлаа. Чухамдаа П.Энхмөнх гэж хэн бэ? Тэр юуны учир АНУ-ыг зорив? Скандал бодит үнэнийг нэмэр хачиргүйгээр танд хүргэж байна.

Моринд хорхойтой, барилдаанч хархүү
Түүний аав одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө гэхэд 1000 гаран адуу цуглуулсан байлаа. Хурдан удмын ажнай хүлгүүдийг нэг дор төвлөрүүлж чадсан түүнд цагаан атаархах хүмүүс олон байсан биз.
Бяцхан хүү П.Энхмөнх хүүхэд насаа морины зэлэн дээр өнгөрүүлсэн гэдэг. Багадаа хурдны морь унадаг байсан ч мундаг унаач хүүхдүүдийн хажууд “жуль” байсан талаараа тэр хуучилсан байдаг. Гэхдээ түүний унаж явсан хүлэг сүргийн манлай, хүлгийн дээд байж. Амгалан төрийн ажнай шарга азарганы эцгийн эцэг өвгөн тогорууг хоёр удаа унасан нь түүний мартагдашгүй дурсамжуудын нэг. Тэр үед одоогийнхтой адил жилд олон уралдаан зохиогдоггүй байсан тул сумын наадамд л хааяахан ордог байжээ. П.Энхмөнх айлын бага хүү, аавын талаас ганц эрэгтэй ач нь тул эрх жаал байж. Морь унахдаа хүртэл шилж унадаг түүний хүсэл зоригийг хорьж дийлэх хүн тэр үед байгаагүй хэрэг.
Ийн танхи өссөн хүү балчир ахуйн мөрөөдлөө биелүүлж 1997 онд анхны том наадмын айраг, түрүүгээ хүртэж байсан цаг саяхан мэт. Харин одоо тэр Монгол улсын Манлай уяач.
Сонирхуулахад П.Энхмөнх аймгийн заан цолтой, 2006 онд Бадам-Очир начингаар заан болж байсан. Мэдээж улсын наадамд зодоглолгүй л яахав. Ердөө ганц удаа төрийн наадмын дэвжээнээ гарахдаа гурав давсан ч дөрвийн даваанд багшдаа авахуулсанаас хойш дахин зодоглоогүй. Харваас биерхүү, ноцолдолгоотой байрын тэрбээр сум, овооны наадамд шаггүй барилдаанч, ноцолдолгоотой.
Харцага Г.Ганхуягтай морь, бөх, ан авын хоббигоороо нийцдэг тэрбээр хамт агаарт гарсан үедээ ноцолдон хорхойгоо дардаг гэнэ лээ. Ямартай ч тэр хоосонгүй эр ээ. П.Энхмөнхийн хурдан хүлгүүд түүнд 15-16 түрүү, 40-50 айраг авчирсан гэдэг. Мэдээж энэ тоо жилээс жилд өсч буй.

Романсын эзэндээ гологдсон уу, голсон уу?
Хурдан морь уядаг, бийлэгжүү хүн бүр сайхан бүсгүйд унаж тусан дурлаж хажуудаа чимэг нэмэн гунхуулах нь зүй ёсны хэрэг мэт. Залуу өв залгамжлагч П.Энхмөнх ч тэр замыг тойролгүй дайраад гарсан. Бас ч шаггүй эр болохоо харуулж топ модель бүсгүйтэй тэр болзож бүр хамт амьдарч байв.
Загварын ертөнцийн зартай сайхан бүсгүйчүүдийн нэг моделиуд дундаа европ стандартын цор ганц нь хэмээн үнэлэгддэг топ модель Г.Уранцэцэг, П.Энхмөнх хоёр нэгэн цаг үеийн хэвлэлийн баатрууд байв. Удаан хугацаанд үерхэж нэг муудаж нэг сайдан эцэст нь тэд сүй тавих сураг чих дэлсэж байв. Тэдний харилцаа олны нүдэнд ил 6 жил үргэлжилсэн байдаг.
Гэтэл нэг л өдөр П.Энхмөнх сонголтоо өөрчилсөн. Г.Уранцэцэгтэй тун төстэй төрхтэй бүсгүйтэй сүй тавьж нижгэр хурим хийж орхив. Харин Г.Уранцэцэг түүний талаар “Энхмөнх надад тохирох зөв хүн байгаагүй учраас л бид салсан” хэмээн ярьсан байдаг.
Зөв хүн гэхээр яг ямар хүнийг хэлсэн эсэх, буруу хүн чухам ямар байдаг юм бол гэж хүмүүс хэсэгхэн бодоод л өнгөрсөн байх. Ямартай ч хурдан морь уядаг бэлтэй эрхмүүдээс мисс, модель бүсгүйтэй суусан тохиолдол хэд хэд гарснаас үзэхэд Г.Уранцэцэг морин зэл, наадмын талбайд гологдохоор “чимэг” биш болов уу.

Н.Номтойбаярт хүүхэн бэлэглээ юу?
П.Энхмөнх бусдаараа бүх талаараа өв тэгш cool нэгэн байж болох ч түүний бүдэрдэг өөрийгөө ороодог ганц сэдэв нь бүсгүй хүн гэлтэй. Яагаад ч юм тэр энэ сэдвээр дуугарах л юм бол бусдын дургүйг хүргэж орхидог.
Өөрийн фэйсбүүктээ “Номтойбаяр миний голоод хаячихсан хүүхнийг аваад суучихсан. Ха ха ха” гэж бичсэнээр ээлжит хэл амандаа ороогдсон удаатай. Түүний голсон гээд байгаа хүүхэн нь МАК-ийн эрх тайж Н.Номтойбаярын гэргий асан Мандухай юм.
“Хархорин” захын боссын хүүгээс салсан ч баян айлд дахин бэр орж чадсан энэ бүсгүй одоо хэр нь хэрхэн баян нөхөртэй болдог нууцаа бүсгүйчүүдэд задлаагүй нам гүм амьдарч буй. Тэдний хайр дурлал ямартай ч амьдрал болон цэцэглэж, алдсан алдаагаа дахин давтахгүйг хэн хэн нь хичээж байхад П.Энхмөнх гэнэт халтирч орж ирсэн хэрэг.
Мэдээж төрийн түшээ ч гэсэн Н.Номтойбаяр аатай, омогтой хүн тул хариуг нь тэр дор нь өгч “Яасан олон юм ярьдаг юм бэ. Ална шүү” гэж олны нүдэн дээр ил шулуухан заналхийлж маргаан өрнөсөн. Ямартай ч энэ хоёрын хэн нь ч илт дэмжлэг аваагүй. Харин ичих нүүргүй, эцгийнхээ нэрийг бодохгүй авгай хүүхэн дээр хэрэлдэж байдаг хэмээн хүмүүс дургүйцлээ илэрхийлсэн юм. Гээндээ ч бий, гоондоо ч бий тул хэн нь голсон, хэн нь авсан, хэн нь үнэн, хэн нь худал ярьсныг дүгнэх аргагүй юм. Ямартай ч тэдний дунд үл үзэгдэх сэжмээр холбоотой асуудал байжээ.
Өндөр өртөгтэй хуримын инж
Шуугианы эзэн П.Энхмөнх экс дурлалт бүсгүй топ модель Г.Уранцэцэгтэй царай төрхөөр төстэй Г.Урангоо хэмээх бүсгүйг амьдралын ханиараа сонгосон. Түүний эхнэрийн талаас улсын цолтой бөхчүүд байдаг. Арслан Г.Эрхэмбаяр, харцага Т.Амартүвшин нартай тэр баз хүргэн юм.
Амьдралын ханиараа сонгосон бүсгүй нь мэдлэг боловсролтой, даруу төлөв хамгийн гол нь ээжийнх нь сэтгэлд ихэд нийцсэн гэдэг. “Чингис” зочид буудлын түүхэнд байгаагүй өндөр өртөгтэй хурим хийсэн тэд 350 зочдоор алга ташуулсан. Түүний гэргий Азийн шилдэг 20 оюутны нэгээр шалгарч байсан гэх ганц жишээг дурьдахад ийн хүндлэл хүлээхүйц язгуур сайтай бүсгүй аж.
Бүсгүй хүн бүр ханхүү мөрөөдөж, дуусашгүй ёроолгүй мөнгөний авдраа түүнд л зориулж нээх менежмэнт сайтай эрийг хүсэмжилдэг нь нууц биш. Ханхүү гүнждээ бүх сэтгэл, түрийвчээ нээлээ, харин гүнж ямар хариу ямар инж барих ёстой вэ?
Г.Урангоо өөрийнхөө “инж”-ийг хэдэн жилийн дараа өгсөн. Түүний нөхөр нэгэн бүсгүйг хүчиндсэн хэрэгт холбогдох үед тэр нөхрөө буй чадлаараа өмгөөлөн тухайн үеийн хэл ам, дарамт шахалт бүрийг даван туулж эцсээ хүртэл тэвчсэн.
Г.Урангоо “Тэр хүүхэн хичнээн хүнд нөхөр чинь намайг хүчиндсэн гэж худал хэлж, гэр бүл салгаж, мөнгө нэхсэнийг таашгүй. Нөхрийн маань нэр хүндийг цаашлаад манай гэр бүлийн нэр хүндийг үнэхээр аймшигтайгаар доромжилсон. Удахгүй өөрт нь мэдрүүлнэ” хэмээн фэйсбүүктээ бичсэн.
Тэр мэдрүүлж чадсан билээ. Эр нөхрөө хамгаалах эхнэрийн хайр, магадгүй тансаг амьдралд умбасны “инж” ч байж болох билээ.
Г.Дэлгэрмаа VS Д.Индра, П.Энхмөнх
Г.Урангоо үнэхээр хэлсэн, зорьсондоо хүрэв. Нөхөрт нь хүчиндүүлсэн гэх бүсгүй шүүх цагдаагаар яван зарга үүсгэж эхлэх үед тэр бүсгүйг хэн болохыг олонд дэлгэсэн юм. Мэдээж ямар ч эрүүл ухаантай эмэгтэй хүн тэр тусмаа эх хүн, хань нөхөртэй хүн “Би хүчиндүүлсэн” гэж даян дэлхийгээр нэг зарлахгүй билээ.
Г.Дэлгэрмаа хэмээх энэ бүсгүй гэнэтийн халдлагад өртсөний дараа асуудлыг нууцлан ажил, амьдралаа өрнүүлж байсан гэдэг. Загвар өмсдөг, АНУ-д боловсрол эзэмшин эх орондоо ирсэн даруйдаа тайзнаа эргэн гарсан түүнийг “Гоёл” наадамд оролцоход ч олон нийт үнэнийг мэдээгүй байлаа. Харин дараахан нь энэ үнэн илэрснээр бүсгүй утгаараа гишгэх газаргүй болжээ.
Хачирхалтай нь түүний дотны найз яруу найрагч О.Дашбалбар агсны охин Б.Индра П.Энхмөнхийн талд зогсож Г.Дэлгэрмаагийн эсрэг босов. Чухам яагаад тэр хүнтэй уулзсан, хүчин хэрхэн өрнөсөн, тэдний зүгээс ямар дарамт шахалт ирсэн талаар Г.Дэлгэрмаа “Гранд” сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн билээ. Адгийн зарга 10 хоногтой гэгчээр тэдний асуудал одоо ч шүүхийн шатандаа яваа.
Эгзэгтэй цаг үед гар гараасаа барилцсан П.Энхмөнх, Г.Урангоо, Б.Индра нар одоо АНУ-д амьдарч байна. Шүүх, цагдаагийн байгууллагын нүд, чихнээс хол хэрэг намжих хүртэл эх орондоо ирэхгүй тэндээ төвхнөхөөр шийдсэн гэж жиг жуг хийх болж.
Амьдралаараа дэнчин тавин хүчингийн хэргийн хохирогч болсноо цагдаад мэдүүлсэн Г.Дэлгэрмаа хувийн бизнестэй, нөхөр нь төрд хариуцлагатай алба хашдаг тулдаа өдий зэрэгтэй тэсэж яваа гэхэд болно. Сөрөг хандлага, сөрөг мэдээлэл, олон нийтийн зүгээс ирэх дайралтыг баргийн хүн тэсвэрлэн гарах амаргүй. Тэр тусмаа эсрэг тал нь нэр нөлөөтэй айлын хүү, бэлтэй хүн бол амаргүй даваа. Эдгээр хүмүүсийн хооронд үүссэн ээдрээт хэрэг өдгөө 2 дахь жилдээ үргэлжилж байна.

Бид энэхүү сэдвийг онцлон хөндсөн нь учиртай. Чулуу чухам хаанаас ирж толгой хагалахыг таашгүй. Тэрэн шиг эмэгтэйчүүдийн амьдралд ирэх хүчирхийлэл, гадны халдлага чухам хэзээ, ямар нөхцөл байдалд хэнээр дамжин үйлдэгдэхийг таашгүй билээ. Нөгөөтэйгүүр гэр бүлээс гадуурх харилцаа, шунал дур хүсэл тогтоосон хил хязгаарыг давах тохиолдол ил гарсан нь л дээрх жишээ болохоос бидний нүднээс далд үй олноороо байсаар байна.
Хүчирхийллийн хохирогч болсон ч тэрийгээ хэлэх газар нь хэлж чадахгүй чимээгүйхэн нулимсаа залгин амьдарч байгаа бүсгүйчүүд олон буй.
Мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг гэгчээр олон нийтийн санаа бодлыг хааш нь ч эргүүлэх алга урвуулах төдий зүйл болжээ. Сүүлийн хоёр жил дамнан үргэлжилсэн маргааны эздийн талаар товч өгүүлэхэд ийм байна. Одоо бид хууль хэрхэн үнэн мөнөнийг тунгаахыг харах л үлдлээ. Хэн хэн нь гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүмүүс тул асуудал бүр ч гүнзгий хүнд тусах талтай. Тэдний скандал үргэлжилсээр ...
Эх сурвалж: www.grandnews.mn
У.Цахирмаа
Сэтгэгдэл (70)