Манай улсын урлагийн салбар хуучнаа бодоход хурдацтай хөгжиж байгаа билээ. Бараг өдөр бүр шинэ шинэ кино нээлтээ хийх болж. Монголын кино урлагийг тодорхойлогч жүжигчдийн чанар чансаа ч нэмэгдэж, шинэ үеийн залуусын түрлэг үргэлжилсээр...
Үүнтэй зэрэгцэн кино урлаг хэт ашгийн төлөө хөгжиж тэр дундаа гэр бүлийн киночид гэх зүйл дэлгэрэх болжээ. Гэр бүлийн киночид гэж байгаа нь гэр бүлийн нэг гишүүн кино зохиолоо бичиж, найруулж харин гол дүрд нь гэр бүлийн өөр нэг гишүүн тоглох жишээний моод. Магадгүй өөрийн бүтээлдээ өөр жүжигчин тоглуулан мөнгө төлөхийн оронд гэргийгээ эсвэл нөхрөө тоглуулах нь нэг бодлын ашигтайгаас гадна бие биеэ гэсэн хайрын илэрхийлэл ч гэмээр. Ийм төрлийн моод дэлгэрүүлэгчдийг энэ удаад онцолж байна.

О.Машбат & Н.Батцэцэг
“Монголын шилдэг гэр бүл” тодотголтой МУГЖ Н.Батцэцэг, найруулагч О.Машбат нарыг “гэр бүлийн киночдийн анхдагчид” хэмээн нэрийддэг. Тухайлбал, “Жинжиймаа”, “Вансэмбэрүү”, “Сийлэн бөөр”, “Хэеэн Хуар” зэрэг 10 гаран киног О.Машбат бүтээж гол дүрд гэргий Н.Батцэцэгийг тоглуулсан байдаг.

Түүний гэргий Н.Батцэцэг оюутан ахуй цагаасаа эхлэн кино бүтээлд тоглож эхэлсэн бөгөөд тэрээр анх “Их Бүрдийн домог” хэмээх кинонд тоглосноор кино урлагт эргэлт буцалтгүй орсон гэдэг. Тэдний хоёр хүү М.Бишрэл, М.Ивээл нар Америкт кино найруулагчийн мэргэжил эзэмшсэн бөгөөд аавынхаа мэргэжлийг өвлөж байгаа. Тэдний гэр бүлээрээ бүтээсэн “Цэн тогоруу” хэмээх кино бий. Ингээд бодохоор жинхэнэ гэр бүлийн киночид яах аргагүй найруулагч О.Машбатынх гэмээр. Гэр бүлээрээ урлагт хүчин зүтгэж буй гэр бүлд улам их амжилт хүсье.

Ш.Доржсүрэн & А.Мөнгөнзул
Гэр бүлийн киночдын дараагийн төлөөлөл жүжигчин Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул нар юм. Тэдний хувьд нөхөр Ш.Доржсүрэн буюу Дооёо нь киноныхоо найруулагчаар ажилладаг бол эхнэр А.Мөнгөнзул гол дүр бүтээдэг. Өнгөрсөн хугацаанд тэд “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис”, “Цэлмэг тэнгэр”, “Амьдрах тасалбар”, “Кино шиг амьдрал” зэрэг киног хамтран бүтээж үзэгчдийн хүртээл болгосон.

Тэгвэл тэд аль хэдийн өөрсдийн нэрний үсгээр бүтсэн “DOZ” хэмээх энтертайнментийг байгуулаад удаж буй. Тэд зарим киноныхоо зураг авалтыг гадаад хийсэн байдаг. Тодруулбал, “Хөх толбот хүмүүс”-ийг Францад, “Дүүлэн нис” киног солонгост, “Кино шиг амьдрал”-г Вьетнамд хийсэн нь тус энтертайнмент нэлээд орлоготой болохыг илтгэж буй. Ямартай ч сүүлийн үед уран бүтээлээсээ түр хөндийрөөд буй энэхүү гэр бүлийн цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Б.Баатар & Ч.Ундрал
Жүжигчин, дуучин, хөтлөгч гээд жижигхэн биендээ ахдам цол гуншинтай бүсгүй бол Ч.Ундрал. “Херо” энтертайнметийн Б.Баатартай амьдарч анхны үрээ хоног тоолон өлгийдөн авч байсан цаг хугацаа тэдэнд бий. Жүжигчин гэхээсээ илүү “Херо” Ч.Ундрал хэмээн овоглодог байсан тэрбээр анхны нөхөртэйгээ хамтдаа олон сайхан уран бүтээл хийсэн хэдий ч тэд тус тусын мөрийг хөөсөн билээ. Тухайлбал: “Татар ажиллагаа”, “Би чамд хайртай-2” зэрэг киног түүний анхны нөхөр Б.Баатар найруулж, Ч.Ундрал гол дүрд нь тоглосон түүхтэй. Ямартай ч гэр бүлийн киночдийн эгнээнд багтаад амжлаа.

Шагай & Насаа
Монголын сайхан гэр бүлийн эгнээнд СТА жүжигчин Г.Алтаншагайгийнх зүй ёсоор орно. Драмын театраас өрх тусгаарлаж “Мөрөөдлийн театр”-ыг байгуулж хошин урлагт хүч түрж буй Г.Алтаншагай саяхан “Хар сувдны нууц” киноны гол дүрд тоглож үзэгчдийг инээдээр бялхуулаад буй. Тэгвэл тус киног бүтээхэд хамгийн их нөлөөлсөн хүн түүний гэргий Насаа билээ. Сэтгүүлзүйн салбараас дэлгэцийн урлагт анх удаа хөл тавьж байгаа Насаагийн хувьд нөхөртөө тэр тусмаа гэр бүлдээ ийнхүү хөрөнгө оруулалт хийлээ. Ингээд улам их амжилт хүсье.

Одончимэг & Бархүү
Урлагийн салбараас гэр бүл болж кино урлагт хүч түрэх болсон гэр бүл гэвэл Т.Бархүү, И.Одончимэг нар билээ. Олон насны зөрүүтэй ч хэнээс ч нууж хаалгүй бие биенээ хайрлаж, хамтдаа кино урлагт зүтгэж буй. Хамгийн сүүлд тэдний хамтын бүтээл “Танхай тээгч” киноны зохиолыг МУГЖ И.Одончимэг бичиж, найруулсан бөгөөд гол дүрд нөхөр Т.Бархүү тоглосон. Ийнхүү жүжигчин Т.Бархүүгийнх “ Гэр бүлийн киночид”-ын эгнээг нэгээр нэмлээ. Хосуудын бүтээл “Миний хөрш чөтгөр”, “Худалч залуу” гэхчлэн цөөнгүй болж шүү. Хайр сэтгэл болоод хамтын амьдралд нас хамаагүй гэдгийг хариулж чадсан Т.Бархүү, И.Одончимэгийн цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

Анхаа & Б.Мишээл
“Үүлэн үст”, “Бөртэ үжин” хэмээх тодотголтой залуу жүжигчин Б.Мишээл. Өнгөрсөн хугацаанд “Голланд сарнай”, “Дэлхийд дурласан сар”, “Тэртээх ертөнцийн хөгжимчин” зэрэг дэлгэцийн хэд хэдэн бүтээлд тоглосон. Тэрээр мэргэжил нэгт жүжигчин залуу, өөрөөсөө 12 насаар ах Г.Анхбаярыг хайртаараа сонгоод байсан хэдий ч хосууд хоёр тийш болсон. Хосууд үерхэх хугацаандаа уран бүтээл дээр хамтран ажиллаад амжсан. “Давхар цохилт” киног Г.Анхбаяр найруулж харин гол дүрд Б.Мишээл тоглосон билээ. Энэ мэтчилэн гэр бүлийн киночдын түрлэг үргэлжилсээр.....

Эх сурвалж:www.grandnews.mn
Б.Цэцэг
Сэтгэгдэл (7)