Ядуурлыг арилгахгүй бол манай баячууд нэг л өдөр люмпэнгүүддээ арчуулна

Түүхийн ухааны доктор Дэмбэрэлийн Өлзийбаатар:

Эх орноо нүнжиг, цог заль ихт, тэр бүр юманд гудайгаад байдаггүй эр хүнтэй зүйрлэдэг энэ эрхмийг Д.Өлзийбаатар гэнэ. Түүхч мэргэжилтэй, түүхийн ухааны доктор цолтой, дэгжин бүрх, хар пальто намируулсан, тавь гаруй насны хээнцэр эр. Би түүнтэй анх радиогийн цаанаас “танилцсан” юм. Их хотын замын түгжрэлд FM-ийн суваг эргүүлэн цаг нөхцөөж явахад гэнэ гэнэхэн хэд ч билээ суваг дээр тэр түүх ярьж байх. Хоолойн өнгө, донжоос гадна түүхийг тайлбарлаж байгаа хэлбэр, өнцөг маяг нь эрхгүй сонирхол татна. Судалж мэдвэл зохилтой ч ихээхэн уйтгартай, зүйрлэх нь өвгөжөөр хүн шиг санагдах түүхийг ийм маягаар тайлбарлачихсан байх чинь олзуурхууштай хэрэг мөн биз. Тэгээд л уулзаж, ярилцлага авахаар төлөвлөсөн хэрэг.

Хүн өмссөн хувцас шигээ байдаг гэх. Бас идэж буй хоол шигээ байдаг гэх. Үнэн. Гэхдээ бас нэг дутуу зүйл байна. Хэл бол сэтгэхүйн тусгал юм бол хүн хэлж, ярьж байгаа шигээ, бичиж нийтэлж байгаа шигээ байдаг гэдэгт би итгэдэг. Тэр л өнцгөөрөө түүхийн ухааны доктортой уулзахаасаа өмнө би түүнийг ноён түүхч, ноён доктор гээд нэрлэчихсэн байв. Өөрөөр хэлбэл тэр нэг тийм зэвүүн, зэвүүн гэдэг нь нийгмийн олонхиос ялгаатай, өөрийн гэсэн ертөнц болоод вкустэй, тун ч боловсронгуй индивидуаль юм шиг санагдана. Сүрэг олон хүний дунд ингэж ялгарах оршихуй их ховор л доо. Миний бодсон, төсөөлсөн нэг их зөрөөгүй ээ. Ярилцлага авахаа хэлж, манай ажил дээр болзоо тогтооход ноён түүхч яг товлосон цагтаа сүрчиг ханхлууланхан Парисын дэгжин эр шиг салхи татуулан орж ирсэн дээ. Би харин үргэлж л зав муу явдгийнх цагаасаа хоцорч, онигоонд орсон. Үг арай олдчихов уу. Нэг хүсэлт байна, түүний ярилцлагыг заавал уншаарай.

Ядуурлыг арилгахгүй бол манай баячууд нэг л өдөр люмпэнгүүддээ арчуулна

Манайд соёлт хүмүүсийн хүрээ л байхаас элитийн хүрээ байхгүй

-Түүхчийнхээ хувьд та өөрийн хүрээлэлдээ л нэр цуутай хүн. Харин эгэл уншигчдын тухайд үл таних нэгэн доктор. Өөрийгөө танилцуулаач?

-Би түүхч,түүхийн багш хүн.1982 онд их сургууль төгссөн. НАХЯамны дээд сургуульд багш, НАХЯамны архив, Үндэсний төв архив гэх мэт газруудад ажиллаж байсан. Үндэсний  архивын газарт архивчаас дарга хүртэл үндсэндээ 20-иод жил ажиллачихсан байдаг юм. Түүхээс ер хөндийрч байгаагүй гэсэн үг. Зах зээлийн эхэн үед хэсэг ганзага зөөж, бизнест урвасныг эс тооцвол. Төрсөн газар гэвэл Улаанбаатар. Хотын хоёр дахь үеийн иргэн юм уу даа. Аав Хөвсгөл, ээж Өвөрхангайнх. Дөчөөд онд хотод орж ирцгээсэн улс. Гэр бүл болж, би төрсөн. Хоёрдугаар дөчин мянгатад бага нас өнгөрсөн дөө.

-Дөч, тавин мянгатыг Монголын элит хүрээнийхэн гэдэг байх аа?

-Тэгж ярьдаг л юм. Ялгаа нь давхар байшинд амьдардаг улс шүү дээ. Тэр хэрээрээ амьдрах орчин нь арай өөр. Яриа хөөрөө, сонирхох юм нь өөр, дээр нь бөөнөөрөө амьдрах боломжтой болчихож. Нэг байрны, нэг орцны хүүхдүүд нийлнэ. Тэрүүхэн тэндээ нэг уур амьсгал, нэг сонирхолтой, бие биенээ их сайн мэднэ,туслана, бас эвдрэлцэнэ, эвлэнэ. 50- 60 аад оноос л ийм орчин хотжилтыг дагаад манайд бий болсон. Энэ орчин, уур амьсгалыг л хэлээд байгаа болохоос жинхэнэ элит гэж яривал одоохондоо Монголд элит байхгүй ш дээ. Элит чинь их өөр ойлголт.

-Яагаад?

-Элит гэдэг нэршил  19 дугаар зууны сүүлч үеэс бий болсон. Шигшмэл, шилэгдмэл, сонгомол, дээдийн дээд гээд олон утга агуулсан франц гаралтай үг. Европ дахь элитийн хүрээлэл гэдэг ойлголт бол үе дамжсан боловсрол, баялаг, туршлага,  авьяас чадвар, хүчирхэг байдлыг агуулсан гэр бүлийг хэлж байгаа юм. Энэ хэрээрээ тэр гэр бүл нийгэмд их нөлөөлдөг, нийгэмдээ хүчирхэг байр суурьтай, тэр нь уламжилж өвлөгдөн явдаг.

Улс төрд их хэрэглэгдэнэ л дээ, элитийн онол. Улс орныг элитүүд авч явна гэдэг онол хүртэл бий. Манай хувьд бол элит бүрэлдэх шатандаа л явж байна. Хэдэн үе өнгөрч байж сонгодог элитийн хүрээлэл бий болно. Бид  суурин амьдралд ороод үндсэндээ 60 жил болж байна. Өмнө нь нүүдлийн  иргэншилтэй байлаа. Гучаад оноос Монголчууд хотын соёл, хотын амьдралтай танилцаж эхэлсэн юм шүү дээ. Хотжилт богинохон настай гэсэн үг. Хүний амьдралын хоёрхон үе явж байгаа байхгүй юу. Би 55 настай, хүү 25-тай, хүүгийн хүү 25 хүрэхэд 3 дахь үеийн хотын иргэн гарч ирнэ. Яг хотын иргэн, хотын соёл төлөвшиж эхэлсэн үе нь 70-аад оны эхнээс улбаатай. Өөрөөр хэлбэл Монгол улсад жинхэнэ хотын иргэн бий болоод дөч, тавин  жил л болж байна. Харин соёлт иргэдийн хүрээлэл бол манайд бий. Эднийг л элит гэж ойлгоод байгаа юм шиг. Бас  мөнгөтэй баян хүн болгон  соёлт иргэн  биш шүү дээ. Соёлт иргэний шалгуур олон. Одоо жишээлбэл, Ардын жүжигчин Цогзолмаа гуайн гэр бүл тод жишээ нь байна. Энэ хэмжээнд хүрэхэд зарим хүнд мөн ч олон жил шаардагдана даа.

Хангалуун амьдралтай хүмүүс л гоёж гооддог

-Хотын иргэншлээс  гадна нүүдлийн иргэншил нь ч байсаар байгаа?

-Яг үнэн. Өнөөдрийн байдлаар нүүдлийн иргэншил, суурин иргэншил хосолсон өвөрмөц иргэншилтэй улс Азид төдийгүй дэлхийд ганц үлдсэн нь Монгол. Энэ нь гадныхны нүдэнд асар сонин харагддаг. Нэг улс хэрнээ 2 улс шиг. Хөдөөнийхөн  таг нүүдэлчнээрээ, хотынхон нь хөдөөнөөсөө тэс өөр иргэншсэн амьдралтай. Ингэж хослуулсан улс дэлхий дээр байхгүй.  Нүүдэлчид нь эртний өв уламжлалаасаа тасраагүй, олон талт соёлын өвөө хадгалсан, байгаль шүтсэн аж ахуйгаа эрхлэн амьдарч байна.  Цыганууд бий. Тэд тэнүүлчид болохоос нүүдэлчид биш. Тэдний тэнүүлч амьдралаар монголчуудыг төсөөлөх тал гадныханд элбэг байдаг. Гэтэл манай монголчууд нүүдлийн асар сонин  өвөрмөц иргэншил бий болгочихсон улс шүү дээ. Бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй дээр тулгуурлаж бий болсон маш том иргэншил. Энэ онцлогийг одоо л гадаад ертөнц ихэд  анзаарч эхэлж байх шиг. Манайх нээлттэй болсонтой холбоотой байх.

-Гэхдээ их дээрээс харнаа, хоцрогдол гэдэг өнцгөөс. Манайхан ч гэсэн нүүдлийн энэ иргэншлээ хоцрогдсон, бүдүүлгээр нь дуудаж салахын мөн болж байлаа, одоо ч ялгаагүй л байна.

-Монголын Нийслэл хүрээний талаар гадны жуулчид асар сонин дурсамж бичгүүд үлдээсэн байдаг. Гэхдээ ихэвчлэн бүдүүлэг талаас нь харсан. Нэг сонин өнцөг байдаг нь монголчуудын биеэ авч яваа байдал, хувцаслалт, соёлд их сайхан үнэлгээ өгсөн байдаг. Хятадаар аялж байгаад наашаа орж ирэхээр хүмүүсийнх нь хувцаслалт солонгын долоон өнгө алагласан тун өнгөлөг, сонирхолтой юм гэсэн байдаг.  Бээжин гэтэл бараан саарал харагддаг байж. Тэгэхээр Монголын “бүдүүлгүүд” эртний иргэншсэн соёлтой Хятад хоёрын хооронд нүдний ялгаа их тод харагдаж байгаа биз. Хятадууд монголчуудын  амьдрал, түүхийг дан дээрээс доош харж, бүдүүлгүүд гэж бичдэг байлаа. Гэтэл тэр бүдүүлгүүд нь өөрсдөөс нь хавьгүй илүү аз жаргалтай, гоё ганган, өнгөлөг хувцастай амьдарч байж. Гоё ганган харагдана, гоёж гоодно гэдэг амьдрал хангалуун, аз жаргалтай байгаагийн шинж юм шүү дээ. Зөвхөн хоол идэхийн төлөө амьдарч байгаа хүн гоёж гоодох талаар бодохтой манатай л байдаг.

Хятадууд тухайн үед шавар тагзандаа зөвхөн шар нар, бор хоногийг өнгөрөөж амьдарч байсан нь жуулчдын нүдэнд их гунигтай харагдаж байж л дээ. Хятадуудын энэ амьдрал, иргэншил нь монголчуудын хувьд дэндүү бүдүүлэг санагддаг байж. Чингис хаан урагш байлдан дагуулалт хийж, Тангуд улсыг эзэлж авахаар явж байх замдаа мориноос унаж бэртээд аян дайнаа зогсоох эсэх талаар зөвлөлдөн ярилцаж. Тэгэхэд өрлөг Толун Чэрби “Шавар тагзандаа шахцалдан суудаг энэ хэдэн юм хаашаа холддог юм, хаанаа тэнхрүүлчихээд эргээд ирье” гэсэн байдаг.  Эндээс харахад түүний үгний цаад санаа нь, бид бол дураараа амьдардаг улс. Ертөнцийг үзэх чөлөөт үзэлтэй. Очсон газар болгоныхоо соёл, өв уламжлалыг өөр нүдээр хардаг. Бид бүхий л суурин иргэншлийг тойруулаад эзэлчихлээ. Тэглээ гээд тэдний соёлыг дагасангүй. Яагаад гэвэл тэдний амьдрал, иргэншил дэндүү бүдүүлэг, бид харин өөрийн өвөрмөц соёлыг бий болгочихсон гэдэг санаагаа хэлж байгаа хэрэг. Монголчууд нүүдэлч иргэншилдээ тохирсон сонин өвөрмөц нарийн байгууламж, нийгмийн  тогтолцоог  бий болгосон юм. Монголын энэ нүүдэлч иргэншил дэлхийн соёлын нэг  томоохон өв хэсэг юм гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрчихлөө. Харамсалтай нь энэ соёлыг их гунигтай хувь заяа хүлээж байна. Бараг дуусах төгсгөлийн шатандаа явж байх шиг.

-Тэгвэл дараагийн соёл иргэншил нь юу байх бол?

-Бид суурин иргэншилд шилжиж байна.Техникийн дэвшил, хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлага манай нүүдлийн иргэншлийг бүсэлж аваад хүрээгээ улам бүр шахаж багасгаж байна.  Бидний өвөг дээдэст бүдүүлэг санагддаг байсан шавар тагзны суурин иргэншил рүү бид нэвт орж байна. Статистик тооцоо харахад  манайд нүүдэлч иргэншлээр амьдарч байгаа 400 мянга шахам хүн бий гэсэн тоо байна. Нийт хүн амын зургааны нэг гэсэн үг. Энэ нүүдэлчдийн цаашид амьдран орших  хугацаа хэд вэ? Дээр нь бэлчээрийн мал аж ахуйг өөрчлөх юм ярьж байна. Бэлчээрийн аж ахуй сөнөлөө л бол манай нүүдлийн иргэншил байхгүй болно. Ингэтлээ хэдэн жил юм, бүү мэд. Ямартай ч мянган жил лав үлдсэнгүй. Бэлчээрээсээ салчихвал монголчуудын зан заншил ч өөр болно. Нөгөө өмнө зүгийн саарал хувцастууд шиг болох биз.

Монгол монголоороо байя гэвэл бэлчээрийн мал аж ахуйгаа хэвээр нь үлдээх хэрэгтэй. Азийн индианууд болмооргүй байна. Чухам энэ дээр л маш их ухаалаг бодлого боловсруулж баримтлах хэрэгтэй юм даа, монголчууд. Фермерийн эрчимжсэн мал аж ахуй дэлхийн хаа ч байна ш дээ. Ер сонин биш. Үүнийг үзэх гэж хэн ч ирэхгүй. Тэдний малын  махыг идэх гэж, зургийг авах гэж, соёлын онцлогийг харах гэж хэн ч сонирхохгүй. Бэлчээрийн мал аж ахуй бол Монголын Монголоороо оршин тогтнох үндсийн үндэс гэдгийг л ойлгох ёстой. Бүгдээрээ суурин иргэншилд орчихсон монголчууд байна гээл төсөөлөөд үз дээ. Бээжингийн залуус, япон залуус, солонгос залуусаас ялгаатай харагдах уу. 

Ерэн он гарснаар хот, хөдөөнийх гэдэг үг утгаа алдсан

-Хотынхон, хөдөөнийхөн гэж их ярих. Хөдөөнийхөн хотод ихээр орж ирснээс хот хөгжихгүй байна ч гэдэг. Та бодлоо хуваалцаач?

-Би эхлээд түүх ярья. Нийслэл хүрээний түүх. 1929 оныг хүртэл нийслэл хүрээнд нийтийн жорлон гэж байгаагүй. Эрэгтэй, эмэгтэйгүй гудамжиндаа задгай, чөлөөтэй бие засчихаад яваад өгнө. Түүнийг нь нохой цэвэрлэнэ. Ор мөр байтугай үнэр танар үлддэггүй байсан гэдэг. Энэ тухай гадны жуулчдын тэмдэглэлд их гардаг юм. Үүнийг нэг удаа засах гэж үзжээ. Бөмбөгөр ногоон театрыг барьсан Унгарын иргэн Жозэф Гэлэта гэдэг хүн манай засгийн газарт санал оруулж, 14 ширхэг нийтийн  жорлон хотод  барьж. Эхэн үедээ хүрээнийхэн тун ч их сонирхож. Хоёр сарын дараа нурааж хаясан. Яасан гэхээр хүрээний ноход хийх ажилгүй болж, өмхий самхай нь дийлдэхээ больж, ардууд мөн л Засгийн газартаа өргөдөл, санал явуулж улмаар нураасан байгаа юм. Нохой буцаад ажилдаа орсон.

Сонин нь монголчууд тэр үед ганц, нэгээрээ булан тохойд очиж суудаггүй, ерөөсөө хэдүүлээ бөөнөөр  нийлж суугаад, юм ярьсан шигээ хүндэрдэг байж. Энийг Майский гээд Зөвлөлтийн судлаач бичиж үлдээсэн байдаг. Энэ уламжлал одоо ч байсаар байгаа. Булан, тохойд хүнд, хөнгөн янз бүрээрээ хүний ялгадас байж байдаг биз. Одоо бол энэ асар бүдүүлэг явдал шүү дээ.

Бас нэг түүх. Тэр үед монголчууд 2 давхар байшинд орохгүй гэж зүтгэсэн. Анхны 2 давхар нийтийн орон сууцны  байшин 1932 онд баригдсан юм. Богдын музейн баруун тал руу, одоогийн Хан-Уул дүүрэг байгаагийн тэнд анхны ажилчны суурин бий болсон. Тэнд 2 давхар байшин барьж, ажилчдыг оруулах гэтэл асуудал үүссэн. Яахаараа миний толгой дээр хүн явж байх ёстой юм /инээв/ гэсэн гэж байгаа шүү. Сэтгэхүйд нь ер буухгүй байгаа байхгүй юу. Хожим дөчөөд он гарч байж олон давхар нийтийн орон сууцны  байранд олноороо орж эхэлсэн.

Анхны нийтийн олон давхар байшин  Арслантай гүүрний зүүн талын хурандаа нарын гэдэг орон сууц юм ш дээ. Цэргийн дарга нар  голдуу, Дэмид тэргүүтэй улс амьдарч байлаа. Энэ үеэс л хотын соёл, хотын иргэн гэдэг ойлголт гарч ирсэн юм.  Энэ соёл төлөвшихөд хамгийн их ажилласан хүмүүс бол нам, эвлэлийн гишүүд, залуус. Хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүс бол Герман, Франц, Зөвлөлтөд сураад ирсэн оюутнууд. Герман явсан оюутнуудын дотор Дашдоржийн Нацагдорж, Донровын Намдаг гээд алдар цуутнууд олон  байлаа. Чухам тэднээс анх хотын соёл, хотын иргэнийн хэв маяг түгсэн юм. Костюм пиджак, эрвээхэй зангиа, таяг барьдаг хүн ч байлаа. Харамсалтай нь ихэнх нь гучин хэдэн оны хэлмэгдүүлэлтээр буудуулчихсан. Хар малгай Жамбал, Герман Гомбо гээд бүр нэр хочтойгоо домог болчихсон хүмүүс байж. Авч суусан эхнэрүүд нь хүртэл ганган. Өдөн малгай, бүжиг танц, цай уулт, банкет, нийтийн уулзалт гээд явж өгсөн.

1930 онд  өнөөгийн бидний өхөөрдөн нэрлэдэг “Баасан ах”-ын өдөр сууриа тавьсан байдаг. Тэр нь одоогийнх шиг архи дарс, алиа марзаны шоу  биш. Нийтийн сайн сайхны төлөө зохион байгуулагдаж байсан сайн дурын ажил. Баасан гарагийн орой бүр хотын залуус  үйлдвэр заводод ажилладаг, эсвэл дугүйлан семинарт суудаг байжээ. Бүжиг сурна, дугуй унаж сурна, нам эвлэлийн гишүүд ухуулга яриа хийнэ. Дараахан нь хагас сайн өдөр болгон улс орон даяараа сайн дурын хөдөлмөр хийж тэр өдрийн цалингаа аль нэг зүйлд хандивлах эсвэл нийтийн их цэвэрлэгээ хийдэг болсон. Үүнийгээ Бямба гаригийн ажил, удалгүй зөвлөлтийг дуурайгаад  субботник гэдэг болсон. 1990 он хүртэл үргэлжилсэн шүү, энэ ажил. Одоогийн драмын театр чинь яг энэ сайн дурын хөдөлмөрийн үр дүнд боссон.

Ингээд 40-өөд оны сүүл гэхэд Улаанбаатарт ирсэн хүн хотыг арай өөр нүдээр хардаг, биеэ арай өөрөөр авч явах болсон. Энэ бүхэнд хамгийн их үүрэг гүйцэтгэж, соёлын үрийг тарьсан хүмүүс бол нам эвлэлийн ажилтнууд, ухуулагчид гэдгийг дахиад хэлье. Соёл олон түмний ажил гэдэг маш том ажил байсан юм. Хүний толгойтой ажилладаг, хүмүүжүүлдэг. Кино театрт кино гарахын өмнө 10 минутын кино мэдээ гэж гардаг байсан. Ерэн он хүртэл байлаа. Эхлээд сайн сайхан юм үзүүлнэ. Дараа нь хотын соёлыг зөрчиж байгаа хүмүүсийг дүрстэй нь аваад гаргачихна. Жигшүүлж, шоолдог. Тэнд гарсан хүн ичиж үхнэ. Хог хаяж байгаа, шүлсээ хаяж байгаа, муухай дээл хувцастай, нуруугаа үүрээд таахагнаж  яваа, тамхи энд тэнд татаж хог хаяж байгаа, нийтийн тээвэрт орох гэж   дайрч чихэлдэж байгаа хүмүүс гээд элдэв янзын юм гарна.

Тэр үед машин тэрэг ч цөөхөн, хэн чадалтай нь автобусанд түрүүлж ороод суудалд  суудаг байж. Ер нь “Би түрүүнд” гэж хар амиа боддог сэтгэхүй монголчуудад л байдаг юм. Үндсэндээ нүүдэлчдийн сэтгэлгээ л дээ.  Довоо шарлуулж байвал бусад нь яахав гэдэг үзэл нүүдлийн ахуйд их хүчтэй байдаг. Энэ нь амьдрах чадвартай нь ч холбоотой байх Манайхан одоо дэлхийн хаана л бол хаана суурьшаад амьдарч байна.Тэдэнд халуун, хүйтэн ер хамаагүй. Нүүдлийн соёлд сайн, муу олон тал байдгийн нэг жишээ энэ юм.  Их юм болж байж хотын соёл тогтсон юм шүү дээ, уг нь.

Хот, хөдөөгийн ялгаа гэж сүүлийн үед их ярих болж, цаагуураа бол соёлтой соёлгүйн талаар л яриад байгаа хэрэг. Ерэн оноос хойш хотынх, хөдөөнийх гэдэг үг утгаа алдчихсан юм ш дээ.

 -Яагаад?

-Бид дэндүү дэг журамгүй нийгэм байгуулчихаж. Хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа заасан.  Одоо хоосон уриа мэт сонсогдож байна. Өнөөдрийн бидний амьдарч, оршиж байгаа нийгэм бол шууд утгаараа хөрөнгөтний нийгэм. Хэн чадалтай, хэн овсгоотой, хэн харгис байна, тэр  илүү амьдрах боломжтой нийгэм. Бид өөрсдөө ийм больё гэж бодоогүй. Шинээр бүтээж босгосон систем нь өөрөө асар их алдаа агуулсан болхи систем. 

Алив засаг захиргаанд төрийн хатуу гар, хяналт шалгалт зайлшгүй байх ёстой. Төр бол ард түмний зарц гээд л, тэр зарц нь болох гэж нийгмийн бүх давхрааных нь мөрөөдөөд л.  Хэрэг дээрээ төр бол дарангуйллын аппарат шүү дээ.Төрийг зарц болгох нь хүн төрөлхтний мөрөөдөл. Энэ утгаараа улс төрчид бол зарц биш дарангуйлагч л болох гэж өрсөлдөөд байгаа юм.

Олонхоос сонгогдсон цөөнхийн дарангуйлалын хэрэгсэл  сонгуулийн дүнд байгуулагдахдаа дарангуйлагч төрүүлсэн тохиолдол зөндөө. Гитлер байна. Чөлөөт, ардчилсан сонгуулиар л гарч ирсэн хүн.  Манай  төрийн тогтолцоо нь ч зөв биш байна. Нэг танхимтай парламент, бүх нийтээс сонгогддог ерөнхийлөгч, парламентаас сонгогддог, хэрэг дээрээ өөрөө өөрийгөө байгуулдаг, Засгийн газар. Ямар ч авцалдаагүй систем.

Нэгэнт 25 жилийг ардаа үлдээчихсэн энэ тогтолцоо болохгүй байгаагаа харуулчихлаа. Өмнөх түүхээсээ сургамж авдаг л бол яаралтай өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ их эвгүй байдалд монголчуудыг хүргэж мэднэ.

Хот гэдэг өөрөө асар том, бие даасан ертөнц. Энд дэг журам тогтоох ёстой. Хотод хоёрхон л юм дэг журмыг бий болгоно. Нэг нь хотын дүрэм, нөгөө нь хотын стандарт. Хотын стандартад тохирсон түүнээс урган гарсан дүрэм байх ёстой. Дүрэм хөдөлшгүй, хатуу чанд хэрэгждэг  байх ёстой. Хотод ирсэн хэнбугай ч тэр стандартын шаардлага хангадаг, өөрийн эрхгүй дүрмэнд нь захирагддаг байх ёстой. Нийтийн эрх ашгийн тулд нэг хүний эрх ашиг зөрчигдөх л хэрэгтэй болдог. Тийм биз.

Дүрэм журам, стандарт байхгүй учраас хот замбараагүй мэт харагдаад байгаа юм. Заавал гудамжиндаа шээх эрх нэхээд байх юм бол тэр газрыг нь заагаад л өгчих, дүрмээр заавал хааж хориглох хэрэггүй. Та эрхийнхээ дагуу тэнд очоод шээчих, харин энд болохгүй.

Манай хот их сайхан хөгжиж байгаа. Би хувьдаа сэтгэл хангалуун байдаг. Зам харгуй, уулзвараа өргөсгөх, хотоо цэцэрлэгжүүлэх тэргүүтэн их таалагдаж байгаа. Одоо үүнийгээ дагасан дүрэм журам, стандарт тогтоож өгөх түүнийг мөрдүүлэх  хэрэгтэй байна.

Аажимдаа хотын хүн болчихно биз дээ гэж болохгүй. Хот, хөдөөгийн ялгаа, хотын соёлын байдлыг хотын замын хөдөлгөөнөөр жишээ аваад харья л даа. Малчин байсан залуу зам дээр такси барих гээд яг хөдөө талдаа явж байгаа юм шиг зогсож байна. Таксичид нь яг  урд гэнэт  зогсоод хүн буулгадаг, хүн авдаг. Эсвэл хоорондоо машин дотроосоо юм яриад зогсчихно. Бие биенийхээ замыг таглаж зогсоно. Урдуур дайрна. Хотын зам бол хараалын үгсийн уралдаант шоу мэт. Такси маш муухай үнэртэй.  Энэ бүхнийг өөрчлөх уг нь тийм ч аймшигтай хүнд ажил биш юм ш дээ. Соёлын довтолгооны үе шиг соёл хүмүүжлийн ажил хийж, шүүмжлэхийг нь шүүмжилж, ичээхийг нь ичээн, ёстой үзэлцэж байгаад ч болов тогтоосон дүрмээ мөрдүүлдэг л болох ёстой байхгүй юу.

Нийтийн соёлыг зөнд нь орхиж болохгүй, хүчээр хийдэг юм!

 -Тантай ёстой санал нэг байна. Гагцхүү ингэж зориг шийдэмгий хийх улс төрч л хэрэгтэй байна. Ингэхэд соёл нь ахуйн сүүдэр гэж үзвэл нүүдэлчдийн соёл иргэншил өөрчлөгдөх цаг нэгэнт болчихсон нь аргагүй ч юм шиг. Соёл гэснээс монголчууд улам улмаар соёлын дутмагшилд орж байх шиг ээ. Нэг тийшээ харвал солонгос ч юм шиг, нөгөө тийшээ харвал америк ч юм шиг, дахиад харвал орос ч юм шиг. Ёстой төөрсөн хонь шиг хуйсагнуур байдалд орчихлоо. Үндэстний үнэт зүйл, соёлын код, стандарт ч гэж алга болж байна. Энэ байдлаас яаж гарах вэ?   

-Үндэсний уламжлалт соёл, нийтийн соёл гэх мэтээр соёл дотроо ангилагддаг. Нийтийн соёлыг зөнд нь орхиж болдоггүй. Хүчээр хийх ёстой. Улаанбаатарын соёл, Улаанбаатарын хүн ямар байх ёстой талаар чиний яриад байгаа дүрэм, стандарт, кодыг тогтоож өгөх ёстой байхгүй юу. Гадны хэнбугай ч хотод орж ирээд дүрэм, стандартыг нь биелүүлдэг, хувцас хунар өмсөхдөө ч, биеэ авч явахдаа ч захирагддаг байх ёстой. Ухаандаа замын хөдөлгөөнд аятайхан орно, автобусанд суухдаа хүлээцтэй байна, гудамжинд шүлсээ хаяхгүй, шээхгүй, үзвэрийн газар утсаар ярихгүй гэх мэт. Манай хот одоохондоо дэндүү  нээлттэй, задгай, дүрэм, стандартгүй явж байна. Үндсэндээ хувь хүмүүсийн хэвшмэл  соёл л хотыг авч явж байна.

Чи бод доо, жаахан аятайхан хувцастай автобусанд суувал бараг нүд үзүүрлэх янзтай болчихож. Аягүй бол загнуулаад бууна шүү. Нийтийн тээвэр нь өөр түвшний хүмүүст үйлчилдэг юм шиг болчихож байгаа байхгүй юу. Ядуусын унаа ч гэх юм уу. Их буруу соёлын стандарт тогтох шинжтэй. Энэ юунаас үүдэлтэй юм? Хотын нийтийн соёлын стандарт байхгүй учраас энэ юм. Соёлын стандарт байхгүй, хариуцлага тооцох систем байхгүй учраас хэт анархист байдалд шилжиж байна л даа. Жар далаад  оны үед үүнийг ухуулгаар, хүчээр хэвшүүлж байсан байдаг. Соёлын довтолгоо гэдэг аян болон  “Матар”, “Тоншуул” сэтгүүл ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Хамгийн сүүлийн жишээ ярья. Манайхан гудамж, баар савгүй ямар их тамхи татдаг байлаа. Тамхины тухай хууль гаргасан, үр дүнгээ өгсөн. Энэ мэтээр хууль дүрэм, стандарт гаргаад хатуу мөрдүүлэх ёстой. Энэ чинь улсын нийслэл. Нийслэлийн шалгуур өндөр байх ёстой. Хоёр иргэншлийг цогцлуулсан гээд хот хөдөө нь холилдсон байж болохгүй. Хөдөөд өөрийн гэсэн соёл байдаг, хотын хүн тэнэг юм шиг харагдахаар. Энийг ч бас хотын иргэдэд сургах ёстой.

Ухаандаа, Улаанбаатар хотод амьдрах хүн халуун, хүйтэн устай орчин цагийн орон сууцтай, ажилтай, өөрийгөө төвөггүй авч явах чадвартай байх ёстой гэдэг шаардлага тавиад  үүнд нь хугацаа өгчихдөг больё л доо. Гурван жилийн дотор энэ шаардлагыг биелүүлж чадахгүй бол хотод амьдрах эрхгүй, боломжгүй  болно, өөр хот руу шилжинэ гэдэг ч юм уу.

Хотын зэрэглэл тогтоогоод, Налайх, Багануур руу явуулдаг ч юм уу. Тэгэхгүй бол хот руу чиглэсэн нүүдэл хэзээ ч зогсохгүй. Дээр нь хөдөөгөө хөгжүүлэх хэрэгтэй.  Ингэж хийж болно. Гагцхүү санаачлагатай, зоригтой  хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Мэдээж бөөн эсэргүүцэл гарна. Би Э.Бат-Үүл даргад баярлаад байгаа. Хот цэмцгэр, цэвэр болох тусам хүмүүсийн сэтгэл ч өөдрөг болно. Юун түрүүн хотыг соёлжуулах, хоёрт  аюулгүй болгох хэрэгтэй байна. Ингэвэл танай сэтгүүл дээр гардаг шиг гоё, ганган соёлтой  хүмүүсээр хот дүүрнэ. Танайх чинь хотын сэтгүүл шүү дээ.

-Онгирч байгаа ч юм биш, театрын соёлыг манай сэтгүүл түгээсэн шүү.

-Зөв ш дээ, сэтгүүлзүйн нэг үүрэг. Би боддог юм, Бөхийн өргөө Бөхийн өргөө л байх ёстой. Тэнд дуу хуур, кино концерт ер хэрэггүй. Бөх барилдаад хөлс, тоос болчихсон газар орой нь ганган хувцастай дуучид ирж дуулаад, хүмүүс гадуур хувцастайгаа тоглолт үзээд л. Авцалдаагүй байгаа биз. Үүнийг хүчээр, хуулиар болиулах хэрэгтэй.

Юу ч үгүй хүн юуг ч хайрладаггүй

-Хоёулаа соёл, хот хөдөөний ялгаа, соёлын талаар ярилцаж байна. Ер нь Манайд нэг төрлийн зэрлэгшил явагдаж байна гэж би хардаг. Ардчилал, хүний эрх нэрийн дор хэт дур зоргоороо авирлах явдал газар авч байна?

-Яг үнэн, энэ бол зэрлэгшил. Одооны Европын өндөр хөгжилтэй орнууд люмпенгүй буюу ядуу хүмүүсгүй. Би пэйж хуудсандаа нэг удаа люмпенгүүд бол адгийн хог шаарууд гэж бичсэн.  Тэгсэн чинь люмпенгүүд гэж хэн юм бэ гэж их асуусан байна лээ. Люмпен гэдэг чинь үгээгүй хоосон, гуйранч  хүмүүс юм. Өлөн зөлмөн амьдралтай ядуу хүмүүс байнаа, гэтэл люмпэн гэдэг чинь тэднээс дор амьдралтай бүлэг хүмүүс юм.  Юу ч үгүй хэрнээ нийгэмд амьдраад байдаг. Юу ч үгүй хүн юуг ч хайрладаггүй, товчхондоо хамгийн аюултай хүмүүс.

Люмпенгүүд бол нийгмийн бүтээгдэхүүн. Тэднээс барууны хөгжсөн улсууд маш хатуу сургамж авсан.

Ер нь Маркс, Энгельсийг барууны өндөр хөгжсөн улсууд нулимаж хаяхын оронд одоо ч судалсаар байна. Тэд судлаад ямар дүгнэлтэд хүрсэн гэхээр улс оронд эмх замбараагүй байдал үүсч, хувьсгал гардгийн учир юу вэ гэвэл ажилгүйдэл, ядуурал юм байна.  Ажилгүйдэл, ядуурлаас люмпенгүүд үүснэ. Ажилгүйдэл, ядуурал нийгмийн баялгийн буруу хуваарилалтаас үүснэ. Баялгийг зөв хуваарилсан цагт улс орон, нийгэмд амгалан тайван байдал бий болно, тиймээс люмпенгүй байх ёстой.

Маркс  “Франц дахь ангийн тэмцэл” гэдэг зохиолоо 1850 оны үед  бичсэн. Энэ зохиолдоо люмпен, пролетари нарын тухай хэн бэ гэдгийг нь тодорхой бичсэн. Люмпэн ажилгүй, өмчгүй, хайрлах юмгүй учраас  хулгай дээрэм хийнэ, аллага үйлдэнэ. Байж болох хамаг муу юм бүхэн тэднээс гардаг. Хэнд ч ашиглагдана. Нийгэм нь өөрөө ийм хүмүүсийг бий болгож байна. Тэдэнд мөнгө өгвөл юу ч хийхээс буцахгүй. Хаанд ашиглагдана, хувьсгалд ашиглагдана.  Яагаад гэвэл тэдэнд эрх ашиг  гэж байдаггүй. Хайрлах болоод хоргодох юм байдаггүй. Тэр хүний эрх ашиг юу вэ? Зүгээр л амандаа хоол хийх, өл залгуулах. Үүнээс сургамж авсан барууныхан ядуусгүй болох бодлого баримталж, бүгдийг ажилтай, өмчтэй болгосон. Тэд ажиллаад зээлээр машин, байраа авна, хүүгүй болон бага хүүтэй  зээлийн бодлого, моргэйж,  ипотекийн бодлого үүнээс үүдсэн түүхтэй.

Одоо Улаанчулуут гэдэг хог хаядаг газар тэнэмэл хүмүүсийн суурин бий болж байна, тэд Зайсан руу дайрна гэж ярьж байна гээд хүмүүс яриад байнаа даа. Эд чинь люмпенгүүдийн үр хөврөл хэдийнэ манайд бий болчихоод байгааг харуулж байгаа хэрэг. Товчхондоо бид нэн яаралтай люмпенгүй болох хэрэгтэй. Олигархи гэж нэрлэгдээд байгаа манай баячууд үүнийг хийхгүй бол нэг л  өдөр өөрсдөө бий болгосон  люмпенгүүддээ арчуулна.  

Люмпенгүүдийг хуурах амархан. Чамд нэг юм өгнө гэж амлаад л буу бариулчихад л буудна. Тариачдад газрыг нь, ажилчдад үйлдвэрийг нь өгнө гэсэн учраас л Октябрийн хувьсгал гарсан. Ялсан. Нөгөө ядуус засгийн эрхийг авсан, үйлдвэрийн эзэн болсон. Үйлдвэр нь нурсан. Эзнээ хөөж явуулсан ажилчид үйлдвэрийн эзэн болсон. Нэгдүгээрт, ажлаа хийж чадсангүй, хоёрдугаарт, хулгайч сэтгэхүйтэй учраас үйлдвэрийн тоног төхөөрөмжөө гэртээ зөөгөөд авааччихсан. Үйлдвэр нь дампуурна биз. Аргагүйдсэн  Ленин тэргүүтэй коммунистууд хөрөнгөтнүүдээ ажилд нь буцаан авч, эдийн засгийн шинэ бодлого гэгчийг явуулж байж сүйрлээс аврагдсан түүхтэй.  Улс орон нь ч сэргэсэн. Ийм гашуун түүх  үй олон байна.

Хоосон хүн л хулгайч сэтгэхүйтэй байдаг юм. Машины толь яагаад хулгайлаад байдаг юм? Тольгүй учраас л тэр үү эсвэл машинтай учраас уу?  Ийм хоосон, хулгайч сэтгэхүйг л манайхан үгүй болгох хэрэгтэй. Үүний тулд  нийтийн баялгийг зөв хуваарилах хэрэгтэй. Тарааж өгөөд бай гэсэн үг биш л дээ. Нийгмийн баялаг гэдэг бол маш өргөн хүрээтэй ойлголт. Хүнээс эхлээд газар, мал, алт мөнгө, түүх соёл, төрийн бодлого гэх мэт олон зүйл багтсан ойлголт юм. Хувь хүний ажиллаж хөдөлмөрлөх бүрэн боломжийг бүх талаар хангаж өгөх хэрэгтэй. Ухаалгаар, хувьсгалгүйгээр өөрчлөлт хийнэ гэдэг нь энэ.

-Гэтэл манайхан ерэн оны хувьсгалын дараа өмч хувьчлал хийхдээ  ямар ч тэнцвэргүй хийчихсэн?

-Одоо эргээд харахад бид маш олон алдаа гаргасан. Түүхэн үйл явц цаг хугацаа өнгөрөх хэрээр алдаа, оноо нь тод болдог. Үүн дунд нөгөө л муу жирийн ард түмэн хохирч үлдсэн байдаг. Бидний хамгийн том алдаа бол ерэн онд бид ямар нийгэм байгуулахаа ерөөсөө төсөөлөөгүй юм. Ямар ч жанжин шугам, зүг чиггүй, МАХН-ын УТТ-ны 11 хүнээс л бүх юм болж байна, эд хэдийг л буулгая гээд. Эхэн үедээ ч социализмаа сайжруулах юм бодож. Гэтэл нөгөө социализм нь хаа сайгүй нураад уначихсан. Ингээд л Марксийн сургааль худлаа боллоо, социализм оршин тогтнохоо болилоо, тиймээс дэлхий нийтээрээ чөлөөт зах зээл, иргэншлийн нийгэмд орлоо, тэр замаар оръё гээд зарлачихсан. Ингээд л эрэлт хайлт үүссэн дээ. Эзэнгүй,  баахан мөрөөдөл тээсэн, хийх ажилгүй улс одоо юу хийх вэ, яах вэ? гээд л. Хэн чадах нь юу чаддагаа хийе гээд мань мэтээс авахуулаад наймаанд явсан нь тэр.

Төрийн тогтолцоог өөрчлөх цаг болсон

-Тэр наймаанд та хэр одтой байсан бол?

-Наймаа гэдэг чинь мэргэжил, авьяас юм биш үү /инээв/. Үр дүн нь гэвэл яах вэ, байртай, машинтай болсон. Тэгээ л таг.  Эрээн явж наймаа хийж үзээгүй монгол хүн гэж байхгүй. Бүгд явсан. Бэлтгэлгүйн хар гай. Ингээд бие биенээ мөлжиж эхэлсэн. Бээжинд 5 төгрөгөөр зарагддаг алчуурыг энд 10 төгрөгөөр зарж байж дундаас нь нэг юм унагана. Наймаа гэдэг чинь дамын худалдаа, дамын панз л байхгүй юу. Панз үсэргэнэ гэдэг дээ. Нөгөө жинхэнэ байх ёстой үйлдвэрлэлээ дампууруулсан. Хувьчлаад үйл ажиллагаа нь зогсчихсон. Бүгд панзчин бизнесмен болсон. Чи юу хийдэг вэ? Бизнесмен гэнэ /инээв/.

Бидэнд анхаарах нэг чухал зүйл бий. Монголд хайртай, монголчуудыг хайрладаг монголоос өөр хүн гэж хаа ч байхгүй. Монгол хүн л монгол хүнээ хайрлана. Гадныхан бол бүгд л зодохыг, холгохыг бодож байгаа. Бид үүнийг дээр, доргүй сэрж ойлгох цаг болсоон. Улс оронд тогтворгүй, замбараагүй байдал үүсэхэд гадныхан дандаа хожиж байдаг. Удирдагч, цөөн хэсэг бүлэг хүмүүсийг дураараа хөдөлгөх боломжтой болчихдог. Одоо Их хурал дээр хэрэлдэхдээ чи хэний эрх ашгийг төлөөлж байна гээд муудалцаад байгаа биз дээ. Үүнээс  яаралтай гарахын тулд ард түмнээсээ санал асуулга аваад өнөөгийн энэ  тогтолцоог өөрчилөх  хэрэгтэй байна.

Манай Үндсэн хууль 1992 онд батлагдсан. Тухайн үед ямар нийгмийн суурь дээр орших Үндсэн хууль хийж байгаагаа үндсэндээ мэдээгүй л хийсэн дээ. Мэдэх бололцоо ч байгаагүй байх.  Капиталист нийгэмд амьдарна гэдгээ харсан бол арай өөрөөр хийх байсан байх. Даанч үүнийг харсан хүн байгаагүй.

Тогтолцоо нь буруу учраас  урсгал нь буруу болоод байх шиг. Ямар ч сайн хүн сайхан зүйл мөрөөдөж гарч ирээд муухай харагдаад явж байна.

-Тэгвэл ямар тогтолцоог та хүсэж байна вэ?

-Бидний хэдэн нөхөд хамгийн сайн засаглал хаант засаг юм байна гэж хошигнон ярьдаг юм. Сайн хаан байж болно, муу хаан байж болно. Мууг сайнаар сольчихож болно. Гол нь төр нь бат, иргэд нь тайван амгалан байвал хааны суурь бат. Төр бол би гэж Францын хаан 14 дүгээр Людовиг хэлсэн байдаг, үнэн шүү дээ.

Төр бол дарангуйлал. Хаан бол дарангуйлагч. Тэрийгээ л ний нуугүй хэлсэн хэрэг. Харин хүн төрөлхтөн нийтийн найрсаг төр бий болгох гэж мөрөөдөж зүтгээд байдаг. Бүх нийтийн төр бол анархист төр л байх. Тийм учраас өнөөгийн бид байхгүй юмыг байлгах гээд ер хэрэггүй гэж би боддог юм. Төрийн алба биш нийтийн алба ч гэх шиг. Санаа нь зөв ч,  үндсэн ухагдахуун нь хэвээрээ байхад ямар ч сайхан нэр оноогоод юу нь ч өөрчлөгдөхгүй шүү дээ. 

Сонгодог хэлбэртэй хаант засагт улс орон байхгүй болсон. Англи, Япон, Испани гээд засаглал нь хаант хэлбэртэй, хөгжчихсөн улсууд байна. Яг энэ загварыг манайхан 1921-1924 онд авч хэрэгжүүлсэн.  Хэмжээт эрхт  хаантай, улсын их, бага хуралтай . Энэ засаглал нь тухайн үедээ  их оновчтой засаглал байлаа. Английн засаглалын хэлбэрийг үлгэр болгосон юм л даа.  Монголчуудын бүтээл. Одоо  их бага гэсэн хоёр танхимтай, төлөөлөгчдийн хуралтай, бага хурал нь байнгын ажиллагаатай, хууль тогтоох үүрэгтэй ажилладаг, их хурал нь Ерөнхийлөгчөө нууц санал хураалтаар сонгодог, Ерөнхийлөгч нь өөрөө засгийн газраа байгуулж хариуцлагаа их хурлын өмнө хүлээдэг тогтолцоо байвал зүгээр санагддаг. 1990-1992 онд байсан л хэлбэр л дээ.

 Ер нь бид хүсвэл Монголын онцлогт тохирсон засаглалын тун ч оновчтой хувилбарууд бэлхэн байгаа даа. Гагцхүү үүнийг шахаж хийх чухал байна.

Ядуу хүн ууртай, муухай ааштай байдаг

-Хэн, хэзээ хийх вэ гэдэг чухал асуулт байгаа?

-Парламент үндсэндээ ийм алхам хийхгүй. Өөрөө өөрсдийнхөө сууж байгаа мөчрийг хэн ч  хөрөөдөхийг хүсэхгүй. Тэгэхээр хөрөөдөхгүйгээр аятайхан мөчир дээрээс нь буулгачих хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулж болно. Энд хүн бүрийн оролцоо чухал.  Ингэж чадвал нийгмийн баялаг зөв хуваарилагдаж болно. Баялгийг зөв хуваарилчихвал ядуу хоосны зовлон байхгүй болно.

Ядуу хүн ууртай байдаг. Ядуу хүн харгис, муухай ааштай, бухимдуу байдаг. Бүх юманд хорсож, бухимдаж явдаг. Энэ чинь тэдний буруу гэхээсээ  тэднийг бий болгож байгаа нийгмийн, нийгмийн тогтолцооных нь буруу юм. Яахав, цаанаасаа тэнүүлч, ядуу явах заяатай сонирхолтой  хүмүүс байна л даа. Японд гэхэд байшин барьж өгөөд байхад цаасан хайрцганд унтаад байдаг бүлэг хүмүүс байна. Манайд ч ийм улс байгаа. Гэвч хэдэн мянгаараа байдаггүй. Нийтээр нь ард түмнээ ядуу байлгаж  болохгүй шүү дээ.

Статистикаас үзвэл 2012 оны байдлаар дундаж амьдралтай монголчууд 20 хүрэхгүй хувьтай байна гэсэн тооцоо байсан. Дундаж амьдрал гэдэг чинь өнөөгийн түвшинд бол машинтай, хотын нэг, зуслангийн нэг, нийт 2 сууцтай, хүүхдүүд нь боломжийн сургуульд сурчихдаг, өөрийнх нь цалин орлого хангалттай хүмүүсийг хэлнэ. Дөнгөж цалингаараа болгодог хүмүүс орохгүйгээр шүү.

Баян хүмүүс 2 хувь ч хүрэхтэй үгүйтэй гэж байгаа. Одоогийн бидний олигархи гээд байгаа хүмүүс.Тэд нийгмийн баялгийн дийлэнхийг эзэмшиж байна. Тэгэхээр бараг 80 хувь нь ядуу төвшинд орж байгаа биз. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй. Ийм байж болохгүй. Иргэн баян байж улс баян байна гэдэг дээ. Хүмүүс энэ байдлаасаа гарахын тулд өнөө янз бүрийн юмыг чинь хийж байна ш үү дээ. Аллага, авилга, залилан, хулгай гээд л.  Одоо мафийн тухай яриад л байна.

Хүний эрхийг хангах хамгийн гол нөхцөл нь юу юм бэ? Тухайн хүнийг хөрөнгөжүүлэх асуудал. Бүгд нийтээрээ хайрладаг юмтай, өвлөдөг өмчтэй байж нийгэм амгалан тайван болдог. Тэгэхгүй гуравхан сая хүн дотор хэт баян цөөхөн хэдэн хүн байгаад яах юм бэ?  Ядуу орны нэг их баян хүн яваад яах юм? Үндэсний хэмжээний хэд хэдэн том компани пүүс байж болноо, тэднийгээ огт өөд нь татахгүй байна, хараад байхад. Нөгөөдүүл нь юун хүн өөд нь татахтай манатай, оршин тогтнохын төлөө л чардайгаад байна.  Ядуу орны баян хүмүүсийг  шоолоод элдэв янзын кино ший хийгээд байгааг бид хардаг. Элгээ хөштөл инээдэг. Дэлхий нийтээр улсыг нь ядуу гээд цоллоод байхад нэг баян хүн энд тэнд оччихоод Роллс Ройс унаад, 5 одтой зочид буудалд буугаад яваад байх нь яавч сайхан харагдахгүй. Харин баян орны баян иргэн өөр харагданаа.

-Таньтай танилцах аян маань яван явсаар хотын соёл, төр улсын тогтолцоо гэх мэт том сэдэв рүү хальтирчихлаа. Ярианыхаа сэдвийг өөр тийш нь хандуулъя. Таньтай анх радиогийн цаанаас танилцаж байлаа. Өвөрмөц хоолой, өнгөрсөн түүхийг тайлбарлаж байгаа өнцөг, өнгө төрхөөс нь харвал их зэвүүн хүн шиг санагдсан?

-Зэвүүн ээ...

-Зэвүүн гэдэг нь нийгмийн олонхиос ялгаатай, өөрийн гэсэн ертөнцтэй, вкустэй, бүр товчилбол хэт боловсронгуй этгээд индивидуаль гэсэн үг л дээ. Ямар ч комплексгүйгээр өөрийнхөө би-г тодорхойлж, өөрийгөө нэг сайн магтаач?

-Мэргэжилдээ хэт автчихсан хүн. Түүхийг түмэнд түгээе гэдэг бодолд хэт автчихаад л явж  байгаа хүн гэх үү дээ. Мянган жилийн түүхийг 40 цагт тоймлож багтаасан сонсдог түүхийн ном маань мэргэжлийн хүрээнд ч тэр, нийт иргэд ч тэр таатай хүлээж авсан нь надад маш их урам өгсөн. Дараагийн хэд хэдэн ажлаа бас төлөвлөчихөөд сууж байна.

Өөрийгөө магтах нь хаашаа юм, сайн ч тал бий байх, муу ч тал бий байх, хүн л юм чинь. Харин би ерөөс бууж өгч, ялагдах дургүй хүн. Зорилгоосоо буцаж, няцдаггүй. Бас өөрийнхөөрөө байх дуртай.  Энэ характер маань зоригтойгоор энэ төслийг хийхэд хүргэсэн байж болох. Бялдууч занг үзэн яддаг.

-Ихэнх эрдмийн ажил хийдэг, эрдэмтэн доктор хүмүүс саарал пиджак, пальто өмссөн шуудан хэлэхэд уйтгартайдуу улс байдаг л даа. Гэтэл та хар бүрх, пальто хослуулчихсан, сүрчиг ханхлуулаад, эгээтэй л Парисын дэгжин залуу шиг салхи татуулаад ороод ирсэн. Таны ертөнц, таны имиж бүрэлдэхэд хамгийн ихээр нөлөөлсөн хүн болоод зүйл нь юу вэ?

-Гэр бүл, өссөн орчин. Би сонсдог түүхийн номондоо хэлсэн байдаг. Хүн төрөлхтний хамгийн том ололтын нэг бол тольтой болсон явдал гэж. Толь, гоо сайхны мэдрэмж бий болсон тэр цаг үе хүн төрөлхтний амьдралыг үндсээр нь өөрчилсөн юм. Өөрийгөө тольдож, үс зүсээ янзалж, уруулаа буддаг болсон. Сайхан харагдахыг хичээдэг болсон. Хүний дотоод ертөнц бий болсон гэх юм уу даа. Идэх нь гол биш амьдрах нь гол болсон. Хоол олохоос өөр бодох хүсэх юмтай болсоны илрэл нь толь бүтээсэн явдал.

Тухайн хүний гадаад ертөнцийг хүндлэх харьцаа, хандлага хувцаслалт, биеэ авч явах соёлоор илэрдэг юм ш дээ. Хэн юугаа өмсөх нь хэнд ч хамаагүй, хүний эрхийн асуудал гэе. Нөгөө талаар энэ чинь өөртөө болоод бусдад хүндэтгэлгүй хандаж байгаа явдал. Чи ямар үг хэлнэ, яг тийм хариу хүлээж авна гэдэг дээ. Тэгэхээр баян, хоосон  гэхгүй хүн бүр боломжоороо гоё сайхан хувцаслаж, амьдралын сайн сайхан таашаалыг хүртэж байх ёстой.

Дээр хэлсэн дээ, монголчууд эрт үеэсээ хувцаслалтандаа их өвөрмөц ханддаг, гоё хээнцэр улс байсан гэж. Манайханд өнгөний асар өндөр мэдрэмж байдаг. Барилга байшин, сүм хийдээс харагдаж байгаа биз. Хувцаслалтын тухайд ярих ч юм биш, эхнэр хүний дээл, эмээл хазаар гээд айхтар чамин, ганган эд хэрэглэдэг байсан.

Түүхээ бодсон ч бид сайхан хувцаслах ёстой ард түмэн

-Монгол эхнэр толгой дээрээ 5 кг алт тээж явдаг байсан гэж ярьдаг биз дээ?

-Тэгэлгүй дээ. Монгол эхнэр шиг тийм тансаг хувцасладаг хүн байгаагүй ээ. Асар үнэтэй, алт, мөнгө, шүр, сувд тэргүүтэй  20-40 кг татахуйц хувцас, эд  эдлэлүүд ч байсан гэдэг. Хэдэн арван саяар үнэлэгдэх эд зүйлс гэрт нь байж байдаг. Эхнэр хүн үндсэндээ гэр бүлийнхээ  банк нь байсан байхгүй юу. Нүүдлийн  иргэншилтэй хүмүүс мөнгө, хөрөнгөө хадгалуулах банк байхгүй. Тэгээд л  хөрөнгөө эхнэрийн толгойн хэрэглэл,  дээл хувцас нөхрийн хэт хутга, гаанс,  хөөрөг, эмээл хазаарт шингээдэг байж. Хатуу юм болгоно гэж ярьдаг байсан нь ийм учиртай.

Хубилай хааны  хатан Чимбай загвар зохион бүтээгч мэргэжилтэй байж. Тухайн үеийнхээ хувцасны дизайныг гаргадаг байсан байна. Саравчтай малгай буюу бүрхийг анх зохион бүтээсэн хүн. Хубилай хаан нум сум харвахад саравчгүй малгай саадтай байна, нар тусаад байна гэснийг сонсоод тэр шляпыг хийсэн. Дээхэн Төмөр-Очир гуай өмсчихөөд манж малгай өмслөө гээд шүүмжлүүлээд байсан даа. Тэр чинь Чимбай хатны загвар байх жишээний. Эртний монголчуудын хувцас загварт оруулсан хувь нэмэр их шүү. Монгол дээл байна. Төвдөөс авчихсан энэ тэр гэж ярьж  дуулддаг. Нүүдлийн монгол соёлд тохирсон тэр дээлийг чинь чухам монголчууд өөрсдөө зохион бүтээсэн юм. Тэр байтугай өмдийг анх монголчууд бий болгосон гэж үздэг. Морь унахад тохиромжтой, хоёр шуумагтай өмд. Гэх мэт түүх яривал нэлээн юм бий. Бид яах аргагүй сайхан хувцаслах ёстой ард түмэн.

-Түүх гэхээр сонирхолгүй, уйтгартай, хөгшин хүн шиг мэдрэмж төрүүлдэг нь үнэн. Гэтэл та түүхийг тун ч сонирхолтойгоор тайлбарлалаа. Жишвэл хиппи стильтэй хээнцэр хүүхэн юм уу. Товчхондоо түүхийг залуу үед, нийтэд хүргэх аятай хувилбар жишээ болчихлоо. Та бол ихэд уншиж судалсан хиппи стильтэй залуу түүхч эр. Хэр оносон тодорхойлолт бол?

-Залуу нь ч юу юм. Түүхийн хувьд бол үнэхээр настайвтар, гунигтайдуу хүн шиг харагддаг хэлбэрт орсон байсан нь үнээн. Тийм байдалд оруулчихсан юм. Бидний монголчууд дэндүү баян түүхтэй улс. Тэрийг мартуулах гэж олон ч улс орон, олон ч түүхчид зүтгэсэн. Тэд ч зорилогдоо хүрч бид түүхээ мартаж эхэлсэн. Тэр ч бүү хэл ад шоо үзэж эхэлсэн. Өөрсдөө л өөрсдийгөө үгүйсгэж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл аливаа ард түмэн түүхээ л тулж өндийдөг юм. Казахуудыг хар, урт түүхтэй ард түмэн болгох гэж яаж элэг доог болж байна. Гэтэл бидний түүх юу вэ, дэлхийн түүх байж байдаг. Евроазийн аль ч ард түмэн түүхээ ярих гэхээр Монголыг л ярих хэрэгтэй болдог. Ийм түүх босгосон ард түмэн хаа ч байхгүй. Одоо бидний түүхчдийн зорилго бол  манай түүх бол омголон морины амыг хантайртал татаж, уурга барьж, уртын дуу уянгалуулсан идэрхэн эр гэдгийг харуулах явдал.

-Мэргэжил бүхэн сайхан гэдэг нь тэр мэргэжил дунд хайр сэтгэл шиг чангаагаад байдаг нэг л зүйл байдаг юм шигээ. Жишээ нь түүхийн маш олон салбар жим, он цагуудаас та аль үеийн түүхийг шимтэн судалдаг вэ?

-Гучаад оны хэлмэгдүүлэлтийн үеийн түүх. Их олон жил архивын салбарт ажилласантай маань холбоотой байх. Архив гэдэг тэр чигээрээ түүх. Дээд сургуульд багшилж байх үедээ гучаад оны их хэлмэгдүүлэлтийн үед тэр олон зуун лам нар яагаад номхон хонь шиг зогсож байгаад буудуулчихсан юм гэдэг асуулт сонирхол татаад. Ингэж л энэ сэдэв рүү их гүнзгий орсон доо.

-Яагаад үй олноороо буудуулсан юм бол? Асуултынхаа хариуг олсон байлгүй.

-Олсоон. Би энэ сэдвээр цол хамгаалж бас “ Яагаад 37 он?” гэдэг ном бичсэн.

-Хайртай түүхэн баатар чинь хэн бол?    

-Амар гуай. Анандын Амар Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдож ажилласан хүн. Жинхэнэ төрийн зүтгэлтэн, эх оронч энэ хүн бууны суманд оногдотлоо  эх орон, элгэн саднаа өмгөөлсөөр  дууссан хүн. Монгол төрийн зүтгэлтэн, ер нь монгол хүн Амар гуай шиг л байгаасай гэж боддог. 1934 онд “Монголын товч түүх” гэдэг ном бичсэн. Үүнийг монгол залуус бүгдээрээ уншаасай.  1912 оноос  Монгол төрд зүтгэж эхлээд, 1941 онд хэлмэгдэж, буудуулсан. “ Би Зөвлөлтийн ард түмэнд хайртай. Гэхдээ Зөвлөлтийн коммунист намд дургүй. Би монгол хүн байж яагаад Монголынхоо нутагт биш танай нутагт шүүхээр шийтгэгдэж, яллагдаж байгаа юм. Монгол хэрвээ тусгаар улс юм бол би Монголынхоо шүүхээр орох ёстой. Эндээс та бүхний Монголыг эзлэн түрэмгийлэх гэсэн бодол харагдаж байна” гэж хэлээд буудуулсан. Ёстой хугараагүй ноён нуруу, жинхэнэ хүн дээ. Манай их хурлын гишүүд  А.Амар сайдын зургийг өлгөөд, түүхийг нь уншаад сууж байгаасай. Бидний гишгэж яваа газар дор тусгаар тогтнолын төлөө, бидний төлөө эцэг дээдсийн урсгасан цус, тасарсан яс  байгаа гэдгийг л  үеийн үедээ бодож, сэхээрч явах ёстой. Хоёр их гүрний дунд оршиж байгаа цөөн хүн амтай, том түүхтэй ард түмэн учраас бүгд түүхээ мэдэж байх ёстой. Түүхээ мэддэг хүн эх орноосоо хэзээ ч урвадаггүй юм.

-Түүхийн буурал үед дэлхийн цээжинд мандан бадарчихаад дараа нь 200 орчим жил Манжийн дарлалд, үргэлжлүүлээд Оросын идеалист дарлалд дахиад далан жил оршиж, гэхдээ тусгаар тогтнолоо алдаагүй, нэг зуунд 2 удаа нийгмийн хувьсгал хийчихсэн өөр ард түмэн байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Монгол маань хүнээр бодвол их романтик, болчимгүй хэрнээ цог хийморьтой хүн юм уу. Та санал нийлэх үү?

-Баян хүчирхэг үедээ их том гэр  барьчихсан чинь  том толгойтой хүүхдүүд нь энд тэнд гал түлээд гэр нь шатчихсан, нэлээд нүнжигтэй, цог заль ихтэй, тэр болгон юманд гудайгаад байдаггүй эр хүн шиг юм биш үү, харин. Болчимгүй ч биш ээ. Галаас авч үлдсэн хэдээ гаргачихаад наймаа панз үсэргээд, энэ тэрүүгээр яваад, орон гэрээ тохижуулаад байнам бус уу. Харин хүүхдүүд нь жаахан дэл сулдуудуу, хүний үгэнд оромтгой, хоорондоо баахан эв муутай байх шиг.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Хамгийн дээд мэдрэмж амссан өөрөөр хэлбэл ширээний ном тань юу вэ?

-Над ширээний ном гэж байхгүй. Өдөр бүр хийдэг үндсэн ажил маань ном унших л байдаг учраас тэр биз. Саяхан харин “Борооноор уралдах урлаг” гэдэг Америкийн Гард Стэйн гэж хүний бичсэн ном уншсан. Миний найз, Д.Төрмөнхийн “Нохойн орон” киноноос санаа авч бичсэн ном гэдэг. Сэтгэхүйн роман, америкийн бестселлэр. Ганбино  Ганбат гэдэг орчуулагч  их гоё орчуулсан. Нохой үхээд дараа төрөлдөө хүн болдог гэсэн монгол философи “Нохойн орон”-д гардаг.  “Борооноор уралдах урлаг”-т Энцо гэдэг нохой дараа төрөлдөө бэлдэж, нэгэн гэр бүлийн амьдралыг ажиглаж, тэдний дэг жаягаар амьдарч байгаа маягаар бичигдсэн зохиол. Хүмүүсийн  амьдарлыг хараад  зарим үед  нохойн амьдрал нь хамаагүй дээр юм байна гэж бодно. Хүний амьдрал асар ээдрээтэй, бие биенээ хуурдаг, нэг нь дээшээ гарах гэж байхад доошоо чангаадаг зэрэг нь Энцод таалагддаггүй. Нэг уншчихад их зүгээр ном. Бас “Непко”-гийн гаргасан “Чойбалсан”-г уншсан. Их сайн бичигдсэн байна лээ. С.Баяр сайд, Баабар, Л.Мөнхбаатар, Ц.Гомбосүрэн гуай гээд хэдэн улс нийлж түүхэн  хүмүүсийн намтар түүхээр цуврал ном гаргах бүлэг байгуулсан юм билээ. Оросын “ЖЗЛ” маягийн юм уу даа. Бодоо, Чойбалсан, Нацагдорж, Батмөнх зэрэг хүмүүсийнх гарсан байна лээ. Баабар чинь их энгийн хэллэг, хэлбэрээр бичдэг. Уншихад сонирхолтой байлаа.

-Шашны талаарх бодлоо хуваалцаач?

-Би айхтар шашинлаг хүн биш. Бидний үеийнхэн бүгдээрээ шашингүй үеийн бүтээгдэхүүнүүд шүү дээ. Буддизмыг ойлгож ухаарах гэж оролддог. Амьдралын мөн чанарын тухай сургааль юм даа.  Одоо Алтангэрэл судрыг уншиж байна, зав чөлөөгөөрөө. Нэг дүү ламаар тайлбар хийлгэж уншдаг. Тэхгүй бол барахгүй юм билээ. Тэр чигээрээ гүн ухаан болохоор хэцүү. Ийм учраас л Буддизмын тархалт бага байдаг байх.

Хүн төрөлхтөн анх Буддын шашинтай учирсан юм. Буддын шашныг сайтар ойлгоогүй учраас дараагийн хялбаршуулсан шашин гаргаж ирсэн нь Христ. Үүнийг бас хангалттай төвшинд ойлгоогүй учраас Лалын шашныг гаргаж ирсэн гэж дөхөмчилбөл яаж байна, танин мэдэхүйн талаас нь. 

Ер нь шашны номлол бүгд адилхан хүнийг ухааруулж гэгээрүүлэх бас дээр нь номхон амгалан байлгах. Бүх шашинд бурхан, чөтгөр, нүгэл, буяны тухай ойлголт нь адилхан. Манайд  шашин гэхээсээ илүү мухар сүсэг давамгайлж байна. Аль ч шашных ялгаагүй. Дээр нь монголчууд их прагматик хүмүүс. Бөө дээр оччихоод эсвэл ганданд очиж засал ном хийлгээд христийн сүмээр орж хоол идчихээд зул асаачихаад л яваад өгнө.  Явж явж амьжиргаа ядуу байгаатай холбоотой эд. Шүтэх нь гол биш, тайтгарал хайгаад л яваад байгаа хэрэг. Би хэзээ мөнгөтэй болох вэ гэж ламаас очиж асууна. Нөгөө Сарандаваа тэргүүтэн нь түрийвчээр даллаад мөнгө гуйна. Арга ядсан хүний л ажил юм даа. Хүн арга ядахаараа мухар сүсэгт автдаг. Ажил хийгээд мөнгө олох ёстой атал ажил нь олдохгүй байна. Ингээд эцсийн зам нь мэргэн хүн дээр очдог.

-Та амьдралынхаа аль хэсэгт илүү хайртай вэ?

-Ээжтэйгээ байсан үедээ.

-Та юуны фанат вэ?

-Залуудаа зөвлөлтийн хоккейн багийн галзуу фанат байлаа. Одоо ч тэдний тоглолт нүдэнд харагддаг. Дэндүү тасархай байсан.

-Хүний үнэт зүйл юу юм? Нийгмийн төгс байдал гэж юу вэ?

-Өргөн утгаараа бол тусгаар орших эх орон, түүх хэл, зан заншил, уламжлалт соёл. Махан бодийн хувьд   бол төрүүлж өсгөсөн бол эцэг, эх, нэр төр. Төгс нийгэм гэж байхгүй. Тэхлээр төгс байдал гэж байхгүй. Ер нь төгс юм гэж байхгүй, хэрвээ байлга гэж хэлбэл төрөх, үхэх хоёр л байх даа.  

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл /дугаар 57/

Ярилцсан М.Уранчимэг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (28)

  • Abou
    Бурханыг магтана уу, Би бол Абу Эл Мэгэ нэрээр нэрлэв. Би энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Бүх зээлдэгчдэд хаана ч гэсэн маш болгоомжтой байхыг анхааруулъя. Хэдэн сарын дараа би санхүүгийн бэрхшээлд орж, цөхрөлтэй байдлаас болоод хэд хэдэн зээлдүүлэгчид онлайнаар залилан мэхэлсэн. Найз маань намайг Алже Мүүр зээлийн компанийг маш найдвартай зээлдүүлэгч гэж нэрлэснийхээ дараа 10000 хүний суудалтай 100 мянган дампингийн зээлийг ямар ч стресст оруулалгүй зээлдүүлэх хүртэл найдвараа алдсан. Хэрэв та ямар нэгэн зээлийн хэрэгцээтэй байгаа бол одоо тэртэйгээ холбоо барина уу aldenmooresloanfirmgmail.com Энэ зээлийг бүх зээлдүүлэгчдэд мэдэгдэх зорилгоор ашигладаг. Эдгээр залилан зээлдүүлэгчид Аллах биднийг мөн тийм төлөөлөгчийг шагнана.
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • ocean
    Та зээл хэрэгтэй юу? Тийм Холбоо барих далайн Санхүү, Барьцаа том, жижиг зээл хэмжээний ® хязгаарлагдмал бол. Бид 2 хүүтэй зээл өгч байна. и-мэйлээр бидэнд өнөөдөр Холбоо барих oceanloanfirmpostribe.com.We ч гарах мянган фунт 100,000,000 £ хувь хүн, компаниудад зуун сая фунт стерлинг 5000 £ зээл олгож, зээлийн угсаа бүхий л нээлттэй байна. Тийм бол и-мэйлээр Холбоо барих oceanloanfirmpostribe.com
    2016 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Сайхан ярилцлага байна амжилт хүсье
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Индивидуаль гэж бичихгvй. Ь-гvй бичдэг юм, Индивидуал. Долигонуур аяс харагдаж бна.
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Индивидуаль гэж бичихгvй. Ь-гvй бичдэг юм, Индивидуал. Долигонуур аяс харагдаж бна.
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Индивидуаль гэж бичихгvй. Ь-гvй бичдэг юм, Индивидуал. Долигонуур аяс харагдаж бна.
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Чимид
    Индивидуаль гэж бичихгvй ээ, индивидуал ь байхгvй . Долигоносон шинжтэй магтаал урсгах онцгvй байдаг юм шvv, cэтгvvлч ээ.
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Д.Oлзийбаатарын Монголчууд цахим туухийг сонсоорой. Улгэр сонсож байгаа юм шиг гайхаишигтай
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Хотын соел нээрээ анхаарал хандуулах асуудал болжээ. Жаахан шахалтын аргаар vзэх нь зев. Маш сайхан мэдээллvvд егсен байна. Сайхан зев бодолтой их ухаалаг хvн байна. Ийм олон олон хvн манайд байгаа шvv. Тэднээсээ юм сонсож байх хэрэгтэй юм. СэтгVvЛчд их баярлалаа, сайхан ч асууж. Амжилт хvсье.
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин
    SOYOL, TER TUSMAA HOTIIN SOYOLIIG HEVSHUULEHED HATUU CHANGA DEG JURAM, HUULI, BUR UDUR BURIIN HATUU HYANALT CH HEREGTEI. tEGEHGUI BOL ENE BUDUULEG GARUUDIIG SOYOLJIHIIG HULEEJ BAIH ZUUR HOT MAANI YALZARCH GUITSLEE. GEGEEN TSAGAAN UDRUUD IH DELGUURIIN URD BUGSUU GARGAAD SHEEJ BAIGAA EMEGTEI, AILIIN ORTSOND BAAJ BAIGAA BUDUULEG AMITASIIG URUVDUJ HAIRLAADM HUN BOLOHIIG NI HULEEGEED, TSAGAA BOLOHOOR UHAARNA, SOYOLJINO GEVEL BIDNII HEDEN YEIIN NAS HUREHGUI NI, JORLOND, HOGIIN SAVAND AMIDARCH BAISAAR HEDEN JILIIN ZOVLON TUULJ BN DAA. SINGAPORE ULS YAAJ HUGJSUNIIG BUGD GAIHAN SHAGSHIJ BN. TEND HAMGIIN GOL HATUU CHAND DEG JURAM TOGTOOSNOOS L EHELSEN SHUU DEE. ARDCHILAL HUNII ERH ERH CHULUUT NIIGEM GEDGIIG SHAL BURUUGAAR OILGOSON BAAHAN MALAAS DOR YUMNUUDIIG SHUUD L HATUU JURAMD ORUULJ SHAHAHAAS UUR ARGA BAIHGUI EE.
    2015 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин
    мааш гоё ярилцлага байна. яасан ч их мэдлэгтэй яасан ч гоё ярьдын.ийм хүнээр 76д лекц уншуулж, зөвлөгөө өгүүлэхсэн
    2015 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин
    mash ih taalagdlaa engiin.iim humuus l olon bgaasai uzel bodoldoo unech nuruutai shn yariltslag bna.
    2015 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин
    aimshigtai yumaa yaj ter lyumpenguudees salah ve
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Сайхан ярилцлага байна. Цаашдын ажилд тань амжилт хүсье.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Irgen
    Ёстой мундаг гайхамшигтай түүхч, мундаг хүн юмаа. Ийм мундаг хүмүүс л монголыг авч явнадаа. хань нь бас их сайхан эмэгтэй байна, бүх зүйлийнх нь ард байдаг байх. танай гэр бүлд амжилт хүсье!
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Сайхан ярилцлагыг уншлаа таатай байлаа,Мөн ярилцлага авсан сэтгүүлчид баярлалаа,Ямартай ч ийм ярилцлаг уншмаар байдаг шүү дээ,
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Гое ярилцлага байна.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Zochin
    Mash saixan yariltslaga bna. Mundag xun shuu mongolchuud tsaxim tuux mash saixan buteel amjilt xusie
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • алтмаа гуайд
    Сайн уншаач Цогзолмаа гуайг соёл иргэний жишээ гэж байна. Монголд Элит байхгүй гэж байна. Монголоороо ч зөв ойлгож чадахгүй байж шүүмжлэх санаатай.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • алтмаа
    Бялдууч гэдэг нь, чааваас. Цогзолмаа авгайнх элит юм байх. Тэгвэл нөгөө элит цогзолмаа 15 -р хороололд ээжийн музей барина гэж тэр хавийн иргэдийг хуурч газар авчихаад зочид буудал барьчихсан нь одоо Жуковын музейн хойно дүнхийж байгаа шүү. Энэ талаар хүмүүс ярьж гайхширдаг юм. Түүхчид гэж уран сайхны сэтгэлгээтэй бялдуучид байдаг байхаа. Бялдууч хүн, ай муухай даа, өлзийбаатараа.
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Бадамжунайн авлиагаар олсон мөнгөөр л люмпенг дээрээс харах хэмжээний болсон шүү дээ өөрөө. Люмпенг зөвхөн байр сууж, мөнгөөр илэрхийлж байга бол өчүүхэн л байна даа Өлзийбаатар минь
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Сайхан ярилцлага байна. Ийм уншууртай өгөөжтэй ярилцлага уншаагүй уджээ. Зөв хүнээ олж ярилцсан сурвалжлагчдаа баярлалаа.Ажлын амжилт хүсье
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • zochin
    iiml humuus mongoliig avch yavah estoi
    2015 оны 05 сарын 03 | Хариулах
  • mgl
    wow.cool.mash saihan yariltslaga bna.oird iim saihan uhaantai hunii yariltslaga unshsangui,thanks so much.
    2015 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Хотын соёлыг заавал төр гээд байлтгүй хотын уугуул иргэд л түгээх ёстой. Одоо энэ орцонд тамхи татах, айлын цонхон дээрээс юм шидлэх, асгах, шөнө оройн цагаар айлын дээрээс шуугилдах, хүчтэй дуу чимээ гаргах, орцондоо хогоо хаях г.м өдөр тутам тааралдаж байгаа соёлгүй байдлуудад шаардлага тавиад эхлэвэл цэгцрэх болов уу гэж бодохийн. Би ч орцондоо нэг айлтай үзэлцээд л байгаа.
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • mgl
    uneheer goe yariltslaga bna yu ch gui hun yug ch hairladaggui gej mash zuv helsen
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • Amazing
    Iim mundag Hun bidnii hajuud amidarch bgaa n yamai daa.Tanii tsaashdiin ajild amjilt husii.
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • zochin
    Okk okk
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025