Дэлхийг байлдан дагуулж буй “Чонон сүлд” киног бид эх орондоо, дэргэдээс нь үзэж буй. Энэхүү нэр төртэй эрхэм үйлсийг ажил хэрэг болгоход орчуулагч Д.Болдбаатар чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. “Чонон сүлд” романыг эх хэлнээ хөрвүүлснээс гадна түүний “Гэгээ паблишинг” компани киног монголчуудад хүргэх гэрээ хэлцлийг хийсэн. Бид түүнтэй энэхүү нөр их ажлын талаар болон гадаад хэл сонирхон судалж буй залууст хүртээмжтэй зарим асуудлын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Түүний онцолсноор та хичээлээ л таслахгүй тууштай суралцах юм бол ердөө хоёроос гурван сарын дотор Хятад хэл дээр роман унших нь байна шүү.

-“Чонон сүлд” кино манайд гараад дуулиантай байна. Ном нь монгол хэлээр хэвлэгдэн гарахад ч сайн муу их хэлүүлсэн. Энэ зохиолын юу нь ингэж их уншигч үзэгчдийг талцуулаад байгаа юм бол?
-Манайд харин ч гайгүй. Хятад улсдаа маш их маргаан мэтгэлцээн дагуулж байгааг манай дийлэнх уншигч тэр болгон мэдэхгүй болов уу. Мэдээжийн хэрэг Күнзийн суртлыг үгүйсгэсэн, хятадын соёлыг муушааж нүүдэлчдийн соёлын үнэ цэнийг дөвийлгөсөн гэдэг утгаар их Хан үндэстний үндсэрхэг үзэлтнүүд «Чонон сүлд» роман төдийгүй зохиолч Зян Рун руу маш их дайрч давшилж байгаа. Би Зян Рунтай хоёр удаа уулзсан. Хэдийгээр янз бүрийн хэл ам, иш мухаргүй шүүмжлэл их байгаа ч гэсэн жирийн уншигчид түүний бүтээлийг маш их талархалтай хүлээн авч байна. Багцаалж үзвэл түүний бүтээлийг дэмжигсдийн тоо 90 гаруй хувьтай байгаа бол үлдсэн цөөн хувь нь үгүйсгэсэн, шүүмжилсэн талынхан байгаа хэмээн тэр үед ярьж байсан. Манайд ч гэсэн дээрхи хувь, хэмжээний харьцаа ойролцоо байгаа гэдэгт би итгэлтэй байна. Энд тэнд явж байхад «Чонон сүлд» романыг уншсан эгэл жирийн хүмүүс их талархалтай хандан өөрсдөдөө төрсөн эерэг сэтгэгдлийг ярьж байх нь олонтаа. Ер нь тэгтлээ айхтар талцаж мэтгэлцээд байхаар зохиол биш шүү дээ. Гол санаа нь монголчууд эртнээс байгаль дэлхийтэйгээ нягт зохицон амьдарч ирсэн гайхамшигтай агаад давтагдашгүй нандин уламжлалыг гадаадын хүний нүдээр гярхай ажиглаж бичсэнд байгаа гэж би хувьдаа үздэг. Олонхи уншигч надтай ижил санаа бодолтой байдаг нь ч ажиглагддаг.

-Та киноны нээлтэн дээр бид газар нутгаа биш оюун ухаанаа онгичвол их зүйл бүтээж болох тухай хэлсэн. Энэ санаагаа дахин бидэнд дэлгэрүүлэн хэлж өгнөүү? Хүмүүс их сайхан хүлээж авсан.
-Би уг киног монголд оруулж ирэх ажлыг биечлэн удирдсан хүний хувьд Хятад болон бусад гадаад орнуудад киног хэрхэн хүлээж авч байгаа талаар өдөр болгон тодорхой мэдээлэлтэй байдаг. Тэгээд киноны нээлтэн дээр үг хэлэхдээ “Манайхан Ноён уул, Гацууртын орд газрын алтны үндсэн ордыг тав, арван жил ухаж төнхөөд 200 сая доллар олох тухай маргалдаад байдаг. Гэтэл Монгол жүжигчний тоглосон Монголын сэдэвтэй «Чонон сүлд» кино арваадхан хоногийн хугацаанд дээрх мөнгөний талыг өлхөн хийчихэж байна. Бид уул уурхайн баялгаа ч учиртай ухаж төнхөцгөөе. Бас оюун соёлын баялгаа ч уудлан гаргацгаавал ямар вэ? Яагаад гэвэл соёлын үйлдвэрлэл гэдэг цоо шинэ салбар эрч хүчээ аваад эхэллээ гэсэн утгаар хэлсэн юм.
-Монгол сургууль байгуулах тухай санал чинь олон хүнийн талархлыг хүлээж байгаа. Энэ бол бас л таны санаачилж байгаа сайхан ажлуудын нэг.
-Би төр засаг, түмэн олныхоо буянаар нэлээд олон газар орноор явж үзсэн. Эргээд бодоход манайхан шиг улстөрждөг үндэстэн цөөхөн болов уу. Ер нь хөгжлийн зөв голдирлоо олоод явчихсан улс орнуудад айхтар улстөржөөд байдаг үзэгдэл бага байдаг юм шиг. Би сүүлийн үед цахим ертөнц, тэр дундаа фэйсбүүкт нэлээд идэвхитэй бичлэг оруулдаг болсон. Фэйсбүүкт «Би Монгол сургууль байгуулахыг мөрөөддөг» гэсэн бичлэг оруулсан нь маш олон хүний загатнасан газар маажсан бололтой. Гол санаа нь манай улсад Америк, Англи, Орос, Хятад, Япон, Солонгос, Турк, Энэтхэг гэхчлэн гадаад улсаас байхгүй сургууль гэж бараг алга аа. Харин ганц л сургууль алга байна. Тэр нь Монгол сургууль юм. Цөмөөрөө хамтраад Монгол сургуулийг байгуулцгаая. Түүнээс төрөн гарсан хүмүүс Монгол төрийн түшиг тулгуур болоосой гэсэн санааг оруулсан юм. Би эхэнд манайхан хэт улстөрждөг тухай хэлсэн нь санамсаргүй хэрэг биш. Ард иргэдээ улс төржүүлөн талцуулж байхын оронд тэдний анхаарлыг Монгол сургууль, соёлын үйлдвэрлэл зэрэг улс оронд ашиг тустай зүйл рүү хандуулж байвал ямар вэ? Хамгийн гол нь энэ чухал санал, санаачлагыг бодит ажил болгон хэрэгжүүлэх нь чухал юм шүү гэдгийг онцлох гэсэн хэрэг.

-Монголчууд Хятад хэл сурах хандлага нэмэгдэж байна. Хөрш орныхоо энэ адармаатай хэлийг сурах ач холбогдлыг та юу гэж боддог вэ?
-Америкийн Төрийн департментын нэгэн судалгааны байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар дэлхийн сурахад хэцүү 10 хэлний жагсаалтын эхэнд Хятад хэл орсон байсан. Манай хүүхэд, залуус энэ хэцүү хэлийг маш сайн сурч байгаа нь Монгол хүний тархины чадавхи арай өөр гэдэгтэй холбоотой байж ч мэднэ. Хятад улсад 8000 гаруй оюутан хувь “хувьсгал “-ын шугамаар суралцаж байна. Харин дотоодод нь хятад хэл суралцагсдын тоо 12 мянга байдаг юм гэдэг. Энэ тоо баримтыг дурдахаар манай зарим цээжээ дэлдэгч нар хятадад уусах нь гэж орилолдож мэдэх юм. Би үүнтэй холбогдуулаад нэгэн сонирхолтой үйл явдлын тухай товч дурдья л даа.
2005 онд АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч асан Буш Америкийн 20 том их сургуулийн ректоруудыг хүлээн авч уулзаад “Гадаад хэлээр дамжуулан үндэсний аюулгүй байдлаа хамгаалцгаая” сэдэвтэй нэлээд урт үг хэлсэн юм. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд иймэрхүү ач холбогдолтой сэдвийг цаг тухай бүрт нь алдалгүй дамжуулах тал дээр дэндүү хойрго байдаг л даа. Түүний хэлсэн үгэнд нэг анхаарал татмаар зүйл юу байсан гэхээр “Америкийн гол өрсөлдөгч болон тодроод байгаа Хятад улсад 130 сая хүн англи хэлийг эрчимтэй судлаж байхад АНУ-д хятад хэлний мэргэжлийн дипломтой орчуулагч, судлаач нар дөнгөж 2000 хүрэхтэй үгүйтэй байна” хэмээн хэлсэн байдаг.

Ер нь орчин цагт улс орны хүчин чадлын гол хэмжүүр эдийн засгийн үзүүлэлт бус мэдээллийн багтаамж, түүнийг боловсруулах чадавхиар хэмжигддэг болох үе хаяанд тулж ирээд байна. Тийм болохоор зөвхөн хятад гэлтгүй дэлхийн хөгжингүй бусад орнуудын хэлийг илүү гүнзгий сурч судлах шаардлага тулгараад байгаа хэрэг. Аливаа гадаад хэлийг сурч судлах нь хүүхэд залуусын хувьд олдсон амьдралаа үр дүнтэй, аз жаргал дүүрэн сайхан өнгөрөөх боломж олгодог юм шүү гэж хэлье дээ.
-Та Англи, Япон, Хятад зэрэг олон хэл эзэмшсэн хүн. Гадаад хэл сурах давалгаа өрнөж байгаа энэ үед хүүхэд залуустаа хандан юу гэж хэлэх вэ?
-Та гадаад хэлийг суралцах арга барилын талаар илүү түлхүү яриулах сонирхолтой байх шиг байна. Гадаад хэл заах аргын гол үндэс нь суралцагчийн сэтгэлзүйг хэр зэрэг зохистой бэлдэж чадсан эсэхэд байх шиг байдаг. Би нэлээд олон жил багшилсан туршлагаа эргээд харж байхад суралцагсдад сэтгэлзүйн зөв хандлагыг бий болгож чадвал цаашдаа сурах үйл явц илт хөнгөрөөд явчихдаг нь тодорхой болсон. Үүнийг үлгэрлэн хэлвээс суурийг нь бат сайн тавьж чадах юм бол өндөр сүрлэг барилга цогцлоож болдогтой адил юм. Би таван настай хүүхдүүдийг хятад хэлний дөртэй болгож байна. Таслахгүй, хичээл зүтгэлтэй сураад байгаа хүмүүс оройн ангид хоёр гурван сар сураад хятад хэл дээр роман уншдаг болж байна гэж би фэйсбүүкээрээ чамгүй их ярьж, бичдэг. Тэр бүхний цаана дээр дурдсан сэтгэлзүйн зөв хандлагыг тогтоох, зөв хандлагатай хүмүүсийг олж таних асуудал оршиж байгаа юм шүү. Хэрвээ хятад хэлийг сайн сурчих юм бол япон солонгос хэлийг сурахад маш хялбар дөхөм болно. Эдгээр гурван хэлний дөртэй чоно уная уу, чулуу хазая уу хэмээн аагаа багтааж ядсан залуу хүний хувьд англи, орос хэл сурах гэдэг ёстой нөгөө хүйтэн цай залгилж, зайдан моринд мордох лугаа адил амархан хэрэг байж таарна буй за.

-Та орчуулах зохиол бүтээлийн сонголтоо хэрхэн хийдэг вэ? Ач холбогдол үр шимээр нь сонгодог болов уу? Нийтдээ хэдэн ном орчуулаад байна. Бас кино?
-Би “Кино орчуулгын уран чадварын асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалах үеэр тооцож үзэхэд 1200 гаруй анги кино орчуулсан байсан. Түүнээс хойш “Гаадаа Мээрэн”, “Тэнгэрийн луугийн найман аймаг” зэрэг киног нэмэх юм бол одоо өлхөн 1300 анги кино болсон байх аа. Урд нь толь бичиг, сурах бичиг түлхүү хийдэг байснаа сүүлийн үед уран зохиолын орчуулгын төрөл рүү оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр нэлээд шамдуухан ажиллаж байна. Өнөөдөрхөн орчуулж хэвлүүлсэн номынхоо тоог гаргаж үзэхэд 30 дөхсөн байдаг шүү. “Чонон сүлд” роман хэвлэгдэн гарсаны 10 жилийн ойд зориулан гаргасан шинэ хувилбар маань борлуулалт маш сайтай байгаа нь “Чонон сүлд” киноны дуулиан шуугиантай холбоо бүхий байж ч мэднэ. Хятадад л гэхэд сүүлийн үед “Чонон сүлд” романы борлуулалт 20 дахин нэмэгдсэн тухай би өнөөдөрхөн хэвлэл дээрээс уншиж байлаа. Орчуулах бүтээлийн сонголтын тухайд би ярилцлагадаа дурдах дуртай нэг үгээ дахин давтмаар байна. Тэр юу хэмээвээс орчуулагч хүн орчуулах сайн бүтээлийн эрэлд хатаж явна гэдэг тэнэг хэрэг. Учир нь тийм сайн бүтээлийг туурвих гээд дэлхий нийтээрээ толгойгоо гашилгаж байна. Харин түүний үр шим болсон сайн бүтээлүүдийг л чанартай сайн орчуулах нь орчуулагчийн үндсэн үүрэг юм даа.
-Та хүнийг хүн байх талаас нь их сайхан бичвэрүүд хүргэдэг нь олны таашаалд ихэд нийцэж буй. “Титэм үг” гэдэг шиг л ёстой брэнд болж байна шүү.
- Би багш хүний хувьд оюутан сурагчдадаа ярьж хэлдэг зүйлсээ жаахан цэгцлэж янзлаад фэйсбүүк дээрээ тавьдаг хэрэг л дээ. Аливаа эрдэм мэдлэгийг сайн сурах, чанартай уран бүтээл туурвихын цаад үндэс нь явж явж заавал хүн чанарын дэвсгэр дээр бүтэж бүрэлддэг болохоор миний шинэ оюутнуудад хэлж ярьдаг зүйлс голчлон энэ зүг рүү чиглэдэг нь санамсаргүй хэрэг биш юм. Би өнгөрсөн найман сарын сүүлчээс эхлэн бичсэн фэйсбүүкийн бичлэгүүдээ цэгцлэж янзлаад “Монгол ухааны жимээр бэдрэхүй” ном гаргасан маань сүүлийн үед уншигчдын талархал хүлээсэн бүтээл болсонд уран бүтээлчийн хувьд их баяртай явдаг.

-Та цахим сүлжээнд байгаа нь уншигчид, шавь нартайгаа ойр байх боломжийг нээж өгсөн. Харин цахим сүлжээний ач тус, хор холбогдлын талаар цөөн хэдэн үг хэлэхгүй юу?
-Даяарших үйл явцын нэгэн хаялга болох цахим ертөнц гэдэг бол хоёр иртэй хутга юм. Хутгаар ногоо хэрчиж болно. Буруу харьцах юм бол хуруугаа зүсэх нигууртайг бас санаж явахад илүүдэхгүй. Тийм болохоор хуруугаа битгий исгээрэй. Харин ногоогоо сайхан зүсэж амттай хоол хийж идэж байгаарай гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл зөв зүйтэй, оновчтой ашиглаж чадвал цахим ертөнц хэмээх хязгааргүй уудам орон зайд хязгааргүй их мэдлэг мэдээлэл түгж байгаа шүү. Түүнээс хэрэгтэй зүйлсээ шүүрдэн авч чадах нь ухаант хүмүүний ёс болой хэмээн сануулах нь бараг илүүц буй за.
Танд баярлалаа. Амжилт хүсье!
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)