Түүх болгон эхлэлтэй, харин төгсгөл сайхан, аз жаргалтай байх эсэхийг түүхийг хөтлөгчид шийддэг билээ. Хаврын налгар сайхан өдөр бид нэгэн цэцэрлэгийг зорив. “Хүүхдүүд маань өглөөгүүр их тайван бус, өдөр яг сайхан тайвшраад хөөрхөн байдаг юм. Өдрийн 13 цагаас унтлагын цаг тул тэрнээс өмнө ирээрэй” гэж сануулсан тул өглөөний цайны дараа, өдрийн хоолны өмнөхөн болзсон цагтаа хоцрохгүйг хичээв. Ингэж л бид уулзсан.

Багш нар хичээл, сургалтандаа бэлдэн өөрсдийгөө боловсруулж тун нухацтай судалж сууна.
Аутизмтай хүүхдүүдийн ээжүүд сургалтанд хамрагдаж байна. Тэд сурсан мэдсэнээ бусад эцэг эхчүүддээ хуваалцан, хөдөө орон нутагт ч хүргэхийг хичээдэг.

Тоглоомын цаг: Тэдний сэтгэхүйд тохирсон, үеийн жаалуудынх нь тоглодог тоглоом ч мөн бий.

Алжаал тайлах унтлагын цаг: Бүх хүүхдүүд өдөр болгон хайртай цэцэрлэгтээ ирж чаддаггүй. Тэд найзуудыгаа санадаг бололтой, унтахгүй хөрвөөх ч удалгүй найзуудаа зүүдлэн нойрсох болно.

Тус цэцэрлэгт Герман, Хятад, Солонгос улсаас мэргэжлийн багш нар урилгаар ирж ажилладаг. Хятад улсын мэргэжлийн багш Wei – ping Chen-тэй хэл нэвтрэлцэхгүй ч гэсэн хүүхдүүд тун элгэмсүү ханддаг юм билээ.

Өөрсдийн хөрөнгөөр энэхүү цэцэрлэг, сургалтаа ажиллуулж байгаа Ё.Баяраа, Л.Нямгэрэл түүний том охин Б.Үүлэнсолонго нарт эцэг эхчүүд үргэлж талархал илэрхийлдэг./

Аутизм гэдэг нь маш товчхондоо энгийн үгээр хэлбэл нийгмээс өөрийгөө тусгаарлах эмгэг юм. Аутизмын тухай анх 200 гаруй жилийн өмнө эрдэм шинжилгээний ном зохиолд бичиж, 60 гаруй жилийн өмнөөс орчин цагийн оношлогооны шалгуур үзүүлэлтүүдийн талаар нийтлэгдсэн боловч одоог хүртэл биологийн шинжилгээ хийх боломжгүй, зөвхөн зан төлвөөр нь л оношилж байна.
Бодит жишээ гэвэл, сүүлийн 100 жилийн түүхэнд гарсан 100 шилдэг киноны 71-д жагссан “Форест Гамп” кино аутизмтай хүний амьдрал, намтар юм.
Гампын “Ээж маань амьдрал яг л шоколадны хайрцаг шиг гэж үргэлж хэлдэг байсан. Чи түүнийг задлахаасаа өмнө дотор нь юу байгааг мэдэхгүй шүү дээ” хэмээх ишлэл нь шилдэг кино ишлэлүүдийн 40-д жагссан билээ. Энэ төрлийн хүмүүс нь хүсэл сонирхлын хувьд хязгаарлагдмал, нэг зан үйлээ олон дахин давтдаг, хэл ярианы хөгжил муу, заримд нь огт үгүй, ганцаардмал зэрэг ерөнхий зан төлөвтэй. Харин манай улсад шинэ тутам зүйл. Дөрөвдүгээр сар Аутизмын сар тул бид тэдний ертөнцийг уншигчдад хүргэхийг зорилоо.

“Кашмер хаус”-ын Л.Нямгэрэл хэмээх энэ хөдөлмөрч хатагтайг танихгүй хүн ховор байх. Амьдралын хуудсууд эргэхдээ янз бүрийн л саад, аз одыг харуулдагчлан түүнд нэгэн гэнэтийн бэлэг бэлдсэн байж.
Том охин Б.Үүлэнсолонго нь орчин цагийн гүнж нарын эгнээнд алхаж яваа боловсролтой, даруухан нэгэн. Харин энэ айлын бага хүү Б.Анандад Аутизмын шинж тэмдэг илэрчээ. Энэ хорвоод эрүүл байх, үр хүүхэд цовоо сэргэлэн өсөж торних шиг сайхан зүйл ээж хүнд үгүй. Эдний гэр бүл амьдралын илгээсэн сорилтыг эергээр хүлээж авчээ. Тэдэнд ингэх гарцаагүй шалтгаан байв. Энэ төрлийн оноштой олон, олон хүүхдэд гар сунган туслах тэнгэрийн элч нь тэд болох учиртай байж. Чөлөөт цаг, залуу насыг хөгжил хөөртэй өнгөрүүлэх, хааяахан болзоонд зогсох, найз нөхөдтэйгөө зугаалах хором бүрээ хойш тавин ээждээ, дүүгийнхээ ижил оноштой хүүхдүүдэд туслахад Б.Үүлэнсолонго охин нь ихэд хүчин чармайлт гаргана. Аутизмтай хүүхдүүдтэй мэргэжлийн сэтгэлзүйч ажиллах ёстой. Б.Үүлэнсолонго МУИС-ийг сэтгэлзүйч мэргэжлээр дүүргэсэн нь хувь тавилангийн тохиол гэлтэй.

Тэд ийн нэг л мэдэхэд гэр бүлээрээ хүмүүнлэгийн үйлст нэгдсэн байв. Сэтгэлийн дуудлага, бурханаас оноосон үүрэг даалгавар, энэ хорвоод ирсний утга учир гэж бодож хийж буй бол тэр хүмүүнлэгийн үйлс билээ. Бусдаас өөр, онцгой тавилантай төрсөн гэр бүлийн гишүүнээ олны өмнө ил зарлах амаргүй. Эх хүний, эгч хүний, аав хүний сэтгэлээр олон олон хүүхдэд тус хүргэх гэсэндээ тэд зоригтой алхам хийжээ. Бага хүү Б.Анандынхаа нэрийг оролцуулан тэд “Анд хүүхдүүд” сургалтын төвөө нээсэн нь энэ.
Хүүхдээ энэ цэцэрлэгт хамруулахын зэрэгцээ дотор нь ажиллаж, цалин авдаг ээж ч байсан. Хүүхдээ хайрласан ээж хүн бүрийн сэтгэл энэ бяцхан цэцэрлэгт шингэжээ. Эцэг эхчүүд үнэ төлбөргүй сургалтанд хамрагдан, бусаддаа сурсанаа хуваалцах боломжийг мөн олгосон байна. Жирийн Монгол ээжийн сэтгэлээс ургасан хүсэл хилийн дээс алхан “Анд хүүхдүүд”-ийн хамт олон ХБНГУ-ын Аутизмын холбоо, Солонгос улсын Сөүл хотын “Yonsey Severance” хүүхдийн сэтгэцийн эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа юм. Дөнгөж 2012 онд байгуулагдан 2014 оны есдүгээр сард үүд хаалгаа нээсэн гэхэд богино хугацаанд олон ажил амжуулжээ, тэд.
“Анд хүүхдүүд” хэмээх өнөр өтгөн гэр бүлийн түүх үргэлжлэн бичигдэж байна. Бусдын төлөө гэсэн чин сэтгэл, халуун хайр, гараа гаргаж хийсэн амтат хоол, эв найртай тоглох үе тэнгийн найзуудтай тэд үнэхээр азтай хүүхдүүд юм. Энэ төрлийн оноштой мөртлөө дэлхийд суу, алдраа гайхуулсан хүмүүсийн гайхалтай түүх ч олон бий. Магадгүй, “Анд хүүхдүүд” дунд ирээдүйд Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах агуу суутан хүмүүжиж байгаа ч юм билүү.
Ийм нэгэн түүхт гэр бүлээр зочлоод гарсандаа бид сэтгэл өег буцав. Сайхан мэдээтэй, сайн үйлстэй, илүү сайхан түүхтэй эргэн уулзацгаая, “Анд хүүхдүүд”-ийн нөхөд минь!



Аутизмтай хүүхдүүдийн ээжүүд сургалтанд хамрагдаж байгаа нь:
Эх сурвалж: www.grandnews.mn
Бэлтгэсэн У.Цахирмаа, Д.Цэгц
Сэтгэгдэл (10)