
Босго нь өндөр гэгддэг “Хувьсал” продакшнд сургуулиа дүүргээд удаагүй тэрбээр үндсэн жүжигчнээр орсон даруйдаа хоёр ч бүтээлийн дууг амилуулж, кино уран бүтээлийн гол дүрд тоглоод байгаа. Тэр бол Г.Бямбасүрэн. Харахад гэнэгүй сайхан инээх энэ охин ухаалаг хийгээд эвлэгхэн яриатай юм. Бидний сайн мэдэхээр тэр МN-25 дугаар суваг телевизийн “Дуэт&Дуэль” нэвтрүүлэгч дуучин П.Баярцэнгэлийн хамт оролцож ур чадвараа илэрхийлсэн билээ.
- Удахгүй нээлтээ хийх “Тооцоогүй тоглоом” уран сайхны кинонд гол дүрд тоглосноос гадна дууг нь амилуулжээ. Дэлгэцийн бүтээлд дүр бүтээх нь хүндрэлтэй санагдав уу?
- “Тооцоогүй тоглоом” уран сайхны кинонд Нинжин гэдэг охины дүр дээр ажилласан байгаа. Миний анхны киноны дүр. Надад их олон ухаарлыг өгч байгаа дүр. Дүрийн хувьд сэргэлэн цовоо ааштай, хайр дурлалынхаа төлөө олон адал явдлыг туулж, өөрийнхөөрөө ухаарч, алдаж эндэж яваа бүсгүй. Анх кино зохиол уншихад Нинжингийн дүр надад их таалагдаж, ерөнхий төрх нь бууж байсан бол бэлтгэл, уншлагад ороод эхлэнгүүт нэлээд ажиллах шаардлага үүссэн л дээ.
- Байдал төсөөлснөөс өөрөөр эргэж. Энэ бол уран бүтээлч хүмүүст элбэг төрдөг мэдрэмжүүдийн нэг байх, тийм үү?
- Ер нь бол тийм. Би өөрөө жүжигчин хүн хэдий ч дотоод байдлаараа дуугүй, чимээгүй зөөлөн зантай хүн. Гэтэл Нинжин надаас тэс өөр, юм юм руу үсчсэн галзуу охин байсан. Жүжигчин хүн тухайн дүрийнхээ зан байдал, гаднах төрхийг өөртөө нааж, дүр бий болгохын тулд ажилладаг. Яг тийм шугамаар л ажилласан.
- Жүжигчид дүрийн санаагаа амьдрал дээрх бодит хүнээс олж авсан гэж ярих нь бий. Өөрийн тань хувьд?
-Би тэр хүнээс л дүрийн санаагаа авсан гэж хэлж чадахгүй. Учир нь би маш олон хүнээс Нинжинтэй төстэй талуудыг нь түүж, дүрдээ оруулахыг хичээсэн. Жишээ нь, одооны зарим охидууд үнэхээр айхтар байдаг. Аая, өөрөө нээх том юм шиг/инээв/. Хайр дурлал, эрчүүдийн асуудал дээр эрэгтэйгээсээ илүү санаачлагатай, байдлыг гартаа авчихдаг, хүссэн эрийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байх гэх мэт.
- Кино зохиол, дүрүүдийн тухайд?
- “Хувьсал” продакшны жүжигчин /СТА/ А.Ганчимэг эгч маань зохиолыг нь бичсэн. Энэ бол хүмүүсийн мэдэхчлэн түүний хоёр дахь кино зохиол. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд бага залуу хүн хоёр ч кино зохиол биччихнэ гэдэг өөрөө том амжилт. Тэр талаас нь зөв үнэлж, ойлгоосой гэж хүсдэг. Дүрүүдийн хувьд Азийн топ модель О.Билгүүн, жүжигчин /СТА/ Б.Цэнгэлжаргал, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Чийгийгийн дүрээр хүмүүс мэдэх Ц.Мөнхболд бид дөрөв гол дүрүүдэд тоглосон байгаа.

- Г.Бямбасүрэнг дуучин юм уу, жүжигчин ч юм уу гэдгийг хүмүүс ялгадаггүй?
- Мэдээж миний мэргэжил бол жүжигчин. Гэхдээ дуучин болох сонирхолтой байснаа нуухгүй ээ. Бүр СУИС-ийн Эстрад болон дуурийн дуулаачийн ангид шалгалт ч өгч байлаа. Гэхдээ тэнцээгүй л дээ./инээв/ Хүний амьдрал их сонин. Нэг үйл явц үргэлж дараачийн ямар нэг үйл явдлын ивээс ч юм шиг. Яг тэр үед би анх/ МУСТА/ Ц.Батнайрнамдал багштайгаа танилцаж байсан. Тэгээд багшийгаа дагаад Сити дээд сургуульд мюзиклийн ангид суралцаж жүжигчин болох гараагаа эхэлсэн. Хатуу чанга, өндөр шаардлагатай багшийн гарт нухлуулж, маш нарийн зохион байгуулалттай сайхан сургуульд сурч дэлхийн нэрт мюзиклүүд дээр ажиллах боломж олдоод л. Тэр бүх зүйл одоогийн Бямбасүрэнгийн амьдралд маш их нөлөөлсөн.
-"Хувьсал"-д орсноор танд өгөөжтэй тал нь юу байсан бэ?
- Манай “Хувьсал” продакшны гол онцлог нь залуу уран бүтээлчдээ дэмжин, дан ганц жүжигчин гэлтгүйгээр дуулах, бүжиглэх өөр бусад авьяасыг нь хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Тийм ч учраас Урнаа эгч маань, хамт олон маань надад итгээд энэ киноны дууг дуулах саналыг тавьсан.Дууны маань аяыг МУСГЗ Л.Балхжавын ах , шүлгийг /СТА/ П.Одгэрэл эгч бичсэн. “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа ахтайгаа дуулсан. Надад олдож буй энэ бүх боломжуудыг талархан хүлээн авч, хүмүүсийн итгэл алдахааргүйгээр ажиллах юмсан гэж их хичээсэн. Яг үнэндээ анхныхаа дуулах дууг ийм мундаг хүмүүсийн ая үгээр, тийм олон гайхалтай хүмүүстэй хамтран дуулна гэж бодож байгаагүй.
- “Хайр” жүжгийн дууг өмнө нь одуудтай хамтран дуулсан. Яг тэр үед танд нэлээд айдастай байсан юм шиг надад санагдсан?
- Та их зөв мэдэрсэн байна. Нээрээ би тэр дууг дуулах үеэр их эмээсэн. Студид МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, МУСТА, дуучин С.Наран, Буриад Улсын ардын жүжигчин, МУСТА, Б.Амархүү нартай хамт хэний ч мэдэхгүй нэг охин хоолойн бичлэгт орохоор зогсож байна гэдэг их сүрдмээр. Хайр” жүжгийн дууг дуулах тухай сонссон өдөр миний амьдралын мартагдашгүй мөчүүдийн нэг. Энэ тухай яриа бүр анх намайг продакшндаа орох үеэс өмнөх түүхүүдтэй холбогддог. Би Сити дээд сургуулиа төгсөн, тэнд уран чадварын туслах багшаар ажиллаж нэг жилийг үдсэн. Энэ нь надад ирсэн сайхан боломж байсан л даа. Анх найзынхаа зөвлөснөөр "Хувьсал" продакшнд шалгуулж байсан. Тэгээд нэг л өдөр асгартлаа уйлсан даа. 2 дахь томоохон шалгалтандаа орлоо. Шалгуулсан бүх хүүхдүүдийг жагсааж зогсоож байгаад “За ингээд Г.Бямбасүрэнг “Хувьсал” продакшны үндсэн жүжигчнээр авлаа. Мөн “Хайр” жүжгийн дууг томоохон уран бүтээлчидтэй хамтран дуулах эрх олгож байна ” гэсэн. Би баярлахдаа түрүүний хэлдгээр асгартлаа уйлсан. Тиймээс л “Хайр” жүжгийн дуу надад дотно сайхан санагддаг.
-Анхны гараа байсан ч гэсэн та чаджээ?
- Тийм ээ. Чадахын тулд маш олон давтаж бэлдэж байгаад бичлэгтээ орсон. Олон дуулаад ирэхээр чангарсан булчингууд маань ч суларч, бие нэлээд тайвширч, төвлөрсөн. Ямар ч байсан өөрийнхөө чадах хэмжээнд дуундаа орж, амилуулахыг хичээсэн. Тэгээд хэтэрхий хичээчихээр хүний хамаг булчингууд чангарчихдаг ш дээ /инээв/. Ямар ч зүйлийг хийсэн хүний булчин сул чөлөөтэй байж л хүнээс сайн гүйцэтгэл гардаг биз дээ. Дээр нь С.Наран эгч намайг дуулахыг сонсоод, яг өөдөөс хараад зогсчихсныг хэлэх үү.

-Дараа нь “Зүрхээр наадагч”-ийн туслах найруулагчаар таныг ажиллуулсан. Продакшны энэ мэт шийдвэрүүд залуусаа их хурцалдаг бололтой?
- “Хувьсал”-д нэг ийм хууль үйлчилдэг. “Чи үүнийг хий ” гэсэн л бол тэр хүн гүйцэтгэнэ. Яагаад гэвэл найруулагч тухайн ажлыг чадна гэж бүрэн итгэсэн учраас л үүрэг оноож байгаа. Хувьсалд тэнцсэн хүн мөн л юм бол чадахгүй гэж хэлэх ямар ч эрх байхгүй. Бас муу хийж яав ч болохгүй. Тийм ч учраас “Зүрхээр наадагч” киноны туслах найруулагчаар ажиллах завшаанаар жүжигчидтэй хэрхэн тулж ажиллах, зураг авалтын цагт уран бүтээлчдээ бэлдэх гэхчлэнгээр маш олон ажилд үр суусан гэх үү дээ. Найруулагчийн баруун гарын үүргийг бүрэн биелүүлэхийн төлөө л зүтгэсэн /инээв/

- Уранчимэг эгчээсээ айна биз?
- Анх Урнаа эгчтэйгээ оюутан байхдаа УДЭТ-т дадлагат гарах үед үг солилцож, ойроос харах завшаан тохиож байлаа. Тэр үед мэдээж босго өндөртэй “Хувьсал” продакшны жүжигчин болно, Урнаа эгчтэй хамт ажиллана гэж зүүдлээ ч үгүй явсан. Шууд халдаж болдоггүй хүн байдаг даа. Манай Урнаа эгч тийм л үнэ цэнэтэй хүн. Одоо ч гэсэн тэр мэдрэмж хэвээрээ л байна. Би гурван эгчийгээ их үнэ цэнэтэй хүмүүс л гэнэ. Бид цаг үргэлж захирал, эгч гэсэн эрэмбэд баригдалгүй чөлөөтэй харилцаатай байдаг.
- Уран бүтээл бүтэх явцад сайн муу үг олныг сонсон, хатуужиж, урамшиж, зоригжож байж ард нь гардаг. МУГЖ У.Уранчимэгээс авч байсан хамгийн том урмын үг?
-Яг үнэндээ Урнаа эгч нэг их магтаад байдаггүй. Биднийг хийж буй зүйлдээ чин сэтгэлээ гаргаж, ажлаа сайн хийж байвал зүгээр л үйлдлээрээ урамшуулдаг нь илүү хүчтэй нөлөөлдөг. Нэг удаа би дуулсныхаа дараа дотроо нэлээд айдастай зогсож байтал Урнаа эгч “Манай Бямбаа гоё дуулдаг шүү” гэж хэлсэн. Надад тэр үг ямар их урам өгсөн гэж санана. Магадгүй би тэр үгийг сонсож, урам авсан болохоор л өнөөдөр хоёр ч дууны ард гарсан байх.

- Бямбасүрэнг урлагийн хүн болоход ээж аав нь ямар байдлаар хүлээж авдаг бэ?
- Манай ээж аав намайг зүгээр л хүсэл эрмэлзлээр минь байлгаж сургасан. Аав маань цэргийн улс төрч мэргэжилтэй, харин ээж маань эмч хүн. Би багаасаа дуулж бүжиглэдэг байсан болохоор ээж аав минь урлагийн хүн болно гэсэн итгэлтэй байсан. Одоо “Миний охин юу болж байна. Ээж аавынх нь туслах юм байна уу?” гэж асуудаг. Нээрээ би нэг нууц задалъя. Манай дүү сая “Тооцоогүй тоглоом” уран сайхны кинонд миний багын дүрд тоглосон. Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид сурдаг болохоор урлагт хайртай гэж жигтэйхэн. Киноны трэйллер, клип үзээд бөөн баяр байна лээ.
- Залуу хүний хувиар болзоонд явж байна уу?
- Явна аа. Гэхдээ олон биш. Залуу хүн учраас шохоорхоно, таалагдвал эргэж харна. /инээв/
- Найз залуутай болсон уу. Ирээдүйн ханьдаа ямар босго тавьж байна?
-Охидыг хараад байхад нэг залуутай үерхэнгүүтээ гэр орноороо оруулж, удаа ч үгүй түүнээсээ больж, өөр нэгэнтэй нь үерхдэг. Тэр залуу бас л аав ээж дээр нь удахгүй очно. Тэгээд цаашдаа яагаа ч билээ. Би энэ асуудал дээр тогтсон хатуу бодолтой. Жаахан хуучинсаг үзэлтэй гэх үү дээ. Үнэхээр би энэ хүнтэй л ханилна сууна гэж бодсон залуугаа л аав ээждээ танилцуулна. Би тэр хүнийг ах дүү, аав ээжийнхээ хүрээлэлд үнэ хүндтэй байлгах ёстой биз дээ. Тэр хүн миний хүрээллийн улсуудад хайрлагдаж, хүндлэгдэх ёстой. Ойрын хугацаанд энэ асуудлыг хойш тавьж байгаа. Би өөрийгөө урлагаас тэр дундаа “Хувьсал” продакшнаас салгаж бодохгүй байгаа. Манай Ц.Батнайрнамдал багш биднийг бүр оюутан байхаас өгсүүлээд “Урлагийн хүнд гэр бүл ямагт хоёрдугаар асуудал нь болдог. Нэг чиг шугмаа барьж явж л амжилтанд хүрнэ. Яарах хэрэггүй” гэх ойлголтыг суулгаж өгсөн.

- Хувьсах гэснээс жаахан охин урлагийн мундагуудыг хараад шүтэн бишрэх, одоо мэргэжлийн түвшинд жүжигчдийг харах нь эрс өөр болсон байгаа. Энэ талаар?
- Урлагийн, тэр дундаа жүжигчдийг бишрэх үзэл минь мэдээж сургуулийн жаахан охин байсан үе, оюутан цаг, мэргэжлийн жүжигчнээр ажиллаж байгаа одоо үе бүхэнд өөр өөр сэтгэгдлүүдийг төрүүлдэг. Гэхдээ энд манай алтан үеийн тайзны бурхад хамаагүй л дээ. Түүнээс биш одоо ингээд харахад манай зарим жүжигчид зүгээр л хувцсаа солиод жүжиглээд байх шиг санагддаг. Мэргэжлийхээ мөн чанарыг дотроо байнга тээж,үзэгчдийг хууралгүй бүр ядаж өөрийхөө төлөө хөлсөө туслуулах хэрэгтэй шүү дээ. Та үүнийг заавал дурдаж өгөөрэй. Би өөрөө тийм ч мундаг жүжигчин биш. Гэхдээ л хувь хүний өнцгөөс харахад надад тийм л сэтгэгдэл төрдөг.

-Тэгэхээр өөрөөс чинь үзэгчид ямар Бямбасүрэнг хараасай гэж бодож байна?
- Тийм ч учраас би жүжигчин хүний хувиар миний тоглосон дүр бүр Бямбасүрэн гэдэг хүнээс эрс өөр байгаасай гэж хүсдэг. Сайн муу тоглох нь хамаагүй. Хамгийн гол нь дүр амьдрал дээрх хүнтэйгээ адил байж болохгүй. Оросын жүжигчид үнэхээр гайхалтай байдаг. Тэдний ур чадвар, тоглолтын арга барилыг судлах дуртай. “Тооцоогүй тоглоом” киноны Нинжингийн дүрээс үзэгчид намайг битгий олж хараасай л гэж хүсэж байгаа. Өөртөө ингээд бодчихсон учраас Нинжин надад орж ирэхгүй удаж, намайг бас нэлээд зовоосон шүү.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: www.grandnews.mn
Г.Үүлт
Сэтгэгдэл (11)