“Гурван найз” киноны уран бүтээлчид болох Г.Анхбаяр, С.Тэмүүжин, Д.Түвшинтөр нартай уулзаж цөөхөн хэдэн асуултанд хариулт авлаа. Тэд найз нөхдийн нөхөрлөлийн үнэ цэнийн талаар өөр өөрсдийн хариултыг өгсөн юм.

Г.Анхбаяр \Цэкү\: “Дайн тулаантай кинон дээр намайг бүр тоож авахгүй”
-“Гурван найз” кино таньд ямар ухаарал өгсөн бэ?
-Паах кино юу? Хүмүүст найз нөхдийн мөн чанар, нандин холбоо, бие биендээ итгэх итгэл гэх зүйлсийг өгөөсэй гэж бодож байгаа. Амьдрал дээр мөнгөнөөс гадна олон чухал зүйл байдаг. Гэхдээ нөхөрлөл хамгийн чухал.
-Та залуу насаа дэлгцийн уран бүтээлд хүүхэмсэг залуугийн дүрээр мөнхөлчихлөө. Ингэхэд дүрийн судалгаагаа хаанаас авсан бэ?
-Яая. Би мөнхрөөгүй ээ. \инээв\ Цаад найруулагч нарын надад тавьж байгаа саналууд ихэвчлэн ийм дүрүүд ирдэг. Мэдэхгүй ээ ойр дотно байгаа хүмүүсээс ч юм уу, Тэмкагаас ч юм уу авна л даа.
-Цаашдаа ямар дүр бүтээе гэж боддог вэ?
-Манай өвөө МУГЖ алиа Содном гэдэг хүн байсан. Өвөөгийнхөө алтан залгамж болоод урлагт орж ирсэн учраас инээдмийн төрөл жанрыг баримтлаж явахыг боддог. Тэрнээс биш түүхэн, дайн тулаантай кинон дээр намайг бүр тоож авахгүй байх л даа.
С.Тэмүүжин \Төгөлдөр\: “Жүжигчин хүн ямар ч дүрд тоглоно”
-“Гурван найз” кино таньд ямар ухаарал өгсөн бэ?
Ухаарал гэхээсээ илүү энэхүү кино хүмүүст найз нөхдийн үнэ цэнийг харуулсан. Өнөөдөр амьдрал дээр мөнгөнөөс илүү найз нөхөд гэдэг хүнд ямар хэрэгтэй байдаг юм бэ гэдгийг харуулсан бүтээл юм.
-Та орчин үеийн Ромео гэж нэрлэгдэхээр дэлгэцийн сайхан бүсгүйчүүдтэй хамтран тоглосон. Тэдгээрээс хамгийн сайхан гар нийлсэн уран бүтээлч хэн нь байсан бэ?
-Уран бүтээлч хүн гэдэг янз янзын уран бүтээл дээр ажиллана. Ажиллаж байгаа бүтээл бүр дээрээ зүрх сэтгэлээ шингээж ажилладаг учраас тэр маань их гоё, энэ маань сайн гэж хэлэх аргагүй. Бүгдээрээ л гоё байсан.
-Таны тоглосон дэлгэцийн дүрүүд даруухан сайн залуугийн дүр байдаг. Ингэхэд эсрэг дүрд яах вэ?
-Тийм санал ирвэл хүлээж авна. Жүжигчин хүн ямар ч дүрд тоглоно.
-Хэрвээ таны эхнэрт нүцгэн зургаа авхуулах, эротик кинонд тоглох санал ирвэл та яаж хүлээж авах вэ?
-Уран бүтээлч хүн юм чинь өөрөө л шийдэх байх даа.\инээв\
Д.Түвшинтөр \Санчир\: “Би тэр хоёрыгоо дээрэлхэнэ”
-“Гурван найз” кино таньд ямар ухаарал өгсөн бэ?
-Ер нь аливаа уран бүтээл гэдэг заавал хэлэх үгтэй, хүний оюун ухааныг цэнэглэдэг юм болов уу гэж би боддог. Гурван найз кино надад төдийгүй үзэгчдэд найз нөхдийн үнэ цэнэ юунд оршдог юм гэдгийг харуулахыг зорьсон. Өнөөдөр нөхөрлөлийн үнэ цэнийг зарим нэг хүмүүс ойлгохгүй байна. Бүүр багаасаа 30, 40 жил найзалсан хоёр хүн зүгээр л нэг мөнгөнөөс болоод хоёр тийшээ харж байх жишээтэй. Найз нөхдийн үнэ цэнэ хүчтэй юу, мөнгөний үнэ цэнэ хүчтэй юу, ер нь юу хүчтэй байдаг юм, найз нөхөд гэж ямар байх ёстой тухай л харуулсан.
-Амьдрал дээр Анхаа, Тэмка хоёр таныг хэр дээрэлхэдэг вэ?
-Би тэр хоёрыг дээрэлхдэг ш дээ. Яагаад гэвэл Санчирын дүр бол бүтэлгүй. Тэр утгаараа л дээрэлхүүлж байсан. Амьдрал дээр бид гурав сайхан ах дүү нар. Би тэр хоёрыгоо л дээрэлхэнэ. \инээв\
-Кинон дээр Цэрэндалайд хамгийн дургүй хүрэм дээрэлхүүлсэн хэсэг нь аль нь вэ?
-Тэрийг сайн санахгүй байна аа. 40 ангийн туршид бол дээрэлхэж л байсан. Зарим үзэгчид маань буруугаар ойлгосон хэсэг байгаа. “50 саяын уналт” гээд нэвтрүүлэгт бид гурвыг шууд орж байна гэж ойлгосон. Кино гэж ойлгоогүй. “Энэ муу Анхаа ямар зэвүүн байна аа, Төөтөө ахыг дээрэлхээд” гэж ярьсан гэсэн. Сүүлдээ энэ чинь кино ш дээ гээд тайвширч байсан.
-Өөр нэг уран бүтээлд Цэрэндалайг дээрэлхэх дүр ирвэл, өшөөгөө авна биз дээ?
-Энэ чинь жүжигчин хүний өөрсдийнх нь хийж байгаа ажил, гаргаж байгаа бүтээл, дүр нь ийм болохоор өшөө авна гэсэн бодол байхгүй. \инээв\ Ер нь жүжигчин хүнд ямар дүр ирнэ түүнийг өөрийнхөө оюун ухаанаар тунгааж, шүүгээд үзэгчдэд хүргэх л ёстой.
-Дараа нь ямар дүр бүтээе гэж бодож явдаг вэ?
-Урьд нь давтагдаж байгаагүй бүтээж байгаагүй дүрээ бүтээхийг боддог. Яг тийм дүр бүтээе дээ гэсэн бодол одоохондоо алга. Урд нь бүтээсэн дүрээ давтахгүйг л хичээдэг.
Сэтгэгдэл байхгүй байна