“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч С.Эрдэнэцогт найзуудтайгаа хамтран “Body-Engineer” фитнесс клубынхаа үүдийг нээх гэж байна. Тэрээр эхнэрээсээ салсан, бааранд тайчсан гээд хэвлэлээр багагүй сенсаацийн эзэн болж байгаад загвар өмсөгчийн карьераас холдсон. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Удаан хугацаанд олны нүднээс далд байж байгаад “Urban Jeans”-ны рекламанд тоглолоо. Моделийн карьераараа эхэлж байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Нэг хэсэг тайзнаас буугаад дахиж загварын тайзнаа гарахгүй гэсэн бодолтой байсан. Одооноос харин идэвхитэй байдаг юмуу гэж бодож байна. Тэгээд саяхан найзтайгаа цуг “Urban Jeans” -ны рекламанд тоглосон. Ар араасаа хэд хэдэн рекламны санал ирчихсэн байгаа. Ерөнхийдөө рекламанд тоглоод, тоглоод явчихна. \инээв\ Хуучин агентлагийнхаа захиралтай ч гэсэн эргээд холбогдсон.
-Ингэхэд өөрөө хэдэн жил фитнессээр хичээллэж байна вэ?
-Би үлгэн салган гурван жил явсан. Батнасан гээд мэргэжлийн бодибилдингийн тамирчин найз маань байдаг юм. Тэр найзтайгаа хамтраад хоёр сар жинхэнэ утгаараа хичээллэж эхэлж байна. Тэгээд гайгүй тураад, өөрөө хувьдаа фитнесстэй болчихвол яасан юм бэ гэж бодсон. Сүүлийн үед залуучууд бие галбиртаа их анхаардаг болж. Шинээр фитнесс клубууд их нээгдэж байна. Ер нь фитнесс нээчихвэл зүгээр юм болов уу гэж бодсон.

-Залуу хүмүүс хувийн бизнес хийхэд их хэцүү. Танай ээж хувийн бизнестэй. Ээжийн чинь дэмжлэг туслалцаа орсон уу?
-Тийм юм байхгүй. Найзуудтайгаа хамтарч нээсэн л дээ. Одоо бол нэг их ээж гээд байхгүй.
-Танайх бусад фитнесс клубээс ялгарах гол онцлог юу вэ?
-Манай фитнесс багш сайтай. Бусад фитнесс дасгалжуулах юм бол үнэ нь тусдаа гэдэг ш дээ. Тиймээс хүн болгон өөр өөр онцлогтой. Тухайн хүмүүст тохирсон бэлтгэл хийлгэж дор дор нь заагаад явчихна. Мөн орчны хувьд ч гэсэн авто зогсоол, тоног төхөөрөмж бүх юм нь боломжийн.
-Фитнессийн нэрний учир?
-Body-Engineer нэрний тухайд гэвэл бодибилдингийн хувцас биш цэвэр фитнессийн хувцасны брэнд байдаг. Манайх тэдний албан ёсны дистрибьютер юм. Удахгүй бүтээгдэхүүнийг нь оруулж ирнэ. Тэр утгаараа нэрээр нь нэрлэсэн. Фитнесст өмсөхөд тохиромжтой хувцас гэж тодорхой хувцас байдаггүй шүү дээ. Манайх болохоор фитнесст өмсөхөд тохиромжтой болон гадуур өмсөхөд стиллэг хувцаснуудыг оруулж ирэх болно. Хүмүүсийн хандлага маш эерэг байна. Max Мall-ын сүлжээ дэлгүүрүүдээр зарна. Бүс, бээлий, гар бугуйны хамгаалалт, өвдгөвч гэхчлэн цогцоороо бий.
Фитнессийн албан ёсны нээлт таван сарын дундуур Max mall-д болно. Мөн Америкийн албан ёсны дистрибьютер болоод фитнессээр хичээлэж байх үедээ уух ёстой амин дэмүүдийг бас оруулж ирнэ. Хамгийн гол нь албан ёсны дистрибьютер гэдэг нь яг тэндэхийн үнээр зарна гэсэн үг. Чанартай, оригнал юм гэдэг оригнал байдаг. Мөн тахианы цээж мах бас байгаа. Нүүрс ус ихтэй, өөх шатаах хүнс фитнессээр хичээллэж байхад тохиромжтой хүнсийг эндээс боломжийн үнээр худалдаж авах боломжтой. Бас нэг давуу тал нь мэргэжлийн багш дасгалжуулагчаар хичээл дасгалаа заалгах боломжтой. Сүртэй мөнгө төлж нэмж дасгалжуулагч авах шаардлагагүй гэсэн үг.
-Үнийн хувьд ямар байх вэ?
-Би “Монгол модель”-ийн захиралтайгаа ярилцсан, “Монгол модель”-иор овоглож байгаа хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй. Төлбөрийг 50 хувь хөнгөлж байгаа. Мөн найзуудаа 50 хувь хөнгөлж байгаа. Бусад үйлчлүүлэгч нарын хувьд эхний 100 хүнийг 100 мянга гэж байгаа. Төхөөрөмжийн хувьд бусад фитнесстэй адилхан, зарим төхөөрөмж нарийн детальчилсан төхөөрөмжөөр илүү. Би анх загвар өмсөж эхэлж байхад фитнесст явах хэрэгтэй болсон. Царай муутай юм чинь биеэрээ гайгүй харагдах хэрэгтэй болно ш дээ. \инээв\ Фитнесст анх явж эхэлж байхад залуу хүүхдүүд юм чинь тэр болгон мөнгө байхгүй. Боломжийн фитнессүүдийн үнэ 100 мянга гараад л явчихсан, гайгүй үнэтэйд нь явья гэхээр бөхчүүд ихэвчлэн байдаг, тэгээд үнэр танар муутай, төхөөрөмж муу байдаг. Тэр үеийг санаад үнээ тогтоосон. Залуу хүн бүр хамрагдах бололцооны үнэтэй байгаасай гэж бодсон.
-Манайд фитнессүүд их нээгдэж байна. Залуучууд ч их сонирхож хичээллэдэг болж. Таны бодлоор манай фитнессүүдийн давуу болон сул тал?
-Дутагдалтай гэхээсээ ололттой тал их байна. Залуучууд бие хаандаа анхаарах нь маш зөв. Шоу цэнгээн гэхээсээ илүү фитнессийг зорьдог болсон байна. Шинээр нээгдэж байгаа фитнессүүд улам л сайжирч байна уу гэхээс хоёрын хооронд муу төхөөрөмжтэй байхгүй байх. Гэхдээ зарим фитнесс байршил, багш нар дээрээ анхаарахгүй байх талтай байна. Мөнгөө төлөөд сонгоод явж байгаа тохиолдолд фитнесс үйлчилгээний байгууллага юм чинь үйлчлэх л хэрэгтэй. Мөнгийг нь авсан бол тэр хүний юу хүсэж байгааг ойлгож биеийг нь өөрчлөх ёстой. Гэтэл зарим нь ерөөсөө анхаардаггүй. Хүн юм асуухаар хэдэн юм хэлчихээд л больчихдог. Эсвэл цагийн хуваариа зөв гаргаж өгөөгүй байдаг. Үүнээс болж ажил тарах оройны зургаан цагаас хойш хэт их ачаалалтай байдгаас төхөөрөмжүүд нь хүрэлцдэггүй. Хүн бүртгүүлж л байвал болоо гээд хамаагүй их хүн авчихдаг гэх мэт дутагдалтай талууд байдаг.
-Танайд нэг дор хичнээн хүн хичээллэх боломжтой вэ, цагийн сонголтоо яаж хийж байна?
-Манайх эхний нэг, хоёр сар цагийн хязгаар тавихгүй гэж бодож байгаа. Тэгээд дараа нь тэдээс тэдэн цагийн хооронд гэсэн тодорхой цаг зааж, тухайн цагийн хооронд тийм үнэтэй гээд үнийн багцаа хүртэл гаргана. Ямар ч байсан долоо хоногийн долоон өдөр амралтгүй явуулна. Нэг зэрэг 30-40-өөд хүнд зэрэг үйлчлүүлэх боломжтой.
-Анх фитнессээр хичээлэх гэж байгаа хүмүүст зөвөлгөө өгөөч?
-Ер нь фитнесс бодибилдинг ямар ч спортын төрлөөр хичээллэж эхлэхэд хэцүү байдаг. Хамгийн гол нь эхлэх л хэрэгтэй, эхлэлээ зөв тавих хэрэгтэй. Хийж байгаа зүйлээ маш сайн судлах хэрэгтэй. Энэ төмрийг өргөж л байвал бакь болчихно гэж бодох хэрэггүй. Хүн болгоны биеийн онцлог өөр өөр. Өөрийнхөө биед тохирсон жингээр, тохирсон давталттай, тохирсон оролттойгоор дасгал хийх ёстой байдаг. Тэгэхгүй буруу хийгээд байх юм бол хүний бие гэмтэнэ бэртэнэ, хар ажил хийж байгаа юм шиг ядарна.
Тиймээс багш, дасгалжуулагчаасаа сайн асуух хэрэгтэй. Тэгэхийн тулд фитнесст багш гэж байгаа. Багшийнх нь мэдлэг чадвар дутвал Youtube гэж сайхан юм байна. Түүнээс сайн харж судлах хэрэгтэй. Монголчууд ч гэсэн өөрсдөө бичлэг тавьдаг болчихсон ш дээ. Эхний ээлжинд заавал уураг, амино хүчил уух шаардлагатай. Мөн амралт маш чухал. Ер нь 20 хувь нь бэлтгэл 70 хувь нь хоол хүнс, 10 хувь нь амралт байдаг. Энэ гурвыг л сайн зохицуулахад болно. Фитнесст явж эхлэхийн тулд ажил амралт гээд цагийн хуваариа маш сайн зохицуулаад хамгийн гол нь өөрийнхөө гэрт ойролцоох төхөөрөмж, багш сайтай газрыг сонгох хэрэгтэй. Багш муутай фитнесс гэж байхаас биш, төхөрөмж муутай фитнесс гэж Улаанбаатарт байхгүй. Төхөөрөмж муутай газар ганц хоёр байгаа гэхдээ нэрийг нь хэлээд яахав.

-Таны баримталдаг нэг өдрийн диет юу вэ, Тухайлбал хоол ундаа яаж зохицуулж хэрэглэдэг вэ, өдөрт хэдэн цагаар дасгал хийж байна?
-Би яг одоо найзтайгаа хамт амьдарч байгаа. Манай найз хотын аварга, бас нэг өөр газар тэмцээн болж байгаа. Найзыгаа дагаад л бэлтгэл хийж байгаа. Тэмцээнд орж байгаа хүнийг дагаад идэх юм бол би угаасаа уначихна. \инээв\ Ямар ч байсан өөх тос багатай, давс, сахар, чихэрээ хасаад тохирхуулж хэрэглэнэ гэсэн үг л дээ. Газтай зүйл хэрэглэхгүй. Өдрийн хоёр удаа бэлтгэл хийж байгаа. Тамирчин хүнийг дагаж хийхэд үр дүн нь хурдан гардаг юм билээ. Би ажил хийхгүй нэг хэсэг гэртээ байхдаа 108 кг болоод таргалчихсан байсан. Тэгээд найзтайгаа яг хоёр сар бэлтгэл хийсэн чинь 93 кг болж 15 кг хассан. Тэгж л бэлтгэл хийх хэрэгтэй байгаа юм л даа.
-Фитнессээ хамт нээсэн, хамт бэлтгэл хийдэг найз гэж түрүүнээс хойш ярилаа. Ингэхэд тэр найзынхаа талаар яриач?
-Надад дөрвөн найз байдаг. Бүр багын хоёр сайн найз бий. Бямбадорж, Гэрэлсүрэн гэдэг. Мөнгө санхүү дээр оролцсон. Үйл ажиллагаанд Батнасан гээд найз маань оролцоно. Маркетингаа би өөрөө хийнэ. Бас хааяа өөрөө дасгалжуулаад явчихна. Нарийн сайн заах юманд Батнасан маань маш сайн тамирчин учраас түлхүү заана.
-Ямар ч байсан залуу хүний хувьд эхний ээлжинд хувийн фитнессээ амжилттай нээчихлээ. Дараачийн төлөвлөсөн зүйл, шинэ санаа юу байна?
-Мэдээж байлгүй яахав. Дараагийн зүйлүүдээ тухайн үед нь хэлнэ. Болоогүй байхад би ингэнэ тэгнэ гэж ярих нь хаашаа юм. Эхний ээлжинд ямар ч байсан фитнессээ хөл дээр нь босгож жигдэртэл гурав, дөрвөн сар болно ш дээ мэдээж. Ямартаа ч хувийнхаа карьерт анхаарах байх даа.
-Ингэхэд хувийн амьдрал юу болж байна вэ?
-Дүүтэйгээ хамт амьдарч байгаа, ганц бие "сив сингл"-ээрээ /инээв/. Хүнтэй нийлье гэсэн бодол байхгүй. Одоо өөрөө өөртөө жаахан анхаарья гэж бодож байна. Урдах ажлаа анхааръя, хувийн карьертаа анхаарч идэвхитэй байя гэж шийдсэн.

-Найз бүсгүйтэй болох бодол байгаа л байлгүй?
-Яахав санаа нийлсэн эмэгтэй гараад ирэх юм бол нийлэх л байх л даа. Мөнхөд ганцаараа байна гэж байхгүй ш дээ. Одоогийн байдлааар уулздаг эмэгтэй байхгүй. Эхнэрээсээ салчихсан. Танай сайтад нэг сүртэй ярилцлага өгчихсөн чинь энэнтэй охиноо нийлүүлэхгүй юм шүү гэж ярьдаг л юм шиг байна лээ. Тэр хүмүүст хандаж хэлэхэд охинтой чинь би хэзээ ч нийлэхгүй ээ санаа битгий зов оо гэх юм уу. \инээв\

Эх сурвалж: www.grandnews.mn
П.Зулаа
Сэтгэгдэл (35)