”Донор” гэх үгний цаана гэм халгүй хүний амь нас байдаг

“Мазаалай”, “Логик” кино студийн хамтын бүтээл  “Донор” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ.  Иргэний бүртгэлийн гажуудалт тал,  найз нөхдийн харилцаа, амьд үлдэхийн төлөөх адармаат тэмцлээр дамжуулан хүний наймаа хэмээх дэлхий дахины “хар сэдэв”-ийг хөндөн үзүүлсэн уг киноны гол дүрд жүжигчин П.Баттөр, дуучин Э.Мөнхтөр, залуу жүжигчин О.Оюун-Эрдэнэ, Б.Мишээл нар тоглосон байна.

 

 “Донор” уран сайхны киноны  зураг авалтын нэлээд хэсэг   Эрхүү, Улаан- Үд хотуудад хийгдсэн тул эл хотуудад мөн уг кино гарах аж. Кино зохиолыг Ж.Жамъяансүрэн бичсэн бол найруулагчаар Ч.Батбаяр ажилласан байна.

П.Баттөр: Миний дүр амархан мэрчих “самар” биш байсан

- Таны амилуулсан гол дүрийн онцлог нь юу вэ?

- Би сайхан эхнэр, бяцхан охиныхоо аз жаргалтай амьдралын төлөө ажиллаж, хөдөлмөрлөж буй нэгэн залуугийн дүрд тоглосон. Ерөнхийдөө миний дүрээр дамжуулж ямар нэгэн байдлаар хөлжиж болдог ажлын байранд үнэнч хандлагатай залуус ямархан бэрхшээлтэй халз тулж, муу хүмүүсийн хүслийн золиос  болон, амь нас нь эрсдэлд ордогийг харуулсан байгаа. Тэр утгаараа кино зохиол уншсан даруйд миний тоглох дүр надад маш их таалагдсан. Миний дүрийн ихэнх хэсэг маш хүнд зураг авалттай, жүжигчнээс тэсвэр тэвчээр, өөртэйгөө ажиллах ухаан шаардсан нэг үгээр хэлэх юм бол амархан мэрчих “самар” биш байсан.

- “Донор” гэх нэрийн тухайд?

- Манай нийгэмд энэ үгийг эгзэгтэй үед хүний алтан амь авардаг эерэг үгээр ойлгодог. Тэгвэл манай кино  эрс өөр өнцөгөөс харж, “донор” гэх энэ үгний цаана гэм халгүй хүний амь нас явж байдгийг харуулсан байгаа.

Зохиолч Ж.Жамъяансүрэн: Ч.Батбаяр бид хоёр “Мөрөөдлийн хөлөг онгоц”  кинон дээр хамт ажиллаж байсан

- “Донор” уран сайхны киноны гол санааг хэдхэн өгүүлбэрээр базаад хэлэх юм бол?

- Энэ уран бүтээл маань найруулагч Ч.Батбаяр, продюссер  нарын санаагаар цаасан дээр бичигдсэн. Нийгмийн эмзэг сэдэв болох хүний наймааны тухай өгүүлсэн байгаа. Яг гол санаа нь гэвэл манай улс иргэний цахим мэдээллийн хувьд асар доголдолтой. Энэ ч утгаараа гадны бусармаг этгээдүүдийн олз, өгөөш болж байдаг гэх санааг л лав суулгаж өгөхийг зорьсон.

- Кино зохиол найруулагчийн нүдээр дүрсэнд буудаг. Уг киноны найруулагчийн тухайд?

- Найруулагч Ч.Батбаяр бид хоёр “Мөрөөдлийн хөлөг онгоц”  кинон дээр хамт ажиллаж байсан гэдэг утгаараа нэгнийгээ ойлгож, бүтээлээ амилуулах тал дээр санаа нэгтэй ажилласан. Ер нь кино уран бүтээлийн багийн тухайд туршлагатай хамт олон байлаа. Сүүлийн үеийн дуу, уран сайхны нэлээд кинон дээр ажиллаж буй “Логик ” кино студийнхэн уг уран бүтээл дээр үнэхээр мундаг ажилласан гэдгийг энд дурьдмаар байна.

Найруулагч Ч.Батбаяр: Кино зохиолыг уншиж үзээд шууд л П.Баттөр санаанд буусан

- Киноны гол дүрд жүжигчин П.Баттөрийг тоглуулах санаа таниас гарсан уу?

- Кино зохиолыг уншиж үзээд шууд л П.Баттөр санаанд буусан. Жүжигчин маань сүүлийн нэг жил АНУ-д  байсан тул шинэ дүр төрхтэйгээр гаргаж ирэхэд тохиромжтой байсан. П.Баттөрийн биеийн хөгжил, дотоод хүний сэдлүүд нь дүртэйгээ их зохицож, наалдаж өгсөн тул кино уран бүтээл амьд сайхан болсон гэж найруулагчийн зүгээс харж байгаа.

- Кино уран бүтээл хэдий хэр хугацаанд бүтсэн бэ?

-  Уран бүтээл маань таван сарын хугацаанд бүтсэн. ОХУ-д зураг авалтууд үргэлжилсэн гэдэг утгаараа нэлээд цаг орсон байгаа. “Донор” гэх нэрийн дор хүний наймааны нарийн аргатай бүлгүүд хэрхэн хил дамнан гэмт хэрэг үйлдэж, тэдний гэмт үйлдлийн золиос болсон залуу эх орон, эхнэр хүүхдэдээ эргэж ирэхийн төлөө цуцалтгүй зүтгэж, тэмцэж байгааг харуулж чадсан.

Эх сурвалж: www.grandnews.mn

Г.Үүлт

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • caak
    Za uneher shan kino shig kino bolson bnle
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025