Улс төрийн байдал ямархан янзаар эргэлээ ч өөрийнх нь карьер нам, хүчнүүдээс үл хамаарч, хэвийн үлдэж мэдэх цөөн хэдхэн улс төрчдийн нэг бол Р.Амаржаргал. Тэр онц гойд байхыг хүсдэггүй дүр үзүүлж амьдарсаар ирсэн ч ямагт Онцгой байсан юм. Түүнийг энэ удаа скандал булан онцолж байна.

Тоонд “толгой өвддөггүй” залуу
1961 онд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат ажилчин ангийн гэрт төрсөн эгэлхэн хүү. Түүний бага нас тухайн үеийн ЗХУ дахь Монголын элчин сайдын яаманд аав нь ажиллаж бай үед буюу дөрвөн жил Москвад байсныг эс тооцвол Маахуур толгойн энгэрт энгийн л нэгэн хүүхдийн адилаар тоглож өсчээ.

Хичээл номондоо шамдангуй залуухан хөвүүн өсөх наснаасаа өдийг хүртэл хөлбөмбөг хэмээх спортыг учиргүй ихээр сонирхож, нэгэн үес Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүний ажлыг хүртэл хашаад авсан удаатай. Мөн янзтай сайхан Хокейг мэргэжлийн түвшинд тоглодогийг нь нэмэн өгүүлье.

Аа, бас нэг ойлгомжтой зүйлийг нэмж хэлэхэд арван жил, их сургууль, олон улсын чанартай сургалт, эрдмийн ажил гээд боловсролд зарцуулсан багагүй цаг хугацааныхаа туршид тоонд “толгой өвддөггүй” нэгэн байсан. Тиймдээ ч эдийн засгийн шинжлэх ухаанаар дамжуулан өнөөдрийн өндөрлөгөө авсан билээ.

Хайр дурлалын түүх
Р.Амаржаргал залуу насны анхны хайраа Р.Гэрэл хэмээх яруу найрагч бүсгүйд өгч, нэлээдгүй дотно байсан гэдэг. Ялдамхан байдлаараа залуу эдийн засагчийг татсан Р.Гэрэл яруу найрагчийг бид Камертон хамтлагийн Л.Ган-Эрдэнийн экс гэргий М.Халиуны ээж гэдгээр нь мэдэх билээ. Гэвч харамсалтай нь тэдний гал халуун хайр амьдрал болон төлжөөгүй юм.

Р.Гэрэл бүсгүй анхныхаа хайрын тухай “Бид салаа замын эрхээр л салсан. Хойно сургуульдаа сурчихаад ирэхэд Амараа хүнтэй суучихсан байлаа. Эхнэр нь байртай учраас л суусан гэж хэлсэн” хэмээн шулуухан ярьсан нь бий. Үнэхээр ч Их эзэн Чингис хаан “Сэтгэлийг нь эзлэвээс бие хаа холдох” хэмээн айлдсаныг орчин цагийн хуулиар “Бие холдвол сэтгэл холдоно” хэмээн ондоошуулан хэрэглэсэн үгийн биелэл Р.Амаржаргал байхыг үгүйсгэх аргагүй юм.

Анхны хайрынх нь нэрлэснээр “Байртай” хэмээн Р.Амаржаргалыг уургалсан дараачийн бүсгүй нь н.Болормаа гэх хойт хөршид эдийн засгийн ухаанаар мэргэшсэн өндөр боловсролтой эмэгтэй байдаг. Хоёр үрийн зулай үнэрлэсэн Р.Амаржаргалын хувийн амьдрал ер нь ийм л хэдхэн өгүүлбэрээр бичигдэх мэт.

“Санхүү”-гээр овоглосон Р.Амаржаргалын идэр нас
Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагчаар ажлынхаа гарааг эхэлсэн залуу Техкикийн эдийн засгийн сургуульд нэг жил багшаар ажилласныхаа дараа Эдийн засгийн коллежийн захирлаар дэвшин зүтгэсэн байдаг. Түүний санал санаачлага, шинэлэг хичээлийн программыг үндэслэж, одоогийн Санхүү эдийн засгийн дээд сургууль үүсэн бүрэлдсэн гээд бодоход л ямархан хэмжээний эдийн засагч гэдгийг нь хялбархан дүгнэчихэж болно.

Улс төрийн “намбалаг” төрхтөн
“Санхүү”-гээр овоглосон залуу улс төрийн карьер хөөж, 1996, 2004, 2008, 2012 оны улс төрийн сонгуулиудад бие даасан болон Ардчилсан намаас нэр дэвшин дөрөв дэх удаагаа сонгогдсон байна. УИХ-ын танхимд нийт 15 дахь жилдээ сууж буй, олны нэрлэснээр бол тулхтай, хат суусан, хашир, шуналгүй төрх, хүнлэг чанар тэргүүтнээрээ улс төрчдөөс эрс ялгардаг нэгэн билээ.
Р.Амаржаргалыг өнгөрсөн жил намаасаа гарах шийдвэр гаргахад, журмын нөхөд нь халуун тогоондоо авч үлдэхийн төлөө багагүй зүтгэл гаргасан. Түүний гаргасан шийдвэр, огцом мэдэгдэл тэргүүтнийг улс төрийн үзэл бодлын зөрчил гэхээсээ илүү ерөнхий сайд болох санаархал, хувь хүний тоглолт хэмээн үзэх хүмүүс олон байв. Үнэхээр ч энэ таамаг батлагдаж, Н.Алтанхуяг ерөнхий сайдын суудлаа тавиж өгөх цагт түүний нэр өрсөлдөөний жагсаалтад багтсан байв.

Эдийн засаг хямарсан энэ цаг үед манай улс төрчид эрүүл ухаанаар, элдэв хор найруулгаас ангид байж, Р.Амаржаргалыг гаргаад ирсэн бол байдал өөрөөр эргэх байсныг хэн мэдэх үү? Гэвч уур амьсгал өөрөөр эргэж, бүлгийн дийлэнх саналыг аваад байхад Р.Амаржаргалыг ҮЗХ нь өвдөг шороодуулсан. Мань хүн үүнд өөрийн төрөлх зангарагаа үзүүлж, намын нөхдөдөө элдэв ааш үзүүлэлгүйгээр амаа хамхиж, “Стэнд бэй” ярисаар гарч ирсэн Ч.Сайханбилэгтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Түүнийг сайтар сонжмоор санагдаж, чимээгүй ажиглах нэгэнд ч “хий ” алдмааргүй ааш, төрхтэй Р.Амаржаргал гишүүний тухай товч өгүүлэхэд ийм байна. Гэхдээ тэр нам дотроо бол Э.Бат-Үүлийн хамт “Эсэргүүн” бүлэгт хамаарагддаг билээ. Улс төрийн тулхтай, өндөр нэр хүндтэй хэдий ч үзэл бодлоороо намынхаа нөхөдтэй тийм ч сайн тохирдоггүй эл эрхэм ямагт завсрын байж, албан тушаалын том том суудлаас мултарсаар ирсэн нь нэгэнт нууц биш болжээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)