Шинэ үе продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл “Хөгжилтэй өдөр” кино нээлтээ хийлээ. Ямар ч киноны нээлтнээс илүүтэй үзэгч ихтэй, кино театрын том танхим “пиг” дүүрсэн байв. Шинэ үеийнхний хувьд баяр гуниг хосолсон өдөр байлаа. Уран бүтээлийн андынхаа дүрийг хамгийн сүүлчийн удаа дэлгэцнээс харахын гуниг, шинэ киноны нээлтийн баяр. Гэвч уран бүтээлч гэдэг үзэгчдийнхээ өмнө гуниг гээчийг мартах учиртай.
Хошин урлагийнхан "хошин" байж чадлаа
Киноны бүх үйл явдал нэг л өдрийн дотор өрнөнө. Хосуудын хайр сэтгэл, тэдний хөгжилтэй агшин болоод ар гэрийнхний учир утгагүй холбоо сүлбээгээр кино өрнөнө. Тэр нэг сайн өдөр үйл явдал хайр сэтгэл, ар гэрийнхний зангилаа холбоо тайлалаа олох аж. Кино хошин урлагийнхны гар нийлж ажилласан кино гэдэг утгаараа үзэгчдийн хөгжөөв. МУГЖ Л.Чаминчулуун, "МАСК" продакшны жүжигчин М.Баярмагнай, "Өнгөт инээд" хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү нар дүр бүтээжээ.
Хошин урлагийнхан дүр бүтээсэн болохоор инээдмийн хэсэг, хөгжөөнтэй төвөггүйхэн илэрхийлж, тус тусынхаа дүрийн үүргийг чамгүй биелүүлчихсэн гэж хэлж болох юм. Зарим нэг инээдмийн кинонд инээдтэй, хөгжилтэй үг хэллэгээр үзэгчдийг хүчээр гижигдэж инээлгэдэг дүр зураг ажиглагддаг. Гэтэл харин хошин урлагийнхны бүтээсэн дүрүүд, хөгжилтэй үйл явдал нь үзэгчдийг өөрөө хөтлөөд явчихаж байгаа юм. Үүгээрээ тэд бусдаас ялгарч чадсан.

Ганбаа & Отгоо
Хурандаа залуу Гантөмөр, их дээд сургуулийн багш Үүрээ хоёрын хайр сэтгэл. Тэд жирийн л нэг хосууд. Хүн тарган туранхай, баян ядуу, царайлаг царай муутай байсан ч хайр сэтгэлд хамаагүй гэдэг утгыг илэрхийлэхийг хүсжээ. Тэрхүү дүрийн илэрхийлэл Ганбаа, Отгоо хоёрын дүрээр өгүүлэгджээ.
Гантөмөрийн удирдлаган дор түүний хайртай бүсгүйн аав ахлагч Буд \Бооёо\ ажиллана. Харин Үүрээгийн эчнээ ангийн оюутан хайртай залуугийнх нь ээж Удвал \Өлзийхүү\ сурна. Харин Гантөмөрийн аав \Золбоот\ Үүрээгийн ээжийнх нь \Оюундарь\ дарга. Ингээд хайр сэтгэлтэй залуусын хоёр талын гэр бүлийн холбоо хэлхээ, бие биенийгээ мэдэхгүй байдал үзэгчдийг хамгийн ихээр хөгжөөх үүрэгтэй аж. Нэг нь хадам аав, нөгөөдөх нь хадам ээждээ хатуурхах дүр зургийн зангилаа бэр гуйх тэр л сайн өдөр тайлагдана.

Шижир & Билгүүн
Шижир, Эрдэнэ гэх хоёр дүр энэхүү кинонд бас голлох үүрэг гүйцэтгэжээ. Бүтэлгүй хэрнээ хайртай бүсгүйнхээ өмнө үргэлж бардам загнадаг цайлган залуу Эрдэнэ. Бүтэлгүй ч гэсэн хайртай залуугаа хараад инээн баясч байдаг бүсгүй Шижир. Тэдний хайр сэтгэлийн өрнөл мөн л үзэгчдийг хөгжөөнө. Хайр сэтгэлээ илэрхийлэх гэж кино театрт хөглөх, бохир зайлуулах хоолойгоор урсах, шарил дундуур явах, хадмындаа очоод сүнсээ зайлтал айх гээд л цайлган залуугийн бүтэлгүйтэл ар араасаа хөвөрнө.
Шижирийн гэр бүлийнхэн "чимээгүй хот"-ыг манадаг жирийн л нэгэн монгол айл. Жирийн монгол айлын байдлыг хөгжилтэйгээр үзэгчдэд хүргэхийн зорьжээ. Хүүхдүүд нь холоос хичээлдээ, ажилдаа яваад л. Шөнө дөлөөр ч айдасгүй харанхуй чимээгүй хотын дундуур явсаар гэртээ ирдэг охид. Гэтэл охины найз залуу Эрдэнэ найз бүсгүйтэйгээ хамт гэр рүү нь зүглэж байхдаа сүнсээ зайлтал айж дагждаг. Хоёр өөр орчинд амьдардаг залуу хосуудын байдлыг хөгжилтэй аргаар илэрхийлж чаджээ. Ялангуяа Эрдэнэ хэмээх залуугийн дүр энэхүү кинонд хамгийн чухал үүргийг хүлээсэн. Хүлээсэн үүргээ онц гүйцэтгэжээ.
"Хөгжилтэй өдөр"-ийн хөнгөн гуниг
Шинэ үеийнхний хувьд баяр гуниг хосолсон өдөр байлаа. Уран бүтээлийн андын дүрийг хамгийн сүүлчийн удаа дэлгэцнээс харахын гуниг, шинэ киноны нээлтийн баяр. Хошин урлагийн тайзнаас урлагийн гараагаа эхэлсэн Билгүүн инээдмийн киноны дэлгэцэнд дүрээ мөнхлөн үлдээлээ. Магадгүй түүний бүтээлийг сүүлийн удаа үдэх гэж, үзэх гэж тийм их үзэгчид танхим дүүрэн ирсэн биз. "Хөгжилтэй өдөр" энэ хаврын нэг өнгө байлаа.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)