Яруу найрагч, зохиолч Р.Эмүжин хүүхдэд зориулсан зургаан бүрдэл үлгэрийн ном хэвлүүлэн гаргалаа. Хүүхдэдээ үлгэр ярьж өгдөггүй эх хүн гэж үгүй. Тэрээр зохиолч хүний хувьд биш, эх хүний хувьд үлгэрийн ном бичсэн байна. Түүнтэй үлгэрийн номнуудынх нь талаар цөөн хором ярилцсан юм.
Үлгэрийн ном гаргах болсон тухайгаа ярьвал?
Би зохиолч, яруу найрагчийн хувьд биш ээж хүний хувьд хүүхдийн үлгэрийн зургаан бүрдэл номоо уншигчдийн хүртээл болгож байна. Энэ бол миний арав гаруй жилийн мөрөөдөл. Яагаад гэвэл хөвгүүдээ бага байхад орой болгон үлгэр ярьж өгдөг байсан. Хүүхдэдээ үлгэр ярьж өгдөггүй эх хүн гэж байдаггүй шүү дээ. Энэ нь надад хүүхдийн үлгэрийн ном ховор байгааг мэдрүүлсэн. Эсвэл манайд хэвлэгдсэн үлгэрийн номнууд дандаа эртний номнуудыг гуйвуулах, үг үсэг, агуулга, ёс суртахууны алдаатай байдаг. Орчин цагийн хүүхдүүдэд хүрсэн үлгэрийн ном гаргах юмсан гэж боддог байсан. Том хүү маань 18 нас хүрсэн. Тэгэхээр би арван найман жилийн турш мөрөөдсөн гэсэн үг. Миний дотроо бодож явсан мөрөөдлөөс Мадонна түрүүлчихсэн. Яагаад гэвэл тэр хүний номны ард 40-50 хүн ажиллаж байна.

Номны зургуудыг хэн зурсан бэ?
Гадаадад сурдаг залуучуудаар зургийг нь зуруулаад өөрөө үлгэрийг нь зохиосон. Хүүхдийн зохиол гэдэг хүнд төрөл, өөр жанр. Их хүч хөдөлмөр, сэтгэл, мэдрэмж шаарддаг юм байна. Номны нүүрийг яаж чимэх вэ, хүүхдийн нүдэнд ямар зүйл содон харагдах вэ гэх мэтээр жорыг нь хэтрүүлэлгүй тааруулна гэдэг их хэцүү. Номны зургуудыг Италид сурдаг бүсгүй, Канадад сурдаг бүсгүй, Америкт сурдаг миний том хүү, дунд сургуульд сурдаг бага хүү минь зурсан.
Хүүхдүүдэд хандаж юу гэж хэлэхийг хүсч байна?
Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдрийг тохиолдуулан номныхоо нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Ханс Кристиан Андерсан бол дэлхийн үлгэрийн хаан гэгддэг зохиолч. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан олон улсын хүүхдийн номын өдрийг 1967 оноос тэмдэглэж ирсэн. Би хүүхдүүдийг мөрөөдөлтэй амьдраасай гэж боддог. Мөрөөдөл нь урагшаа хөтөлж байгаасай. Дотоод сэтгэлдээ “Би мөрөөдөлтэй хүн, мөрөөдлийнхөө төлөө амьдрах ёстой гэдгээ ухамсарлаасай” гэж хэлмээр байна.
Гадуур худалдаанд байгаа үлгэрийн номыг юу гэж дүгнэдэг вэ?
Тэр болгон номнуудыг уншиж чаддагүй. Хүүхдүүдээ тэр бүхнээс хамгаалмаар болох юм байна шүү дээ. Яагаад гэвэл үг үсгийн алдаа их байна, ёс суртахуун, ёс зүйн алдаа ихтэй. Мөн зураг хөргөөсөө эхлээд хүүхдийн насанд тохироогүй алдаа их байна. Хүүхдэд зориулаагүй, томчуудын сэтгэхүйгээр сэтгээд хүүхдийн тархинд зориуд чихэх гэсэн номнууд их байна гэж боддог. Хүүхдийн нүдээр, хүүхдийн сэтгэлээр ертөнцийг харна гэдэг бол өөр зүйл. Магадгүй ээж болгоны сэтгэлийн гүнд байдаг цэцэг юм л даа. Тэрнийгээ би өнөөдөр ургуулж цэцэглүүлээд ном болгон хэвлүүллээ. Ээжүүд үүнийг ганцхан Р.Эмүүжин хийчихлээ гэж битгий бодоорой. Та бүхэн ч гэсэн хүүхдэдээ үлгэр зохиож чадна.
Үлгэрийнхээ санаануудыг хаанаас авсан бэ, магадгүй таны амьдралаас урган гарсан байх тийм үү?
Би орой болгон хөвгүүдээ өвөртлөөд унтахдаа “миний хүү ямар үлгэр сонсох вэ” гээд захиалга авдаг л даа. Тэгэхээр хүүхдүүд маань луутай, бартай гэх мэтчилэн янз янзаар хэлдэг. Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэлгээ их өөр ш дээ. Орчин цагийн сэдвүүдийг бас хэлнэ. Тэр болгоны дагуу ярьж өгдөг л дөө. Үлгэрийн санаануудыг хөвгүүд маань надад өгсөн.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)