“Цогт Цагийн Хүрдэн” соёлын төвийн Тэргүүн Б.Дарамбазар: "ГАНЖУУР, ДАНЖУУРЫГ ХОС ХЭЛЭЭР ОРЧУУЛСАН ЦОРЫН ГАНЦ УЛС НЬ МОНГОЛ"
Цогт Цагийн Хүрдэн гэдэг нэр нь юун түрүүн сонирхол татаж байна. Нэрний учир, төвийнхөө зорилго, үйл ажиллагааг бидэнд сонирхуулаач?
Цогт Цагийн Хүрдэн гэдэг нь Калачакра бурханы монгол нэр. Бид ихэвчлэн Дүйнхор гэж түвдээр нь нэрлэдэг. Энэ цаг үед Цагийн Хүрдний сургаал номлол дэлгэрэх маш чухал ач холбогдолтой юм. Далай багш дэлхий нийтэд Дүйнхорын ван буюу Цагийн Хүрдний авшгийг тавьж байгаа нь үүнтэй холбоотой байх. Багш маань Дүйнхор буюу Цагийн Хүрдний номд мэргэшсэн хүн. Тэр үүднээс Дүйнхор бурханы нэрээр төвөө нэрлэсэн. Нэрний давхцал үүссэн учраас Цогт гэж үгийг өмнө нь нэмсэн.
Соёлын төв маань 2008 онд байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Төвийн зорилго нь нийгэм, хүмүүнлэг, соёл боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулах. Зорилгынхоо хүрээнд хэд хэдэн төсөл санаачлан хэрэгжүүлж байна. Эднээс хамгийн чухал нь Ганжуур, Данжуурыг орчин цагийн монгол хэл буюу кирилл үсгээр буулгах төсөл. 2010 оноос албан ёсоор эхэлсэн, 5-5,6 жилийн хугацаанд дуусгана гэж төлөвлөж байсан боловч ажлын ачаалал, санхүүгийн байдлаас хамааран хугацаа хойшилж, дахиад гурваас таван жил ажиллах ерөнхий дүр зураг харагдаж байна.
Ганжуур, Данжуур судар чинь их олон боть ном гэдэг байх аа?
Хүн төрөлхтний оюун, соёлын охь болсон маш том судар, сургаалаас гадна шинжлэх ухааны том товхимол юм шүү дээ. Ганжуур нь 108 боть, Данжуурын 226 боть, монгол мэргэдийн зохиол бүтээл нийлсэн 400 боть гаргах юм. Одоогоор 168 ботийг хөрвүүлж бэлэн болгосноос 90 ботийг хэвлүүлчихсэн. Хэвлүүлэхэд бэлэн жараад боть байгаа ч санхүүгийн байдлаас хамаараад хараахан хэвлүүлж чадахгүй байна.
Үнэхээр буянлаг сайхан болоод нүсэр том ажил байна. Төслийн санаачлагч нь хэн юм бол?
Төслийг санаачилсан удирдагч нь бидний багш хувраг. Багшийнхаа нэр алдрыг хамаагүй ярьдаггүй л дээ, Буяндэлгэр гэдэг юм. Багш маань хувьдаа хориод жилийн өмнө энэ том төслийг эхлүүлсэн. Төв номын санд хуучин монгол бичгээр Ганжуурыг уншиж байхдаа орчин цагийн хэл, бичгээр олон түмэнд хүргэх, түгээн дэлгэрүүлэх санаа орж ирсэн гэдэг. Тэр цагаас хойш одоо энэ төсөл дээр ажиллаж байгаа хүүхдүүдийг шавь оруулж, боловсон хүчнээ бэлдэж эхэлсэн. Харин тооцоо төлөвлөгөө, төслийн бичиг баримт боловсрогдсон нь 2008 он, ажил хэрэг болж, албан ёсоор эхэлсэн нь 2010 он.
Төсөв, санхүүгээ хэрхэн бүрдүүлж байна вэ?
Ерөнхий төслийн өртөг өндөр боловч төсөл маань тогтсон төсөвгүй. Үндсэндээ түмэн олны тус дэм, хандиваар явж байна. Зарим аж ахуйн нэгжүүд бодит туслалцаа үзүүлж байгаагаас “Энержи Ресурс” компани 3 жилийн өмнөөс өнөөдрийг хүртэл ажилчдын цалинг тогтмол өгч тусалж ирлээ. Цаана нь үйл ажиллагааны зардал, ном хэвлэлтийн зардал гэсэн 2 үндсэн том зардал бий. Хувь хүмүүс боть, ботиор дааж аван хэвлүүлсэн нь бас олон. Бурхан бүтээж, суварга босгохтой адил бурханы ном бүтээнэ гэдэг асар их буяны нигууртай. Нэг боть 300 хувь хэвлэгдэж, 5 сая төгрөг хэвлэлтэд зарцуулагддаг. Ингэж явсаар байгаад 90 ботийг хэвлүүлчихлээ. Хэвлэлийн компанитайгаа ярьж тохироод хэвлүүлсэн нь ч бий. -- - --- Ганжуур, Данжуур судрыг мэдэхгүй хүн Монголд ховор. Гэтэл мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг.
Ямар утга, агуулгатай судар ном юм бэ?
Ганжуур, Данжуур гэдэг нэрийг мэдэхгүй хүн Монголд байтугай дэлхийд байхгүй гэж болно. Тэгсэн хэрнээ монголчуудын хувьд таньдаг ч юм шиг, таньдаггүй ч юм шиг гэдэг чинь үнэн л дээ. Зарим нь жилийн засалд уншуулдаг хамгийн том ном юм гэнэ лээ, зарим нь өнгөрсөн хүний хойноос Ганжуур айлтгуулдаг юм гэнэ лээ гэх мэтээс нэг их давахгүй байгаа юм л даа. Энэ нь бидний буруу биш, харь хэл дээр байдаг учраас хүссэн болгон нь цаад гүнзгий утга агуулгыг нь мэдэж чаддаггүй. Уг нь монгол хэлнээ орчуулагдчихсан. Харамсалтай нь бид хуучны монгол бичгээ мэдэхгүй учраас өргөнөөрөө судлах боломжгүй өдийг хүрчээ. Монгол бичгээрх ганц хувь нь Үндэсний номын санд байдаг, тэр бүр олны хүртээлд хүрэх боломжгүй. Үзэж судлах хүн нь судлаач байх ёстой, зөвшөөрөлтэй байх шаардлагатай байдаг.
Үндсэн сэдэв рүүгээ оръё. Ганжуур нь Бурхан багшийн өөрийнх нь амаараа айлдсан сургаалын эмхтгэл. Бурхан багшийг нирваан дүр үзүүлснээс хойш шавь нар нь хэд хэд цуглаж уулзсаны дараа багшийнхаа сургаал, айлтгалыг бичиг үсэгт буулгахаар шийдэж Ганжуур буюу Зарлигийн орчуулга бий болсон түүхтэй. Бурхан багшийн хамаг сургаалын цоморлиг гэсэн үг. Энд одооны бидний судалдаг нийгмийн болон байгалийн шинжлэх ухааны судлагдахуун, товчхондоо хүн зөв, сайхан амьдрах тухай шинжлэх ухааны бүтээлүүд багтдаг. Их тав, бага тав, 10 ухааны бүх судлагдахуунууд Ганжуур, Данжуур хоёрт байдаг гэж ойлгож болно.
Данжуур нь ямар ялгаатай юм?
Ганжуур бол бурхан багшийн сургаал, Данжуур нь түүний тайлбар судар. Ганжуурын 108 боть дахь утга агуулгыг хойш хойшдынх нь шавь нар, нэн ялангуяа Энэтхэгийн олон мэргэдүүд тайлбарлаж бичсэн судар 226 боть болж. Шашны номлол гэхээсээ илүүтэй шинжлэх ухааны цогц сургаал юм гэж ойлговол хүн бүгдэд хэрэгтэй. Он цагийн тооллоор хөөж үзвэл Монголчууд хамгийн түрүүнд орчуулж, судлах ажлыг эхлүүлсэн байдаг. Тодруулбал, 8-р зуун гэхэд Ганжуур гэдэг нэр томъёо байгаагүй ч Бурхан багшийн сургааль, номлолыг судалж эхэлсэн байдаг. Түүнээс хойш Түвд, цаашилбал Хятад зэрэг азийн бусад орнууд судалж эхэлсэн. Улмаар 13-р зуунаас Монголчууд Ганжуурыг дотроос түүвэрлэж орчуулах ажлыг хийж эхлээд 16-р зуунд Алтан ургийн Лигдэн хаан зарлиг буулгаснаар Ганжуур албан ёсоор орчуулагдаж байсан түүхтэй. Энэ ажил 1629 онд дууссан. Ингэж 123 ботиор дэвтэрлэж монгол Ганжуур биндэрьяагийн өнгөт хөх цаасан дээр алтан үсгээр буусан түүхтэй. Энэ Ганжуур харамсалтай нь үрэгдчихсэн. Энд, тэнд зарим нэг боть нь байна гэсэн сураг, мэдээ байдаг. Судар үрэгдсэн ч орчуулсан эх нь үлдсэн учраас 100 жилийн дараа модон бараар барласан.
Энэ эх одоо Үндэсний номын санд бий.
Данжуурын тухайд 17-р зуунд орчуулагдсан. Ганжуурыг орчуулахад 50 гаран эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй баг ажилласан гэсэн мэдээ байдаг бол Данжуурыг орчуулахад Хамаг Монгол буюу бүх монгол туургатнаас шалгарсан 200 гаран эрдэмтдийн баг 10 жилийн хугацаанд орчуулсан гэсэн баримт бий. Үүнийг Бээжинд модон бараар барласан нь мөн л Үндэсний төв номын санд хадгалагдаж байна. Энэ монгол шунхан Данжуур 2011 онд Юнескод соёлын баримтат өвөөр бүртгэгдээд байгаа.
Тэгвэл орчин цагийн монгол үсэгт буулгахад хэдэн хүн ажиллаж байна вэ?
Өдөр тутмын хөрвүүлэгт 40 гаран хүн, удирдлага менежментийн баг, эрдмийн зөвлөлийг оролцуулаад нийт 60 гаран хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Төв Ганданд Ганжуур, Данжуурыг нэг бичүүлэхэд жил тойрон уншдаг, энэ болоод хойд насны буяны тулд гэдэг. Гэтэл та шинжлэх ухааны цогц товхимол гэлээ. Энэ хоёрын хооронд нэг асуудал байнаа. Шинжлэх ухааны товхимолыг уншуулснаар хэрхэн зовлонг гэтэлж, буяны засал болдог юм гэх үү дээ. Яг юу гэж асуухаа мэдэхгүй байна л даа.
Тун зөв, сайхан асуулт байна. Ганжуур бол Бурхан багшийн өөрөө айлдсан сургаал, , Данжуур нь түүний тайлбар. Бурхан багш, би бээр төгс гэгээрээд, туулсан амьдралынхаа тухай та нарт өгүүлж байна. Амьдралаас олж авсан чинхүү үнэнийг би таньж мэдэн гэгээрч байна гэсэн байдаг. Тэрнийгээ та бүхэнд хэлж өгч байна. Үүнийг дагаж хэрэгжүүлээд, судалж дэлгэрүүлбэл та бүхэн зөв, сайхан амьдрахаар барахгүй нэг насандаа төгс гэгээрлийг олох увдистай ном, яагаад гэвэл би гэгээрсэн оюун ухаанаар айлдсан учраас. Тэгж чаддаггүй юм гэхэд үгүйдээ л үгийн төдий хэлж байгаарай, энэ сэтгэлд чинь тустай, та бүхэн асар их буяныг хураана, маш их энерги хуримтлуулна гэсэн байдаг. Товчилбол, алтыг 3 янзаар шинждэг шиг та бүхэн шинжлэн судлаад яг үнэхээр бат ноттой байвал дагаарай, мухар сүсгээр биш. Судалж, шинжилж чадахгүй юм гэхэд дээдэлбэл тэр хэрээр буян хураана гэж. Өөрөөр хэлбэл уншиж, үзэж, судалж чадахгүй ч уншуулахад л буян хурааж байдаг байх нь. Энэ ид шид биш, үгийн агуулга, утгын хүч, өгүүлж айлтгасан хүний гэгээн оюунтай холбоотой энерги юм.
Чухам ийм учраас Ганжуур, Данжуур орчин цагийн хэл бичигт бууснаар Бурхан багшийн төгс гэгээрсэн оюун, сэтгэлээр айлдсан сургаал, номлолыг зөвхөн лам төдийгүй сонирхсон бүхэн уншиж, судлах, хүртэх боломжтой болж буйгаараа энэ төсөл маань ач холбогдолтой. Эх хэлээр байна гэдэг сэтгэхүйд ойр байхын нэр. Ингэж үзэж судалснаар бид мухар сүсгээс салахын эхлэл. Ойлгож, танин мэднэ. Хэрэгтэйгээ авна, хэрэггүйгээ гээнэ. Нөгөө талаараа хүн хүнээрээ байхад чухал үүрэгтэй. Бурхан багш хүний тухай биш хүнлэг чанарын тухай өгүүлснийг ойлгох болно.
Жаахан том дуугараад хэлчихэд Ганжуур, Данжуурыг хос хэл дээрээ буулгаж буй цорын ганц улс нь одоогийн байдлаар зөвхөн монголчууд. Ганжуур ер нь дэлхийд цөөхөн оронд эх хэл дээр нь байдаг. Түвд, хятад, манж, солонгос гэх мэт. Эдэн дундаа хос бичгээр буулгасан нь зөвхөн манайх гэсэн үг. Тэгэхэд одоо л дөнгөж дэлхий нийтийн хэл англиар буулгах ажлыг эхлүүлээд байна. Америк, Английн эрдэмтэд хамтарч зуун жилийн хугацаанд хэрэгжүүлэх төсөл гэсэн.
Буяны үр, даллагатай том ажилд тань уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлж, улам их амжилт хүсье. Цогт Цагийн Хүрдэн соёлын төв Ганжуур, Данжуураас өөр ямар төсөл, ажил явуулж байгаа талаар бас товч мэдээлэл өгөөч?
Баярлалаа. Төв маань Ганжуур, Данжуурыг хөрвүүлэх төслөөс гадна сүсэгтэн олонд чиглэсэн олон олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Өнгөрсөн оноос төвийн дэргэдэх “НОМТОЙ ЖААЛУУД” хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Хүүхдэд багаас зөв хүмүүжил олгох зорилготой цэцэрлэг. Төвийн дэргэд “Ганжуур Данжуур” клуб, “84000” номын өргөө зэрэг олон чиглэлээр сүсэгтэн олонд хандсан олон сургалт явуулна.
“Ганжуур Данжуур” клуб гишүүнчлэлтэй, одоогоор 300 гаруй гишүүн цуглаад байна. Номын өргөөнд сонирхсон залуус ирж үйлчлүүлэх боломжтой. Эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах боломжтой. “84000” өргөө маань й буюу Чилэн алжаахуй хэмээх бясалгалын сургалт явуулна. Тав тухтай өргөөнд 2 хонож хийдэг бясалгал. Товчхондоо бие сэтгэлгээгээ цэвэрлэх бясалгал гэж болно. Ходоод гэдэс, дотор эрхтнээс авахуулаад сэтгэл, оюунаа цэвэрлэж, стрессээ тайлъя гэсэн хэн бүхний өмнө нээлттэй. Мөн йогийн хичээл, англи, монгол хэл бичиг, математикийн сургалт гээд олон сургалтуудыг явуулна.
Танайхтай холбогдъё гэвэл ямар хаяг, утсаар холбоо барьж болох вэ?
Цогт Цагийн Хүрдэн соёлын төв маань Сүхбаатар дүүргийн 1-р хороо, /замын цагдаагийн зүүн талд, Буян компаниас урд/ Юнион Бюлдинг /Union building/-ийн 10 давхарын В-1001 тоотод байрлаж байна. Манай төв дээр ирж болно. Мөн www.chakra.mn гэсэн цахим хуудас буюу Kalachakra culture center гэсэн фэйсбүүк хуудас, 7011-1191, 9111-1318, 91112169 утсаар холбогдож мэдээлэл авч болно.
Сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлаа. Та бүхний гэгээн үйлсэд улам их амжилт хүсье.
Эх сурвалж: "Гранд" сэтгүүл № 03 \56\
Сэтгэгдэл (3)