Холливудэд цахиур хагалсан жүжигчин Амараа "Marco Polo" киноны нээлтийг монголд зохион байгууллаа. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
“Marcо Polo”-киноны нээлтийг Монголд хийх болсон талаар ярьвал?
Энэхүү кино монголд нээлтээ хийж байгаад ач холбогдол өгч өөрөө зохион байгууллаа. Нетфликс компани салбараа нээгээгүй учир монголчууд болоод урлаг соёлынхонд зориулж нэг удаагийн нээлтээр үзүүлж байна. Монголын уран бүтээлчид, жүжигчид дэлхийн жүжигчдээс чадварын хувьд дутах зүйл байхгүй. Бидэнд хамгийн гол нь хэлний бэрхшээл байна. Хүмүүс надаас яагаад монгол ирж зураг авалт хийдэггүй юм бэ, энэ чинь монголын тухай кино шүү дээ гэж их асуусан. Ингэхийн тулд бид кино үйлдвэртэй болох шаардлагатай байна. Дэлхий биднийг сонирхоод эхэлчихлээ. Өнөөдөр уул уурхай бусад бизнесээс кино урлаг ямар хүчтэй, ашигтай болохыг харж байна. Бид өөрсдөө агуу түүхтэй, киноны арвин их сэдэвтэй мөртлөө хүмүүсээр киногоо хийлгүүлээд явж байгаад нөлөө бүхий хүмүүс анхаарал тавих хэрэгтэй гэж хэлье дээ.
Кинонд тоглоход хүндрэлтэй асуудал юу байв?
Хэлний бэрхшээл тохиолдож байсан. Тэрнээс биш жүжигчний уран чадвар, жүжиглэлтэд хүндрэл гараагүй. Хувь уран бүтээлчийн хэр сурсан, хэр чадварлаг зэргээс шалтгаалж байсан.
Энэхүү киноны хоёр дахь төслийн талаар тодруулаач?
Хоёр төсөлд монголоос гурван жүжигчин тоглоно. Хамгийн гол нь монгол хэл дээр тоглох болсон. Дэлхийн 250 сая хүн үздэг нетфликс компанийн киног төрөлх хэлээрээ тоглоно гэдэг бол монголын түүхийг сурталчилж байгаа маш том боломж юм. Хүмүүс намайг кинонд тоглоход “Амараа чи булган сүүлтэй байгаарай, араасаа олон жүжигчдийг дагуулаарай” гэж захицгааж байсан. Би дагууллаа. Хоёр дахь төслөөр монголоос 60, 70-аад хүн явах гэж байна. Үүнийг л би өөрийнхөө гавъяа гэж бодож байна.
Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө?
Надад дараагийн уран бүтээлийн саналууд ирж байгаа. Агентлагаар дамжуулаад шилж сонгож байгаад тоглоно гэж бодож байна.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (14)