“Зохиомж” сургуулиар овоглогддог ноён Б.Цогтбаяр ёстой аатай эр. Түүний дэргэд байгаа бүсгүй гэргий нь гэдгийг л мэдэхээс “Дэлхийн шилдэг багш” болсныг дуулаагүй хүн олон байгаа байх. Ц.Энхжин хэмээх энэ хатагтай төдий л олны өмнө гарч хэвлэлийн дуран хараанд өртдөггүй. Төрийн ордноос Гавьяат багш цол тэмдгээ гардахдаа харин ч нэг гэрэлд цохиулсан шүү. Манай элит гэр бүлүүдийн тоонд дээгүүрт бичигдэх ид насны хосууд их л маадгар, бие биедээ халамжтай харагдах юм билээ. Б.Цогтбаяр хэсэг дэлгэцийн урлагаас холдсоны эцэст “Ээжээ надтай гэрлээч”, “Амьдрал нулимсанд дургүй” гэсэн хоёр ч киног жил хүрэхгүй хугацаанд “машиндаж” орхив.

Гэргийгээ 10-н жилийн нэг ангиасаа олсон тэр мөчийг хосууд энэ цагт эргэн дурссан байх. Хамгийн даруухан сурлагатай охин 10 жилээ онц төгсөж ЗХУ-д одоход Б.Цогтбаяр кино үйлдвэртээ ажиллан үлдсэн байна. Золоор араас нь очих тохиол бүрдэн хосууд ЗХУ-д анхны хүүхдээ өлгийдөн авсан аж. Эднийх одоо ам бүл зургуулаа, өнөр бүл. Аавынхаа мэргэжлийг том хүү нь өвлөсөн бол ээжийнхээ мэргэжлийг бага охин нь өвлөжээ. Ц.Энхжин дэлхийн 70 гаруй орны 120 гаруй их дээд сургуулийн багш нартай өрсөлдөж “Дэлхийн шилдэг багш” медаль хүртсэний дараахан төрийн хишгийг хүртсэн. Нүдний шилнээс салдаггүй төлөв хатагтай “Зохиомж” сургуулийн дэд захирал, Монголын үндэсний кино урлагийн академийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, кино наадмын зохион байгуулах хорооны дарга, продюссер, хэл шинжлэлийн ухааны доктор, багш, судлаач гэхчлэн олон ажлыг зэрэг амжуулдаг. Сайн эхнэр нөхрийнхөө хамгийн сайн гүйцэтгэх захирал байдаг. Ийм гүйцэтгэх захиралтай байхад Б.Цогтбаяр тэсрэлт хийгээд л байж дээ. Дэлхийн шилдэг багшийг дэргэдээ аргамжсан эр нэг ийм додигор царай гаргадаг байх нь байна шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (1)