УДБЭТ-ын хамт олон энэ сарын 27-нд “Дэлхийн театрын өдөр”-ийг тохиолдуулан “Балетын үдэш” өвөрмөц гала тоглолт зохион байгуулах гэж байна. Тус тоглолтоороо дамжуулан хүчирхийлэлгүй, тайван орчинг бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэх аж. Ингээд тоглолтын зохион байгуулагчидтай цөөн хором ярилцснаа хүргэж байна.

Цомнолыг бичсэн Ч. Мөнхзул /СТА/
- “Дэлхийн театрын өдөр”-ийн тухай товчхон мэдээлэл өгөөч?
-“Дэлхийн театрын өдөр” 1961 оноос хойш зохион байгуулагдсан. Олон улсын театрын хүрээлэн байгуулагдсанаас хойш дэлхийн театрын өдрийг тэмдэглэх болсон. Энэ өдөр бүх театр, театрт ажиллаж байгаа уран бүтээлчид, ажилчид, театрт ирдэг үзэгчид зүрх сэтгэлээрээ нэгдэж нийгмийн төлөө сайн сайхан зүйл хийх ёстой гэдэг саналыг анх гаргасан. Ингээд 1961 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн театрын өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн байдаг.
-“Балетын үдэш” гала тоглолт ямар онцлогтой, хичнээн уран бүтээлчид оролцох вэ?
-Гала концерт хоёр хэсэгтэй. Эхний хэсэг нь сонгодог хэсэг. Дэлхийн болон үндэсний сонгодог балетуудаас толилуулна. Тухайлбал “Дон Кихот”, “Парисийн дөл”, “Хунгийн үхэл” гэх мэт. Дараагийн хэсэг нь орчин үеийн бүжгийн хэсэг буюу модерн, неоклассик бүжгүүд багтсан, үүнд залуу хүмүүс оролцоно. Залуучуудын хүсэл тэмүүлэл, шинэ урсгал чиглэлийг агуулсан. Ерөнхий балетмейстер Д.Дашлхагва, зөвлөх мейстер н.Жамьяандагва гуайн орчин үеийн бүтээлүүд мөн залуу уран бүтээлч н.Эрдэнэжаргалын шинэ бүтээлүүд орсон. Балетийн бүх бүжигчид, симфони найрал хөгжимчид, тайз гэрлийн ажилчид гээд зүрх сэтгэлээрээ оролцсон бүх хүмүүс дэлхийн театрын өдрөө тэмдэглэх гэж байна.
Мөн бид өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал болох гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг дэмжиж ажиллая гэж шийдсэн юм. Балеийн урлагаар дамжуулаад нийгэмд гэрэл гэгээтэй сайн сайхан зүйлийг бий болгоё гэж зорьж байгаа.
Ерөнхий балетмейстер Д.Дашлхагва /СТА/
-Тоглолтонд хүрэлцэн ирэх хүмүүст хандаж үг хэлээч?
Манай дуурийн театр ихэвчлэн бүжгэн жүжиг тоглодог. Дундад зууны үед балетыг хаадад зориулж тоглодог байлаа. Одоо хаад гэж байхаа больсон ч, үзэж байгаа хүмүүс нь боолууд биш. Одоо хүмүүс оюунаараа үнэлдэг болсон. Сонгодог урлагийн театр бол оюунлаг хүмүүсийн сэтгэлийн цангааг тайлах газар.

Энэ үдэш хүчирхийллийн эсрэг төвтэй хамтран ажиллаж байгаа учир бидний уриа, нийгэмд хүргэх үг маань бүжгээр илэрхийлэгдэнэ. Эмэгтэйчүүдийгээ хүндэлье, дотоод ертөнцөө үнэлье гэсэн санааг хэлэхийг зорьсон. Хүний биеийг олж төрчихөөд яагаад нохой шиг амьдрах ёстой юм бэ? Бурхны нэг хэсэг болон бүтчихээд чөтгөрийн мэдрэмжийг яагаад дандаа агуулах ёстой юм бэ? Хүн болгон л эхээс гарсан. Эх гэдэг нь мэдээж бүсгүй хүн. Хүний сайхнаас, бурхнаас бүтчихээд түүнийгээ битгий уландаа гишгээч ээ, битгий хүчирхийлээч ээ, битгий гомдоогооч ээ. Гомдоож байгаа гэдгээ мэдэхгүй, ойлгохгүй, ийм байх ёстой гэж боддог байж магадгүй. Тэгвэл энэ үдэш хүрэлцэн ирж, сайн сайхан зүйлээс жаахныг ч гэсэн мэдэрч түүнийгээ хөрсөнд суулгаад усалж ургуулбал маргааш нь цэцэг дэлгэрэн түгэх болно.
-Таны бодлоор хүчирхийлэл гэж юу вэ?
Хүчирхийлэл гэдэг бол ганцхан махан биенд зориулагдсан зүйл биш. Хүчирхийлэл гэдэг бол хүний сэтгэлийг үргэлж дарамталж, шаналгаж байдаг зүйл. Там хүртэл хүчирхийллийг эдгээж байдаг гэсэн үг бурханы номонд байдаг. Махан биегүй болсон хүн зовлонг тамаар дамжуулан сэтгэлээ ариусгадаг гэж ойлгодог. Үхнэ гэдгээ санаж байхгүй бол дэргэдэх хэн нэгэн хүнийг гомдоох вий, муухайгаар санах вий гэж байнга бодож явах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн байгаа байдал чинь, өчигдрийн хүсэл мөрөөдлийн үр дүн, маргаашийн байх байдал чинь, өнөөдрийн хүсэл мөрөөдлийн үр дүн юм шүү.
Эх сурвалж: Grandnews.mn
Л.Номин
Сэтгэгдэл байхгүй байна