СЭМҮТ-ийн ерөнхий захирал, ангагаах ухааны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл:

"Сэтгэцийн өвчин" ядуурал, эдийн засагтай хамааралтай

Хүн төрлөхтөн хөгжил, дэвшил рүү тэмүүлж буй ч "хүн" гэгдэх мөн чанараа алдсаар буйг бид харсаар байна. Нийгэм хөгжихийн хэрээр хүн амын сэтгэцийн өвчлөл нэмэгддэг гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Энэ сэдвээр ярилцсан мэргэжилтний яриаг хүргэе.

Манай орны сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөлийн түвшин бусад орнуудтай харьцуулахад хэр түвшинд байна вэ?

Хүн амыг сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс, сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс гэж гурав ангилдаг. Гурваас арван хувь нь сэтгэцийн эмгэгтэй, 25 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай бол үлдсэн хувь нь эрүүл гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж ДЭМБ-аас тогтоосон байдаг юм.

Нийгэм хөгжих тусам сэтгэцийн эмгэг ихэсдэг болох нь ДЭМБ-ын ажлын группээс хийсэн судалгаанаас харагддаг. Жишээлбэл өндөр хөгжилтэй улсын хүн амын 10-12 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байдаг гэсэн судалгаа гарсан. Эдийн засгийн хөгжилтэй улсын хүн амын 8-10 хувь нь, ОХУ-ын хүн амын 4-6 хувь нь, хөгжиж байгаа гэгддэг орнуудын хүн амын 2,5-3 хувь нь сэтгэцийн эмгэгтэй. 1984-1992 оны хооронд манай улсын хүн амын дунд хийсэн сэтгэцийн эмгэгийн тархацын судалгаагаар хүн амын 1,5 хувь нь сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарч байсан. Түүний дараа 2014 онд СЭМҮТ-өөс зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хийсний урьдчилсан дүнгээр арван хэдэн хувьд хүрсэн. Ингээд харахад сэтгэцийн эмгэг 1984 оноос хойш 10 дахин ихэссэн. Нийгэм хөгжихийн хэрээр сэтгэцийн эмгэг ихэсдэг болох нь тодорхой харагдаж байна.

Нийгэм хөгжихийн хэрээр ямар эмгэгүүд ихэсдэг вэ?

Олон жилийн өмнөхтэй харьцуулбал архинд донтох эмгэг, компьютерт донтох эмгэг, сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр, биеийн галбирын эмгэг, мэдрэлийн ядаргаа гэх мэтчилэнгээс стрессийн шалтгаантай сэтгэцийн эмгэгүүд нэмэгдсэн байгаа нь харагдаж байна. 

Монголчууд сэтгэцийн ямар эмгэгээр ихэвчлэн өвчилдөг вэ?

Зөвхөн монголчууд гэлтгүй бусад оронд сэтгэцийн эмгэг адилхан тархалттай байдаг. Шизофрейн, оюуны хомсдол нь адилхан тархалттай. Гагцхүү архинд донтох эмгэгээр манай улс өндөр түвшинд явж байна. Мөн тамхинд донтох эмгэгээр дэлхийд тэргүүлэх арван орны нэг болчихсон байна. Стрессийн шалтгаант эмгэг, компьютерт донтох эмгэг гайгүй байсан бол одоо нэмэгдэх хандлагатай болсон.

Нийгмийн байдлаас үүдэлтэй эмгэг хэр их ажиглагдаж байна. Ядуурал, эдийн засгийн байдлаас хамааралтай ч юм уу?

Тухайн нийгмийн байдал хүний сэтгэл зүйд асар их нөлөөлдөг. Эрүүл хүн гэдэг чинь бие бялдар эрүүл байх төдийгүй, сэтгэл зүй, оюун санааны хувьд эрүүл байхыг хэлдэг.  Нийгмийн маш их хямрал, будлиан, эдийн засгийн уналт зэрэг нь хүмүүсийн сэтгэл зүйд их нөлөөлдөг. Эдгээр нь нөлөөлөхөөрөө стрессийн шалтгаантай сэтгэл зүйн эмгэгийг нэмэгдүүлдэг. Тухайлбал сэтгэл гутрал, түгшилт, айдас, ядаргаа, нойргүйдэл гэх мэтчилэн эмгэгүүдээр илэрч байдаг.

Нийгмийн аль давхрагынхан сэтгэцийн эмгэгт илүү их өртөмтгий байдаг вэ?

Бүх улс оронд энэ нь адилхан байдаг. Хүүхэд насанд компьютерт донтох эмгэг ихэвчлэн байдаг бол, насанд хүрэгчдэд сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэг илүү тохиолддог. Аль ч насны хүн тулгамдсан асуудалтай бол сэтгэцийн эмгэгээр өвчлөх магадлалтай. Жишээлбэл ахмад насныханд сэтгэл гутрал, түгшүүр нэмэгдэх хандлагатай. Нас насныханд тохиолдох эмгэгүүд бүх улс оронд адил байдаг гэж хэлье.

Өнөөдрийн байдлаар хичнээн өвчтөн эмчлүүлж байна вэ?

Манай төв 450 ортой. Одоогийн байдлаар 470-аад өвчтөн байгаа гэсэн тооцоо байдаг.

Танай төвд ямар хүйсийнхэн давамгай, аль насныхан илүү их эмчлүүлж байна?

Манай төв хэвтүүлэн эмчлэх 12 тасагтай. Түүнээс 11 тасаг насанд хүрсэн хүмүүсийг эмчилдэг. Үлдсэн нэг нь хүүхдийн тасаг. Насанд хүрэгчид нь илүү их эмчлүүлж байгаагаас, хүйсийн хувьд эрэгтэй эмэгтэй адилхан гэж хэлж болно. Харин архинд донтох тасгийн 90 гаруй хувийг эрэгтэйчүүд эзэлж байсан бол сүүлийн үед эмэгтэйчүүд ихсэх хандлага ажиглагдаж байгаа юм.

Хамгийн бага нь хэдэн настай өвчтөн байна?

Үүнд компьютерт донтох өвчтэй 9 болон 10 настай хүүхдүүд хэвтэж байгаа.  

Сүүлийн үед бөө нар сэтгэцээр өвчлөх нь нэмэгдэж эмчлүүлэх болсон гэж ярьдаг. Энэ үнэн үү?   

Би бөө нарыг сэтгэцийн эмгэгтэй болоод эмчлүүлж байна гэж хэлэхгүй л дээ. Сэтгэцийн эмгэгийн талаарх хүмүүсийн ойлголт шинжлэх ухааны үндэстэй биш байх юм. Тэрэнтэй холбоотой өөрсдийгөө жишээлбэл унадаг өвчин эпливсигээр ч юмуу сэтгэцийн шалтгаант сэтгэцийн эмгэгээр өвдөхөд тэрийгээ бөө, удган болох ёстой гэсэн үгэнд автаад эм уухгүй тохиолдол байдаг. Ер нь тэр хүний сэтгэцэд ямар нэгэн хямрал гарах юм бол бөө, удган дээр их очдог. Түүний оронд аймаг, дүүргийн сэтгэцийн эмч дээр очоосой гэж хэлмээр байна. Шашин шүтэх, эс шүтэх нь тухайн хүний эрхийн асуудал. Гэхдээ сэтгэцийн тулгамдсан асуудалтай үед эмнэлгийн тусламж авах нь зүйтэй.

Манай улсад сэтгэцийн эмгэггүй хүнийг хэвтүүлэн эмчилж байсан тохиолдол байдаг уу?

Манайд хурц солиоролтой, сэтгэцийн хурц өөрчлөлттэй хүмүүс хэвтдэг тасгууд бий. Тодорхой хэмжээний тулгамдсан асуудалтай эрүүл хүмүүс хэвтдэг неврозийн тасгууд ч байдаг. Ямар нэгэн байдлаар асуудалтай байлаа ч гэсэн тухайн хүнийг магадлан тогтоох комиссоор үзүүлж тогтоодог учраас хэлмэгдүүлэх, улс төрийн зорилготой худлаа оношлох тохиолдол байдаггүй.

Сэтгэцээр өвчлөөд эмчлүүлж байсан тохиолдолд эмгэг бүрэн эдгэрэх үү, эсвэл тархинд нь ямар нэгэн байдлаар үлдэх үү?

Ямар эмгэгээс шалтгаална. Невроз, стрессийн шалтгаант эмгэгүүд бүрэн эдгэрдэг. Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн зургаан өвчний дөрөв нь сэтгэлийн шалтгаант эмгэг байдаг. Тэдгээр нь бүрэн эдгэрнэ. Харин архинд донтох эмгэгт удаан хугацааны эмчилгээ шаардлагатай. Эхлээд 10-аад хоног хэвтүүлж, дараа нь 20-иод хоног сэтгэл заслын хичээл сургалтанд явуулах гэх мэтчилэн хугацаа шаарддаг. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс аль болох сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

Сэтгэцийн эмгэгээс хувь хүн хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хамгийн түрүүнд сртрессээ тайлах наад захын аргуудад суралцах хэрэгтэй. Ядаргаа нойргүйдэл нь тухайн хүний дэглэмээс илүү шалтгаалдаг. Нойр, хоол ажлын дэглэмийг хэвийн түвшинд баримтлаад явах юм бол өөрийгөө олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Наад зах нь уур бухимдлаа зөв тайлж сурах хэрэгтэй. Ингэснээр гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, хүрээлэн буй хүмүүсээ стресс, бухимдалд оруулахгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл иргэд өөрсдийнхөө хариуцлагыг сайжруулаасай гэж зөвлөж байна. 

Ер нь эрүүл мэнд, анагаах ухааны салбар нь урьдчилан сэргийлэх талдаа илүү хөгжиж байна. Ард түмэн эрүүл мэндийн боловсролоо сайжруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн газраас “Заавал хэвшүүлэх 21 дадал” ном гарсан. Тэр номонд хүмүүст ойлгомжтой энгийн үгээр тайлбарласан эрүүл мэндийн боловсролыг олгох зорилготой зөвлөмжүүд бий.       

Эх сурвалж: Grandnews.mn

П.Урнаа

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Lol
    Peeh naad avgai chin ulaan luivarchin ulsiin mungu iddeg ih muuhai hun dee burhan mini
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025