
Хорьдугаар зууны хамгийн нөлөө бүхий хөгжмийн зохилчдын тоонд ордог Игорь Фёдорович Стравинский. Гайхамшигт “Ариун хавар”-ын эцэг тэрээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач төдийгүй хөгжмийн хэмнэлийн талаарх өнөөгийн бидний ойлголтыг анх бий болгосон сартваахи.

1882 онд Санкт-Петрбург хотод төрсөн бөгөөд дэлхийн I дайны үед Францад дүрвэн гарч, 1940-өөдоноос АНУ-ын иргэн болж, 1971 оноос насан эцэстлээ тэндээ амьдарсан.
Тэрээр 1913 онд Парист болох Оросын соёлын өдрүүдэд зориулж “Галт шувуу”, “Петрушка”, “Ариун хавар” хэмээх гурван балет бичсэн нь дэлхий нийтийг шуугиулж, нэгэн хэвийн урсгалаар явж байсан сонгодог урлагийн хөгжилд цоо шинэ хувьсгал хийсэн юм. Хувьсгал бүхэн анхандаа хэзээ ч сайхан, таатай байдаггүй. Стравинскийн шинэчлэгч өнгө аястай бүтээлүүдийн анхны тоглолт мэдээж шинэлэг хэрээрээ дуулиан шуугиан тарилаа.
“АРИУН ХАВАР”-ЫН ДУУЛИАН
Ялангуяа “Ариун хавар”-ын ер бусын хөгжмийн хэллэг нь эхний тактаас л шоолсон инээд, дургүйцлээ илэрхийлсэн орилоон хашгираан дунд болж эцэстээ, энэ их үймээн шуугианд хөгжим ч сонсогдохоо больж, бүжигчид будилж гүйцэв.
Удаах тоглолтууд болон бүжгэн жүжгийн хөгжмийн найрал хөгжимд зориулсан концертын хувилбар нь тоглогдож үзэгчдээс өндөр үнэлэлт авсан бөгөөд удалгүй ”Ариун хавар”тухайн цаг үеийнхээ хөгжмийн амьдралд гарсан чухал үйл явдлын нэг гэгдэн хүлээн зөвшөөрөгдсөн юм.
Энэхүү бүтээлийг дэлхийн нэр нөлөө бүхий олон орны театрын тайзнаа өөр өөр өнгө аястай найруулан тавьж, чанар чансаагаа илтгэдэг.
"АРИУН ХАВРЫН ТАХИЛГА" КОНТЕМПОРАРИ ЭТНО БАЛЕТ
Урьдын цагт нэгэн орны ард түмэнд байгалийн гамшиг тохиолдож, хавар цагийг ихэд хүсэн, хүлээсээр. Гэвч хүсэлт хавар ирэхгүй л байлаа. Цөхөрсөн ард түмэн аргаа барж өөрсдийн сүсэг бишрэлээр газар дэлхий, тэнгэр огторгуйдаа хүндлэл үзүүлж, ариун биетэй охиныг насан эцэс болтол нь бүжиглүүлж, тахилга өргөснөөр хавар цаг айлчлан ирж ард олон сайхан амьдрах болсноор энэхүү уран бүтээлийн үйл явдал өрнөнө.
Энэ удаад их хотоор овоглодог Нийслэлийн Улаанбаатар чуулга дэлхийд алдартай уг бүтээлийг үндэсний хөгжимд хөрвүүлэн ирэх 4-р сарын эхээр тайзнаа тавихаар тоглолтынхоо бэлтгэл ажилд хэдийнэ оржээ. Симфони найрал хөгжимд зориулсан уг бүтээлийг ихэвчлэн 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглодог ч энэ удаад тус чуулгын 20 гаруй хөгжимчин тоглох юм байна. Хамгийн гол нь уг бүтээлийг тоглохоор зориглож байгаа нь нэн сонирхолтой бөгөөд бүжгийг бүжиг дэглээч СТА Д.Энхгэрэл, хөгжмийн хөрвүүлгийг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл хийж байгаа бол найрал хөгжмийг МУУГЗ Н.Туулайхүү дохих ажээ.

Балетмейстр, бүжиг дэглээч Д.Энхгэрэл
Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл
Удирдаач Н.Туулайхүү
Тайзны зураач Д.Одгэрэл
Туслах найруулагч П.Урнаа
Дизайнер А.Дөлгөөн
Уран сайхны удирдагч Р.Мөнхсайхан
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)