- ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЧАДАВХИЖУУЛАХ 100 ЦАГИЙН СУРГАЛТЫН ТУХАЙ –
“Имако Консалтинг”, “Глобал Стратегийн Удирдлагын Институт”, Монголын Менежментийн Холбоо хамтран Гүйцэтгэх захирлыг чадавхижуулж, гэрчилгээжүүлэх “CEO Business Training” хэмээх сургалтыг зохион байгуулах гэж байгаа ажээ. Улсын хэмжээнд дутагдаад байгаа сайн гүйцэтгэх захирал, чадварлаг менежерүүдийг зах зээлд нийлүүлж, өндөр өгөөж бүхий оюуны үйлдвэрлэл явуулах гэж байгаа энэ сургалтын талаар “Глобал Стратегийн Удирдлагын Институт”-ийн захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал, “ИМАКО консалтинг”-ийн захирал, сургагч багш Р.Лхагвадулам нартай ярилцлаа.

-Монголын зөвлөх үйлчилгээний салбарт амжилттай ажиллаж байгаа менежментийн зөвлөхүүд хамтран “CEO training” хэмээх сургалтыг явуулах гэж байгаа юм байна. Гүйцэтгэх захирлуудад зориулсан энэ сургалтынхаа зорилго, ач холбогдлын талаар тодруулна уу?
-Р.Лхагвадулам: /Боловсрол судлалын магистр, Удирдахуйн Ухааны докторант/
-CEO training буюу Гүйцэтгэх захирлуудад зориулсан сургалтыг “Имако Консалтинг”, “Глобаль Стратегийн удирдлагын институт” болон Менежментийн Холбоо гэсэн гурван байгууллага хамтран зохион байгуулах гэж байна. Гүйцэтгэх захирал нь компанийн хөрөнгө оруулагчид, ТУЗ-өөс томилогддог итгэмжлэгдсэн төлөөлөгч байдаг. Гүйцэтгэх захирлын хувьд асар хурдан өөрчлөгдөж буй улс төр, эдийн засгийн болон гипер-өрсөлдөөнт орчинд компанийн оролцогч талуудын ашиг сонирхлыг тэнцвэртэй авч явах, үүний зэрэгцээ компанийн урт хугацааны тогтвортой ажиллагааг хангахын төлөө ажиллах үүрэгтэй, тухайн компани байгууллагын тархи, зүрх нь болсон чухал албан тушаал. Гадаад орчны өөрчлөлтийг цаг алдалгүй урьдчилан харж компанийхаа үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг хүн байх ёстой. Энэхүү төвөгтэй бөгөөд асар их авьяас чадвар, тэсвэр тэвчээр шаардсан ажлыг амжилттай гүйцэтгэх, XXI зууны гүйцэтгэх захиралд байх ёстой мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд манай сургалт бүхэлдээ чиглэгдэнэ.
Ц.Оюунжаргал: /Эдийн засгийн ухааны магистр, докторант/
-Миний хувьд, сүүлийн арваад жилийн турш төрийн болон хувийн секторын олон байгууллагуудын удирдах ажилтан, менежерүүдэд зөвлөх үйлчилгээ, сургалт явуулж ирлээ. Энэ хугацаанд компанийн эздийн зүгээс “сайн гүйцэтгэх захирал” олж өгөөч гэсэн хүсэлтийг олон удаа сонсч байв. Манай их дээд сургуулиуд бизнесийн удирдлагын бакалавр, магистрын зэрэгтэй менежерүүдийг олноор нь бэлдэж гаргадаг. Тэд харин бүгд сайн мэргэжилтэн болж чаддаг эсэх нь эргэлзээтэй. Бидний хувьд нэг талаас компанийн эзэд, хувьцаа эзэмшигчдийн хүлээлтэд нийцсэн, нөгөө талаас орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах стратегич сэтгэлгээтэй СЕО-г сургах, бэлтгэн гаргах зорилгоор энэхүү Гүйцэтгэх захирлуудад зориулсан 100 цагийн сургалтаа зохион байгуулж байна.
-Энэ сургалтад ямар хүмүүс хамрагдаж болох тухайн хүн ямар үр дүнг хүлээнэ гэдэгтээ итгэлтэй байж болох вэ?
Р.Лхагвадулам: -Энэхүү цуврал сургалтад оролцох Гүйцэтгэх захирлууд байгууллагын дээд түвшний удирдлагын зайлшгүй эзэмших ёстой мэдлэг, ур чадварт суралцахын зэрэгцээ амжилттай яваа үндэсний компаниудын удирдагчдаас суралцах болно. Түүнчлэн үндэсний шилдэг компаниудаар аялах- “Study Tour” аялалд хамрагдана. Мөн гүйцэтгэх захирлуудад зайлшгүй байх ёстой ур чадваруудын нэг болох networking skills буюу танилын хүрээгээ тэлэх, бусад оролцогчидтой мэдлэг, туршлагаа хуваалцах оролцооны аргад тулгуурласан сонирхолтой кэйсүүд дээр ажиллах юм. Манай сургалтанд компанийн дээд удирдлага, өмчийн эзэд, гүйцэтгэх захирлууд болон эцэг эхийнхээ бизнесийг залгамжлах залуу эзэд оролцоно. Мөн одоо идэвхтэй ажиллаж байгаа СЕО-г чадавхжуулах, нөгөөтэйгүүр авьяаслаг, чадвартай шинэ лидерийг эхнээс нь бэлдэж, байгууллагыг удирдан чиглүүлж, стратегийн шийдвэр гаргах түвшинд ажиллахад шаардлагатай мэдлэг, чадварыг харьцангуй богино хугацаанд, хагас ваакум орчинд олгох юм. Креатив удирдагч өөрийгээ хөгжүүлээд байгууллагын ажиллагсдаа цаашид өсч дэвжих боломжоор тэгш хангахад юу хийх хэрэгтэй вэ гэсэн асуултуудад хариулт авна даа.
Ц.Оюунжаргал: -Манай сургалтанд хамрагдсан захирлууд шинэ эрч хүч, шинэ арга техник, шинэ мэдлэгээр цэнэглэгдэн салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдээс суралцан, тэр хэмжээгээрээ улс орныхоо хөгжлийг түргэсгэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Өөрөөр хэлбэл бид улс орны хэмжээнд дутагдаад байгаа сайн гүйцэтгэх захирал, сайн менежерүүдийг “үйлдвэрлэн” зах зээлд нийлүүлэх гэж байгаа нь богино болон дунд хугацаанд асар өндөр өгөөжтэй “оюуны үйлдвэрлэл” болох юм.
-Танай энэ сургалт бусад ижил төстэй сургалтуудаас юугаараа ялгаатай вэ?
-Ц.Оюунжаргал: -Сургалтын хувьд хэд хэдэн давуу талтай. Бид хөтөлбөрөө практик туршлага, компанийн эзэд болон гүйцэтгэх захирлуудаас авсан судалгаандаа үндэслэсэн. Энэхүү сургалтыг дээд шатны гүйцэтгэх удирдлагыг бэлддэг өндөр хөгжилтэй орнуудын шилдэг хөтөлбөрийн контент болон форматын дагуу явуулахаар төлөвлөлөө. Өөрөөр хэлбэл бид хамгийн орчин үеийн сургалтын арга, технологи ашиглан интерактив байдлаар сургалтаа явуулна. Гүйцэтгэх захирал хүн өдөр тутмын үүрэгт ажлаа гүйцэтгэхэд тулгардаг асуудлуудыг амжилттай шийдвэрлэх талаар сургалтын хөтөлбөрт нэлээн түлхүү тусгасан нь манай онцлог. Тухайлбал, гүйцэтгэх захирал болгонд компанийн хувьцаа эзэмшигчдэд ажлаа тайлагнах, стратегийн оновчтой сонголт хийх, санхүүжилт, хүний нөөц, үйл ажиллагаа, маркетинг болон компанийн өсөлтөө үр дүнтэй удирдах гэх мэт асуудлууд тулгардаг. Сургалтаараа энэ бүгдийг судалж, үндэсний хэмжээнд амжилтанд хүрсэн туршлагатай гүйцэтгэх захирлуудтай уулзалт, чөлөөт ярилцлага зохион байгуулж, танхимын сургалтын дараа суралцагчид бие даан ажиллаж сурсан мэдлэгээ баталгаажуулах болно.
-Танай сургалтад суусны үр дүн, хэзээнээс хэрхэн гарч ирэх бол?
-Ц.Оюунжаргал: -Сургалтын үр дүн, ач холбогдлыг бид богино болон дунд хугацаанд харж байна л даа. Сургалтын явцад оролцогч захирлууд стратегич сэтгэхүйгээ хөгжүүлж, оновчтой шийдвэр гаргах арга техникт суралцахын зэрэгцээ soft skills гэж ярьдаг зөөлөн ур чадваруудад суралцана. Тэднийг сурсан зүйлээ цаг алдалгүй ажил амьдралдаа хэрэгжүүлж эхлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Хувь хүний гүйцэтгэл ялангуяа компанийн Гүйцэтгэх захирлын мэдлэг, ур чадвар дээшилснээр байгууллагын бүтээмж, тогтвортой ажиллагаанд эерэгээр нөлөөлнө. Байгууллагын дотоод уур амьсгал эрүүлжинэ. Эрсдлийг олж харж хямралыг хохирол багатайгаар туулах арга техникт суралцана.
Р.Лхагвадулам: -Монгол Улсзах зээлийн эдийн засагт шилжээд 25 жилийн нүүр үзэж байна. Түүхийн үүднээс авч үзвэл энэ нь бага хугацаа ч хувийн секторын эрчимтэй хөгжлийн үе байлаа. Хэдийгээр манай эдийн засагт санхүүгийн хямрал нүүрлэн хувийн компаниуд үйл ажиллагаагаа тэлэхэд хүндрэлтэй байгаа ч сайн удирдагчтай, сайн менежменттэй компаниуд өнөөдөр энэхүү сорилыг амжилттай даван туулж байгаа нь нууц биш. Сайн удирдагч, сайн CEO, сайн менежер зах зээлийн ямар ч үед өндөр үнэлэгддэг бөгөөд санхүүгийн хямралын үед бүр ч илүү үнэлэгдэх нь ойлгомжтой.
-Сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага байдаг биз дээ, Оюунжаргал багш аа? Танай компани чухам яагаад энэ Лэди төвтэй хүч хавсрах болов?
-Ц.Оюунжаргал: LADY төв нь барилга, үндэсний үйлдвэр, уул уурхайн менежментийн багийг чадавхижуулах чиглэлээр зөвлөх үйлчилгээний зах зээл дээр аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн компани билээ.Эдний ИМАКО консалтинг нь мэдээлэл холбоо, банк-санхүүгийн үйлчилгээний чанар, харилцагчийн сэтгэл ханамжийг бэхжүүлэх,зочид буудал,зоогийн газар, худалдааны байгууллагын бүтээмж, чанарын удирдлага, үйлчилгээний соёлыг нэмэгдүүлэх, шинэ бизнес, шинэ брэндийг нутагшуулах, борлуулалтыг нь нэмэх зорилго бүхий олон төсөл хөтөлбөрүүдийг 13 жилийн өмнөөс гуйцэтгэсэн туршлагатай болохоор бид хамтардаг. Монголчуудын амьдралын чанар сайжрахын хэрээр гадаад худалдаа,импорт, экспортын чадавхийг бэхжүүлэх төсөл болон зөвлөх үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, үнэ цэнэтэй брэндийн борлуулалтыг нэмэгдүүлэх, PREMIUM зэрэглэлийн үйлчилгээний стандартыг хэвшүүлэх сургалт зөвлөх үйлчилгээг оролцоонд түшиглэж, дадлагад суурилсан шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулдагийг нь мэддэггүй СЕО монголд байхгүй биз ээ.
-Та бүхэн шинэ зууны удирдагч хүн олон талын мэдлэг, ур чадварыг эзэмшсэн авьяаслаг менежер, чадварлаг удирдагч байх талаар ярилаа. Ер нь чадварлаг удирдагч гэж яг хэнийг хэлэх вэ?
Р.Лхагвадулам: -Миний хувьд, албан бус сургалтын салбарт ажилласан 10 гаруй жилийн турш чадварлаг, эрчимлэг олон СЕО-той нүүр тулж явсан нь маш том завшаан юм, тэднээс байнга суралцаж ирлээ. Гэхдээ чадварлаг гүйцэтгэх захирал гэж ийм хүнийг хэлнэ гэсэн албан ёсны тодорхойлолтыг харин олж хараагүй явна. Асар хурдтай өөрчлөгдөж байгаа эдийн засаг, санхүү, улс төр, бизнесийн орчинд алсын хараатай, маневр сайтай, ямар ч нөхцөлд дасан зохицон ажиллах чадвартай, багаар “базаж” чаддаг байх ойлгомжтой. СЕО нар компанийн ТУЗ эсхүл хувьцаа эзэмшигчийн зүгээс томилогддог итгэмжлэгдсэн төлөөллийн хувьд компанийг үр дүнтэй үр ашигтай ажиллуулан, хувьцаа эзэмшигчид болон оролцогч талуудын ашиг сонирхлыг тэнцвэртэй үүрч, хөрөнгө оруулагчийн хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх үндсэн үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлан байнга шинийг эрэлхийлэгч, санаачлагч, тасралтгүй сайжруулагч, өөрчлөл шинэчлэлд уриалан дуудагч тэгээд хэрэгжүүлэгч, сайн гүйцэтгэгч байх ёстой.
Ц.Оюунжаргал: -Орчин үеийн менежментийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Питер Дракер “... гүйцэтгэх захирал сайн манлайлагч байгаад зогсохгүй сайн менежер байх нь чухал” хэмээн хэлсэн байдаг. Үүнтэй холбоотой нэг жишээ дурдъя. Миний бие группын бүтэц бүхий үндэсний үйлдвэрлэгч нэгэн компанийн ТУЗ-д хараат бус гишүүнээр нэлээн хэдэн жил турш давхар ажиллаж байгаа юм.
Компанийн Бизнес төлөвлөгөө, жилийн төсөв хэлэлцэх ТУЗ-ийн хурлын үеэр нэгэн сонирхолтой бөгөөд сургамжтай явдал болж өнгөрснийг дурдмаар санагдлаа. Группын бүтцэд байдаг нэгэн охин компанийн гүйцэтгэх захирал, ирэх оны санхүүгийн төсөөлөл хийхдээ нэлээд их хэмжээний алдагдалтай ажиллах төлөвтэй байгааг харуулсан Бизнес төлөвлөгөө танилцуулав. Бизнес төлөвлөгөөтэй нарийвчлан танилцахад тухайн бизнесийг хариуцан ажиллаж байгаа Гүйцэтгэх захирал, компаниа ашигтай ажиллуулах нь бүү хэл ядаж л хугарлын цэг дээр авчрах тухайд ямар нэгэн идэвх санаачлага, шинэ санаа оноо огт гаргаагүй, бизнес зүгээр л урсгалаараа явахаар л төлөвлөсөн болох нь харагдав. Тухайн үед би тэрхүү захирлаас “ Гүйцэтгэх захирал хүн дунд шатны менежерээс юугаараа ялгаатай вэ?” хэмээн асуухад “-ямар ч ялгаагүй, би гол хувьцаа эзэмшигчийн гаргасан шийдвэрийн дагуу л ажлаа явуулж байгаа” гэж хариулсан. Нөхцөл байдлыг илүү нарийвчлан судлахад тэрхүү охин компанийг санхүүгийн хямралын үед ч бага хэмжээний ашигтай ажиллуулах боломжтой болох нь харагдаж байв. Тэгээд гүйцэтгэх захирал Бизнес төлөвлөгөөгөө эргэн харж, санхүүгийн төсөөллөө өөрчлөн дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээр ТУЗ-ийн хурал өндөрлөсөн юм. Энэ нь надтай таарсан ганцхан тохиолдол биш бөгөөд дараа нь сургалт, зөвлөгөө өгсөн компаниудын хувьд ч гүйцэтгэх захирлуудыг чадавхжуулах тэднийг сайн удирдагч, сайн CEO болгон төлөвшүүлэх асар их хэрэгцээ байгааг алхам тутамдаа мэдрэгдээд байдаг л даа.
-Та хоёр салбартаа танигдсан эмэгтэйчүүд. Консалтинг компаниуд хамтран ажиллаж байгаа нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэх сайн хэрэг гэж ойлгогдож байна...
Р.Лхагвадулам: -Ц.Оюунжаргал зөвлөх хэдийгээр насаар надаас залуу хүн боловч би багшаа гэж хүндэтгэдэг. Бизнесийн удирдлагын магистр, эдийн засгийн ухааны докторант, Латвийн Рига хот, АНУ, Их Британи, Ирландад суралцаж мэргэжлээ дээшлүүлсэн чадварлаг менежер, зах зээлд амжилттай ажиллаж байгаа хэд хэдэн компани, банк, санхүүгийн байгууллагын дээд шатны удирдлагад ажиллаж туршлага хуримтлуулж яваа эмэгтэй. Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтийг үүсгэн байгуулагч, МХНМХ-ны УЗ-ийн гишүүн, менежментийн ахлах зөвлөхөөс байнга суралцдагтаа баяртай байдаг юм.
Ц.Оюунжаргал: -LADY төвийн “ИМАКО консалтинг” институттай хамтран ажиллах дуртай олон зөвлөхүүдийн нэг нь би. Албан бус боловсрол, байгууллагын сургалтын монгол загварыг бий болгох зорилгоор 2002 онд байгуулагдаж байсан. Бизнеийн салбар, хууль, шүүх, цагдаагийн байгууллагын шинэтгэл, төрийн албан хаагчдын манлайлал, харилцаа, хандлагыг эерэгжүүлэх, улс төрийн нам, нэр дэвшигчийн сурталчилгааны менежмент, сонгуулийн ПиАр-ын хөтөлбөр болон гуйцэтгэл, эмнэлгийн үйлчилгээний чанар, ёс зүйг сайжруулах гээд маш олон чиглэлд үйл ажиллагаагаа явуулдгийг нь хүмүүс мэднэ. Зөвлөх үйлчилгээний зах зээлд аль хэдийн хүлээн зөвшөөрөгдөж, олон төсөл хөтөлбөрүүдийг 13 жилийн өмнөөс хэрэгжүүлж, арвин их туршлага хуримтлуулсан Р.Лхагвадулам багшийн багтай бид үе, үе хамтран ажилладаг юм.
2015 оны гуравдугаар сарын 20-ноос эхлэн гурван долоо хоногийн зөвхөн Баасан, Бямба гаригт 9-17 цагуудад Рамада зочид буудалд зохион байгуулагдах СЕО тренинг сургалтын тухай сонирхвол 9911-3448, 9911-0824, 9911-7059 дугаарт хандаарай.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)