
Ердөө хэдхэн хоногийн өмнө 4 настайдаа төрсөн эцэг, хойт эхийнхээ гарт зуурдаар амиа алдсан бяцхан охины дурсгалыг хүндэтгэх гэрэлт зул өргөх ёслол болсон билээ. Энэхүү Цагаан цуглааныг санаачилсан Г.Дэлгэрмаа “Гэрэлт зүрх” аянд нэгдэн бяцхан охин О.Ундралд туслах үйлст идэвхитэй оролцов. Түүнтэй тоглолтын үеэр цөөн хором ярилцлаа.
-Өөрийг чинь энэхүү аянг дэмжиж оролцсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Шүүдэрцэцэг эгч бид хоёр олон жилийн өмнөөс хуурай эгч дүүсийн хэмжээнд дотно байсаар ирсэн. Шүүдэрцэцэг эгчийн хувьд буяны үйл эрхэлж хийсээр ирсэн. Энэ удаа 8 настай нурууны өвчтэй О.Ундрал охинд зориулаад “Гэрэлт зүрх” аяныг зохион байгууллаа. Охины нурууны эмчилгээнд зориулсан хандивын тоглолтонд санасаныг бодоход их олон хүн ирсэн байна. Хүмүүс сайн үйлс хийхэд бөөнөөрөө оролцдог болсон нь их сайхан санагдаж байна. Энэ охины хувьд ээж нь өргөж авсан, Алдармаа гэдэг энэ бүсгүйг монголчууд хүндэтгэх ёстой бас нэгэн ээж гэж үзэж байгаа. Нурууны өвчтэй хүүхдийг өргөж аваад 8 нас хүртэл бүх эмчилгээний мөнгийг нь өөрөөсөө гаргаад явж байсан нь бас бахархалтай.

-Өөрөө бас бие даасан хүмүүнлэгийн ажил хийдэг байх шүү?
-Тиймээ, миний хувьд хүмүүнлэгийн ажил хийдэг. Бизнес эрхэлдэг бөгөөд түүнийхээ ашгийг банкинд хуримтлуулаад хүүгээр нь цэвэр буяны үйл хийдэг. Тэрнээс биш би гэнэт буугаад ирсэн тэрбумтан биш. Залуу хүний хувьд бизнесийн салбарт олсон ашгийнхаа тодорхой хувийг буяны үйлд зориулдаг. Энэ оны нэг сард төрсөн өдрөөрөө саажилтай хүүхдүүдийн 10-р цэцэрлэгийн хүүхдүүдэд гурван сая төгрөгний тоног төхөөрөмж, тэрэг зэргийг хандивласан. Гуравдугаар төрөхөд өөрийнхөө төрсөн өдрөөр тэр өдөр төрж байгаа хүүхдүүдэд өөрийнхөө гарын бэлгийг өгсөн. Хамгийн том ажил нь хүчирхийллийн улмаас амь насаа алдсан дөрвөн настай охины дурсгалыг хүндэтгэх Цагаан цуглааныг Сүхбаатрын талбай дээр зохион байгуулсан. Тэр бол ганцхан миний хөдөлмөрөөр бүтээгүй маш олон ээжүүдийн сэтгэл зүрхнээс гарсан хүч. Үүнээс гадна “Лантуун дохио” төрийн бус байгууллага, “Хүүхэд хамгаалах үндэсний сүлжээ” гэх мэт 20 төрийн бус байгууллага нэгдсэн.
Би ерөнхий зохион байгуулалтыг хийсэн. Бид нарыг талбай дээр цуглах тэр өдөр хүйтэн шуургатай байснаа гэнэт ямар ч салхигүй болсон. Шөнө дүл хүртэл бэлдэж асаасан тэр зулыг бөхөж дуустал хүлээгээд өөрсдөө ТҮК-ийн ажилчидтай хамтран цэвэрлэсэн. Хамгийн сүүлд надтай хамт нэг л ээж үлдсэн. /инээв/ “Лантуун дохио” ирж нэг эргэсэн. Бүгд сэтгэл гаргасан. Маш олон хүнийг хамарсан, 10 мянга гаруй хүмүүс талбай дээр цуглана гэж би огт бодоогүй. Тэрний дараагаар хүчирхийллийг эсэргүүцэх, хүүхдийг хайрлах олон түмний сэтгэл тэр хэмжээгээр далайцтай байгаа нь харагдаж байсан. Надтай хамтардаг арваад хүн бий. Найз нөхөд, хамаатан садан гэхчлэн олон хүмүүстэй нийлэн буяны үйл хийдэг. “Шүүдэр” продакшны зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаанд дэмжигч гэсэн статустай оролцож байна.

-Ер нь чиний насны залуу хүмүүс иймэрхүү ажил хийгээд байх нь ховор шүү дээ. Анх ер нь хэдийгээр, яагаад, яг юуны учраас хүмүүнлэгийн буяны үйлст хүчин зүтгэх болсон вэ?
-Би ер нь багаасаа бусдаас өөр хүүхэд байсан. Одоо чинь шинжлэх ухаан хөгжчихсөн энэ үед өөрийнхөө аураг шалгуулсан бөгөөд индиго ауратай гарсан. Тэгээд индиго ауратай хүмүүсийг судлаад үзэхээр ер нь эргэн тойрондоо сайн сайхныг бэлгэддэг, нэг бол эсрэгээрээ байдаг юм байна лээ. Миний хувьд сайн сайхныг бэлгэддэг юм шиг. Багаасаа л хүнд тусархуу, танихгүй хүнд ч туслаад, найз нөхдөө хүртэл гэр орондоо авч ирээд илүү шинэ хувцас, ээмэг зүүлтээ өгөөд л яг тийм байсан. Одоо ч гэсэн хэвээрээ. Хүнд туслах сэтгэл төрөлхөөс л байсан гэсэн үг. Сүүлийн үед нийгэмд чиглэсэн ажил хийж байгаа. Гэхдээ энэ нийгэмд чиглэсэн сайн дурын ажлыг хүн болгон ухамсараараа хийдэг байвал тухайн нийгэм сайхан болно. Нэг нэгнээсээ үлгэр жишээ авах хэрэгтэй. Би сүүлийн нэг жил хийж буй ажлаа social network-д тавьж байгаа болохоос өмнө нь мэдээлдэггүй байсан. Одоо бол мэдээлэх нь чухал гэдгийг ойлгосон. Миний үеийн залуучуудад энэ хүн буяны ажил хийдэг юм байна, би ч гэсэн буяны ажил хийе, бусдад тусалъя гэсэн сэдэл төрөх учраас олонд түгээдэг болсон. Зарим хүмүүс шоу, реклам л гэдэг энэ тийм биш зүгээр л бусдыг уриалж байгаа юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (27)