Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Харвардын Бизнесийн их сургуульд магистрын зэрэг хамгаалж өнгөрсөн жил төгссөн. Тэрээр дэлхийн шилдэг сургуулиудын нэг Харвардын сургуульд сурсан туршлагаасаа Монголынхоо гадаадад сурч байгаа, сурахаар эрмэлзэж буй оюутан залуустай хуваалцах зорилгоор 40 минутын лекц уншиж, ТББ-ынхаа талаар товч танилцууллаа.
“Mongolia needs you” ТББ нь гадаадын их, дээд сургуульд сурахад тусалж дэмжих, зөвлөгөө өгөх зорилготой бөгөөд цаашдаа улам өргөжүүлж тэтгэлэгт хүртэл хамтруулахыг зорьж байгаа аж. Тэрээр Харвардын Бизнесийн сургуулийг дүүргэсэн анхны монгол залуу бөгөөд түүнээс цөөн хэдэн асуултад хариу авсан юм.
Төрийн бус байгууллага байгуулах санаа хэрхэн төрсөн бэ?
“Mongolia needs you” ТББ маань байгуулагдаад удаагүй байна. Би Америкийн ТББ-д сүүлийн 2 жил ТУЗ-ийн гишүүнээр ажилласан юм. Мөн “Skytel” компанийн ТУЗ-ийн гишүүн. Америкт сурч байх хугацаандаа Монголын оюутан залуучуудыг ТББ-аараа дамжуулан гадаадад сурах бололцоогоор дэмжиж ажиллабал их тус дэм болно гэдгийг ойлгосон.
Монголын оюутан залуус яагаад хүссэн сургуульдаа шалгалтаа өгөөд сурч болохгүй гэж бодогдсон хэрэг. Товчхондоо гадаадад сурахыг хүсч буй монгол залуустай мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, сурахаас гадна ажиллах боломжийн талаар зөвлөгөө өгч, ажилд зуучлах байгууллага юм.
Тэгвэл танай байгууллагатай хэрхэн, яаж холбогдох вэ?
Саяны лекц дээрээ бүх холбогдолтой мэдээллийг өгсөн. Үндсэндээ ТУЗ-ийн 5 гишүүнтэй төрийн бус байгууллага. Тэдгээр гишүүдтэй холбогдож бүх төрлийн мэдээллээ авч болно. Зургаа, долоон сар гэхэд сурагчдынхаа бичиг материалыг хараад хэдэн сурагчдыг сонгох вэ гэдгээ хэлнэ. Ер нь бол 20-30 сурагчидтай эхэлье гэж бодож байна.
Мэдээлэл өгсөнд баярлалаа, улам их амжилт хүсье.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (10)