Грейгийн амьдалын 50 сүүдэр: ХАМГИЙН МУУ КИНО

Кино шүүмжлэгч би эрэгтэй хүн, тэгсэн хэрнээ эмэгтэй найруулагч, кино зохиолчдын эмэгтэй хүний уран зохиолын бүтээлд тулгуурлаж бүтээсэн эмэгтэй хүний хүчирхэг байдлыг харуулсан энэ кино яагаад феминист биш.

Энэ жилийн Валентины баяраар кино сонирхогчдын дунд удаан хүлээлт үүсгэсэн уран зохиолын бүтээлийн дэлгэцийн хувилбар гарч, монгол үзэгчдийг байлдан дагуулсан.   Ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн “50 Shades of Grey” уран сайхны кино “минийх” гэдэг үгний жинхэнэ, эрс шулуун тодорхойлолтыг авчирсан гэж болно. “Бүрэнхий” цувралыг санагдуулам эротик, хэн нэгнийг шүтэн биширсэн өнгө аястайгаар эхэлсэн ч  зохиолчийн хэлэх гэсэн жинхэнэ санаа нь асар олон тооны үзэгчийг өөртөө татсан. Британийн зохиолч И Эл Жеймсийн бестселлер зохиолыг найруулагч Сэм Тейлор-Жонсон дэлгэцнээ хөрвүүлж, Келли Марсел кино зохиол болон хувиргажээ.

Найруулагч Тейлор-Жонсон дуучин Жон Ленноны залуу насны тухай “Nowhere boy” кинонд ажилласан билээ. Зохиолч Марселийн тухайд насанд хүрэгчдийн сэтгэл хөдлөлөөр дүүрэн, зүрх сэтгэл уяраам дүрүүдийг гаргасан “Ноён Банксыг аварсан нь” киноны гайхамшигт зохиолыг бичсэн. Кино студи зохиолыг тэр чигт нь кинонд буулгах хүсэлтэй байсан ч зохиолч бүсгүй “50 Shades of Grey”-г кино зохиолд хөрвүүлэхдээ авах гээхийн ухаанаар хандсан байна. Кино нээлтээ хийсэн даруйдаа л их хэмжээний ашиг олж, цаашид ч улам чангарах төлөвтэй байна. Зөвхөн нэг өдрийн үзвэр нь гэхэд л 9 сая ам.доллар олсон энэ киноны тасалбарыг эмэтэйчүүд түлхүү худалдан авсан дүн мэдээ бий. Нээлтийн долоо хоногт бүсгүйчүүд энэ кинонд эмэгтэй найзыгаа эсвэл амьдрал дахь онцгой нэгнээ дагуулан ирж улмаар нийт тасалбарын 65-70 хувийг худалдан авсан ажээ. Эцсийн дүнд кино дотоодын бокс-оффист 150-180 сая ам.доллар, олон улсын зах зээлээс 300 сая ам.долларын ашиг олно гэж таамаглаж байна.

Гэхдээ R тэмдэглэгээтэй, бэлгийн ажлыг ээдрээтэй талаас харуулсан энэ кино эмэгтэйчүүдийн олон байгууллагаас шүүмжлэл аваад зогсохгүй цаашлаад эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй.

Дүр бүтээлт, гоо зүй бүгд хүйтэн, үр дүнгүй!

Кино ерөнхийдөө сэтгэлзүйн гүн гүнзгий хэрэгцээ, хүмүүсийн дунд ховор тохиолдох бэлгийн амьдралын эсрэгцлийг үзүүлэх ёстой байсан. Гэтэл гоо зүй, дүр бүтээлтээсээ эхлээд бүх зүйл нь хүйтэн, үр дүнгүй болжээ.

Анастасиагийн дүрд тоглохдоо Дакота Жонсон сцен бүр дээр уруулаа хазсанаас бусдаар хангалттай сайн тоглосон төдийгүй хямд тааруу энэ зохиолыг амилуулах гэж чадах чинээгээрээ ажиллажээ. Харамсалтай нь түүний дүр яагаад ч дийлшгүй дүр биш төдийгүй материал хэт дутагдсанаас бүх ур чадвараа гаргаж чадсангүй. Жейми Дорнаны тухайд ч мөн адил дүр дээрээ, ичиж үхмээр харилцан яриан дээр ажиллаж цөхөх зүйлгүй байсан. Киноны туршид түүнд олигтой материал (ядаж The Fall кино шиг) өгсөн бол маш сайн жүжиглэлт, тоглолт гаргах боломжтой байлаа даа гэсэн бодол төрж байлаа. Гэтэл энэ кинонд тэр амьгүй, дургүй хүрмээр дүр бүтээж, кино нь ч хөгжилтэй биш, үзэхэд сонирхолгүй байв. Тэдний хооронд гал халуун дурлал, бие биенээ үл таних хоёр хүнийг холбодог тэр л онцгой холбоос дутагдаж, бидний хүлээн зөвшөөрөх ёстой хоёр ойлголтын тухай юу ч гарсангүй. Үүний улмаас кинон дахь бүх зүйл нэгхэн хоромд нуран унав. Тухайлахад бүсгүй нь энгийн цонхигор, хүмүүсийн анхааралд өртдөггүй дундаж бүсгүй, харин залуу нь хөгийн царайлаг, өөрийг нь хармагцаа хүн бүр эмээж сүрдэнэ гэсэн бодолтой.

Эр хүний сексийн хэрэгцээг хангаж байж өөрийнхөө дур хүслийг гүйцэлдүүл!

Гэхдээ романтик, дур хүслийн халууныг орхигдуулж, хүний дүрийг үнэн зөвөөр дүрслээгүй зэрэг дутагдал. Энэ бүхнээс долоон дор “50 Shades of Grey” киног унагасан зүйл нь маш муу сэдэв.

Киноны эхний постерт “Хяналтаа алд” гэж бичжээ. Биеэ хянахаа болих гэсэн утгатай энэ үгнээс эмэгтэйчүүд эрчүүдийг хянахаа больж, тэдэнд эрх мэдэл, хяналтыг шилжүүл гэсэн санаа ойлгогдож байна.

Эмэгтэй хүн эрчүүдэд захирагдаж, тэдний үр яриа нь эрчүүдийн, тэр бүү хэл эрэгтэй туслах дүрийн яриаг дэмжсэн маягтай байх нь шинэ зүйл биш, эсвэл эмэгтэй хүнийг эрчүүдэд зориулсан сексийн обьект гэж дүрслэх радикал санаа. Мөн эр хүнийг цэнгэн жаргахад өөрийгөө ашиглуулах замаар л эмэгтэй хүн сексийн цэнгэл эдэлж болно гэсэн санаа тус киноны ард байгаа мэт санагдлаа.

Миний сэжиглэж буйгаар ном, киног бусдад худалдах  нэг том санаа нь феминизм. Учир нь кинонд эмэгтэй хүний “эрх мэдэл”-ийг уламжлалт хүлцэнгүй, өөрийг нь “борог” амьдралаас салгах хүчтэй хунтайжийг эрж хайдаг гэсэн уламжлалт байр байдлаар дүрсэлсэн.

Кинонд эр хүний сексийн хэрэгцээг хангаж байж өөрийнхөө дур хүслээ гүйцэлдүүл гэжээ. Мөн зохиолын эмэгтэй гол баатар  өөрөөсөө илүүтэйгээр эрэгтэйнхээ хувьсал, өөрчлөлтөнд тус нэмэр болж байгаагаар дүрсэлжээ. Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн хүйсийн үүргийн талаарх ойлголтонд бяцхан хувьсгал гаргаж ирсэн нь эмэгтэйчүүд дуртай ч бай дургүй ч бай  тэдний эсрэг боолчлолд хүртэл аз жаргал бий гэсэн аргумент юм. Эцэст нь энэ кино эмэгтэйчүүдэд ихэнх үед дуулгавартай номхон байдлаас жаргал цэнгэл хайхыг, мөн  хамтрагч эрээ уран зөгнөлөө биежүүлэх хүсэлдээ бүрэн автахаас нь урьтаж хориглож, бяцхан ялалт байгуулахыг зааж байна. Өөрөөр хэлбэл ийм замаар өөрийнхөө залууг сэтгэл зүйн хувьд өөрийнхөө үгэнд ордог болгож сургах боломжтой. Мөн сэтгэл зүйн хувьд бусдад захирагдаж, аясаар нь хөдлөх нь байж болохоор барахгүй хүсэмжилмээр зүйл мэтээр сургаж байна. 

Анастасиягийн дүрийн гол шилжилт, өөрийгөө илчилсэн зүйл нь тэр гэнэт секст дуртай гэдгээ олж мэдсэн явдал. Тэр гараа хүлүүлж, нүдээ боолгох зэрэг унтлагын өрөөнд болдог хүлцэнгүй тоглоомыг гайхалтай гэж үзэхийн зэрэгцээ зодуулахыг ч үл тооно. Бүсгүй  хүчтэй, баян, царайлаг боловч сэтгэл зүрхээрээ хол хөндий эрээс секс хийснийхээ дараа хамт тэврэлдэн хэвтэхийг хүснэ. Нэг үгээр бүсгүй харилцаа холбоондоо сэтгэл зүйн ойр байдлыг хүсч байгаа нь гол аргумент.

Анти-феминизм

Харин Кристианы дүрийн шилжилт нь хүчирхийлэл дор өнгөрсөн хүүхэд наснаасаа үүдэн зөвхөн эмэгтэйчүүдийг зовоох, шийтгэх хүслээр л тэдэнтэй холбоо тогтоодог, сэтгэл зүйн хувьд хөндийрсөн энэ эрэгтэй аажмаар өөрчлөгдөж байгаад оршино. Энэ эр зөвхөн бэлгийн хүсэл тачаалыг нь хангаад зогсохгүй, хайрлаж дурлаж болох бүсгүйтэй учирч, өнгөрсөн ба одоо үеийнхээ дунд зовж, бүсгүйг хүүхэлдэй мэт удирдаж, өөртөө улам ойртуулахын тулд л хүчтэй түлхдэг боллоо. Харин энэ үеэр бүсгүй залуугийн хачин авирыг тэсч ядан, ирж буцан байна. Эмэгтэйн дүрийн хөгжил хөдөлгөөн нь эрэгчний уран зөгнөл мөрөөдөлд үйлчлэх бөгөөд түүний хосын харилцаан дахь өөртөө ер бусын итгэлтэй мөч нь зодуулах нь таалагдахгүй байгаагаа илэрхийлсэн мөч байлаа.  Дүрийн хувьд нэг шат ахисан, өөрийгөө нээсэн энэ үедээ “Доромжлол, өвдөлтөөс болж уйлтал чи намайг зодож чадахгүй” гэсэн нь дүрийн сүр хүчний оргил. Энэ нь андуурал, муу зүйл биш харин ч кинон дахь эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөхийг хүсдэггүй, тэгэх ч ёсгүйг харуулсан дайралт. Үүнээс ч илүү дайралт нь бүсгүйн сэтгэл гутарсан байдал. Бидний хувьд Кристиан хайр дурлалын харилцааг даван дийлэх гэсэн сэтгэхүйн тэмцлээс улбаалан Анастасиаг элдэвлэн хүчирхийлэх хэрэгцээ дотроос нь хатгаж байгаа,  “асуудалтай” өрөвдмөөр дүр байх ёстой.

Эмэгтэй гол дүр  өөрт нь огт хайр сэтгэлийн үүднээс хандахгүй, харин ч эсэргүүцэж байгаа эрийн хайрыг булаах гэж түүний эрхшээлд секс обьект болон хэр удаан тэсэх бол? Эмэгтэй гол дүрээр тэдэнд эрх мэдэл гэж үгүй болохыг,  унтлагын өрөө, цаашлаад дэлхий ертөнцөд эмэгтэй хүний эзлэх байр суурийг, анти-феминист байдлаар шууд харуулж байна. Мөн эмэгтэй хүн, эр хүний секс, сэтгэхүйн эзэрхийлэлд дуулгавартай байх нь үйл явцыг улам өдөөдөг гэсэн ойлголт өгч байна.

Анастасия Кристианыг сонирхох болсон гол шалтгаан нь царайлаг, баян, орондоо сайн учраас. Эндээс бүсгүй залуугаас хүсч буй бүх зүйл нь энэ юм шиг сэтгэгдэл бууж байна. Зөвхөн өөрийнхөө сексийн ханамжийн төлөө зарим талаар хязгаарлагдсан харилцааг хүсэмжлэх нь мөн чанарын хувьд асуудалтай зүйл мэдээж биш. Амьдралынхаа нэгээхэн үед ямар ч хүйсийн хүн ингэж болохын зэрэгцээ, үүнийг эрхэмлэх явдал байдаг. Хэрвээ сексийн хамтрагч нь ч үүнийг хүсч байна. Энгийн л зүйл. Харин киноны турш бүсгүй нь сэтгэлзүйн хувьд ханамжтай харилцааг цэвэр сексийн адал явдал эрэлхийлж буй эрэгтэйгээсээ байнга хүсч, хүлээж байгаа нь энэ тохиолдлыг асуудалтай болгож байна. Энгийнээр хэлбэл бүсгүй бие махбодийн цэнгэл биш, хайр дурлал хүсч байна. Харин эрэгтэй нь сэтгэл зүйн хувьд хүйтэн хөндий байж зөвхөн секст сонирхолтойгоо бүсгүйд тодорхой ойлгуулна. Бүр хоорондын харилцаа нь эрэгтэй нь давамгайлж, бие махбодийн хувьд бүсгүйг хүчирхийлсэн байх тухай заасан бичиг баримтад бүсгүйг гарын үсэг зуруулах гэж оролдож байна. Залуу нь ам нээх бүртээ ямар ч романтик адал явдал, дурлалгүйгээр, түрэмгийлсэн секс хийх тухай гэрээ байгуулах тухай ярьсан гэхэд буруудахгүй.  Тэгэх бүртээ бүсгүйд үнэтэй бэлэг авч өгч, нисдэг тэрэг, нисэх онгоцоор авч яван, бүр гэр бүлийнхээ оройн хоолонд аваачна. Залуугийн зан байдалд бүсгүйг гэх сэтгэл хөдлөл үгүй бөгөөд түүнтэй унтлагын өрөөндөө төдийгүй “тоглоомын” өрөөндөө секс обьект мэт харьцаж, хянан, эзэмших сонирхолтой гэдгээ тодорхой илэрхийлдэг. Тэр бүсгүйг юу идэх, хэнтэй нөхөрлөх, хаана амьдрах, хаана очих зэргийг нь зааж бүхэлд нь хянахыг хүснэ. Гэтэл бүсгүй яагаад хэнийг ч хайрлах хүсэлгүй, түүнийгээ нүүрэн дээр нь хэлж байгаа хүнд дурлав? Бүсгүй яагаад түүнээс салахаа больсон талаарх бидний дэвшүүлж буй таамаглал бол залуу баян, царайлаг, орондоо сайн, үнэтэй бэлэг авч өгч, сэтгэл хөдөлгөм аялалд авч явдаг, эдгээр болно.

Залуу бүсгүйн биеийг хянаж удирдахын тулд сэтгэл зүйд нь довтолж байгаагаас өөр санаагүй атал бүсгүй залууд сэтгэл татагдаж байгаад өөр ямар ч шалтгаан байхгүй. Бүсгүй залууг сайхан, зүрх сэтгэлтэй дулаан хүн учраас дурласан гэж л хүлээн зөвшөөрч болох юм. Мөн үзэгчид эдгээрийг үл харгалзан бүсгүйг өөртөө итгэлтэй, хүчтэй эмэгчин гэж итгэх учиртай. Энэ мэтээр “цаад” санаа нь хаа сайгүй цухалзаж байна. Кинонд эрэгтэй гол дүрүүдийг эмэгтэйчүүдийн бие махбодийн үзэмжинд тулгуурлан “хайрлаж, дурлаж” байгаагаар байнга дүрсэлдэг ч эмэгтэй дүрүүдийг ийм ижил шинж чанартай байлгах нь шударга биш юм. Гэсэн хэдий ч энэ шинж чанар кинон дахь эрэгтэй, эмэгтэй дүрүүдэд том ялгаатай байдаг.

Ихэнх кинонд эмэгтэй хүн хайр дурлалтай учрахын тулд бие махбодийн хувьд сэтгэл татам байхын дээр кинонд эрэгтэй гол дүрээ дэмжсэн ч бай үгүй ч бай үргэлж л гадаад үзэмжээрээ тодорхойлогдно. Нөгөө талаар эрэгтэйчүүд хүч чадлын илэрхийлэл болж гарах бөгөөд эмэгтэйчүүдэд таалагдахын тулд гадаад байдал нь хүчтэй, эсвэл сэтгэл татам байх шаардлагагүй. Кинонуудаас мөн дараах зүйл ажиглагдана. Эр хүн залхуу, заваан,  мулгуу, бүдүүн, бусдыг мөлжигч байлаа ч үзэсгэлэнтэй, дэмжлэг үзүүлдэг эмэгтэйн зүрх сэтгэлийг олж чадна. Харин яг ийм бүсгүйчүүд царайлаг, дэмжлэг үзүүлдэг залууг өөртөө дурлуулж чадахгүй. Эмэгтэйчүүдийн хувьд ганц сэтгэл татам байгаад хайр сэтгэлд амжилттай байж чадахгүй, тэд мөн киноны эрэгтэй гол дүрийг дэмждэг байх ёстой. Тэд эрчүүдийг дэмжихгүй байлаа ч зүрх сэтгэлийг нь өөрчлөхөөр чармайх явцдаа дэмжиж л таарна. Гэтэл эрчүүд сэтгэл татам нэгэн эсвэл хөгийн новш (“50 Shades of Grey” кинонд бол хүчирхийлэгч, нууцаар дагагч) байсан ч кинонд бол хайр сэтгэлийн одтой л байна.

“50 Shades of Grey” кинонд Кристиан царайлаг, баян, орондоо сайн, Анастасиягийн сэтгэлийг татаж өөртөө дурлуулахын тулд үнэтэй бэлэг авч өгч, сэтгэл хөдөлгөм, үнэ цэнэтэй аялалд дагуулж явдаг байх ёстой. Бүсгүй нь залуугийнхаа хүйтэн хөндий байдал, арга заль, өөрийг нь доромжлох гэсэн хүсэл зэргийг үл тоомсорлон түүнийг өөрчлөхийн төлөө тэмцэж, өөрийгөө хайрлуулах гэж оролдоно. Товчондоо эрэгтэй хүн царайлаг, чинээлэг, орондоо сайн бол эмэгтэйчүүд ийм эр хүнд дурлах хандлагатай. Гэтэл эр хүнийг хайрлах шалтгаан нь эдгээр зүйлс биш.  Харин энэ шаардлагыг хангасан эрчүүд эмэгтэй хүний үгэнд орох, энэрэх, хайрлах албагүй. Гэхдээ кинон дээрх эрчүүд эмэгтэйчүүдийг хайрлах юм бол тухайн эмэгтэй нь сэтгэл татам, үгэнд ордог, түшиж тулдаг байх ёстой. 

“50 Shades of Grey” кино энэ ердийн стандартыг ч эвдэж чадаагүйн зэрэгцээ эр хүн хайр дурлалаас зайлсхийж, эмэгтэй хүнийг секс, сэтгэл зүйн хувьд эрхшээлдээ байлгаж, хүйтэн хөндий сэтгэл, доромжлох дур хүслээ үл харгалзан эмэгтэйг өөртөө дурлуулж байгаа үйл явдлыг байж болох хамгийн их хэтрүүлэгтэй аргаар үзүүлжээ. Энэ зэрлэг, догшин хамтрагчаа халамжилсан, хайрласан нэг талт харилцааг номонд сонгодог гэж үзсэн байна.  Сэтгэл гижигдсэн, хайр дурлалын түүх байдлаар бичигдсэнийг эс тооцвол Кристиан бол сэтгэцийн өвчтэй хүчирхийлэгч. Түүний зүрх нь аажмаар бүлээцэж байгаа, түүнд дахиад ганцхан боломж хэрэгтэй. Харин Анастасиа залууг ойлгохын тулд улам чармайх хэрэгтэй.

Сексийн болон хүний өөртөө тогтоосон зах хязгаарын талаар ийнхүү эрэл хайгуул хийсэн нь хүйсийн талаарх уламжлалт ойлголтыг авч үзэх, түүнийг эсэргүүцэх, хувь хүний хүч, хяналт нь тогтоосон харилцаанаас шалтгаалж өөр өөрөөр илэрдэгийг тодруулснаараа ач холбогдолтой юм.

Киног бүтээхдээ зохиолыг суурь болгон авсан ч гол санааг нь өөрчилж Анастасиа Кристианы шаардлагыг эсэргүүцэж харин өөрийн шаардлагаа тавьсан бол хувь илүү сонирхолтой байх байсан. Тухайлахад “бид болзож, биесдээ хүн ёсоор хандана. Хэрэв бид хүсвэл хүсэл тачаалын  харилцаа тогтоож чи надад аажмаар өөрийн ертөнцөө танилцуулж болно” гэсэн бол. Өөрийн хүсэл тачаал, уран зөгнөлийнхөө ертөнцөд Анастасияг аваачих Кристианы хүсэл шунал нь түүнийг дээрх саналыг зөвшөөрөхөд хүргэж Анастасия аажмаар байдлыг гартаа авч бүсгүй ноёрхогч, эзэрхийлэгч тал нь болж, залуу түүнийг дагаж байгаагаар киног үргэлжлүүлж болох байсан.

Киноны үйл явдал 1960-аад онд өрнөсөн. Тиймээс кинонд иргэний эрх чөлөөний тухай асуудал хүчээ авч, хүйсийн зааг ялгаа арилж байгаа тус улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн хүйсийн үүрэгтэй холбоотой ойлголтуудыг бүгдийг нь харуулж, соёлын ийм орчинд энэ хоёр хүн хэрхэн зохицож байгааг үзүүлж болох байв.  Унтлагын өрөөн дэх Анастасия, Кристиан хоёрын байрыг сольж, бүсгүй залууг үл тоох байдлаар үйл явдал үргэлжилсэн бол номонд бичсэн уламжлалт хүйсийн үүрэг, хайр дурлал орвонгоороо эргэх байлаа.

Би тэдний оронд байсан бол киног арай өөрөөр хийх байсан. Гэхдээ үүнээс болоод энэ кино надад таалагдаагүй гэсэн үг биш. Харин кино нь ч тэр, ном нь ч тэр ямар нэгэн шинэ санаа, үнэ цэнэ, уран бүтээлч шинж чанарыг гаргаж чадаагүй, зөвхөн гол санаа нь ч бус зохиол, сэдэв нь алдаатай учраас ийнхүү онцлон тэмдэглэж байна.

Туршлагагүй залуу эмэгтэй захирангуй эртэй дотно харилцаа тогтоож түүнийгээ улам гүнзгийрүүлж, төсөөлж ч байгаагүй шинэ мэдрэмж авч, хил хязгаарыг эвдэж байгаа нь яавч сонирхолтой, гайхамшигт дүрүүдтэй, хүний төсөөлж болох амттай, эротик сцентэй хүчирхэг зохиолын энд хүрэхгүй байна. Эх материалыг бүтээлч байдлаар, махчлалгүйгээр сонирхолтой, хэлэх үнэт санаатай кино болгосон олон жишээ бий. Эсвэл согогтой боловч эдгэх нь тодорхой өгөөмөр хүчирхийлэгч, түүний зүрхийг нээхээр зогсолтгүй чармайж байгаа залуу бүсгүй хоёрын тухай завхай киногоор бүсгүй нь эрийнхээ сексийн гаж донг гүйцэлдүүлж, өөрийгөө зориулж буй хүчирхийлэлт бэлгийн харилцааны зөв бурууг дэнслэхийг зорьсон юм уу?

Кино шүүмжлэгч би эрэгтэй хүн, тэгсэн хэрнээ эмэгтэй найруулагч, кино зохиолчдын эмэгтэй хүний уран зохиолын бүтээлд тулгуурлаж бүтээсэн эмэгтэй хүний хүчирхэг байдлыг харуулсан энэ кино яагаад феминист биш, эмэгтэй хүний дүрийг, түүний үг яриаг ингэж дүрслэв гэж шүүмжилж байгааг олон хүн анзаарна гэдэгт итгэлтэй байна. Олон хүн, тэр дундаа олон, олон бүсгүй намайг буруутгаж, киноны сайн талыг нь олж харсангүй гэж хэлэхийг мэдэж байна л даа. Хүмүүс намайг гол санааг нь ойлгоогүй, өөрсдийнх нь тайлбар илүү зөв, эрэгтэй хүн учраас зохиол, кинон дахь эмэгтэй хүний секс фантазийг бүрэн гүйцэд ойлгохгүй, эмэгтэйчүүдийн бүтээсэн киноны талаар эрэгтэй хүн байж гомдоллоо гэх зэргээр маргах л байх.

Зохиолч, кино бүтээгч гээд эмэгтэйчүүд түлхүү ажилласан энэ төсөл яаж яваад эм хүйсийг хамгийн муухайгаар дүрсэлсэн ажил болж хувирсныг би их гайхаж байна. Би энэ киног үзээд, киноны гол санааг өөрийнхөөрөө ухаарсныхаа дараа шударга байхаар шийдсэн. Надад энэ кино нь нийгэм дэх эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бэлгийн амьдрал, кино урлаг дахь эмэгтэй хүний дүрийг хамгийн муухай байдлаар, хүсэл эрмэлзлэл, хэрэгцээ шаардлагыг  эрүүл бусаар үзүүлсэн санагдлаа.

Энэ бол муу кино!

Мөн миний бодлоор энэ бол муу кино, муу зохиол, муу дүрс, муу харилцан ярианы тод жишээ. Сонирхолгүйн дээр үзэгчдэд хүргэх санаа, бүр улиг болж хуучирсан санаа ч байхгүй. Бүр сэтгэл сэргээх ч зүйлгүй. Энэ киноноос зөвхөн гал халуун эротик, нурууны үс босгом секс сцен үзнэ гэж л тасалбар авсан бол таны урмыг хугалах нь. Ихэнхдээ л стандарт болсон эмэгтэй хүний нүцгэн зураг авалт, эрэгтэйн өгзөгний цөөн хэдэн хэсэг. Гэхдээ нүцгэн эрэгтэйн хэсгээс эмэгтэйн нүцгэн хэсэг маш олон. Өмнө хэлсэнчлэн хайр дурлалын халуун хэсэг, сэтгэл хөдлөл дутмаг, хэвлийгээс доошхи хэсгийн жаргал цэнгэл зэргийг бүх сценүүдээс хассан нь энэ төрөл жанрын кино хийснээ зөвтгөх оролдлого гэж ойлгохоор.

Миний бодлоор энэ номын фен улмаар киноны ч фен болно байх. Давтан хэлэхэд ном унших үед та өөрийнхөө төсөөллөөр дутуу зайг нь дүүргэж, нүдэндээ буулгаж, сэтгэл хөдлөлийн халуун уур амьсгалыг ургуулан бодож, бий болгож болно. Нэгэнт ном кино болчихсон учраас шүтэн бишрэгчдийн сэтгэлд буусан тэрхүү төсөөлөл үүрд алга болж болох юм. Мөн номон дээрх үйл явдал бодит амьдралд анх удаа бууж, махан биетэй бүсгүй хүн нарийн төлөвлөсөн, хүчирхийлэлд өртөж, утга учиргүйгээр тамлагдаж байгааг харснаар уншигчдын сэтгэлд үүссэн байсан баяр бахдал үг, төсөөлөл, бодит байдлын ялгаан дунд замхрах магадлалтай.

Номын шүтэн бишрэгч олон олон хүн энэ киног үзэж дуусаад гарч ирэхдээ эмэгтэйчүүдийн талаарх энэ сэдэв, хандлага ямар аймшигтай буруу гэдгийг ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: “Vogue” сэтгүүл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • sisi
    nadaa law taalagdsan
    2015 оны 03 сарын 11 | Хариулах
  • zochin
    tehdee uzegch bolgon kino shuumjlegch bish uchraas hun bolgon Vogue setguul deer garsan ene niitlel shig sorgoor huleej avahgui. humuust taalagdsan. oiriiin heden jild hiigdeegui uzegchdiin huleelt bolson kino.
    2015 оны 03 сарын 11 | Хариулах
  • xxxx
    Kinonii neriig n buruu orchuulsan bna
    2015 оны 03 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025