-“Охин минь чи энэ хорвоод эх хүн болох гэж ирсэн юм шүү. Алуурчин биш”-
Өнгөрөгч Баасан гаригт бараг л бүх албан газрууд бүсгүйчүүдээ баярлуулан гудамжаар нэг цэцэг навч барьсан хүүхнүүд. Энэ өдөр драмын 4 сайхан залуугийн нэг Эбигийн бүтээл “Аав” кино нээлтээ хийв. “Тэнгис” кино театрын гадаа өвлийн хувцастай хүмүүс дагжтал чичирч байхад тайзан дээр хагас нүцгэн охид тун эрч хүчтэй бүжиглэв. Мөн л шилэн оймстой охид гарч ирэн дуу дуулж жүжигчид, киноны уран бүтээлчид үзэгчдээ хүндлэн ихэнх нь гадуур хувцасгүй тайзан дээр гарч байв. Киноны гол рольд тоглосон жүжигчин Ц.Цэрэнболд хар өнгийн костьюм, цагаан цамц өмсчээ. Харин Г.Эрдэнэбилэг яг л загварын сэтгүүлийн модель шиг цэв цэнхэр өнгийн костьюм өмсөн дэгжирхэв. Эрчүүд охидтой солонгын 7 өнгө булаалдан хувцаслаж зарим нь бүсгүйчүүдээс ч хээнцэр эмэгтэйлэг болох болсон энэ үед Ц.Цэрэнболд хэзээний даруухан имижтэй байдаг нь ялгардаг. “Киноны нээлтэн дээрээ ямар даруухан хувцас сонгоо вэ” гэж харж зогсох хооронд тайзнаа гаран дуучин С.Нарантай хамт киноныхоо дууг дуулав. Ийнхүү кино эхэллээ.
Аав болох амархан, харин ...
Найз залуугийнхаа энгэрт асах охины утас байн байн дуугарах нь аав нь залгаж буй хэрэг. Бие давхар болсноо сэтгэл догдлон хэлэх авч түүний төсөөлсөн шиг залуу баярлан хүлээж авсангүй. Ээжгүй өссөн охин аавдаа энэ талаар хэлж ядан тойрох аж. Кино урлагт шинэ залуу үе хүч түрэн байгаа бол найруулагч Г.Эрдэнэбилэг энэ удаад бидний танил охидоос биш, шинэ дүр төрхийг гаргаж иржээ. Б.Мөнхдэлгэр хэмээх охин Ц.Цэрэнболдын охины дүрийг бүтээв. Аавтайгаа өссөн охидод л байдаг эршүүд хэв маяг, илүү дутуу будаг нялаагүй, киноны турш энгийн хэв маягтай хувцасласан зэрэг нь өөрийнх нь бодит ахуйгаас энэ дүр хол зөрөөгүйг илтгэх мэт. Царай төрх нь өвөрмөц охин ямар ч маяггүй хэрнээ үзэгчдийн хайрыг татав.
Бага залуудаа нэг л мэдэхэд уулздаг охиныхоо хүүхдийг тэврэн үлдсэн хархүү таксинд хүүхэдтэйгээ явахын зэрэгцээ олон бэрхшээлийг даван туулсаар энэ амьдралд хүржээ. Одоо ч гэсэн нийгэмд хүүхдээ хажуудаа тавиад таксинд явдаг аавууд байдаг. Өлгийтэй хүүхэд шүү, бүр. Гэнэт тэнгэрээс унаад ирсэн хүүхдээсээ болж залуу сургуулиасаа хөөгдөн, уулздаг бүсгүйгээсээ салж, найз нөхөдтэйгөө ч нийлэхээ болино. Энэ бяцхан амьтан л түүнд төвөг болж байна гэж үзэн хүнд өргүүлэх боловч удалгүй охиноо санан санасаар буцааж авдаг. Охиноо оюутан болгон өөрийн гэсэн орон байртай болж одоо л төвшин сайхан амьдрах нь уу гэтэл нүдний цөцгий мэт хайрладаг охин нь бие давхар болж найз залуутайгаа эв эвдэрснийг мэднэ.
Магадгүй ээждээ бол энэ тохиолдолд хэлэхэд амархан. Харин аавд бол хэцүү. Охин тас нуухаар шийдэн авахуулахаар эмнэлэгт очиход аав нь мэдчихсэн хүлээж байлаа ...

Аавууд асуудлыг хэрхэн шийддэг вэ?
Ээжүүд үргэлж ярьдаг, амаараа л зэмлэдэг хүмүүс байдаг бол аавууд өөр. Тэдний харц нь өөрөө үг хэлж товч бөгөөд тодорхой хэдхэн үг хэлэх нь зүрхэнд хүрдэг. Монгол аавууд ийм л байдаг, яг Ц.Цэрэнболд шиг. Аавуудын хүргэнтэй тооцоо бодох арга барил ч өөрөө. Хөрөнгөлөг айлын хүүхэмсэг хархүү, хадмын “хайр”-ыг хэрхэн хүртсэнийг та киноноос үргэлжлүүлэн үзэх тул ингээд зогсоё. Аав, охидын хооронд бас нууц байдаг. Аавууд нууц хадгалахдаа цоожтой авдар л гэсэн үг. Ээжид хэлсэн үг хормын дотор гэрээр нэг тардаг бол аавууд найдвартай шүү. Энэ мэтчилэн аав хүний олон сайхан дүр төрх найруулагч, жүжигчний ухаанаар дэлгэцнээ амиллаа.
“Охин минь чи энэ хорвоод эх хүн болох гэж ирсэн юм шүү. Алуурчин биш ...” гэсэн үг өнөөгийн нийгмийн эмзэг сэдэв болсон үр хөндөлтийн эсрэг дуугарсан тус уран бүтээлийн дуу хоолой, гол өнцөг байлаа. Үнэхээр л тийм дээ. Охин хүндрэлтэй төрж амьсгал хураав. Аав энэ мөчид амь тавьж буй охин руугаа биш өөр зүг рүү гүйсэн ... Энэ бол оргил хэсэг. Танхим чив чимээгүй болж хүмүүс мэлмэрэн уйлж байлаа. Чухам юу болж төгссөнийг та үргэлжлүүлэн үзээрэй.

“Г.Эрдэнэбилэгт ирээдүй байна ...”
Товчхондоо ойрд үзээгүй сэтгэл догдлом басхүү гэгээлэг мелодрам байлаа. Аргагүй сонгодог урлагт ойр, олон гор дүр бүтээн дэлхийн суутнуудыг уншдаг, тоглодог хүн гэсэндээ Г.Эрдэнэбилэг энэ кинонд тун мэдрэмжтэй ханджээ. Түүнд ирээдүй байна шүү гэж үзэгчид ам сайтай танхимаас гарав. Кино урлагт дунд насны эмэгтэй жүжигчин Б.Навчаагүй бүтээл гарахаа байсан бол эрэгтэй жүжигчин нь Ц.Цэрэнболд юм. Яг одоо түүний улирал иржээ. Чимэг зүүлтгүй, үсэндээ гельгүй, ганган дэгжин хувцасгүй ямар ч нэмэлт эффектгүй зөвхөн өөрөө хэрхэн дүрээ амилуулахыг бид түүнээс харав. Хэт чамирхах болсон нийгэмд Ц.Цэрэнболд бол урлагт тодорсон ховор хүн, дотортой жүжигчин. Энэ кинон дээр гитар даран эвлэгхэн дуулж бас өөр нэг нууц авьяасаа гайхуулав. Эбигээс ч Ц.Цэрэнболдоос ч маш их юм гарахаар хүмүүс дээ.
Энэ хорвоод бид хүн болж төрснийх ээж, аав хэмээх эрхэм сайхан үүргээ нэр төртэй биелүүлээд буцахсан даа. Өнгө мөнгөний хорвоод хэт автаад эн тэргүүний үүрэг, хариуцлагаа хаа хаанаа умартаад байна уу даа.
“Аав” киногоо өлгийдөн авсан найруулагч Г.Эрдэнэбилэг өөрөө аав болсон баярт мэдээ дуулдав. Давхар давхар баяр түүний амьдралд тохиолоо, баяр хүргье!
Эмэгтэйчүүдийг эх хүн, ээж, алдарт эх болгох эрхэм үүрэг хүлээсэн эрчүүдэд аав нарт зориулсан “Миний муу аав”-аас хойших хоёр дахь бүтээл ийнхүү мэндэллээ. Эгэл мөртлөө эрхэм сайхан нэгэн аавын түүх таны сэтгэлийг хөвсөлзүүлэх болно.
Эх сурвалж: www.grandnews.mn
У.Цахирмаа
Сэтгэгдэл (3)