
Яг үнэндээ бидэнд чоно хэрэгтэй юу хүн хэрэгтэй юу? Эсвэл гэр бүл хэрэгтэй юу, харь гариг хэрэгтэй юу? Эсвэл Спонжпоп билүү боб билүү тэр нөхөр хэрэгтэй юу? Кино театрт очиход маш олон сонголтыг санал болгох шинжтэй. Их олон хүн зөвлөсний дагуу өчигдөр “Аюултай харилцаа” киног үзэхээр ажлаасаа эрт гэгч нь таран “Өргөө” кино театрыг зорилоо.
-Та хэдүүлээ үзэх вэ?

-Ганцаараа
-Санал болгож байгаа суудлуудыг хараарай. Танхим бараг дүүрсэн агаад эгнээнүүдийн захын суудал үлдсэн харагдана. Би ч заавал хосуудын дунд орж үймүүлээд яахав гэж бодоод захын суудал үлдсэнд олзуурхав. Их олон жилийн өмнө, “Тэнгис” дөнгөж нээгдсэнээс эхлээд хэчнээн ч кино ганцаараа үзлээ дээ. D20-ийн купон гэж мөн ч сайхан зүйл байлаа шүү дээ. Чухам юунд хэрэглэхээ мэдэхгүй цуглуулаад л байсан нэг мэдсэн купон маань аривжаад лав хагас жилдээ кинонд мөнгө төлөөгүй юмдаг. “Өргөө”-гийн шинэ картны рекламыг харсан чинь дээр үед надад байсан “Тэнгис”-ийн Улаан фэнийн карт санаанд оров. Оюутан байхад цонхтой цагаараа “Тэнгис” рүү гүйсээр хэд хэдэн тийм карт дүүргэж билээ. Тэр цагаас хойш ганцаараа кино үзэлгүй уджээ. Өөртэйгөө болзоод ч байгаа юм шиг сэтгэгдлээр киногоо хүлээн сууж байв.

“Аюултай харилцаа” үзэхээр ихэвчлэн бүсгүйчүүд хамт олноороо ирж. Мартын 8-ны уур амьсгал хэдийнэ орж байгууллагаас нь ажилчиддаа өгсөн урамшуулал бололтой. Харин бусад нь хосууд, гэр бүлээрээ хүүхэдтэйгээ яваа хүмүүс. Учиргүй эротик хэсэг телевизээр гараад байсан, хүүхдүүд үзэх нь дээ. Танхим дүүрч кино эхэллээ.
Товч агуулга:
Дэлхийн миссийн тайзнаа гунхаж явсан Х.Баярмааг Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нарын охин гэдгээр бид андахгүй. “Сая долларын олз” дээр цухасхан гараад өнгөрдөг тэрбээр энэ удаад нэлээн рольтой дүр бүтээх бололтой. Сүүлийн үеийн кино болгонд шилэгдэх болсон Э.Мөнхтөр түүний нөхөр. Хосууд хамтдаа нэгэн төрсөн өдрийн үдэшлэгт очив. Тайзнаа Г.Отгонцэцэг цасан цагаан даашинзтай тун ч хээнцэр ихэмсэг төрх, сонгодог хатагтайн хэв шинж бүрдүүлэн нүд нь эрвээхийний далавч шиг эргэлдэн харц булаах аж. Тэр бол ганц бие, хувьдаа компанитай бийлэгжүү хатагтай. Түүнийг харсан Э.Мөнхтөр түүний найз С.Ариунбямба нар ёстой шүлсээ гоожуулна.

-Сайхан амьтан даа, хазаад авах юмсан.
-Хүүхэмсгээрээ чи оролдоод үз л дээ
-Хэрвээ чи энэ хүүхнийг тэнгэр харуулчихдаг юм бол би чамд Monblanc-ийн үзгээ өгье.
-Ийм хүүхнийг аргалж чадахгүй бол эр хүний сертификат зүүж яваад яах юм ...
Мэдээж Э.Мөнхтөр эр хүний 13 мэхээ хэрэглэн санасандаа хүрч бүсгүйтэй халуухан шөнийг өнгөрөөв. Ганц бие, эрх чөлөөтэй бүсгүй түүний тооцоогоор бол нэг удаагийн хөнгөн "зууш“ болох байсан авч тийм ч амар салах хүн биш байв. Бүсгүй түүнд сэтгэл алдран гэрийнх нь үүдэнд хүртэл хүлээх болов. Энэ үеэс тэдний хоорондын зөрчил эхлэн залуу гэргийдээ баригдахгүй хажуугаар нь бүсгүйг өөрөөсөө холдуулах гэж бүх арга чаргыг хэрэглэнэ.

Бүсгүй хүн дурлахаараа ...
Бид жинхэнэ хайртайгаа учрах хүртэл хэдэн мэлхий үнсэхийг таашгүй. Зөвхөн тэр хүн л байхгүй бол болохгүй мэт санагдах тэр мэдрэмжийг Г.Отгонцэцэг амьдралдаа мэдэрсэн, төлөвших насны бүсгүй билээ. Тэр ч утгаараа хайртынхаа араас тууштай чаргууцалдахад бүсгүй хүнээс гардаг сэтгэл хөдлөл, гуниг харуусал, уур, үзэн ядалтыг чинд нь тултал харуулж чадав. Юуг ч дутуу үлдээсэнгүй. Хайртынхаа өмнө намрын ногоо шиг халиуран байсан бүсгүй түүнд зодуулан хүүхдээ алдсаны дараахнаас жинхэнэ шулам болж хувирав. Хэдий гэр бүлтэй хүнтэй ойртсон нь буруу ч гэсэн хүүхэдтэй болох боломж эргээд түүнд ирэхгүй болох мөчид эмэгтэй хүн тэсэрнэ. Харгис ч гэмээр түүний эхнэрийг /Х.Баярмаа/ алах гэж дайрах мөчийг үзэгчид харж чадахгүй байв. Үнэхээр айдас төрсөн. Юу юугүй төрөх шахсан тогоо шиг гэдэстэй бүсгүй хүүхдээ хамгаалан хэрхэн тэмцэлдэж буй нь ч аймшигтай дүр зураг. Тэр үед Г.Отгонцэцэг утгаараа галзуурсан байв. Нөгөө ялдам бүсгүй, эрхэмсэг тансаг хатагтайн сүүдэр ч түүний нүүрэнд үзэгдсэнгүй. Гайхалтай дүр төрхийг харууллаа, үнэхээр мундаг дүрдээ оржээ, баярлалаа Г.Отгонцэцэг!

Залуу жүжигчин Х.Баярмаа нас хэлэлцвэл гэр бүлийн амьдралын талаар төсөөлөлгүй ид хийсэж явдаг үе дээрээ байгаа бүсгүй. Гэтэл хэзээ язааны айл гэрийн эзэгтэй, хоёр дахь хүүхдээ тээж буй халамжит эхнэрийн дүрийг алхаа гишгээндээ хүртэл шингээж чаджээ. Магадгүй, ээжээсээ энэ бүхнийг амьдралынх нь туршид харсаар ирсэн болохоор түүний гэрийн суурь хүмүүжил дүрээ сайн гаргахад нөлөөлсөн биз. Үзэсгэлэнтэй монгол эхнэр, илүү дутуу маяггүй, өв тэгш эзэгтэй Х.Баярмаа шиг л байх болов уу. Харцнаас нь л тун сайн эзэгтэй, эхнэр болох нь илрээд шууд тархинд “сайн хүн” гэсэн мэдээлэл харван орж байв. Түүний гуниг бүхэн чин сэтгэлийнх байлаа. Гэр бүлгүй, ганц бие бүсгүйн хувьд ийм дүрд орж нөхрөө алдаа хийснийг мэдээд тэгтлээ энэлэн шаналж буй төрх харуулах амаргүй. Түүнийг уйлахад хүмүүс дагаж уйлж байгаа нь л хамгийн том нотолгоо байлаа. Үнэхээр та, таны амьдралд ийм зүйл тохиолдсон бол та яах байсан бол?
Жинхэнэ Монгол гэр бүл хаачив?
“Хас фильм”, “Шилдэг өнгө” продакшны уран бүтээл “Аюултай харилцаа” гэр бүл салалтаас болж өнчирсөн хүүхдийн тоо хэдхэн жилийн дотор 10 мянга хол давсныг сануулав. Салалтын 86 хувь нь гэр бүлээс гадуурх харилцаанаас болдог тоо баримт олон хүнийг санаа алдахад хүргэв. Бид ер нь яаж амьдраад байна вэ? Өнөөгийн нийгэмд ус, агаар шиг хэрэгтэй зүйл бол гэр бүлийн эрүүл, өв тэгш уур амьсгал. Сүүлийн үед манай киночид ч энэ тал дээр анхааран хийсэн хоёр дахь уран бүтээл энэ байлаа. “Миний хайр” кинон дээр ч гэсэн энэ асуудлыг хөндсөн нь олон нийтээс өндөр үнэлгээ авсан билээ.
Дөнгөж болзож байгаа дурлалт хосууд, гэр бүлүүд “Аюултай харилцаа”-г үзээд дор бүрнээ нэгийг бодсон байх. Гол дүрүүдийн жинлүүрийн нөгөө талд жүжигчин П.Шүүдэрцэцэг, С.Ариунбямба нарын хослол өөр нэг төрхийг үзүүлсэн. Хэдийнэ гурав дахь амьдралаа зохиосон эрийн дүрийг үзүүлэх С.Ариунбямба одоогийн эрчүүдийн нийтлэг төрхийг хөнгөхөөн ёгтлон харуулах юм билээ. Амьдралд ойр эмгэнэлтэй ч инээд хүрмээр үзэгдэл бас олон гарсан. “Аюултай харилцаа” нэг инээлгэж нэг айлгаж нэг уйлуулан сэтгэл хөндөв.

-“Үнсгэлжин”-г одоо хэдэн хувилбараар хийдэг юм бэ дээ ... Гарч явахад хүмүүсийн яриа чих дэлсэв. Нээрээ ч хэдэн анги хийдэг юм, яасан ч суурь агуулга нь өөрчлөгдөхгүй үлгэр шүү дээ. Өөр байлаа байлаа гэхэд Үнсгэлжин болор шахайгаа орхиж байж л ханхүү тэр хоёр уулзана биз дээ? Бид хэтэрхий Үнсгэлжиндэж, бэлэн тансаг амьдрал мөрөөдөн дэргэдээ байгаа хүнийхээ үнэн мөн чанар, сайхан талыг олж харахгүй байгаа юм биш биз? Эрчүүд жинхэнэ гоо дагиныг хүсээд хажуудаа байгаа гэргийнхээ сайхан талыг заавал алдсан хойноо олж харах гэж үү?
Таны нэг л удаагийн алдаа гэр бүл, хамгаас эрхэм нандин хүүхдийн чинь амьдралд насан туршийн хар толбо, сэв болон үлдэх болно. Ирээдүй хойч болсон үр хүүхдэдээ тийм сэтгэгдэл үлдээвэл хожим хүүхэд, эцэг эхийн хооронд аюултай харилцаа үүсгэх болно. Бид ер нь хүүхдүүдтэйгээ хэр ойр дотно сэтгэлээсээ харилцдаг билээ? Энэ кинон дээр ч гэсэн хүүхдээ загнаж хажууд нь ярих ярихгүй юм ярин нийтлэг гэр бүлийн үнэн төрхийг харуулав. Хүүхдийнхээ хажууд хийх өөрсдийнхөө үйлдэлд л анхаарах нь чухал байх. Хаа хамаагүй телевизээр гарч байгаа зүйл гэхээс ээж аавынх нь үйлдэл хүүхдийн сэтгэлд тод үлдэнэ. Үүнийг л “Аюултай харилцаа” бидэнд хэлээд байна.
Удахгүй Мартын 8 болно. “Зөвхөн чамдаа хайртай” гэдэг бэлгийн картнаас олныг биш зөвхөн ганцыг л аваарай, манайхаан!
Эх сурвалж: www.grandnews.mn
У.Цахирмаа
Сэтгэгдэл (9)