Тун удахгүй эмэгтэйчүүдийн баяр болохтой холбогдон манай сайт олны танил эгч дүүсийг цувралаар танилцуулах гэж байгаа билээ. Улс орныхоо бүхий л салбарт хийж бүтээсэнээрээ гялалзаж яваа эгч дүүстэй товч танилцацгаая.

Ж.Гадинжид, Ж.Занаа, Д.Удвал
Уншигчид энэ эгч дүү гурваас хүний эрхийн төлөө тэмцэгч Ж.Занаа хатагтай, “Наран трейд”-ийн тэргүүн хатагтай Д.Удвал хоёрыг андахгүй танина. Энэ хоёр бүсгүйн том эгч Ж.Гадинжид хэмээх галтай бүсгүй бий. Энэ хатагтайн амьдрал энэ цагийн эгэл баатар гэдэг шиг өвөрмөц. Польш нөхөртэй энэ хатагтай насаараа жимс ногооны аж ахуй эрхэлж, эх байгальд ойр амьдарч яваа нэгэн. Зах зээлийн ороо бусгаа үед Польш нөхрөө дагаад ч болов наймаа панз хийх байтал тэрээр Шархаданд жижигхэн газар авч хувийн аж ахуй эрхэлж эхэлсэн гэдэг. 80-аад оны дунд үеэс хойш эрхэлж буй энэ ажил нь өдгөө Төв аймгийн Цонжин болдогт томоохон эдлэн газарт жимс, хүнсний ногоо тарьж байна.
Эгч дүүс бүгдээрээ дээд боловсролтой хатагтай нар. Нэг эмэгтэй дүү нь “Тус биш ус” киноны гол дүрд тоглож байсан Оюун хэмээх бүсгүй байдаг. Ээжээсээ хагацаж, өнчин үлдсэн хүүхдүүдээ бүгдийг нь дээд боловсрол эзэмшүүлж, хүний зэрэгт хүргэсэн аавдаа охид нь баярлаад ханадаггүй гэдэг. Тэдний аав Жүрмэд хэмээх өдгөө 90 настай буурал энх тунх амьдарч байгаа.

Нэг аав, ээжээс төрсөн боловч Удвал хатагтай өөр овогтой байдаг нь отгон охиноо төрөөд удаагүй байхад нь ээж нь өөд болсон учраас эмээгийнхээ гар дээр өссөнтэй холбоотой гэдэг.

Эгч дүү гурван Урнаа
80-аад оны дунд үед эгч дүү гурван Урнаа уянгалаг дуунуудаараа ёстой л байлдан дагуулж байлаа. Олон жил хаалттай нийгмийн тогтолцоонд баригдсан Монголын нийгэм энэ үед хойд хөршид өрнөсөн перестройка-гийн үнэрээр өөрчлөгдөж эхэлсэн үеийг хэлэх үү, дуу хөгжим хүртэл өөр өнгө аястай болж байв.
Чухам энэ үед эгч дүү гурван Урнаа хэзээ ч давтагдахгүй дуу хоолойгоор хүүхдийн дуу дуулж, Монголын радиогоор өглөө, үдэшгүй явж, сонсогчдыг сэрээж бас унтуулдаг байсныг тэр үеийнхэн андахгүй. “Уучлаарай Зулаа” дуу нь одоо ч хитийн жагсаалтаас гардаггүй. Ийн хар багаасаа гар гараасаа хөтлөлцөн урлагт хөл тавьсан эгч дүү гурав одоо ч энэ л гэр бүлд үнэнчээр зүтгэж, амьдрал хувь заяагаа залж яваа нь гайхалтай хувь тавилан гэлтэй.
Том эгч МУГЖ У.Уранчимэг "Хувьсал"продакшнаа хариуцан ажиллаж, дэлгэцийн урлагт хүч сорьж буй. Дунд Урнаа буюу У.Уранцэцэг нь сонгодог урлаг тэр дундаа дуурийн эх орон Италид хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийд данстай дуулаач. Хаа сайгүй тун ч ховор байдаг клартурный сопран буюу гургалдай хоолойтой учраас баруунд тун ч өндөр эрэлттэй байдаг төдийгүй сонгодог урлагийн өлгий нутгийнхан хатагай Уранцэцэгийг алтан гургалдай хэмээн өргөмжилдөг гэдэг. Тэрээр хааяа эх орондоо нүүдлийн шувуу шиг ирээд буцдаг бөгөөд Италид суурьшин амьдардаг.

Харин бага Урнаа буюу У.Уранзаяа нь хэдийгээр урлагийн карьераа үргэлжлүүлээгүй ч урлагийн хүний гэргий болсон. “Номин талст” хамтлагийн дуучин Хаянаагийн гэргий тэрээр нөхрийнхөө найдвартай ар тал төдийгүй чамбай залуу бизнесвумэн гэгддэг.

Д.Болормаа & Д.Энхсүрэн
Мөн л хоёулаа нэг салбарт өр зэрэгцэн хүч үзэж яваа эгч дүүс бол Азийн топ модель, “Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа, түүний дүү загвар өмсөгч Д.Энхсүрэн нар. Арван жилийн сурагч байхдаа ангидаа хамгийн өндөр, тиймдээ ч сагс тоглохдоо гаргууд байсан охин багш нарынхаа ятгалгаар загварын ертөнцөд хөл тавьсан нь Монголд анх удаагаа Азийн топ модель хэмээх цол өргөмжлөлийг авчирч, юм юм шинэ содон байсан 1997 онд хэрэндээ л дуулиан дэгдээж байв. Угийн нуруу туруу өндөргүй Азийнхны дунд манай загвар өмсөгч юм юмаараа од болсон нь энэ. Үнэндээ ч түүний залуу нас загварын тайзыг эзэгнэж явсан билээ. Гурван охинтой айлын ууган нь болох топ модель Болормаа төрсөн дүүгээ мэргэжилдээ уруу татсан нь загвар өмсөгч Энхсүрэн.
Загварын ертөнцдөө Сүги хэмээх нэрээрээ танил тэрээр туршлагатай номын охин байсан ч эгчийнхээ зөвлөснөөр загварын тайзан дээр алхаж, удаа ч үгүй Сингапурт гэрээгээр загвар өмсөж эхэлсэн. 2005 оны Азийн супер фото модель, 2006 оны орлогоороо тэргүүлсэн модель гээд гадаад ертөнцөд Сүги загвар өмсөгчийн карьерыг амжилттай хашиж буй бүсгүй. Загвар өмсөгч хүнд зайлшгүй байх ёстой, амин чухал зэвсэг хувирах чадварыг түүнд бурхан харамгүй заяасан нь энэхүү амжилтынх нь үндэс болдог биз ээ. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй загвар өмсөгч бүсгүй хааяахан эх орондоо ирээд буцдаг.
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (5)