Эрчүүд л энэ амьдралыг авч явах ёстой гэсэн уламжлалт, үхширмэл үзлийг халах цаг нь болжээ. Эмэгтэй хүн яагаад бизнес хийж, мөнгө олж, гэр бүлээ тэжээж болохгүй гэж. Эр эм, арга билэг зохилдож найран амьдардаг ертөнцөд хэн юу чаддагаа хийж, түүнд хажуу хань нь өмөг түшиг болж хамтын хүчээр амьдралаа авч явж болно шүү дээ. Ийм жишиг ч манайд олон болж. Харж байхад ихэвчлэн эгчмэд гэргий нар эсвэл бэл бэнчинтэй эрхмүүдийн эрх танхи охид ийм тодотгол авахуйц хэмжээнд хамтын амьдралаа зохиосон байх юм. Гэхдээ ихэнх нь өмнөх амьдралаа cancel-даж, 2 дахь амьдралаа зохиосон байх нь элбэг. Ингээд өмнөх эхнэрүүдээсээ өрх тусгаарлаж хоёр дахь амьдарлыг сонгон бизнесмэн ноёнтнуудын эрх хүргэчүүд болон мөн эрх нь дэндсэн насны зөрүүтэй гэрлэлтийн нөхрүүдийг дараах байдлаар танилцуулж байна. Хүчирхэг өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд ихэвчлэн өөрөөсөө дүү нөхөртэй байдаг гэж албан судалгаа гарсан байдаг. Хүүхнүүд хүчирхэгжихийн хэрээр эгчмэд дурлалын эзэд олширч, эрчүүд баяжихын хэрээр дүүмэд бүсгүйчүүдийг сонгодог гэнэ лээ. Үүнээс хархад мөнгө хэр хүчтэй гэдгийг харуулах мэт.
Алаг нүдний итгэлийг алдаагүй
Насны зөрүүтэй амрагуудын дундаас хамгийн алдартай нь алаг нүдэн Одноогийн сонголт байсан. Өөрөөсөө 14 насаар дүү үе мултарсан царайлаг, нуруулаг залууг сонгосон нь жинхэнэ скандал байсан билээ. Х-ТҮЦ гэх том айлыг нуруун дээрээ үүрч, дээрээс нь дэлгэцийн урлагт хүч үзээд буй алаг нүдэн гавьяат маань энгийн нэгэн жүжигчин залуугийн мөрөөдлийн гүүр нь болж 40 гарсан хэрнээ хөөрхөн охин тэврүүлсэн билээ. Жүжигчин Т.Бархүүгийн хувьд өмнө нь бүжигчин бүсгүйтэй амьдарч байсан бөгөөд дундаасаа нэг охинтой.

Яриа хөөрөө, царай зүс, нуруу туруугаараа хэний ч дор орохгүй жүжигчин Т.Бархүү ч гавьяатын хайр хүндэтгэлийг хүлээж итгэлийг алдахгүйгээр эр нөхрийн үүргийг сайтар биелүүлж яваа адтай залуу. Өдгөө төрийн албан хаагчийн зөөлөн суудалд тухалж, Засгийн газрын хэрэг хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хорооны дэд дарга болоод буй.Ямартай ч эгчмэд бүсгүйн хаялгыг даасан шиг дааж хайр халамжаар дутаахгүй авч яваа Т.Бархүү нэгэн зэрэг аав ч болж, өвөө ч болоод амжсан 2012 оныг миний жил байлаа хэмээн хошигнон тунхагладаг юм билээ.
Эгдүүтэй Ганаагийн эрх нь дэндсэн үү?
“Камертон”–ны дөрвөлийн хувийн амьдрал тунчиг сонирхолтой. Хоёр нь нэг айлын хүргэд болж, тэгш сайхан амьдарч яваа бол үлдсэн хоёр нь салж нийлсэн, бүтэлгүйтсэн адармаатай амьдралыг туулж яваа. Хамтлагийн хамгийн уян зөөлөн сэтгэлтэй, алиа хошин зантай гэгддэг Ганаа анхны амьдралаа жижиг Халиунтай эхлүүлж, хөөрхөн охинтой болсон нь нэг л өдөр туурга тусгаарлаж, Халиун “Hugo Boss”-ийн менежертэй хамтран амьдрах болсон. Харин Ганаагийн хувьд төөрсөөр төрөлдөө гэгчээр явж явж “Жигүүр гранд”-ын Д.Баттөр ноёнтны эрх танхи охидын нэг Б.Уянгатай сууж, үүрээ олоод буй. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг энэ биз ээ. Хаанаас нь харсан бондгор, булцгар эгдүүтэйгээрээ хүртэл ижилхэн хосууд хоёр бондоохой гэх нэрийг аваад байгаа гэнэ лээ. Угаас эрх Ганаа мөн л баян айлын бандгар охинтой сууж, бандгар жийпийг баруун солгойгүй сольж унах болжээ хэмээх жиг жуг яриа ч газар авчихаж. Нээрээ л Ганаа Lexys-470, Range Rover зэрэг үнэ өртөг ихтэй машинуудаар хотын төвд салхи татуулан давхих болсон нь содон.
Гэргий Уянгынхаа хамт “Жигүүр гранд”-ын томоохон бүтээн байгуулалтуудын нэг “Zaisan Luxury” хотхонд Grandeur нэртэй гоо сайхан, фитнес, бассейны цогцолбор төвөө хариуцан ажиллуулж, дээр нь өөрсдөө амьдарч байна. Одоогоос хэдэн жилийн өмнө “Жигүүр гранд”-ынхан хотын төв дэхь “Гранд оффис” төвийнхөө дор ийм гоо сайхан, бялдаржуулахын цогцолбор нээж, гишүүнчлэл авч, анхдагчдын шанг татаж байсан. Тэгвэл энэ удаад уг төвийн салбар нь Зайсанд үүд хаалгаа нээсэн нь энэ. Хосууд саяхан хамтдаа цоо шинэ Lexys-470 худалдан авч, дугаараа ч авч амжаагүй явахдаа бидний дуранд өртсөн нь энэ. Үүнээс үзвэл залуус тун ч амжилттай, аз жаргалтай хамтын амьдралаа эхлүүлж буй бололтой. Ийн Д.Баттөрийн эрхээрээ хатсан аз од нь гийсэн хүргэн хүү хэмээх алдрыг аваад буй Ганаадаа улам их аз жаргал хүсье. Ер нь ноён Д.Баттөр хаа очиж хаялга ихтэй, буянлаг бизнесмэн гэдэг нь үнэн бололтой юм. Юу гэвэл ууган охин Халиунаа нь DJ Д.Түвшин хэмээх мөн л урлагийн залуутай сууж үрийн зулай үнэрлэсэн нь саяхан. Угаас урлагт хайртай, авьяаслаг аавын охид генийн мэдрэмжээрээ гэр бүлээ сонгосон гэлтэй. Энэ хүргэнээ ч ноён Д.Баттөр эрхлүүлэхийн дээдээр эрхлүүлдэг гэнэ лээ. Хадам аавын нүнжиг гэдэг энэ ээ.
Хонгорыг тайзнаас холдуулсан хайр
Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг цээл хоолойтон Баяраа агсны ганц хүү Хонгор аавынхаа авьяас, хоолойг өвлөн хуучин үеийн хит дуунуудыг амилуулж урлагт хөл тавьсан билээ. Нэг үе “18 нас минь надаас бүү холдооч” хэмээн уянгалуулан дуулж олон охидын зүрхийг булиглуулж байсан Хонгор тун удахгүй аав болох гэж байгаа. Түүний хайрыг булаасан бүсгүйг Анир мөн л бэлтэй айлын эрх охин. “MCS” группийн харьяа "Sky resort" цанын баазын захирал ноён Батсуурийн ууган охин Анир, Хонгор 2 өнгөрсөн 8-р сард цанын бааздаа хөл ихтэй хурим хийж, заяа холбосон. Хаанаас нь ч харсан айхтар, чамбай байрын Анир бүсгүй Хонгортой Тайваньд танилцаж, улмаар үерхэж эхэлмэгцээ Хонгор тэнд мөн суралцах болсон. Ийн хадмын хаяа түшиж, урлагийн тайзнаасаа холдсон Хонгор хүү хадам ааваасаа дуу бичлэгийн студи бэлгэнд авч, шоу бизнесийн ертөнцөд хөл тавьж байгаа гэнэ лээ.
Хаазаагийн хаялгатай хадмууд
Дорнод аймгийн хүнсний үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Пүрэвдорж хэмээх бэл нүнжигтэй ноёнтны дунд охин П.Алтансаргай гэх өвөрмөц нэртэй энэ бүсгүй “Номин талст”-ын Хаазаагийн хоёр дахь гэргий нь. Үндсэн мэргэжил нь хуульч Хаазаа анхны амьдралаа Туяа гэх эмч бүсгүйтэй эхлүүлж нэг хүүхэдтэй болж хоёр тийш болсон бөгөөд хүүхэд нь Туяа бүсгүйд үлдсэн гэдэг. Хамтлагийн гишүүд дундаасаа хамгийн дуугүй, төлөв төвшин Хаазаа хаялгатай хадмуудынхаа хайрыг татаж, хуульч ч биш бүр бизнесмэн эр болоод байгаа. Бусдыгаа бодвол дорвитой уран бүтээл хийгээгүй Хаазаа хадам аавынхаа ачаар бизнест хүчин зүтгэж хувийн хаусаас эхлээд машиныг ёоз дүүзээр нь унадаг болжээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)