Монголын дэлгэцийн урлагийн өнгийг үе үеийн сайхан бүсгүйчүүд тодорхойлсоор ирсэн. Дээхэн үед тэдгээр сайхан хүүхнүүдийг үзэж харахын тулд театрыг зоригсод олон байсан бол одоо цагт харин борооны дараах мөөг шиг ар араасаа цуврах кино дэлгэцийн талбар тэдэнд том боломж олгож байна. Хаа газар, ямар ч цаг үед урлагийн ертөнц дэхь шоу талбарт ялангуяа бүсгүй гоо үзэмж, сайхан дүр төрх юу юунаас чухал зүйл байсаар ирсэн. Харамсалтай нь, сүүлийн үед жинхэнэ сайхан хүүхнүүд нь гал тогооныхоо ард үлдэж, жир дундажууд нь миссийн тэмцээнээс авахуулаад дэлгэцийн урлагт хошуурах болсон. Ямартаа Монголын урлаг идеалгүй болчихсон гэх үг чухамдаа энэ үеийнхэнд хаяглагдаж байгаа билээ.

Гэвч цаг үе бүхэн баатраа төрүүлдэг жамаар бас ч гэж үзэж харчихаар, нүд баясгачихаар гоо үзэмжит охид төрөн гарч байнаа. Хараахан Н.Сувд, Н.Батцэцэг, О.Энхтуул тэргүүтнийг гүйцэхгүй ч өнөөдрийн кино үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болсон залуу охид шинэ үеийн дэлгэцийн урлагийн шинэ дүр төрхийг бүрдүүлэхүйц фронтыг бий болгочихсон нь анзаарагдаж байна. Тэдэнтэй танилцъя.

М.Цэрэндолгор: Нас 23
Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Тютю” киноны гол дүрд тоглосон М.Цэрэндолгор хамгийн сүүлд төрсөн кино од гэж болно. Оюутны ширээнээс төрсөн од, дебют дүр нь “Тютю” гэхэд мэргэжлийн хүрээнийхнээс өндөр үнэлгээ авч, тэрүүхэндээ шуугиан тариад амжсан энэ залуу бүсгүйн авьяас биш гэлээ гэхэд гоо үзэсгэлэн, залуу нас нь энэ үнэлгээнд хамгийн ихээр нөлөөлсөн болов уу гэмээр. Өдгөө ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн 2-р дамжааны оюутан тэрээр балетаар суралцаж байгаа нь дээрх дүрийг бүтээхэд ихээхэн түлхэц, нэмэр болсон гэсэн. Ирээдүйд жүжигчнээр ажиллах сонирхолтой байгаагаа дуулгасан түүнийг найз нөхөд нь янзага Цэдо хэмээн өхөөрддөг. Аль хэдийнэ найруулагчдын овоо хараанд өртсөн М.Цэрэндолгорын алхаа гишгээ, байр байдал, нүднийх нь харц хүртэл яг л янзага шиг юм билээ.

Б.Мишээл: Нас 21
Бие жижигхэн ч бэлчээр томтой жүжигчин Б.Мишээл “эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа үнэ цэнэтэй байдаг” гэж хэлэх дуртай. Хэлсэн үгэндээ ч эзэн байж дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийг тэргүүлдэг Б.Мишээлийг Солонгосын алдарт жүжигчин, хөөрхөн Сун Хе Гю-тэй харьцуулах нь бий. Тэрээр “Голланд сарнай”, “Дэлхийд дурласан сар”, Тэртээх ертөнцийг хөгжимчин, “Давхар цохилт”, “Код” зэрэг кинонуудаараа хэдийнэ үзэгчдийн танил болсон. Өдгөө СУИС-ийн 3-р курсын оюутан монгол Сун Хе Гю оюутан байхдаа л найруулагчдын хараанд өртөж, сургуулиа төгсөж амжаагүй байхдаа л гэрлийн хурдаар олны танил болж чадсан билээ.


Х.Намуун: Нас 22
“Эргэлзээ” нэрээрээ алдартай жүжигчин Д.Хүрэлхүүгийн том охин Х.Намуун аавынхаа найруулсан “Тагнуулч аав” кинонд тоглож анхны дебютаа хийсэн. Эзэмшсэн мэргэжил нь нягтлан бодогч ч гэлээ эрхгүй эцгийн ген дийлсэнийх үү, Х.Намуун дээрх киногоор хэн болохоо харуулсан. Тиймдээ ч кинонд тоглох санал чамгүй их ирдэг гэнэ лээ.
Жүжиглэх авьяастайгаас гадна фото модель Х.Намуун муухан моделиудаас дээр загварын ертөнцдөө ч нэр хүндтэй гэж байгаа. Хэд хэдэн кинонд туслах дүр бүтээсэн хэдий ч үзэгчдэд “Тагнуулч аав”-ын дүрээрээ танигдсан түүнийг авьяаслаг аавын буянд үзэгчдийн танил болсон гэх хүмүүс ч бий. Магад түүний авьяасыг урамшуулж, тэтгээд байвал эмэгтэй Хүрлээгийн орон зайг эзлэх ч юм билүү, хэн мэдлээ.

З.Номуундарь: Нас 23
МУГЖ И.Одончимэгийн том охин З.Номуундарь хошин шогт тоглохоос гадна дэлгэцийн хэд хэдэн кинонд тоглоод амжжээ. Авьяаслаг ээжийн охин гэдгээ үзэгчдэд баталаагүй байгаа хэдий ч түүнд ирээдүй бий хэмээн найруулагчид үздэг.
Оюутан байхаасаа Х-Түц”-д харьяалагдаж, ээжийнхээ удирдлаган дор ажиллаж ирсэн З.Номуундарийг сургуулиа төгсмөгц л дэлгэцийн бүтээлийн санал олон арваараа ирсэн гэнэ лээ. Ямартай ч ээжийнхээ шийрийг хатаах жүжигчин болох уу үгүй юу гэдгийг ёстой л цаг хугацаа харуулах байх даа.

Д.Шүүдэрцэцэг: Нас 22
Цахим ертөнцийн идэвхитэй гишүүдийн нэг жүжигчин Д.Шүүдэрцэцэг сүүлийн гараад байгаа дэлгэцийн кинонуудын тэн хагаст тоглож байгаа гэхэд хислдэхгүй. Саяхан л гэхэд нээлтээ хийсэн “Саятан болох дамжаа” телевизийн олон ангит кинонд найз залуугийнхаа хамт тун чадварлаг тоглож өндөр үнэлгээ авсан.
Мөн л оюутан байхаасаа урлагт хүч сорьж эхэлсэн тэрээр“ 9009”, “Хайрлаж болох уу?”, “ Валентины захидал”, "Гэнэтийн бэлэг" мюзикл, "Ану хатан", "Анирлагч" зэрэг кинонуудад тоглосон. Цахимаар дургүй хүргэсэн хэн нэгэнд дор нь хариу барьдаг Д.Шүүдэрцэцэг хагмийн хэрүүлч гэх цол гуншинтай. Ямартай ч тэрээр бүтээсэн дүрээ хөөрхөн амилуулж чаддагийнх үзэгчдийн хайртай жүжигчдийн нэг болж чаджээ.

Э.Энэрэл: Нас 17
“Зүрх зогсохгүй” киноны сэтгүүлч охины дүрд тоглосон Э.Энэрэл дөнгөж 17 настай. Нас залуу ч нэг л дүрээрээ үзэгчдийн хайрыг татсан Э.Энэрэл 84 дүгээр дунд сургуулийн сурагч. Жүжигчин мэргэжилтэй болох зорилготой түүний хувьд реклам сурталчилгаа болоод клипэнд тоглож байсан туршлагатай.
Хараа булаам ялдам төрхтэй Э.Энэрэл дэлгэцийн урлагт шинэ өнгө төрх нэмэн орж ирсэн нь найруулагчдын нүдийг баясгаж, магнайг тэнийлгэж байгаа гэнэ лээ. Магад мэргэжлээ сонгож амжаагүй бол жүжигчин болж, дэлгэцийн урлагт өнгө, гэрэл нэмээрэй гэж хүсье.
А.Орхонтуул: Нас 21
“Орхидос” киноны өр өвдөм бяцхан охины дүрээр олны танил болсон жүжигчин А.Орхонтуул анх 15 настайдаа энэ кинонд тоглож байжээ. Өдгөө “Олонлог” сургуульд сурдаг тэрээр ирээдүйд цахиур хагалах жүжигчдийн нэг болж чадна гэх үнэлгээг тэртээх он жилүүдэд л авч байж. Саяхан “Хамгийн сайхан нь” киногоор үзэгчидтэй эргэн уулзсан А.Орхонтуул дөнгөж 20 шүргэж яваа билээ. Мэргэжлийн биш хэрнээ оногдсон дүрээ үнэмшилтэй гаргаж чаддагийнх ганцхан дүрээрээ олны сэтгэлд хоногшсон А.Орхонтуулыг “Орхидос”-ын охин гэдгээр нь үзэгчид андахгүй. Цаашдаа дэлгэцийн урлагийн од болж олон арван киногоороо бидэнтэй уулзах биз ээ. 
Н.Мөнхсоёл: Нас 23
“Сити” дээд сургуулийг төгссөн жүжигчин Н.Мөнхсоёл хамгийн их киноны санал хүлээн авдаг жүжигчдийн нэгээр тодордог. “Боловсрол” телевизийн “Мөрдөгч” олон ангит кинонд тоглон карьер нь өсөж яваа жүжигчин бүсгүй хэдийнэ хүмүүсийн хайртай, дуртай дүрийн эзэн болсон. Авьяаслаг, царайлаг дээрээс нь чадварлаг гэх тодотголтой Соёлоо бусдаас ямар ч дүрд хувирч чаддаг гэдгээрээ ялгардаг. Ирээдүйд цахиур хагалж мэдэх жүжигчдийн тоонд зүй ёсоор ороод буй тэрээр “Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од”, “Мөрдөгч” зэрэг кинонд тоглож байсан. Дараагийн уран бүтээл нь тун удахгүй нээлтээ хийж гэж байгаа “Хүүхэлдэй” аймшгийн киногоороо фэнүүдтэйгээ уулзах гэж байгаа билээ.

О.Цэнгэл: Нас 24
Сэтгүүлч мэргэжилтэй хэдий ч жүжигчин гэгддэг О.Цэнгэлийг “Боолын гэрээ” киногоор нь үзэгчид андахгүй. Мөн л нэг кино, нэг л дүрээр үзэгчдийн хайр талархлыг хүлээж чадсан О.Цэнгэл уран бүтээлээсээ түр хөндийрсөн ч саяхнаас эргэж орсон сурагтай. Анх телевизэд хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж олонд танигдсан О.Цэнгэл эрс ялгаатай дүрүүдийг чадварлаг бүтээж чадсан нь өндөр үнэлгээ авахад хүргэдэг. Жижигхэн биетэй, өхөөрдөм төрхтэй, авьяаслаг жүжигчин О.Цэнгэлийг үнэнч фэнүүд нь үргэлж хүлээдэг бөгөөд дахин уран бүтээлээ уулзана гэдэгт итгэж байна.

Т.Энэрэл: Нас 24
"Хайрын бэлэг", “Be My valentine”, "Гурван найз", "Эцсийн зогсоол Э цэг" зэрэг кинонд тоглосон залуу жүжигчин Т.Энэрэл энэ цагийн авьяаслаг залуу жүжигчдийн нэгт зүй ёсоор ордог. Төв аймгийн жүжигчин гэж овоглуулах дуртай тэрээр “Гэгээн Муза-2010” наадмаас шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч байсан. Эсрэг дүрд ганц ч удаа тоглож байгаагүй Т.Энэрэлд эсрэг дүр тохирох ч үгүй биз.

Тийм л эерүү зөөлөн төрхтэй, зөвхөн кино урлагт биш театрт ажиллаж байсан туршлагатай Т.Энэрэл мөн л оюутны ширээнээс босож амжаагүй байхдаа уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тоглосон жүжиг, кино, клипийг нь тоолбол түүний наснаас их тоо гарах биз.

Б.Номинцацрал: Нас 19
Дэлгэцийн шинэ дүр төрхүүдийн нэг Б.Номинцацрал “Сүүлчийн шөнө” киноны туслах дүрд тоглосон билээ. Хоёр ч кинонд туслах дүр бүтээж өөрийн авьяас чадвараа сориод амжсан Б.Номинцацрал тэс өөр мэргэжилтэй гэнэ лээ.
МУИС-д эдийн засагчаар сурдаг тэрээр хичээлийнхээ хажуугаар дэлгэцэнд бяцхан, бяцхан дүр бүтээчихдэг, фэйсбүүкийн од тэрээр ганц зураг тавиад л хэдэн мянган лайк цуглуулдаг. Б.Номинцацрал цаашдаа мэргэжлээсээ ажиллахаас гадна санал ирвэл дэлгэцийн урлагт хүч үзэх хүсэл сонирхолтойгоо дуулгасан. Монголжин царай төрхтэй Б.Номинцацралыг хувирах чадвар сайтай жүжигчин гэх үнэлгээг найруулагчдын зүгээс авсан байдаг. Энэ бол урлагийн тайзан дээр тун ч том үнэлгээ, онцгой онцлог юм шүү.

Нас бие ойролцоо эдгээр жүжигчин бүсгүйчүүдийн хэн нь цойлж гарч ирж, алтан, мөнгөн үеийн чадварлаг үзэсгэлэнт жүжигчдийн хойчийг залгамжлагчдын дунд ойж цойлохыг цаг хугацаа бидэнд харуулна. Хүнд төрмөл авьяасаас гадна урлагийн алтан тайзыг өндөр түвшинд үнэлэх цуцашгүй хөдөлмөр чухал билээ. Хөдөлмөрлөцгөө, тэгээд уралдацгаа, охид оо! Амжилт хүсье.
Эх сурвалж: www.grandnews.mn М.Сонор
Сэтгэгдэл (17)