Чухам хайр дурлалаас болж хүн төрөлхтөн дайтаж, бас эвлэрч байсан түүх дурдвал олон. Хайр дурлал гэгч ерөөс хүний оюун ухаанаас үл хамаардаг учраас бидний амьдралд ч гайхам, сонин дурлалын романс, түүхүүд олон бий. Бид энэ удаад насны зөрүүтэй ч жинхэнэ гал халуун хайраар хамтын амьдралаа зохиосон олны танил эрхмүүдийн тухай та бүхэндээ хүргэж байна.
О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар
Спортын хамгийн дуулиантай басхүү одтой хосуудын нэг. 2006 оны хувьд олны танил эрхмүүдээс хайр дурлалын романсаараа хамгийн дуулиантай байсан нь О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар хоёр. Шүхэрчин аавыгаа дагаж явсаар буудлагын спортод уруу татагдсан О.Гүндэгмаа дасгалжуулагч Х.Ундралбаттайгаа 10-аад жил хамт амьдарсан бөгөөд харамсалтай нь үрийн зулай үнэрлээгүй. Ямараа ч тэр хоёрын хамтын амьдралыг спортын хүрээнийхэн хожоо харсан, тооцоотой амьдрал байсан гэж дүгнэх нь элбэг.
Анх өөрөөсөө үе мултарсан дасгалжуулагчтайгаа хамт амьдрахаар шийдэхэд О.Гүндэгмаагийн ээж нь “Нялх охины толгойг эргүүлж гүйж байгаад суулаа” хэмээн ихэд дургүйцэж байсан гэдэг. Энэ бүхнийг үл хайхран О.Гүндэгмаа ноён Х.Ундралбаттай суусан нь спортын амжилтаа бодсоных байсан гэж үзэх хүмүүс олон. Юутай ч спортынхны шинэ жил, баяр ёслолыг үе мултарсан дасгалжуулагч, шавь эхнэр нөхөр хоёр олон жил чимж явсан нь үнэн юм. Олимпийн одгүй гэгддэг О.Гүндэгмаа Афины олимпоос медальгүй ирснийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө амжилтгүй явснаа нөхөр Х.Ундралбаттайгаа холбон тайлбарлаж, энэ үеэс хамтын амьдралынх нь зам салах нь тодорхой болсон. Үргэлж л тулга тойрсон хэрүүл уруултай, дээр нь нөхрийнхөө нь янаг амрагийн явдлуудаас залхсан О.Гүндэгмаа нэг л өдөр Х.Цагаанбаатартай болзож, ил далд явж эхэлсэн. Энэ бүхэнд бухимдсан Х.Ундралбат Х.Цагаанбаатартай эр хүний ёсоор ярьж, эхнэрээ эргүүлж авах төлөвлөгөөтэй очиход Х.Цагаанбаатар “Би танай эхнэрийг зөвхөн тамирчных нь хувьд биш эмэгтэй хүнийх нь хувьд хайрладаг. Бид хоёр суумаар байна” гэж түс тас хэлсэн нь түүнийг хэлэх үггүй болгож, энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэсэн гэдэг. Х.Цагаанбаатар 1982 оных. Шүлэг найраг тэрэлчихдэг, бас уяртал уран уншдаг, сэтгэлийн хөдөлгөөнтэй Дохагийн олимпоор “бал сар”-аа тэмдэглэж, хайр дурлалаа зарлан тунхагласан хоёр хос маань “Бөртэ чоно”-д ижилхэн үндэсний хувцсаар гоёж, хослон алхсан нь олны харааг булааж бас ч үгүй гайхашруулж байсан цаг эртнийх. Одоо хоёр хос маань 40 саяар авсан шинэхэн байрандаа албан ёсоор тусдаа гарч, аав ээждээ Олимп болоод Дэлхийн аваргын медаль авчирсан Ховор-Эрдэнэ хүүтэйгээ аз жаргалтай амьдарч буй.
Д.Цэрэндагва, Ж.Мэндбаяр
Монголын урлагийн түүхэнд гэр бүлийн хоёр хоёулаа Ардын жүжигчин хэмээх хүндтэй цол авсан нь энэ гэр бүл. Өдгөө үр хүүхэд, ач зээгээрээ хүрээлүүлсэн өнөр өтгөн айл АЖ Д.Цэрэндагва, Ж.Мэндбаяр хоёрын дурлалын түүх цагтаа жинхэнэ дуулиан тарьж байсан гэдэг. Хаалттай нийгмийн үед бүхнийг сөрөн тэмцэж, дурлалаа амьдрал болгож байсан халуухан намтартай хоёр хос маань багагүй насны зөрүүтэй.
1970-аад оны тэр өдрүүдэд Ж.Мэндбаяр гуай театртаа орон зай, нэр хүндээ олчихсон, өөрийн гэсэн тогтсон амьдралтай, хөөрхөн хүүгийн ээж болчихсон байсан үе. Харин Д.Цэрэндагва дөнгөж оюутны ширээнээс босч, театрын босгоор алхаж, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан залуухан эр. Ёстой аргагүй хайраар холбогдсон хоёр хосыг хэд хэдэн удаа хурлаар оруулж, Д.Цэрэндагвыг гэр бүл үймүүлсэн, болж бүтэхгүй нөхөр хэмээн донгодож, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ аваад ч дийлээгүй гэдэг. Хурал дээр хоёулаа одоо тэгэхгүй гээд ам өчгөө өгчихөөд хурлаас гарангуутаа байшингийн булан тойроод л буцаж уулзаад, хөтлөлцөөд уйлаад гүйчихдэг байсан тухайгаа хожим дурссан нь бий. Тэдний дурлалыг үеийнхэн нь хамжааргагүй хайр хэмээн өхөөрдөн ярьцгаадаг. Тэгж явсаар нэг гэрт орсон тэд одоо Монголын шилдэг гэр бүлүүдийн нэг. Ж.Мэндбаяр гуай гэр бүл, эр нөхөр, үр хүүхдээ бүсгүй хүн хэрхэн дээдэлж, асарч халамжлах талаар амьдралын том лекц уншихаар гайхалтай эзэгтэй гэгддэг.
Ц.Төмөрбаатар, Б.Отгончимэг
Буржгар Жагаагийн “Шувууд нутаг буцаагүй” клипэнд тоглож олонд танигдсан мэлмэрсэн том алаг нүдтэй бүсгүй бол домогт Цагааны Цэгмидийн хүү Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатарын хоёр дахь гэргий Б.Отгончимэг гэдгийг уншигчид маань андахгүй мэдэх биз ээ. СУИС-ийн кино драмын ангийн гэрийн даалгавараа хийдэггүй дураараа оюутан охин багшийнхаа нүдэнд өртсөнөөр тэдний дурлалын түүх эхэлсэн.
“Манай багш” гэж анх гэрийнхэндээ танилцуулж байсан танхи охиноо өөрөөсөө ахимаг настай хүнтэй суулгахгүй гэж ээж нь дургүйцсэн ч зөрүүдэлсээр байгаад суусан Б.Отгончимэгийг урлагийнхан Төмөрөөгийн залуу гэргий хэмээн нэрийддэг. Нөхрийнхөө удам угсаагаар бахархдаг тэрээр хувиараа бизнес эрхэлж Ц.Төмөрбаатарынх гэдэг айлыг авч яваа бүсгүй. Олны танил нөхөрт нь охид хүүхнүүд харц унагаж, мессеж нисгэхэд тэрээр хардахын оронд “Уучлахаас илүү шийтгэл гэж байдаггүй юм шүү” гэж хатуухан үг унагадаг айхтар эзэгтэй. Хар залуу 25-тайдаа маршал Ю.Цэдэнбалын дүрээр Төрийн соёрхолт авахад Ц.Төмөрбаатарт атаархаж, үг хаях хүн цөөнгүй байсан гэдэг. Энэ бүхэнд шаралхаж, хамт олныхоо хэл амнаас залхсан Ц.Төмөрбаатар нэг л өдөр одонгоо бариад энийг чинь авахгүй хэмээн тэр үеийн Соёлын яаман дээр очиход сайд нь “Төр өгсөн юмаа хэзээ ч буцааж авдаггүй юм” гэж хатуурхсан гэдэг. Үүнээс болж багагүй хэл аманд орооцолдож, сайн муугаараа ханатлаа хэлүүлснийх дахиж түүнд төр хайр хишгээ өгөөгүй. Дээр нь хүний амьдрал л болсон хойно хувийн амьдралынх нь уур амьсгал эвдэрч, бор дарсанд шимтэж явах тэр үед алаг нүдэн хайрын эзэнтэйгээ учирч, дахин төрөх мэт болсон гэдэг. Энэ бүхнийг зөвхөн хайрын хүч, ид шид гэж Ц.Төмөрбаатар ойр дотныхондоо үг унагасан удаатай. Тэд одоо хоёр хүүхэдтэй аз жаргалтай бүлийн эзэд.
Д.Буяндорж, Т.Ариунаа
Рок, попынхноос хамгийн дуулиантай хадамд гарсан бүсгүй бол НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа. Оройхон гарч, ширүүхэн дайрсан цоглог дуучин маань “Таалагдсан залуутайгаа 00-д ч хамаагүй секс хийнэ” хэмээн сенсаацилж байгаад нэг л өдөр архины үйлдвэрийн эзэн, эхнэртэй залуутай суусан нь тухайн үедээ ёстой скандал болж байв.
Эхнэрийнхээ нэрээр олонд танигдсан ноён Д.Буяндорж 11 хүүхэдтэй борог амьдралтай гэр бүлээс гаралтай нэгэн. Сэлэнгэд сэргийлэхийн ажилтан хийж байхдаа анхны эхнэр Ариунболортойгоо танилцаж, чемодантай хувцастайгаа хадмынхаа хажуу өрөөнд өрх тусгаарлаж амьдралаа эхэлж байсан түүхтэй. Хадмуудтайгаа танилцахдаа анх масло идэж үзэж байсан тэр эр үр хүүхэдтэй болж, архины үйлдвэрт ажиллан, гайгүй мөнгөжснийхөө дараа ааш зан нь хувирч эхэлснийг хадам ээж нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан. Эгэл бор амьдралаас гаралтай даруухан хархүү гэнэт архины үйлдвэрийн эзэн болтлоо хөлжиж, нэг л өдөр 3 настай хүү, эхнэрээ орхиод өөрөөсөө 7 насаар эгчмэд бүсгүйтэй амьдралаа холбосон нь жинхэнэ хайрын сэтгэл байсан гэдэг. Анхны эхнэр Ариунболор нь СТӨ-ний үүдэнд анаж байгаад Ариунаатай уулзаж, хэрэлдэж уралцаж зодолдохдоо хүрч байсныг мэдэхгүй хүн цөөн. Өдгөө тэр бүсгүй Америкт амьдрач буй. Харин ноён Д.Буяндорж том хүүгээ ээжийнх нь зөвлөсний дагуу өөр дээрээ авснаар Т.Ариунаа хүний өөрийн хоёр хүүгийн ээж болсон. Тайзан дээр адтай, хөдөлгөөнтэй Т.Ариунаа хатагтай гэр бүлийн амьдралдаа гайхалтай хатуу, чамбай ханддаг нэгэн. Тиймдаа ч рок попынхон дотроо хамгийн тогтвортой үлгэр жишээч гэр бүлээр тодордог. Дуучин бүсгүй маань ч үүгээрээ пиар, рекламаа хийх дуртай. Хүний амьдрал л болсон хойно, секс машин өргөмжлөлтэй нөхөр нь янз бүрийн охид хүүхнүүдтэй нэр холбогддог ч энэ бүхнийг эмэгтэй хүний ухаанаар зөвхөн Т.Ариунаад л заяасан хосгүй тэвчээрээр тэвчин өнгөрүүлээд зогсохгүй олон түмнээс байдгаараа нууцалдаг нь ойр дотныхных нь гайхашралыг төрүүлдэг гэсэн. Тийм ч учраас Т.Ариунаа айхтар гэх үг гарсан биз.
Г.Машбат, Н.Батцэцэг
Дэлгэцийн цуутай сайхан бүсгүйцүүдийн нэг жүжигчин Н.Батцэцэг, найруулагч Г.Машбат нарыг танихгүй хүн ховор. Багагүй насны зөрүүтэй тэд сонирхолтой басхүү зүрх шимшрэм хайрын түүхтэй хосууд. Ноён Г.Машбатын анхны хань акробатчин Цоггэрэл гэх бүсгүй сургуулилалт хийж байхдаа олс нь тасарсанаас агаараас унаж бөгсөн бие нь амьгүй болсон.
Энэ золгүй, харамсмаар ослын дараа хөөрхий бүсгүй суумгай болж, тэргэнцэр дээр амьдрах болсон бөгөөд ямар ч үнэтэй эмчилгээ хийлгээд үр дүнд хүрээгүй. Хүний хань, эр хүний ёсоор ноён Г.Машбат авааль гэргийгээ асарч тойлон, дэргэдээс нь алхам ч холдоогүй олон оныг үдсэн. Хүнд хэцүү үед нь агуу сэтгэл гаргасан ид залуу насны эр нөхрөө амьдралаа бод, хүнтэй суу гэхэд нь юу яриад байгаа юм, би чиний хажууд байх ёстой гээд нөхөр нь халгаадаггүй байсан гэдэг. Амьдрал баян болохоор нэг л өдөр суумгай болсон эхнэр нь залуухан, царайлаг бүсгүй Н.Батцэцэгийг нөхөртэйгээ танилцуулсан нь Г.Машбатын ирээдүйн хань нь байсан гэдэг. Дэндүү хатуурхсан амьдралын өмнө сөгдөж, гашуун хувь заяатайгаа эвлэрсэн хөөрхий бүсгүй ёстой сэтгэлдээ мэгштэл уйлж, зүрхээ шимшрүүлэн байж “Та хоёр суу” гэсээр суулгаж байсан түүхтэй. Г.Машбат, Н.Батцэцэг хоёр одоо ч Цоггэрэл бүсгүйг харж ханддаг, эгч дүүс шиг дотно харилцаатай байдаг тухай ойр дотныхон нь ярьдаг. Хэсэг хугацаанд кино бизнест хүч үзэж, чамгүй амжилт гаргасан хоёр хос маань одоо Америкт амьдарч буй.
З.Түмэнжаргал, Б.Мягмарсүрэн
Магадгүй насны хамгийн хол зөрүүтэй амрагууд бол яруу найрагч З.Түмэнжаргал агсан, дуучин Б.Мягмарсүрэн хоёр. Хэдийгээр нэрт найрагч хэдэн сарын өмнө Францад өөд болж, нөгөө ертөнцөд одсон ч гэлээ уран бүтээл, алдар нэрээрээ үхэлгүй мөнх амьдрах гавьяатай Загдын Түмэнжаргал агсныг бид энэ цаг үед дурсахаар шийдсэнээ өчсү.
Жинхэнэ гал халуун хайрандаа хөтлөгдөж суусан тэд анх “Ардын эрх” сонины гал тогоонд танилцаж байсан гэдэг. Урлагийн гэр бүлээс гаралтай, хойно сургуулиа төгсчихөөд ирсэн байсан залуухан бүсгүй Б.Мягмарсүрэнд найрагч маань анхны харцаар сэтгэл алдарч, “Сайхан чамдаа” дуугаа зориулж байсан. Гэр бүлээсээ салаад, сэтгэл гундуухан хааяахан балгачихдаг байсан ноён З.Түмэнжаргал жинхэнэ хайртайгаа учирч, амьдралаа шинээр эхэлсэн гэдэг. Залуу эхнэрээ Ану хэмээн өхөөрдөн дууддаг нь явсаар урлагийн нэр нь болсон түүхтэй. Хэдэн жилийн өмнө дуучин бүсгүй төрж, нэрт найрагчид хэнз үрийн зулай үнэрлүүлж, нялхаруулж байсан бол өдгөө хоёр хүүхэдтэй.
Энэ мэт УИХ-ын эрхэм гишүүн болон “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, СТӨ-ний захирал хатагтай Байгалийн охинтой суусан, УИХ-ын эрхэм гишүүн БСШУ-ны сайд Ө.Энхтүвшин анхны амьдралаа орхиж залуухан, царайлаг Булгамаа хэмээх бүсгүйтэй гал голомтоо бадрааж, хэнз охинтой болсон бол дуучин УГЖ Бүрнээбаяр өөрөөсөө 20 дүү залуутай гэр бүл болж дуулиан дэгдээж байсан нь бий. Эцэст нь хайр дурлалаараа гэр бүл болсон Монголын бүх хосуудад аз жаргал хүсье!
Эх сурвалж: “Гранд” сэтгүүл
Сэтгэгдэл (7)