Жан Бу Ри ирлээ!
2015/02/14

Энэ өдрүүдэд үзэгчдийг байлдан дагуулж буй Солонгосын MBC телевизийн бүтээл “Жан Бу Ри ирлээ” хайр дурлалын уянгат жанрын талаар сонирхолтой мэдээлэл хүлээн авна уу.  2014 онд солонгосчуудыг байлдан дагуулсан тус кино тухайн оныхоо БНСУ-ын Кино авардсаас Шилдэг сериалаар, гол дүрийн эмэгтэй жүжигчин Жан Бу Ри буюу У Ён Сог Шилдэг эмэгтэй жүжигчнээр тус тус шалгарч, ашиг орлогоороо тэргүүлсэн билээ. Өнөөдөр “Жан Бу Ри ирлээ” олон ангит киноны төгсгөлийн анги гарах гэж байгаа аж.

Ханбуг мандтугай!

Өмнөд Солонгос улс хэзээд урлаг, тэр дундаа кино урлагаар дамжуулан өөрсдийн улс орон, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд сурталчилж, соёлын давалгаа, байлдан дагуулал үүсгэдгээрээ алдартай. Үндэснийхээ хоол, эмчилгээ, эм тан, түүх үгүй ядахдаа л хэрхэн цүнх үйлдвэрлэдгээ гагцхүү киногоороо дамжуулаад хялбархаан, тэгэхдээ бүр зүрх, тархинд суулгаад өгчихнө. Энэ киноны тухайд гэхэд хувцас загвар тэр дундаа үндэсний хувцас ханбугаа дөвийлгөснөөрөө солонгосчуудаас тэгтлээ өндөр үнэлгээ авчээ. Кино багийнхан хэлэхдээ үндэсний хувцас, соёлоос гадна Солонгосын орчин үеийн загварын чиг хандлагыг тод харуулах гэсэн юм хэмээн онцолсон байна.

Хэдий гэр бүлийн драма ч сэдэв болоод утга агуулга нь амьдралд ойр, ер нь иймэрхүү кинонууд фантастик киноноос илүү үзэгчдэд хүрдэг гэж солонгосчууд үздэг. “Жан Бу Ри ирлээ” кинонд хүний амьдралд тохиолдох нэг хэсэг, жижиг мэт асуудал эртнээс ханбуг үйлдвэрлэдгээрээ алдартай Бесулчегийн гэр бүлийг тойрон өрнөнө. Ийм кино Өмнөд Солонгос улсад жилд хэдэн зуугаараа мэндэлдэг ч 2014 оны шилдэг киногоор яах аргагүй үзэгчдийн тоо, тэдний зүгээс ирсэн үнэлгээгээрээ “Жан Бу Ри ирлээ” шалгарсан. Магад үүний нууц ханбугаа хэр үнэ цэнэтэй, хүндэтгэлтэй хувцас болохыг гайхалтай тод төвийлгөж өгсөнд байж болох юм. Дээрээс нь орчин үед Солонгосын залуучууд ямар хувцас өмсөж, ямар стилийг таашааж буйг жүжигчдийнх нь хувцаслалтаар дамжуулан сайн харуулж чаджээ. Тус  кино гарснаар Ханбугын худалдан авалт болоод хүмүүсийн хандлага эрс өөрчлөгдсөн гэдгийг кино судлаачид онцолсон байх юм.

Жан Бу Ри

Кино урлагийн шинэ нүүр царай У Ёнь Со 28 настай, 1987 оны 6-р сарын 22-нд төрсөн. Донгугийн их сургууль дүүргэсэн, жүжигчин, дуучин мэргэжилтэй. 2002 онд анхны дебютаа LUV охидын группээр хийсэн. 2003 оноос дэлгэцийн бүтээлд тоглож эхэлсэн У Ёнь Со арваад жил энэ салбарт хүчин зүтгэсэн ч олонд танигдах гол дүр тун ховор олдож байсан.

Гэвч үл шантран, найруулагчдаас гол дүр өгөхийг гуйсаар байж 2013 онд “Урагшаа У Жа Рюм” киноны гол дүрийг авч чадсан. Энэ дүрээр үзэгчдийн хайр хүндэтгэл хүлээж, алдаршсан ч өөрөө бол санасандаа хүртэл тоглож чадаагүй гэдэг. Түүнд дахин нэг боломж олдож “Жан Бу Ри ирлээ” киноны гол дүрд тоглосноор У Ёнь Со биш Бу Ри нэрээрээ алдаршиж, 2014 оны шилдэг жүжигчний шагнал авсан.

Бу Ри зөвхөн нэг хүний дүр биш, гурван эмэгтэйн дүрд хувирсан, түүний гялалзаж, гялтганасан нүд, хацрын хонхорхой, жижигхэн нүүр энэ киноны гол чимэг болсон хэмээн найруулагчид нь онцолсон байх юм. Нүүрэн хэсгээ бага зэрэг өөрчилж, хацар хонхойлгодог мэс засал хийлгэсэн У Ёнь Со нь дуучин, бүжигчин, жүжигчнээс гадна загвар өмсөгч. Мэргэжлийн бус гэлээ ч тэр чадварлаг моделиудын эгнээнд хэдийнэ элсэж чаджээ. 

Солонгост олонд танигдаж, алдрын зэрэгт хүрэхийн тулд маш их цаг зав, сэтгэл зүтгэл, амь амьдралаа золиосолдог. Ийм нэр хүндийг хамгийн өндөрт өргөж явна гэдгээ энэ кинонд тоглосныхоо дараа хэлсэн байна. Тэрээр одоогоор найз залуугүй бөгөөд хувийн амьдралаасаа илүүтэй уран бүтээлдээ түлхүү анхаарна гэжээ.

Ёнь Мин Жон

Гол дүрийн Жан Бу Ригаас илүү олон номер үзүүлдэг Ёнь Мин Жон буюу жүжигчин И Юу Ри энэ дүрээр 2014 оны Гран при шагналын эзэн болжээ. Оны шилдэг эмэгтэй жүжигчин номинацид 3 эмэгтэй жүжигчин нэр дэвшсэн.

Бид “Зочид буудлын эзэн” киноны гол дүрээр илүү танил, Солонгосын алдарт жүжигчин Хан Шин Ёнь, Бу Ри буюу У Ён Со хоёртой өрсөлдөж Шилдгийн шилдэг эмэгтэй жүжигчин буюу Гран при шагналын эзэн болсон.

И Юу Ри 35 настай, 1980 оны 1-р сарын 28-нд төрсөн. Кионы их сургуулийн Урлаг дизайны ангийг дүүргэсэн, жүжигчин мэргэжилтэй. Бизнес эрхэлдэг. 1999 онд дебют хийж, 2001 оноос жүжигчний замналаа эхлүүлснээс хойш олон арван туслах болон гол дүр авч, жүжиглэх авьяасаараа шуудхан олон нийтийн анхаарлын төвд орсон. Ёнь Мин Жоны дүр түүний од болох алдрын замыг улам ихээр гэрэлтүүлж өгсөн гэж үздэг.

Арван хэдэн жил дэлгэцийн урлагт хүчин зүтгэхдээ тэр олон арван шагналыг жил дараалан авч, хэр хэмжээний жүжигчин болохоо харуулсаар ирсэн тэрээр ихэнхи тохиолдолд эерэг, өрөвдөлтэй дүр бүтээсээр ирсэн. Харин “Жан Бу Ри ирлээ” кинонд анх удаагаа шахуу эсрэг дүр авч, үзэгчдийн зэвүүцэл, үзэн ядалтыг дээд зэрэгт хүргэснээрээ шилдгийн шилдэг болохоо дахин баталсан гэж мэргэжлийн хүрээнийхэн нь үзжээ.

Хүний муу, муухай зан чанарын ихэнхи хувийг харуулсан Ёнь Мин Жоны дүрийг бүтээхэд хамгийн хэцүү байсан. Анх энэ дүрийг авчихаад маш их сандарч, дүрээ гаргаж чадах болов уу гэж ихэд эргэлзэж, эмээж байсан. Гэвч чадварлаг баг хамт олны ачаар үзэгчдийн зэвүүцлийг төрүүлж, тиймдээ ч Гран при шагналын эзэн болсон. 

2014 оны Солонгосын Топ 5 жүжигчний жагсаалтад 2-т эрэмбэлэгдсэн, протестант шашинт, ганц бие, 35 настай И Юу Ри чадварлаг жүжигчнээс гадна фото модель, бизнесвумэн. 2010 оноос хойш загвар өмсөгч Жо Ки Хунтай үерхэж байгаа.

Хоёр жүжигчин бүсгүйг тус кинонд тоглосноос хойш үргэлж харьцуулдаг хандлагатай болсон байна. Гэвч мэргэжлийн талаас ч тэр, гаргасан амжилтаараа ч Ёнь Мин Жон, Жан Бу Ригаас хамаагүй дээр гэдэг нь тодорхой. Амьдрал дээр Жан Бу Ригаас долоон насаар эгч хэдий ч кинон дээр дүү болж тоглосон Ёнь Мин Жон оворгүй гэдгээрээ мөн найруулагчдаас үнэлгээ авдаг байна.

Жэ Хуа

Киноны эрэгтэй гол дүр гэж болохоор Жэ Хуагийн дүрийг жүжигчин Ким Жи Хун бүтээжээ. 1981 оны 5-р сарын 9-нд төрсөн, 34 настай, Анжоугийн их сургуулийг сэтгэлзүйч мэргэжлээр дүүргэсэн.

2002 оноос хойш жүжигчний карьер хөөж буй тэрээр “ Golden Age of Daughter-in-Law”, 2007, “Love Marriage”, 2008, “Stars Falling from the Sky”, 2010, “Flower Boys Next Door”, 2012, киноуудаар алдартай.

Жэ Хи

Кинонд Жэ Хигийн дүрийг бүтээсэн жүжигчин У Чан Со 1982 оны 6-р сарын 2-нд төрсөн, 33 настай, Сежоны их сургуулийг Үйлдвэрийн дизайнер мэргэжлээр дүүргэсэн.

Жүжигчин, загвар өмсөгч, фото модель тэрээр 2013 онд тоглосон “Аврора гүнж” киноны гол дүрээр алдартай.

 

 

Эх сурвалж: Grandnews.mn

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    гоё мэдээлэл байна
    2015 оны 02 сарын 14 | Хариулах
Сонин хачин