
Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа Монголын үндэсний музейн бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга И.Будбаярыг урьж ярилцлаа.
-Монголын музейчид өнгөрсөн жил 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Монголын үндэсний музейн хувьд ямархуу ололт амжилттай байв?
-Тиймээ, тэртээ 1924 онд Монгол Улсад орчин цагийн музей хэмээх соёл, шинжлэх ухаан, гэгээрлийн байгууллага байгуулагдаж, олон түмэнд үүд хаалгаа нээсний 90 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Энэ хугацаанд өвөг дээдсийнхээ арвин баялаг эдийн болон оюуны соёлын их өвийг цуглуулж, сэргээн засварлаж, судалж, түүнээсээ түмэн олондоо сурталчлан үзүүлж, тайлбарлан таниулах эрхэм зорилго бүхий музей бүх орон нутагт байгуулагдаж үйл ажиллагаа нь жигдэрлээ. Одоогийн байдлаар улс, орон нутгийн, төр, хувийн хэвшлийн 50 гаруй музей байна. Бид 90 жилийнхээ ойгоор эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт зохион байгуулж, салбарынхаа ололт амжилт, алдаа дутагдлаа үнэлэн дүгнэж, цаашдын хөгжлийн зорилгоо тодорхойлж, түүхийн ном, баримтат кино бүтээлээ.
Монголын үндэсний музейн хувьд ч ололт амжилт арвин байлаа. Хоёр танхимаа засварлан шинэчлэн дэглэж дууссан. Одоо нэг танхим дэглэгдэж байна. Манай музейн байр яг зориулалтаараа баригдсан цөөн байрны нэг. Гэхдээ он цагийн урсгалд элэгдэж хуучирсан. Тиймээс сан хөмрөг болон алба нэгжүүдийн өрөө тасалгаа ялангуяа зочид, үзэгчдээ хүлээн авах үүдний хэсгээ тодорхой түвшинд засаж тохижууллаа. Мөн музейнхээ бүтэц орон тоог хөгжлийн стратеги төлөвлөлттэйгөө уялдуулан, гадаадын ижил төстэй музейн бүтэц, хамт олныхоо саналыг үндэслэн шинэчлэн батлуулсан. Ингэснээр Засгийн газрын 2008 оны тогтоолоор хүлээсэн улс орон нутгийн музейг эрдэм шинжилгээ-судалгааны болон мэргэжил-арга зүйн удирдлага мэдээллээр хангах чиг үүргээ хэрэгжүүлэх нэг нөхцөл бүрдсэн. Ялангуяа, ЮНЕСКО, Японы итгэлцлийн сангийн тусламжтайгаар Музейн мэргэжил-арга зүйн төв маань сургалтын тоногдлогдсон танхим, сургалтын сурах бичиг, гарын авлагуудтай болж, үндэсний сургагч багш нар бэлтгэгдлээ. Энэ бол монголын музейн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой.
-Музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт чухал байдаг. Түүхийн үнэт үзмэр, олдворуудын хадгалалт хэр байгаа вэ?
-Музейн амин сүнс бол сан хөмрөг байдаг. Учир нь манай, ер нь музейн үзмэр цуглуулга сан хөмрөгтөө хадгалагддаг. Хэдэн арваас олон зуун жилийн настай ховор нандин дурсгалуудыг хадгалах нь нарийн ажил. Хадгалалт, хамгаалалтын нарийн горим журам, технологи байдаг. Үүнийг манай сан хөмрөгчид, сэргээн засварлагчид, эрдэм шинжилгээний ажилтнууд хийдэг. Тэд маань чин сэтгэлээсээ, яг л үр хүүхдээ, хүн хайрладаг шиг хийдэг дээ. Гэхдээ энэ бол дан ганц зүрх сэтгэлээр бүтдэг ажил биш. Энд хадгалалт, хамгаалалтын орчин их чухал. Өөрөөр хэлбэл бидний гол бэрхшээл музейн стандартын байр, тоноглолын асуудал байгаа юм. Хамгаалалт, аюулгүй байдлын хувьд харьцангуй сайн. Салбарын яам болон бид ч өөрсдөө хадгалалт, хамгаалалтын асуудал дээр боломжийнхоо хэрээр анхаарч ажиллаж байна. ЮНЕСКО, Жайка, ТИКА гээд олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд ерөнхийдөө цуглуулгын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, цаашлаад сэргээн засварлахад чиглэгдэж байгаа. Түүнээс гадна сан хөмрөгтөө хадгалагдаж байгаа хосгүй үнэт, үнэт үзмэрүүдийн зургаар каталоги, ил захидал, календарь хийлгэж байна. Энэ бол үзмэрүүдээ хамгаалах, баталгаажуулах нэг хэлбэр.
-Түүх соёлын өвийн нэгээхэн хэсгийг хадгалж, олон түмэнд дэлгэн үзүүлдэг төв музей хэдэн үзмэртэй вэ?
-2012-2013 оны улсын тооллогоор манай музей 55 572 ширхэг гаруй үзмэртэй байна. Улсын тооллого дөрвөн жил тутам, байгууллагын тооллого хоёр жил тутам болдог. Энэ удаагийн тооллогоор бүх үзмэр, цуглуулгын бүртгэл, гэрэл зургийг цахим хэлбэрт давхар оруулсан. Ингэснээр бид цуглуулгаа зөвхөн хав дараад хадгалаад байх биш үзэсгэлэн үзүүллэг төдийгүй судалгааны эргэлтэд оруулах нөхцөл боломж сайжирч байгаа юм. 2008 оны улсын тооллогоос хойш дугаар давхардсан, бүртгэгдээгүй зэрэг бүртгэлийн зөрчил байсныг залруулж, нийт цуглуулгаа нэг бүрчлэн бүртгэлжүүллээ. Хэдийгээр нийт цуглуулгын 90 гаруй хувь нь сан хөмрөгтөө хадгалагдаж байдаг ч үзүүллэгийн 10 танхимд үзмэрээ дэглэн үзүүлж байна.
Гэхдээ манай байр 1971 онд ашиглалтад орсон, тухайн үеийн хувьсгалын музейн байр. Энэ бол үндэсний музейн хувьд багтаамж үнэхээр бага гэсэн үг. Бид үзмэрүүдээ аль болох сольж тавьж байна. Энэ нь нэг талаас үзэгч олондоо хүргэх нөгөө талаас хадгалалтын горимоо баримтлах асуудал юм.
-Музейн сан хөмрөгийг хэрхэн баяжуулдаг юм бэ?
-Манай эрдэм шинжилгээний төвийн ажилтнууд үзүүллэг цуглуулгын бодлого боловсруулж, шаардлагатай үзмэр хэрэглэгдэхүүнээр музейн сан хөмрөгийг баяжуулахаар ажилладаг. Монгол Улсын хэмжээнд археологийн хээрийн судалгаа бие даан явуулдаг эрх бүхий долоон байгууллага байдгийн нэг нь манай музей. Манай археологичид жил бүр хээрийн хайгуул, малтлага судалгааны ажлыг тасралтгүй явуулж, Монголын эртний түүх, соёлын өвийн дурсгалуудыг олж илрүүлэн сан хөмрөгийг баяжуулдаг. Өөрөөр хэлбэл археологи, угсаатан зүйн эрдэм шинжилгээний, авран хамгаалах олон төслийг хэрэгжүүлдэг гэсэн үг. Ард иргэдээс музейд сайн дураараа өөрсдийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээ хандивлах, бэлэглэх явдал ч цөөнгүй бий.
-Гэхдээ музейн үзмэр алдагдсан тохиолдол нэг бус удаа гарсан. Танай музейгээс ч гэсэн түүхийн чухал үзмэрүүд алдагдсан талаар гадуур яригдах боллоо?
-Монголын үндэсний музейн хувьд гаднаас хулгай орж үзмэр алдагдсан тохиолдол байхгүй. Та бүхэн мэдэж байгаа байх, өмнө нь сан хөмрөгийн эрхлэгч маань 2007 онд тодорхой тооны үзмэр гаргасан асуудал бий. Тэр хүн зохих шийтгэлээ эдэлж байгаа. Одоо бол үзмэр алдагдах боломжгүй. Энэ нь гадны эрсдэлээс хамгаалах талаасаа ч, дотроосоо ч хэн нэгэн авах боломжгүй гэсэн үг.
-Монголын үндэсний музейн удирдлага солигдож, ажилчдаа үндэслэлгүй халсан гэх юм?
-Өнгөрсөн жил музейн удирдлага солигдсон. Түүнээс хойш ажлаас халагдсан гурван тохиолдол гарсан. Ажлын байранд архидан согтуурсан, хариуцлага алдсан хүмүүстэй хатуу хариуцлага тооцож, харилцааны ялангуяа мэргэжлийн ёс зүйн шаардлагыг тавьж байгаа. Мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа аудитын дүгнэлт ч зарим хүн дээр гарсан. Яах вэ, халагдсан ажилтнуудын зарим нь шүүхэд хандаад явж байгаа асуудал бий. Байгууллагын нууц, ялангуяа тооллого дуусаагүй байхад сан хөмрөгийн тооллоготой холбоотой буруу ташаа болон нийтэд мэдээлэх цаг нь болоогүй мэдээлэл тухайлбал, Монголын үндэсний музейгээс алдагдсан гэх үзмэр дотроосоо олджээ гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Улсын тооллого гэдэг бол төрийн ажил, тооллого хийх, үр дүн тайланг тайлагнах, мэдээлэх цаг хугацаатай байдаг. Түүнээс бус үүнийг хувийн зорилгодоо ашиглаж болохгүй. Одоо бол тооллого дууссан, тайлангаа өгсөн. Тиймээс бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор үнэн зөв мэдээллийг өгөхөөр төлөвлөж байгаа. Бид музейн ажлыг сайжруулах гэж хичээн ажиллаж байгаа. Энэ ч үүднээс арга барил, шаардлагын хувьд өөрчлөлт орсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ дадлага туршлагатай, мэргэжлийн, ялангуяа ажилдаа сэтгэлээсээ ханддаг хүмүүс маань бүгд гар нийлэн ажиллаж байна. Ер нь энэ музейн салбарт сэтгэлтэй хүмүүс л ажилладаг юм гэхэд болох байхаа.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр та бүхнийг “Улсын онц үзмэрт хүйтэн гараар хандаж байна уу даа”, “Үнэт үзмэрт нүд унагаад байна уу” гэх зэрэг өмнөх дэд захирлын ярилцлага гарсан байсан?
-Л.Жаргал манай музейн дэд захирлын хариуцлагатай алба хашиж байсан хүн. Байгууллага, хамт олныхоо тухай ийм сэтгэлтэй явдагт харамсдаг. Бид музейн цуглуулга, сан хөмрөгтэй холбогдолтой дотоод журмуудаа өөрчилж, хяналтыг сайжруулснаар хулгай гаргах боломжийг эрс багасгасан. Тиймээс хулгай хийх боломжгүй болсон гэдгийг мэдэх л ёстой баймаар. Хэдийгээр хардах эрх байгаа ч түүний ярилцлагад зарим талаар гүтгэлгийн шинжтэй зүйл ажиглагдаж байсан.
-Монголын үндэсний музейг үзэж байхад танхимууд нь арай эртний хуучинсаг санагдлаа. Шинэчлэлт хийх болоогүй юу?
-Тиймээ, бид ч энэ тал дээр бодож, төлөвлөсөн зүйл бий. Энэ жил үлдсэн танхимуудын дэглэлтийн үзэл баримтлалыг ямар ч байсан шинэчилнэ. Харин хэрэгжүүлэхээ тулахаар нөгөө л хөрөнгө санхүүгийн асуудал яригдана даа. Өнөөдөр бид Туркийн олон улсын байгууллагын /ТИКА/ тусламжаар нэг танхимаа засаад, одоо шинэчлэн дэглэж байна. Гэхдээ бид, монголчууд, монголын төр засаг өөрсдөө л шийдэх ёстой гэж боддог. Алив улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол соёлын дархлаа байдаг.
-Соёлын салбар тусдаа яамтай байснаа одоо буцаад боловсрол, шинжлэх ухааны салбартай нэгдлээ. Ингэснээр соёлын салбар уналтад орох юм биш үү?
-Мэдээж соёлын салбар маань тусдаа яамтай байснаар олон асуудлыг амжилттай шийдэж, төрийн бодлогод тусгуулж ажиллаж байсан. Соёлын салбар бол их өргөн том салбар. Би зөвхөн музейн хувьд л саналаа хэлье. Музей бол зөвхөн соёлын байгууллага бус боловсрол, шинжлэх ухааны байгууллага. Энэ талаасаа БСШУЯ-ны харьяанд байснаар харин ч давуу талтай байж болох юм. Тухайлбал манай музей эрдэм шинжилгээний байгууллагын статустай, бүтэцдээ эрдэм шинжилгээний төвтэй. Тиймээс бодлогын түвшинд шинжлэх ухааны салбартай хамт байх, шинжлэх ухааны бусад байгууллагуудтай харилцан холбоотой ажиллах зайлшгүй шаардлагатай тулгардаг. Боловсролын хувьд ч бүх насныхны боловсролын хөтөлбөрүүд зарим талаар музей дээр хэрэгждэг байх хэрэгтэй. Энэ нь биднийг боловсролын салбарынхантай нягт хамтран ажиллахыг шаарддаг.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна