Монголын жүжигчид Холливуд болон дэлхийн кино ертөнцөд танигдаж эхэлж байгаа сайхан мэдээ ар араасаа дуулдсаар. Түүний нэг топ жишээ болох жүжигчин Р.Анхням Хятадын зохиолч Жиан Роний бичсэн “Чонон Сүлд” уран сайхны кинонд тоглосон нь дэлхийд нээлтээ хийлээ. Киноныхоо нээлтэнд оролцчихоод өчигдөр эх орондоо ирсэн жүжигчин Р.Анхнямыг “Буянт Ухаа” нисэх буудал дээр тосон сэтгэгдэлийг нь хуваалцлаа. Р.Анхнямыг “Монголын тайз дэлгэцийн жүжигчдийн холбоо”-ны гишүүд болон ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхэн нь хамт угтан авсан юм.

-Сайн явж ирэв үү? Олон улсын хэмжээний уран бүтээлд тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. Сэтгэгдэлээсээ хуваалцаач?
-Маш их баярлалаа, найзууд маань ингэж угтана гэж бодсонгүй . Баярлаад хэлэх үг ч олдохгүй байна. Киноны нээлт маш сайхан болж өнгөрлөө. Хятадын намын төв хорооны байранд маш том нээлт болж, гурван хоногийн үйл ажиллагаанд оролцоод ирлээ. Монголоос найруулагч Д.Золбаяр жүжигчин Б.Амарсайхан нар хамт оролцлоо. Маш их сэтгэл хөдлөлөө, үнэхээр сайхан байна.
-Таны хувьд анх удаа олон улсын кинонд тоглолоо. Энэ кинонд тоглохдоо улсынхаа нэрийг гаргаж байгаа гэдэг үүднээс маш их хариуцлага хүлээсэн байх?
-Маш их хичээлээ. Улсынхаа нэрийг ганцаараа төлөөлж орж байгаа болохоор ямар нэгэн алдаа гаргах ёсгүй. Бүхий л зүйл дээр цаг тутам хичээх хэрэгтэй болсон. Өчигдөр ямар ч байсан ажлынхаа үр дүнг үзсэн, сэтгэл маш өндөр байна.
-Франц найруулагчтай хамтарч ажиллана гэдэг мэдээж хэлний хувьд бэрхшээлтэй байсан байх. Монгол найруулагчаас өөр байна уу?
-Хэлний бэрхшээл мэдээж гарна л даа. Бидний хувьд бүрэн хэмжээгээр англиар ярьж чадахгүй. Гэхдээ мэдээж өөрийнхөө хэмжээнд найруулагч уран бүтээлчидтэйгээ англиар болон хятадаар ярьж ойлголцож байсан. Бэрхшээлтэй зүйл гардаг ч бэрхшээл гэж бодохгүйгээр аль болох хөнгөхөн давж гарахыг л хичээж байлаа.
-Цааш цаашдаа маш олон киноны санал ирэх байх. Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан уу?
-Энэ зун хийх уран бүтээл тодорхой болсон байгаа. Хятадад хийгдэнэ. Хэд хэдэн уран бүтээлийн урилга ирсэн.
-Монгол жүжигчидийн ур чадвар дэлхийн тавцанд үнэлэгдэх болсон нь харагдаж эхэллээ. Харин Монголын кино урлаг хэзээ дэлхийн тавцанд гарах бол?
-Аль ч улсын уран бүтээлчидээс дутахааргүй маш чадварлаг уран бүтээлчид байна. Тухайлбал манай Амараагаас эхлээд дэлхийн тавцанд гараад эхэлчихлээ. Монголын кино урлаг улам л хөгжиж байгаа. Удахгүй дэлхийн тавцанд гарах байх гэж бодож байна.

Эх сурвалж: Grandnews.mn
Б.Цэцэг
Сэтгэгдэл (5)