Хар багаасаа хүмүүнлэгийн ажилд гар бие оролцож ирсэн энэ залуу бүсгүйтэй цөөхөн хором ярилцахад тун таатай байсныг урьтлан дуулгая. Мэргэжлийн жүжигчин биш хэрнээ найруулагчийн овоо хараанд өртөж дэлгэцийн хэд хэдэн бүтээлд дүрээ мөнхлөөд авсан энэ авьяаслаг бүсгүйн цаашдын зорилго юу бол гэдэг сонирхолтой санагдсан. Ингээд түүний илэн далангүй ярьсан ярилцлагыг амтархан уншина уу?

- Манай уншигчдын хувьд өөрөө шинэ дүр төрх, өөрийгөө товч танилцуулаач?
- Намайг Энхбаярын Энхманлай гэдэг. Саяхан санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн “Саятан болгох дамжаа” телевизийн олон ангит кинонд эсрэг дүрд тоглосон. Дүр бүтээсэн гэж том жүжигчид хүртэл хэлдэггүй юм байна лээ. Чадан ядан хичээж олон ангит кинонд тоглолоо. Алдаатай оноотой зүйл мэдээж хэрэг байгаа байх, түүнийг маань үзэгчид үнэлж дүгнэх байх.
-Сүүлийн үед үзэгчдийг байлдан дагуулаад байгаа кино шүү дээ. Эсрэг дүр гэхээр ямар утга санааг агуулсан дүр бэ?
-Миний энэ дүр одоогийн охидуудын нийтлэг дүр зургийг л харуулахыг зорьсон. Одоогийн дүр зураг гэдэг маань охидууд хайр сэтгэлээ мөнгөөр сольж амьдралаа алдаж байгаа тохиолдол маш их байдаг амьдрал дээр. Үүнийг л энэ дүрээрээ харуулсан гэх үү дээ.

-Ийм дүр зураг амьдрал дээр байдаг болхоор бүтээхэд хэцүү байгаагүй байх?
-Яг үнэндээ мөнгийг сонгоод хайр сэтгэлээ уландаа гишгээд эцсийн эцэст хайр сэтгэл ямар их үнэ цэнэтэй байдаг юм бэ гэдгээ охидууд ч бай орчин үеийн залуучууд ч бай мэддэггүй л байхгүй юу. Эцэст нь хэлэхэд хайр гэдэг зүйл хэзээ ч хүний хажууд байж байдаг. Хүмүүс тэр хайраа олж харж мэдэрдэггүй л болохоос биш. Тэгээд энэ дүрээрээ буруу сонголт хийж эцэст нь бүхнийг ойлгоод хайртай залуу дээрээ эргэн ирж байгаа дүрийг гаргасандаа сэтгэл хангалуун байгаа.
-Өмнө нь кинонд тоглож байсан уу?
-Анх намайг таван настай байхад Япончууд ирж кино хийгээд би шалгаруулалтанд нэлээд дээгүүр хүртэл явж байсан. Тэгээд л урлагтай холбогдсон юм шиг санагддаг. Анхны дүр гэвэл "Чингис хаан" кинонд олзлогдсон Перс охины дүрд тоглож байсан. Тэгээд 2012 онд “Ялагдашгүй” киноны гол дүрд тоглосон.
-Өвөрмөц царай төрхтэй юм. Өөрөө эрлийз үү?
-Цэвэр халх цустай. Нэг ёсондоо сайн цус холилдсон гэж ярьдаг. Манай аав Дорнодынх, ээж Ховдынх. Баруун, зүүн аймгаас цус холилдсон цэвэр халх. Анх харсан хүмүүст тэгж харагддаг байж магадгүй.

- Аав ээжийнхээ алийг нь илүү дууриасан бэ?
- Аавыгаа илүү дууриасан. Аавын залуугийн зураг надтай их адилхан харагддаг. Өтгөн хөмсөгтэй, ширүүн харцтай. Сүүлийн үед ээжтэйгээ улам адилхан болоод байгаа юм шиг санагдаад байгаа. Хүн гэдэг чинь хувьсаж, өөрчлөгдөөд байдаг юм болов уу.
-Жүжигчин болоход юу хамгийн их нөлөөлсөн бэ. Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Багаасаа л урлагийн хүн болох шинжтэй байсан гэж ээж маань хэлдэг. Өөрөө ч мэддэг байсан. Багадаа дуулж, бүжиглээд л үзсэн киноны дууг хүртэл дагаж дууриагаад бүр уйлж хүртэл тоглодог байсан. Мөн урлагийн үзлэгт алгасахгүй орчихдог тийм хүүхэд байсан тийм болохоор тэр бүхэн маань намайг урлагт хөтөлсөн болов уу.

-Хаана их сургууль төгссөн бэ?
-Арван жилээ 12-р дунд сургуулийг төгссөн. Харин “Ухааны Оньс” гээд хувийн дээд сургуулийг Франц хэлний ангид сурч төгссөн. Жүжигчний мэргэжлээс тэс өөр мэргэжилтэй байгаа биз уг нь. Яг үнэндээ би олон мэргэжилтэй. Сүүлд хөтлөгч, гоо сайханчаар сурч төгссөн. Хөтлөгч, жүжигчин, гоо сайханч гээд олон мэргэжилтэй болсон. Одоо тогооч болох нь дутуу байх шиг байна. Гурван хэлтэй.
-Цаашдаа жүжигчиний мэргэжлээрээ ажиллах уу?
-Найруулагид надад чиний энэ нүд чинь энэ дүрд яг тохирно гэх зэргээр санал тавьдаг. Цаашдаа дүр маань надад таалагдвал тоглох байх. Цаашдаа байнга жүжигчинээр ажиллана гэж бодохгүй байгаа.
-Тэгвэл жүжигчин биш хүмүүнлэгийн элч болохоор зорьж байгаа гэж ойлгож болох уу?
-Хүмүүнлэгийн элч гэх нь ч юу юм бэ. Би тавдугаар ангиасаа эхэлж сургуулийнхаа нийгмийн ажилтантай нийлж хүүхдүүдэд туслах арга хэмжээ зохион байгуулж байсан. Сургуулийнхаа эмзэг бүлгийн хүүхдүүдийн нэрсийг аваад сургуулийнхаа мянга хэдэн зуун хүүхдүүдээс хандив болох зүйлүүд цуглуулж тэр хүүхдүүдэд өгөх үйл ажиллагаа зохион байгуулж хүмүүнлэгийн ажил маань нэг ёсондоо эхэлсэн гэх үү дээ. Харин одоо эмзэг бүлгийн хүмүүсд туслаж, дэмжиж байгаа.

-Хүмүүнлэгийн үйлс зохион байгуулж сайн үйлс хийнэ гэдэг амаргүй. Санхүүжилтээ хаанаас олж байгаа бэ?
-Хүмүүсийн дэмжлэг туслалцаатайгаар хийж байгаа хэдий ч ихэнх хувийг өөрөөсөө гаргадаг. Цахим хуудасаараа дамжуулан хүмүүсээс хандив цуглуулдаг ч төдийлөн үр дүн багатай. Өөрийнхөө олсон хэдэн төгрөгийг яаж ийж байгаад энэ ажилдаа зарцуулдаг. Мөн байнга тусалж дэмждэг хүмүүс байгаа.
-Зөвхөн хувиараа гаргадаг гэхээр их л хэцүү сонсогдож байна?
-Хүмүүс намайг ийм жоохон юм байж яаж энэ бүхнийг амжуулдаг байна гээд гайхаад байдаг. Тэгээд намайг төмөр хатагтай гээд нэрлэчихсэн байна лээ манай найзууд. Хүн хүсэх л юм бол бүх юм бүтдэг.
-Өөрөө хувиараа ажилладаг гэлээ. Төрийн бус байгууллага байхгүй юм байна, тийм үү?
-Тамга тэмдэгээ авсан ч гэлээ одоогийн байдлаар үйл ажиллагаагаа албан ёсоор нээж эхлүүлээгүй байна. Монголд маш олон төрийн бус байгууллага байдаг. Гэвч эмзэг бүлгийнхэнд хэр их үлдэцтэй юм хийж байгаа вэ гэдэг нь чухал. Хэтэрхий их карьер хөөгөөд байдаг болов уу гэж анзаарагдсан. Би эмзэг бүлгийнхэнийг нийгэмд гараад өөрийнхөө амьдралыг аваад явчихдаг хэмжээний боловсролтой болгохын төлөө цаашид зорьж ажиллана. Заавал их дээд сургуульд сургаад ажилд оруулах биш сургалтанд сургаад түүгээрээ амьдралаа залгуулаад явах хэмжээний боловсрол мэдлэгтэй болгохыг зорьж байгаа. Цаашдаа эмзэг бүлгийн хүмүүсд зориулсан цогц төвтэй болж түүгээрээ дамжуулан олон хүмүүст туслах зорилго тавьчихсан байгаа.

-Ямар ямар хүмүүнлэгийн ажил хийж, ямар хүмүүст тусламж үзүүлсэн бэ. Жишээ хэлээч?
-Би гадаадад олон жил болсон. “Халуун сэтгэлт залуус” дөнгөж байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд нь би нэгдэж гар бие оролцож байсан. Өөрийнхөө зүгээс хийж чадах бүхий л зүйл дээр тусалж дэмжсэн. Дээрээс нь найз нөхдийгөө ч гэсэн уриалж үйл ажиллагаанд нэгдүүлсэн. Надад цахимаар хүмүүс санал тавьж би тэр бүхэнд л очиж тусласан. Эмнэлэгт хэвтэж байгаа нэгэнд эм тариа хэрэгтэй юу л байна тэр бүхнийг нь өгөхийг хичээж туслаж ирсэн. Бүх насны хүмүүс байгаа хэлвэл урт жагсаалт гарах байхаа. Дээрээс нь надаар дамжуулж хүмүүст туслаж дэмждэг хүмүүс олон байгаа. Би түүнийг нь зургаар баримтжуулаад хүмүүст үзүүлж харуулдаг.
-МУГЖ Т.Ариунаагийн том хүү Б.Алдар чиний хийж байгаа хүмүүнлэгийн ажилд тусалдаг гэж сонссон. Нэг ёсондоо хамтрагчид гэдэг юм байна лээ. Та хоёрын гар хэр их нийлж байна бэ?
-Тийм ээ миний гол хамтран зүтгэгч нарын нэг Б.Алдар. Гар нийлж, сайхан зүйлийг мөрөөдөж зориод ажилаад явж байна бид хоёр. Ээж нь НҮБ-ийн элч дуучин болоод ч тэрүү Б.Алдар өөрөө ийм хүсэлт тавьсанаар бид хоёр хамтарч ажиллахаар болсон. Хэвлэлээр янз бүрээр бичдэг ч гэлээ амьдрал дээр Б.Алдар үнэхээрийн сайхан сэтгэлтэй, хүмүүнлэгийн элч болсон хүн гэж би хэлмээр байна. Нас залуу хэрнээ сэтгэл зүрхээрээ чадахаараа туслаж яваа Б.Алдарт энэ завшааныг ашиглаад баярласанаа хэлье. Бид хоёрын хувьд энэ талаар ярилцсан зүйл их байгаа. Хамгийн гол нь үлдэцтэй зүйл хийхийг зорьж байгаа.

-Анх яаж танилцсан бэ?
-Б.Алдар ч гэсэн над шиг зүйлийг бодож явсан байна лээ. Тэгээд бид хоёрыг таньдаг хүмүүс таараад анх танилцсан. Залууст үлгэр жишээ байцгаая гэсэн үүднээс бидний үзэл бодол нийлсэн гэж болно. Орчин үеийн залуучууд маань уламжлал ёс заншилаа мартаад байх шиг. Гүндүүгүй эрчүүд нь эмэгтэйлэг болж хатан ухаантай гэгдээд байдаг охид бүсгүйчүүд маань юу болчихоод байна вэ. Тийм болохоор бид чадлаараа хүмүүнлэгийн ажил хийж залуучуудыгаа сайн үйлсэд уриалан дуудахаар зорьж байгаа юм.
-Та хоёрын энэ ажлыг хоёр талын гэр бүлүүд хэр их дэмжиж байна бэ?
-Б.Алдарын гэр бүлийн хувьд бол нууцлаг. Манай гэр бүлийнхэн мэдээж дэмждэг. Анх бид хоёр нууцлаг байж байгаад мэдэгдэе гэж бодож байсан. Гэвч энэ ярилцлага гарсаны дараа хоёр талын маань гэр бүл илүү сайн мэдэж ойлгох байх гэж бодож байгаа.

-Хэр удаан гар нийлж ажиллаж байна бэ?
-Бид хоёр чинь хамтраад удаагүй байна. Өнгөрсөн арван сараас л хамтарсан. Тэгээд саяхнаас нэгэн гэр бүлд хамтарч тус дэм боллоо. Хамгийн сүүлд хийсэн ажил гэвэл энэ байна.
-Найз залуутай юу?
-Үүнийг одоохондоо нууцлая. /Инээв/
-Өөрөө өвөрмөц царай төрхтэй бас гоо үзэсгэлэнтэй бүсгүй. Мэс заслын талаар ямар бодолтой вэ. Хэрвээ мэс засал хийлгэвэл юугаа өөрчилөх вэ?
-Энэ талаар бодож байсан. Хүн нэг л амьдрана, тэгэхээр хүн хүссэнээ л хийж байх хэрэгтэй болов уу. Хэрвээ мэс засал хийлгэх шаардлага гарвал уруулаа том болгоё гэж боддог.
-Уран бүтээл болоод өөр шалтгаанаар ч юмуу хэзээ нэгэн цагт нүцгэлэх шаардлага гарвал нүцгэлэх үү?
-Ийм санал ирж байсан. Одоогийн байдлаар нүцгэлээгүй. Хэрвээ шаардлага гарвал оюуны өмчөөр хамгаалуулаад нүцгэлэх байх гэж бодож байна.

-Хамгийн сүүлийн асуултыг өөрт чинь үлдээе.
-Миний ярилцлагыг уншсан хүмүүс намайг дэмжиж урам хайрлаарай.
За баярлалаа. Цаашдын уран бүтээл болоод хүмүүнлэгийн үйлсэд чинь амжилт хүсэе.

Эх сурвалж: Grandnews.mn
Б.Тэргэл
Сэтгэгдэл (11)