Үе үеийн хотын мээрүүдийн гэргий нарын хэн нь хэн бэ?
Улс орны нүүр царай болсон тэргүүн хатагтай нар өөрийнхөө төлөө бус бусдынхаа төлөө төрийн нэрийн өмнөөс хувцаслаж, биеэ авч явах ёстой гэвэл хэтрүүлсэн болохгүй. Тэгвэл манай Улаанбаатар хотын үе үеийн захирагч нарын тэргүүн хатагтай нар маань хэрхэн биеэ авч явж яаж хувцаслаж ирсэнийг сонирхоцгооё. Мөн эр нөхрүүдээ хотын даргын албыг хашиж байх хугацаанд тэдний арын албыг бүрэн хариуцаж, хотын даргаас төрийн өндөрлөг хүртэл нь дэвшин ажиллахад нь дэм болж, үнэтэй хувь нэмэр оруулсаныг эхнэрүүдтэй нь холбож тайларлах нь ч бий.
Ингээд үе үеийн хотын дарга нарын эхнэрүүдтэй танилцаж хэн нь хэн бэ гэдгийг тодруулъя.

М.Энхболдын доктор гэргий
Хотын мээрийн албыг хашиж байх хугацаандаа чамгүй нэр хүндтэй байсан М.Энхболд ноёнтны арын албыг бат хариуцан явсан Ж.Туяацэцэг хатагтай нөхрөөсөө дутахааргүй салбартаа тэргүүлэгч. Тэгтлээ гоё ганган биш ч гэлээ алдаатай хувцаслаад байдаггүй Ж.Туяацэцэг ШУТИС-ийн Хүнс, Биотехнологийн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга. Хүнс судлаач хатагтай маань аль хэдийнэ доктор цолтой болж амжсан. Хотын мээрийн албыг хашиж байхдаа томоохон үйл ажиллагаанд гэр бүлээрээ оролцдог М.Энхболд ноёнтоны гэр бүлийг үлэмж биетүүд хэмээн нэрийддэг байсан.

Хүү, охин хоёртойгоо нийлээд явахаараа сүрхий сүр бараатай харагддаг учраас ийм нэр шошготой болсон гэдэг. Улаанбаатарын хамаг том размерийн гутал, хувцас хаана байна, хуу хамчихдаг эднийхэн гэр бүлээрээ боловсрол мэдлэгээрээ дээгүүрт бичигддэг билээ. Хүү, охин хоёр нь аав ээжийнхээ араас улс төр болоод нийгмийн салбарт өөрийн гэсэн орон зайгаа олчихсон яваа гэж болно. Харин М.Энхболдын хувьд хотын даргаас Монгол Улсын 24 дэх ерөнхий сайдаар томилогдож, өдгөө МАН-ын даргаар ажиллаж байгаа билээ.

Ц.Батбаяр
Багахангайн гал командын ажилтнаас “Баатар” хотын захирагч болтлоо суга дэвжиж, улмаар УИХ-ын гишүүний зөөлөн суудалд тухалж амжсан азтай бас одтой эрхэм бол Ц.Батбаяр. Гэм зэмгүй гэнэн цайлган төрхөөр олонд танигдсан энэ эрхмийг алиман хацартай, инээд алдсан гэнэн дарга хэмээн өхөөрддөг ч яг үнэндээ бол Ц.Батбаяр гишүүн шиг “хашир бурхи” энэ төрд ховорхон байсан болов уу. Мээрийн суудалд суусан цагаасаа эхлэн олон түмний овоо хараанд онилогдсон түүний талаар элдэв хов жив, сенсааци орчлонгоор нэг тарж байсан удаатай.

Гэвч тэрээр энэ бүхний эсрэг харин ч үр дүнтэй ажиллаж, бүр хоёр жил гаруйхан хугацаанд ёстой л нэг “бүтэн нойртой хонолгүй, бүлээн цай уулгүй” зүтгэж бүхэл бүтэн 4-н жилийн ажлыг нугалж байсан гэдэг. Түүгээр ч барахгүй мань “Улаан хацарт” даргын гэргий бусдаасаа тун нууцлаг хатагтай бий. Хувцаслалтын тухайд хамгийн муу үнэлгээ авдаг алимаа даргын гэргий энгийн үед ч тэр үндэсний дээл өмссөн үедээ ч тэр хар нүдний шилнээс салж байгаагүй. Хаана ч явсан нүдний шил зүүж нүдний шилний цаанаас нийслэлийн иргэдтэйгээ мэндчилж ирсэн билээ. Тийм ч учраас алиман хацарт мээр маань жимсээ дагуулчихсан явна хэмээн хэвлэлүүд бичиж ирсэн. Алиман хацартай хотын мээрийн гэргий хаана юу хийдэг нь тийм ч тодорхой биш байсаар даргын суудлаас бууж нам жимхэн болсон.

Мээрийн оюунт гэргий:
Гурав дахь хотын мээрийн гэргий Х.Мөнх-Өнөр хэмээх бүсгүй болж л өгвөл энэ тэндэхийн арга хэмжээнд оролцож яваа харагддаг ч бор царайгаа бусдаас нууж камераас сурамгай бултаж явдаг нэгэн бий. Москвад их сургууль дүүргэж, АНУ-д Орон нутгийн захиргаагаар магистр хамгаалсан эрдэм ном, ааш зан гэж өөлөх юмгүй тэгшхэн энэ хатагтай Г.Мөнхбаяр гэдэг хүнээр татуулж дэмжүүлээд байхааргүй боловсролтой, бие даасан бүсгүй гэдэг. Засгийн газарт орон нутаг хариуцсан реферэнтээр олон жил ажиллаж буй хатагтай Х.Мөнх-Өнөр ялангуяа орон нутгийн удирдлагаар нөхрөөсөө илүү мэргэшсэн толгой гэж алт болсон нэгэн болохыг ойр дотныхон нь шагших юм билээ. Дэндүү даруу, хэт боловсон тэрээр дарга, дээдсийн дэгжин хээнцэр авгай хүүхнүүдийн дэргэд итгэхийн аргагүй эгэл имижээр ялгарч, эрдэм мэдлэгээр гоёж гооддог.

Ямартай л Х.Мөнх-Өнөрийг олъё гэвэл Дуурийн театр, “Интерном” ор гэж байхав. Орос хэлийг эх хэл шигээ эзэмшсэн хатагтай Х.Мөнх-Өнөр хувцаслалт тал дээрээ нойл үнэлгээ авдаг ч эрдэм мэдлэгээрээ номер нэг. Г.Мөнхбаярыг хотын дарга хийж байх үед нь арын албыг нь бат дааж явсан Х.Мөнх-Өнөр хатагтай хотын даргатай хамт нэг ч удаа олон нийтийн үйл ажиллагаанд үзэгдэж харагдаж байгаагүй. Гэргийтэй ч юмуу үгүй ч юмуу гэмээр харагддаг байсан гурав дахь хотын мээр гэргийгээ дагуулж явах дургүй байсан уу, гэргий нь дагаж явахыг хүсдэггүй байсан уу ёстой бурхан л мэдэх байхдаа.

“Атаман”-ыг хүмүүжүүлсэн хатагтай
Сайн эхнэрийн хүчээр эр хүн амжилтанд хүрч алдар цолоо мандуулж, бүр баатар болж болохын бодит жишээ энэ цал буурал толгойтой эрхэм. Эрдэнэ баавайн буурал Бат-Үүл хэмээх зодоон цохионоос ер хоцордоггүй 40 мянгатын “атаман” эр гудамжинд лааз хөшиглөж явахдаа гэргий Ч.Дэлгэртуяатайгаа учирсан тэр цагаас хойш түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж өдгөөгийн “баатар” Э.Бат-Үүлийг бий болгох замаа нээсэн гэдэг. Учир нь тэрээр гэргийнхээ гар дээр 100 хувь бөөцийлөгдөж өмсөж зүүхдээ хүртэл цаг ямагт эхнэрийнхээ зөвлөгөөг дагадаг байсантай холбоотой. Хотын мээрүүдийн хатагтай нарын дундаа хамгийн, хамгийнд орох Ч.Дэлгэртуяа хатагтай биеэ авч яваа байдлаас гадна гадаад үзэмж, гоо сайхандаа дээд зэргээр анхаардаг нэгэн. Тиймдээ ч тэр үргэлж брэндийн даашинз, цүнх, сандалыг өмсдөг. Гуалиг биетэй энэ хатагтай бараг нэг ч удаа дээл өмсөж олны өмнө үзэгдэж харагдаагүй. Сайхан биетэй учраас дээл өмсөж намбалаг харагдахыг хүсдэггүй биз.

Тэрээр хадам аавынхаа алдарт өгүүллэгээс санаа авч "Үүл бид хоёр" нэртэй дурсамжийн ном хэвлүүлсэн нь тухайн үедээ бестселлер болж байсан удаатай. Түүгээр ч барахгүй “Баатар” эрийн гэргий Монголд дөнгөж дуу бичлэгийн студи байгуулагдах үед анхны шанг татаж “Сонор рекордс” студийг байгуулж байсан сэргэлэн хатагтай. Харин ардчилал хэмээн хэнээрхэж гэртээ ховор үзэгддэг байсан Э.Бат-Үүл гурван хүүхэдтэй, өнөр бүлийн өвөө болохын зэрэгцээ их хотын утаа униар, замын түгжрэл гээд л толгойтой хэдэн “цагаан”-аасаа их ажлыг амжуулахаар цаг наргүй зүтгэж буй “Хотын дарга, Улсын баатар”.
Эх сурвалж: Grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (4)