HD Mongol TV саяхан нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тодорхой цаг, хүч хөдөлмөр зарцуулан байж үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх гэж оролдов. Эхлээд монголд “Макдоналдс” нээгдэх гэж байгаа мэтээр худал мэдээлэл телевиз, сонин, сайт тус бүрд зориулан бэлдэж дараа нь утсаар холбогдон үнэ тарифыг нь судлан бэлдсэн эхээ өгсөн байна. Мөнгөө ч шуурхай гэгч нь дансанд нь хийлээ. Маргааш нь тэдний бэлдсэн хуурамч мэдээ нийтэд цацагдав. Үүний дараа нөхдүүд өөрсдөө нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн редакц дээр очиж “Энэ мэдээ чинь худлаа байна. Яагаад тавьсан юм бэ?” гэж тэдний зүгээс мөнгө төлөөгүй мэт жүжиглэснийг нүдтэй болгон харж, чихтэй болгон сонслоо. Зүй нь хэн ч хэзээ ч мэдэж болохгүй зориудаар өдөөн хатгаж, санаатайгаар өөрсдөө хуурамч мэдээ цацуулснаа насаараа нууж явсан бол “Нээрээ ч манайхан мэдээллээ нягтлах хэрэгтэй юм байна шүү” гэсэн бодлыг, сигналыг нийгэмд өгөх байсан биз. Уучлаарай, энэ онол дээр ч, практик дээр ч эрэн сурвалжлах сэтгүүлзүй биш. Тэр тодорхойлолтод яагаад ч нийцэхгүй, шалгуурт нь тэнцэхгүй гэдгийг сэтгүүлзүйн мэргэжлээр сурч буй нэгдүгээр курсын оюутан ч төвөггүйхэн хэлээд өгнө. Сэтгүүлзүй бол шинжлэх ухаан. Өөрийн гэсэн онолтой, тогтсон хэм хэмжээ, ёс зүйтэй.

Сэтгүүлзүйн түүхэнд дэлхийн хэмжээнд домог мэт яригддаг алдарт Пулитцерийн сэтгэцийн эмнэлгийн тухай цуврал нийтлэлийг эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хамгийн сонгодог жишээ гэж үздэг. Сэтгүүлч эмнэлэг рүү нэвтрэхийн тулд сэтгэцийн өвчтний дүрд чадварлаг хувирч жүжиглэж чадсан. Учир нь Пулитцерийг үзсэн таван эмчийн дөрөв нь шизофрени гэх онош тавьсан байдаг. Хэдэн долоо хоногийн турш өвдөөгүй өвчнөө эмчлүүлж байхдаа Пулитцер тус эмнэлгийн өвчтнүүд хүйтэн орчинд хагас өлсгөлөнгийн байдалтай, балмад хэрцгий харьцаан дунд эмчлүүлдэг болохыг нарийн баримттай дэлгэж бичсэн юм. Энэхүү нийтлэлийн дараа хотын дарга сэтгэцийн эмнэлэгт бүрэн шинэчлэл хийсэн гэдэг. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь эрх мэдэл бүхий хувь хүн, байгууллагын хууль бус, ёс суртахуунгүй үйлдлийг илчилж олон түмэнд мэдээлдэг. АНУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийг үндэслэгч Роберт Грин “Тодорхой хувь хүн байгууллагын нууцлахыг хүсч буй мэдээллийн гүнд нэвтэрч, нийгмийн эрх ашгийг хөндсөн чухал асуудлыг дэлгэж тавих зорилгот нийтлэл, нэвтрүүлгийг эрэн сурвалжлах сэтгүүл зүй” гэнэ хэмээн тодорхойлсон байдаг. Гэтэл HD Mongol TV адилхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийнхээ сул талыг эрж хайх гэж хичээсэн байх юм. “Макдоналдс” нээгдлээ, нээгдэхгүй худлаа байжээ гэдэг яг үнэндээ нийгмийн эрх ашгийг хөндөөд байх асуудал биш. Эрэн сурвалжлага хийж болно. Гэхдээ зөвхөн нэг бүтэн, хагас өдөр бэлэн юман дээр ажиллачихаад түүнийгээ мундаг бүтээл хийчихлээ гэж эндүүрэх нь өрөөсгөл юм. Сонгосон сэдэв, хийсэн арга барил, ашигласан баримт нь үнэндээ “жул” байлаа. Хайран цаг, хайран мөнгө, хайран хөдөлмөр.

Тэртэй тэргүй реклам сурталчилгааны тарифаа аль ч газар нууцалдаггүй. Мөнгөө төлсөн бол реклам нь цацагддаг гэдгийг цэцэрлэгийн хүүхэд ч мэднэ. Хэрвээ “Макдоналдс” өөрсдийнх нь талаар буруу ташаа мэдээлэл цацагдсаныг мэдвэл өмнөөс нь сайн дураараа маркетинг хийж гүйсэн HD Mongol TV, түүний удирдлага буруутна. Сураг сонсохнээ, “Гачуурт”-ын Ч.Номингийн хариуцдаг амралтын газарт 4 настай хүү живж осолдсон хэрэг гарсан юм байна. Энэ хэргийг хав дараад чимээгүй өнгөрөөж өгөөч гэж телевизийн захирлын хувиар бусад хэвлэл мэдээлэлд хандсан боловч ийм тохиолдолд ямар ч боломжгүй тул мэдээлэл нь цацагдчихжээ. Харин дараа нь иймэрхүү ядмаг аргаар, хүч нөлөөгөө ашиглан хариугаа авсан гэж харагдахаар үйлдлийг тэр хийлээ.
Мөнгө үнэхээр хүчтэй зүйл юм. Өглөөн нарнаас үдшийн бүрий хүртэл хэвлэлийн бага хурал, арга хэмжээ, хурал цуглааны мэдээнээс эхлэн бичсээр туршлага хуримтлуулдаг эгэл жирийн сэтгүүлчдийн хөдөлмөр хэн нэгэн хэтэвч дүүрэн мөнгөтэй хүний сүрэнд дарагдах. Яадаг юм, бид ч гэсэн газар ухвал ухна шүү дээ. Эх орныхоо хэвлий рүү мэс барин дайрч олсон хэдээрээ хэтэвчээ дүүргэх нь хүний ёс, ухамсар, айх эмээх сэтгэлийг уландаа гишгэвэл хэн ч хийнэ. “Гацуурт”-ын Чинбат одоогийнх шиг олонд танил биш байхад хамгийн анх экс ерөнхий сайд С.Баяр олонд танилцуулсан гэдэг. Газар тариалан эрхэлдэг туйлын хөдөлмөрч эрийг сэтгүүлчдийн нүдэн дээр ерөнхий сайд ихэд сайшааж байсан талаар тухайн үеийн хэвлэлээр нэг гарч байв. “Хэзээ ч битгий улс төрд ороорой. Ажлаа л сайн хий” гэж түүнийг хайрлан үнэлсэн өгүүлбэр тэр үеийн сонин дээр одоо ч харсан дурайж буй. Харин одоо тэр хүн улс төр байтугай өөрийг нь таниулж байсан хэвлэл рүү дайрч эхлэх нь.
Монгол улсад сэтгүүл зүй үүссэний 100, чөлөөт хэвлэл үүсч хөгжсөний 25, Монголын сонины холбоо байгуулагдсаны 15 жил зэрэг олон баяр 2013 онд давхацаж, 12-р сард ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ. Бүгдээрээ эхний тоонд анхаарлаа хандуулна уу. Монголд сэтгүүлзүй үүсээд бүтэн 100 жил болсон байна. Цаашдаа ч түүхийн хуудас эргэсээр байх болно. Бидэнд хамгийн ойр мундаг, чадварлаг, өөрийн гэсэн ертөнцтэй сэтгүүлч гэвэл Б.Ганчимэгийг нэрлэж болох юм. Б.Ганчимэг нэгэнтээ “Бүх юм байх ёстой хэм хэмжээнээсээ хальчихлаа. Ерөөсөө өөрсдөөсөө ичихгүй нь хамгийн аймаар байна. Телевизэд тоймчид байхгүй болчихсон юм уу даа. Аягүй сонин юм ярьдаг, том том дүгнэх гэдэг. Шууд өөрийнхөө зөв гэж тулгах, угаах нь утга учир муутай л харагддаг. Пиджакаа сольж өмсөөд л өдөрт хэд гурван зочинтой ярилцлага үйлдвэрлэдэг супер сэтгүүлчид байна. Хэдийд нь асуудлаа судалж хэдийд нь хүнээ судалдаг юм бүү мэд” гэж ярьсан байдаг. “Чухал 100 сэдэв” нэвтрүүлэгт оролцоод, өөрийнх нь яриа монтажлагдаж утга учиргүй зүйл болоод барахгүй өнөөх нэвтрүүлэг нь төлбөрт буюу захиалгат нэвтрүүлэг болон цацагдсанд эрхэм сэтгүүлч эмзэглэн дуугарсан нь энэ. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн дүү гэж нэрлэж болох тус нэвтрүүлэг нэг хэсэг паркийн асуудлаар хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлснийг уншигчид санаж байгаа байх. Нээрээ “Монгол тулгатны зуун эрхэм” гэснээс өнгөрсөн сонгуулиар ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хаан жимс” амралтын газарт гэр бүлээ очиж, зураг авахуулан “Оргил өөд” хэмээх нэвтрүүлэг хийлгэлээ л дээ. Үүнийг харсан тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин “Яанаа миний санааг хулгайчихлаа” хэмээн дуу алдан, хавь ойрын сэтгүүлчид рүүгээ ярьж сүр бадруулсан тухай явган яриа сэтгүүлчдийн дунд хэдийнэ газар авсан байна лээ. Үнэндээ ярилцлагын хөрөг нэвтрүүлэг телевизийн нэг салшгүй хэсэг. 25 дугаар суваг телевизээр “Би” хэмээх нэвтрүүлэг гардгийг уншигчид хамгийн сайн санаж байгаа байх. Оролцогчоо бүх талаас нь нээхийн тулд гэрт нь, төрсөн нутагт нь, ажлын өрөөнд нь хэдэн өдрөөр даган нэвтрүүлэг хийдэг энэ хэлбэр юун “Монгол тулгатны зуун эрхэм”, түүнээс өмнө Монголын сэтгүүлзүйд байсан юм. Эфирийн цагт хавчигдахгүй, хамгийн сүүлийн үеийн сүүлийн тоног төхөөрөмж ашиглан, хамгийн шилдэг, шинэлэг сэтгэлгээтэй найруулагч Б.Баатарын гавьяагаар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг өндрөө авсан болохоос энэ нэвтрүүлэг ер шинэ санаа, шинэ хэлбэр биш билээ. Хоёр хөтлөгч хоёулаа мэргэжлийн бус хэдий ч телевиз бол үзүүлэх урлаг гэдгийн ил тод жишээ нь энэ нэвтрүүлэг болж чадсан.
Тухайн мэргэжлийг заавал мэргэжлийн хүн сайн хийнэ гэсэн ойлголт байхгүй л дээ. Эсрэгээрээ зүгээр л мөнгөтэй, зоригтой сийрэг толгойтой мэргэжлийн бус хүн гэнэтхэн “цоорно” ч гэж байхгүй. Өнгөрснөөс суралцаж, хэн нэгэн хөтлөгч, сэтгүүлчээс үлгэр дуурайл авч байж эфирт гарах нь дамжиггүй. Тэгдэггүй юмаа гэхэд зөвлөгөөг нь сонсож л таарна. Жолооч хүн гэв гэнэт цагаан халад өмсөөд хагалгааны эмч болчихгүй биз. Энэ бүхний эцэст юу хэлэх гээд ийм олон зүйл нуршсан бэ гэвэл өөрийн түүхтэй, өөрийн өнгө намтартай Монголын сэтгүүлзүйг хэн нэгэн мэргэжлийн бус, мөнгө хөрөнгө болоод түүнээс улбаатай гялгар техникээр “зодож” хийгсэд “мяалж” дүгнэх болоогүй. Энд чинь түүх бий юм шүү, эрхмүүд ээ. Сэтгүүлчдэд ч гэсэн газрын хэвлийн баялгаа ухаж олсон мөнгө түм бумаараа хэвтэж байвал энэ байтугайг чинь хийнэ.
Цахим ертөнцөд HD Mongol TV-г “Түгжил” хэмээн нэрийдсэн байна. Ядруу үедээ нөхөрлөж, олз ашиг хүртэж яваад сиймхий гаруут араас нь хутгалдаг “Тунгалаг тамир” романы нэг баатрын нэр гэдгийг хүн болгон мэднэ. Нэг тогоонд хамтдаа хөдөлмөрлөж явж бусад руугаа гэнэтхэн зүс буруулан дайрсан тохиолдолд энэ нэр, хоч хамгийн тохиромжтой гэж үзэгч, уншигчдад санагдсан байж болох юм. “Дэлхий дээр ердөө хоёрхон машин байдаг. Нэг нь Форд, нөгөө нь бусад” хэмээх брэндийн алдарт тодорхойлолтыг тус телевизийнхэн тэгтлээ авахыг хүсэв үү. HD Mongol TV ганцаараа ноёрхох сэдэлтэй алхам хийх тусам өөрсдөө л бүдрэх нь тодорхой. Эцсийн дүгнэлтийг үзэгч хийнэ. Хүн болгон хүссэн сувгаасаа, хүссэн мэдээллийн хэрэгслээсээ хүлээн авах хэрэгтэй. Тэр эрхийг хэн ч хааж боогдуулж үл болно. Харин нэгэнт бий болсон түүхийг хэн ч үгүйсгэж болохгүй. Сэтгүүл зүйн ертөнцөд энэ мэт Түгжил дахин төрөхгүй байгаасай гэж олон нийт хүсэж байна. Хэвлэл мэдээлэл олон нийтийн чөлөөт үзэл бодол, олон ургальч үзлийн индэр болохоос хэн нэгний хувийн эрх ашгаа хангах талбар биш юм.
Эх сурвалж: “Гранд” сэтгүүл №42

Энэхүү нийтлэл хэвлэгдэж байснаас хойш яг нэг жилийн дараа буюу өчигдөр олон жилийн турш яригдаж байсан ч биелэлээ олж чадахгүй байсан Хэвлэл мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулах чуулган боллоо. Энэхүү зөвлөл байгуулагдсанаар сэтгүүлчдийг шүүхийн хаалга татахаас сэргийлж, олон нийтийн мэдэх эрхийг нь хангаж, сэтгүүлчдийн ёс зүйн хэм хэмжээг нь дээшлүүлэхэд чухал үүрэгтэй байх юм гэнэ.
Хамгийн хачирхалтай нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар дээр нэр дурьдагдсан өнөөх “Монгол” телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номин сонгогдсон байх юм. Ямар шалгуураар энэ хүн шалгарчихав гэдэг нь сонирхолтой. Сэтгүүлзүйн ямар ч ойлголтгүй “Түгжил” гэж цоллуулдаг энэ хүн мөнгөөр зодож энэ байгууллагыг толгойллоо гэж хардагсад олон байна.
Гэхдээ энд зориуд нэгэн зүйлийг хэлэхэд сэтгүүлчийг хэзээ ч мөнгөөр худалдаж авч чаддаггүй юм.
Бохир нэртэй хүнээр цэвэр байгууллагыг удирдуулах нь даанч харамсалтай санагдаж байгаагаа нуух юун.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (11)